Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Лоохууз гэдэг онц сонирхолтой, үргэлжлэлтэй роман DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………


Лоохууз… Цогт-Очирын Лоохууз гэхээр мэдэхгүй, нэрийг нь сонсоогүй хүн байх биш. Яагаав, нөгөө намын эсрэг бүлгийн толгойлогч Лоохууз гэж хэн нэг нь мэдэмхийрч, нөгөө нь юуны чинь бүлэг, юуны чинь толгойлогч, Б.Нямбуутай нийлээд хоёр хүн л Цэдэнбалыг шүүмжлээ биз дээ. Хоёр хү- нийг бүлэг гэдэг юм уу гээд сөргөх янз ордог. Тэгтэл өөр нэгний хэл загатнаж “Дээдэс юуг яахаа мэдэлгүй дээ. Лоохууз энэ тэрд бараг падгүй явсан Сурмаажавыг тэр хоёрт зориуд наагаад жинхэнэ бүлэг болгочихгүй юу” гэх удаа бий. Лоохууз бол түрүүлж дуугарсан хөхөө, ам нь хөлд өж л таараа гэх хэрсүү хүн байхад зуу, мянга, мянга мянган “Лоохууз” амьдралд салхи оруулж олны төлөө хохирч ирээгүй сэн бол хорвоо уйтгартай, амьдрал намаг балчигт суусан хэвээр гацаж гүйцэх байсан гэж өмөөрөх нь бүүр олон байдаг. Гэтэл энэ мэт яриаг үл хэрэгсэж Цогт-Очирын бөгж хүү гэдэг чинь ямар одтой сайхан эр болох, түүнд мэдэхг үй чадахгүй юм, ажил үйл, мал ахуй ур дарх гэж ер байдаггүй тухай жишээ татаж байгаад ярьдаг хүн бишг үй. Өөрийг нь ноёд дээдэс баалж хэрэг төвөгт хутгачихаад, явж суух нутаг усыг нь хүртэл хэмжээлж өгчих өөд байхад эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдгийг дэндүү сайн мэдэхийн хувьд хийдгээ хийж эдэлдгээ ч эдлээд давхар угалзтай наамал гутал, үнэтэй даавуун дээл, арван цагаантай эмээл, хөөрөгний сайнаар гоёод улаа бутарсан сайхан эр морины сайнаар хатирч дөмүүлж явснаас бус би хэлмэгдсэн хүн гэж хамраа унжуулж газар шагайж явааг үйг нь бахдан ярих хүн захаас аваад зөндөө. Цаг хугацаа улиран одож юм бүхэн, түүний дотор манай нийгэм ч ялгаагүй өөрчл өгдөв. Ноён Лоохуузын үеийнхний хувьд мөрөөдөж ч зүрхлэмгүй тийм эрх чөлөө өнөө үеийнхэнд иржээ. Энэ үеийг хүсч явсан олны нэг нь Лоохууз гуай. Лоохууз гуайн хувьд эрх чөлөөнд хүрэх зам ямар үнэтэй байв аа. Түүнтэй саяхан уулзаж энэ тухай яриа дэлгэлээ.

-Нас явах тусам нутаг ус, эх эцэг санагддаг бололтой. Та Говь-Алтайн аль талын хүн бэ. Нутгаа санах юм уу, нутаг явж байна уу?

-Би Засагтхаан аймгийн Засагтхаан хошуу одоогоор бол Алтайнхаа Чандмань сумынх. Бөхтэй, хурдтай, их өндөр газар байдаг. Чандмань төв далайн түвшнээс 2400 метр, миний дурсаж явдаг Хүрэмтийн хяр 3000 метр, хэзээний сэрүүвтэр, хятад, ялаа хоёрт таарамжгүй газар гэж нутгийнхан ярьдаг юм даа. Миний шүтээн болсон Ботгоно гол бас байна. Сүү- лийн хоёр жил нутагтаа очиж завдсангүй ээ. Өдий насанд нутгаа саналгүй яахав.

-Цогт-Очир гэдэг таны Лоохууз гэдэг онц сонирхолтой, аав байх даа?

-Би уг нь тайж удмын хүн юм аа. Миний өвөг дээдэс Мэлтэн тайж, түүний хүү Гонгор тайж, Равдан тайж гэж байгаад Равдан тайжийн отгон хүү Цогт-Очир тайж гэж байлаа. Цогт-Очир миний эцэг. Тайж хүн болоод тэр үү ерөөс тийм зантай юм уу тав тухыг их боддог, адаглаад галгүй гэрт ер суухгүй, өөрийн нэг галын хайчтай ээжтэй зэрэгцээд галаа түлж суудаг сан. Арьс шир, нэхий, сур элдэхээс эхлээд ганц ч зүгээр суухгүй. Энэ Цогт-Очирын элдсэн арьсыг нь зүү нэвтрэхг үй, нохой даахгүй гэж улс ярьдаг сан. Элдсэн нэхийгээ хуйсаар будаад дээл хийж их зарна аа. Өмсч явсан нэхий дээлээ, тэр бүү хэл өмдөө тайлж зарчихаад ирдэг гэдэг амгүй наймаач хүн байлаа. Үг яриагаар хүнд автахгүй. Дарлагдахг үй санаатай. Тэр бүхнийг нь би дуурайсан хэрэг. Гурав дөрвөн насныхнаас эхлээд хурга хариулж, хонь буцааж, аргал түүж, ус барьж, хожим нь өглөө морь барьж явснаа санадаг юм. Дээр нь бариа тариа, өвчин зовлон юм юм л санагдаж байдаг юм.

-Хэнийг барилаа гэж?

-Аавыг маань тайж гээд 1932 онд Улиастайн шоронд хийчихсэн. Хоёр жил байцааж, алах ял заасан юм гэнэ лээ. Аав яс арьс болоод, хот руу ачих гэхэд нь аян замын ая даахгүй болсон байжээ. Тэр үед нь Дотоод яаманд ажилладаг байсан манай нутгийн хар малгайт Гончиг гэдэг хүн ашгүй суллаж гаргасан юм гэсэн. Уг нь шоронд орох гэм буруу байгаагүй, угийн бичгээ хадгалдаг, модон сав, угсаа залгасан тайжийн жинстэй малгай манайд байснаас л болсон гэж аав ярьдаг байлаа. -Ээжийнхээ тухай. . .

-Би эцэг эхээс тавуулаа юмаа. Хоёр эгч, нэг ах, нэг дүүтэй байлаа. Бага дүүг гаргахаас болоод ээж маань өөд болж, ганц ах цэрэгт яваад Улаанбаатарт олон цэрэг хордож үхэхэд амиа алдаж аав, өлгийтэй дүү бид гурав үлдэж байгаа юм. Хоёр эгч айлын улс болсон байж л дээ. Аав үүгээр хүн хийж ав гэж дүүг нэгд нь өгөөд мал, гэрээ зарж жаахан гэр бариад намайг сургуулийн мөр хөөлгө- сөн юм. Сургуулийн захирал Д.Гончигт би хоёр хүүтэй, нэгийг нь алдчихсан. Чи үүнийг хүн хийж аль гэж хадаг барьж байж билээ. Уг нь дэргэдээ байлгаж гар хөлийн үзүүр болговол хэрэгтэй байлгүй яахав. Эцэг хүн хүүхдээ бодсон хэрэг. Тэгж би 1935 онд 11-тэй таван сум дундын Чандмань сумын тэнхимд орж дөрөв төгссөн юм. Төгс өнгүүт хотод сургуульд сурахаар болсон.

-Ямар сургуульд оров доо?

-Аймгийн санхүүгийн хэлтсийн дарга бас нэг Гончиг гэдэг хүнээс намайг Санхүү- гийн техникумд явуул гэсэн бичиг ирсэн юм. Аав ч уухайн тас зөвшөөрлөө. Гэрээсээ гараад унаа хүлээгээд Улиастайгаас суусан машин маань эвдэрч зам сахиж хотод сарын дараа ирлээ. Би өлсч цангаж, хувцас хунар муутай, ямаршуу царай зүстэй хүн Санхүүгийн сургуулийн хаалга татсан минь ойлгомжтой. Манай сургууль хуучин Богдын орд байсан хоёр давхар байшинд Сэлбэ голын зүүн хөвөөнд байлаа. Сургуулиас орос гутал, малгай, пальто, өгөөгүй юм байхгүй. Намайг тэгж тордоод би овоо ч сурлаа. Үйлдвэрийн нягтлан бодогч боллоо.

-Хятад сампин шажигнуулаад ня-бо болоод гарч өгчээ дээ?

-Нэг ч өдөр нягтлан хийгээг үй ээ. Сүүлчийн шалгалтаа өгөх гээд сууж байтал захирлын өрөөнд дуудлаа гэнэ. Орвол Намын төв хорооны юм гэнэ. Хоёр хүн сууж байна. Нэг нь надаас чи намын сайн ажилтан болж чадах уу гэсэн юм. Болно л гэсэн дээ. Ийм журмаар тэр үед хотод байдаг таван текникумаас шинээр байгуулагдаад байсан Намын төв сургуульд оюутан элсүүлж байжээ. “Зараа” автобусаар дүүрэн оюутан хүргэж өгч байсан юм. Яагаад тэр вэ гэхээр урьд нь ажиллаж байсан нам улсын ажилтнуудыг баривчлаад, хэлмэгдүүлээд устгачихсан, улс орныг шинээр удирдах хүмүүсийг бэлтгэх, шаардлагатай болсон учраас тэгж мань мэтээр тэр үеийн ганц дээд сургуулиа дүүргэсэн юм. Хууччуул Намын төв хорооны ширүүн хар гэдэг, Маршалын баруун гар ч гэдэг Ч.Сүрэнжав сургуулийн захирал нь, Н.Добожаев гэдэг буриад багш дэд захирал нь байлаа. Добожаев сургуулиа сүрхий зохион байгуулалттай хатуу сахилгатай удирдана. Суралцагчдаар хадлан хадуулна. Мод хийлгэнэ. Ухуулгад явуулна. Сургалт амьдралыг айхтар холбоно. Д.Төмөр-Очир, Нямтайширын Лхамсүрэн, С.Жалан -Аажав энэ тэр лекц уншдаг байсан юм. Жалан-Аажавыг та нар мэднэ. Цэдэнбал түүнийг 1970-аад онд СНЗ-ийн дарга болгох гэхэд өөрөө татгалзсан юм гэнэ лээ. 1983 онд Цэдэнбал ажлаас нь халж нийгмийн хог дээр хаясан юм. Сүүлдээ Лоохууз Нямбуу, Сурмаажав нарын намын эсрэг явуулгын нэг удирдагч гэж гүтгээд хөдөө цөлөв дөө. Бидэнтэй ямар ч холбоогүй, харин тэр үед Цэдэнбалын өөрийн нь даалгавраар хутган үймүүлж явсан хүн л дээ.

-Сургуулиа төгсөөд хаана очив?

-Улаанбаатар хотын Намын хорооны суртлын хэлтсийн даргын алба хашсан. Гэхдээ удаагүй. 1944 оны зургадугаар сард ажил аваад есдүгээр сард МАХН-ын Төв хороонд очсон юм. Намын төв хороонд “Лекторын товчоо” шинээр байгуулж даргаар нь зохиолч Ч.Лодойдамба ажиллаж байлаа. Тэр үед Лодойдамба “Тунгалаг тамир”-аа бичиж эхлээд сард нэг удаа бидэнд уншиж өгдөг. Бид зөвлөгөө өгдөг ухаантай байсан. Лекторын товчооны үүрэг гэвэл марксизм-ленинизмийг сурталчлах явдал. Бас хоёрдугаар дайн дуусаагүй байсан болохоор дайны цагийн мэдээ цуглуулж олон түмэнд хүргэх, Зөвлөлтөд туслах хөдөлгөөн өрнүүлэх гол зорилготой байлаа.

-Энэ бүхэнд Маршал биеэр оролцох уу. Та түүнтэй уулзаж байсан уу?

-Тэр үед би залуу байжээ. Маршалтай яаж ойр дотно байхав. Ажлын холбоо бол байна. Б.Ширэндэв гуай МАХН-ын Төв хорооны УТТны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга байсан юм. Би түүний даалгавраар суртал ухуулгын ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах том төлөвлөгөө боловсруулаад байтал түүнээ Маршалд өөрийн биеэр танилцуулах үүрэг надад өглөө. Маршал бол Маршал. Бид түүнээс бүгдээрээ айна. Нэр хүнд нь маш өндөр. Ард түмэндээ шүтэгдсэн хүн байлаа шүү дээ. Тийм хүний өрөөнд анх орж байгаа хэн ч гэсэн айдаг. Би ч гэсэн айж л байсан. Орох ёстой болохоор ороод явчихсан. Өрөөнийхөө нэг буланд маш том ширээний ард сууж байсан юм. Түүний арын хананд В.И.Ленин, Д.Сүхбаатар хоёрын зургаас өөр юм байгаагүй. Чамайг Ширэндэв явуулав уу гээд, миний нэрийг асууж, би нэр усаа хэлээд Лекторын товчоонд суртал нэвтрүүлэгч хийдэг гэхэд,

-Чи тэгээд суртал нэвтр үүлгээ хэр зэрэг хийж байна. Ард олон бидний яриад байгаа социализмыг ойлгож байна уу гэж асууж билээ. Чи нааш ир. Энд суу! Наад төлөвлөгөөгөө энэ ширээн дээр дэлгээд тавь. Яаралгүй сайхан тайлбарла! Чойбалсан энэ мэтээр энгийн сайхан ярьж харьцаж байсан юм. Гэлээ ч гэсэн миний өвдөг чичрээд л, өөрийн хийсэн төлөвлөгөөг тайлбарлаж ярьсан даа.

-За болно, би ойлголоо! Та нар илүү сайн ажилла! Бидний хийж байгаа ажлыг ард түмэнд илүү сайн ойлгуулах хэрэгтэй гээд гараа өгч би түүнтэй гар бариад өрөөнөөс нь гарсан. Ингэж би Маршалтай анх удаа уулзаж байлаа.

-Х.Чойбалсангийн тухай бодлоо товчхон хэлээч гэвэл та юу гэх вэ?

-Ер нь тэр их нэр хүндтэй хүн байсныг дээр би хэллээ. Мэдээж түүний үйл ажиллагаанд нэг хүнийг тахин шүтэх явдлыг дэвэргэж гэмгүй олон хүнийг улс төрийн хэргээр цаазалсан гээд маш их буруу үйлдэл байсан ч нас барахад нь гашуудаж, нулимс унагааг үй насанд хүрсэн монгол хүн бараг байгаагүй юм шүү. Түүнийг нас барахад би Москвад сурч, шарилын нь дэргэд хүндэт харуулд зогсож, Ярославын галт тэрэгний буудал дээрээс шарилыг нь байрлуулсан галт тэргийг үнсээд үдэцгээж байхыг мэднэ. Дэлхийн дайн гарч, их гүрнүүд хоорондоо дайтсан хүнд үед Монголын хувь заяаг энэ хүн авч гарлаа гэж олон хүн итгэж байлаа. Маршал улс төрийн олон алдаа гаргадаг байсан ч улсынхаа хувь заяа тусгаар тогтнолын тухайд ямагт зөв бодлого барьж чадсан гэж би боддог. Намайг “Лекторын товчоо”-нд байх үед Төв хорооны бүхий л Бүгд хуралд Маршал оролцож үг хэлдэг байсан юм. Түүний давтан давтан ярьдаг нэг зүйл нь намын дотоод шүүмжлэлийн асуудал юм. Ажлаа засаж сайжруулах хамгийн сайн арга бол намын дотоод шүүмжлэл. Шүүмжлэлийг дээд удирдлагын зүгээс болон намын хамт олны зүгээс явуулах ёстой. Ю.Цэдэнбал бид хоёроос эхлээд бусад талаар намын хамт олны үгийг сонсдог болъё гэдэг байлаа. Тэр үед Маршалыг нас барах хүртэл намын төв хэвлэлүүдэд тийм зарчмын шүүмжлэлүүд их гардаг байсан. Харин ховын үгэнд Маршал маш дургүй, тийм үг сонсоод үг хэлэх ч үгүй. Дуугүй байж байгаад “Чёрт” гэж л нэг дуугарна даа. Өндөр албанд хүнийг томилохдоо өмнө нь хийж байсан ажлынх нь үр дүнг заавал харна. Тэр үеийн 13 яамны сайд гэхэд бүгд аймаг толгойлж явсан улс байлаа. Чингис хааны үед аравт, зуут, мянгатын ноёдыг мөн ийм л аргаар өмнөх ажлын туршлага, үр дүнгээр өгсүүлэн сонгодог байсан биз дээ. Цэдэнбал төр барьж эхлээд энэ аргыг үндсээр нь өөрчилсөн юм. Тэр хүнийг шилж сонгохдоо урьдах ажлын үр дүнгээр биш, бэлэн амлалт, төгссөн сургууль, нутаг усаар нь сонгох болсон учир хэсэг хугацааны дараа бүх шатанд ажил унаж эхэлсэн юм.

-Ю.Цэдэнбалыг та хүлээн зөвшөөрдөггүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ хэдийнээс шүүмжлэх болсон юм бэ. Эхнээсээ л түүнтэй харилцаа муу байв уу. Яагаад?

-Уг нь Цэдэнбал хүний хувьд зүгээр ээ. Аядуу зөөлөн, хээ шаагүй зантай гээд л ярьж болно. Тэр байтугай би түүнтэй ойр дотно сайхан харилцаатай явсан цаг бий. Дүү нартай нь ч сайхан харилцаатай үерхэж найзалж л явлаа. Намайг Москвад Коммунист намын дээд сургууль төгсөөд ирсний дараа юм даа. Улсын наадмаар олон хоног амардаг байлаа. Тийм нэг амралтын өдөр Цэдэнбалын эмэгтэй дүү бид хоёр Туул гол дээр очиж жаахан амрахаар тохирсон юм. Явах гэтэл унаа байдаггүй. Машин хайгаад наадмын талбайгаар явж байтал найз минь гэнэт хүүе энд ахын машин зогсч гэхээр нь жолоочид хэлж авч яваад гурвуулаа усанд орж элсэн дээр наранд шаран хэвтэж байгаад орой болтол унтаж орхижээ. Наадам тарчихсан нь мэдээж. Наадам тарахад Цэдэнбал явгарснаа мэдээд нэг сайдын машинаар хүрг үүлсэн юм билээ. Бид очиж уучлал гуйж, дахиад ийм явдал гаргахгүй гэхэд тэр нэг их уурласан юмгүй өнгөрөөж байсан удаа бий. Дүү Аюушийн нь хадам аав Ж.Нансал гэж байсан юм. Эмэгтэйч үүдийн баяр, Октябрь, шинэ жилийн баяраар Аюуш авгайтайгаа бид цугтаа тэднийд очиж хамтдаа баяр тэмдэглэдэг байлаа. Аюушийн авгай миний эхнэр хоёр ураг төрлийн холбоотой улс.

-Ажил бол ажил. Танил хамаагүй гэх гээд байна аа даа?

-Төрийн ажил бүхнээс дээгүүр байх ёстой. Би насаараа тэгж бодож явлаа. Цэдэнбалын хувийн дутагдал, ажлын арга барил, улс төрийн бодлого, чиг шугамыг л бид шүүмжилдэг байсан. Ард түмний амьдралаас хөндий тасархай хүн байлаа шүү дээ.

Тэр нь улс орны амьдралд мэдээж муугаар нөлөөлнө. Ажил төрөл, амин хувийн асуудлаар уулзаад “Амьдрал нэг л биш ээ. Ард түмний амьдрал, улс орны байдалтай танилцууштай байна” гэж олон удаа хэлдэг байсан ч огт засардаггүй байсан юм. Амьдралын тэрэгний аралд ная гаран жил зүтгэж яваа энэ хүний үгэнд зарим нэгэн итгэхгүй ч байж магадгүй ээ. Учир нь түүний хувийн амьдралд дутагдсан, болж бүтэхээ байсан юм тухайн цагтаа байгаагүй. Энэ хүн гунхаж явсан гучаадхан насандаа эрх баригч намын төв хорооны ажилтан болж, ухуулга суртал нэвтр үүлгийн ажлаараа нэр хүндтэй нэгэн явлаа. Улмаар тухайн үеийн хүмүүсийн сүслэн залбирахаа шахдаг улаан Москвад Намын дээд сургуульд суралцан төгсөж, Намын төв хороонд тасаг толгойлж, тэндээсээ аймаг удирдаж, аймаг нь улсад ажлаараа шалгаран мандаж аймгаас эргэж ирээд Монгол Улс атрыг эзэмших их ажлыг эхлэлцэн гялалзаж явсан нь бас үнэн. Гэвч өндөр цалин алба, жаяг, зөөлөн суудлын алинаар ч тэр үзэл бодлоо худалдаагүй. Хаан шалдан байхыг мэдэвч хувцасны сайхныг олны адил магтаад өөртөө, гэр орондоо хал балгүй амьдралын дулаахан өнцөгт зүүрмэглэн суудаг нь энэ хүн биш байжээ. 1956 онд МАХН-ын төв хорооны II бүгд хурал дээр Лоохууз Хувьсгалт намын УТТ-ны гишүүд, түүний дотор Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, СНЗ-ийн дарга Ю.Цэдэнбал нарын ажлын арга барилын дутагдлыг баримтаар шүүмжилж байсныг ахмад хүмүүс мэднэ. Шүүмжлэл гээч хэн бүхний, харамсалтай нь эрхэм дээдсийн ч дуртай эд биш ээ. Энэ тухай үл өгүүлэн ярилцлагадаа эргэн оръё.

-Лектор хийж байгаад Коммунист намын дээдэд явлаа гэсэн биз дээ. Сургуулийнхаа тэр цагийн сониноос дурсвал…

-Намайг их сайн суртал нэвтрүүлэгч гэлцдэг байлаа. Орос хэл сурах гэж би их хичээнэ ээ. Ажил дээрээ шөнийн хоёр хүртэл орос хэл оролдож юм орчуулна. Би 27- той “Коммунист нам”-д явсан. Арван давхар байшинтай, лут хангамжтай сургууль байлаа. Суралцагсад сард 1500 рубль авдаг, гадаадынхан үүн дээр 500 рублийн нэмэгдэлтэй. Кремлийн хоолны газрын салбарт хоолоо иднэ. Нэгдү- гээр ангид байхдаа өрөөндөө хоёулаа сууна. Хоёрдугаар курсээс ганцаараа сууж болно. Урлаг, соёлын бүх газарт үнэмлэхээ үзүүлээд шууд орно, лут юм аа! Харин монголчуудын хувьд хэл их дутна.

Эхлээд оросоор уншиж юухан хээхэн ойлгодог байсан. Хүний яриа ер ойлгогдохгүй. Тэгээд бид яаж орос Дөнгөтийн ЦООДОЛ (Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн) хэл хурдан сурах вэ гэж ярьж байгаад орос бүсгүйтэй танилцахаар шийдэв ээ. Манай сургуулийн хаяанд нэг бүжгийн газар байсан юм. Орос хүүхнүүд хачин сайхан бүжиглэнэ. Бид хэд ч тэндээс салахаа байлаа. -Та ямар гээч бүсгүйтэй танилцав даа? -Ээжтэйгээн хотын захад амьдардаг дундын багш эмэгтэй байсан юм. Түүний ачаар би Москвагийн бүх театр үзэж, Москвагийн консерваторт Бетховен, Моцарт, Шуберт, Чайковский, Бах, Шостакавич, Штраус-ыг сонсч, Ленинград орж театр, музей үзэж, зундаа хоёул хар далайн эрэгт амарч, орос хэл сурсан юмаа. Овоо ч юм уншсан. Би Москвагаас нэг ачааны машин номтой ирж байлаа.

Найз бүсгүйтэйгээ гэрлээд монголдоо ирэх гэтэл тэр үед зөвлөлтийн хууль зөвшөөрдөггүй байсан юм. Мэддэг хүн СССР-ийн Дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошилов гэх. Хоёул түүн дээр орж гуйсан даа. Хариу өгөлгүй удаж удаж “Зөвшөөрөх боломжг үй” гэсэн. Тэгээд гэрлээг үй юм аа. -Танай сургуульд сурч байсан гадаадынхнаас хариад улс орноо удирдсан томчуул байсан болов уу? -Өөр өөр улсын Засгийн газрын гишүүн, яамны сайд болох бол ердийн явдал. Лав л Румыний Николай Чаушеску улсынхаа ерөнхийлөгч, РКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болсон удаатай.

-Коммунист намын сургуулиас ирээд та аймгийн даргаар явсан юм уу?

-1953 онд төгсөөд ирэхэд Лекторын товчоог өргөтгөөд Марксизм-Ленинизмийн тасаг байгуулсан байлаа. Даргаар нь намайг тавьлаа.Яаж дандаа лекц бичээд түүнээ уншаад явах вэ. Онолын сайн ном бүтээе гэж санагдаад нөхөдтэйгөө “Диалектик материализм”, “Түүхийн материализм”, “Улс төр, эдийн засгийн ухаан” ном бичицгээж их дээд сургуулиудад заадаг боллоо. Монголын түүхийн нэг боть ном орос, монголоор хэвлэгдлээ. Тэнд байхдаа миний сэтгэлд явах болсон гол зүйл бол манай улсын цаашдын хөгжлийн асуудал. Энэ талаар МАХН, төрийн зүгээс баримтлах тодорхой бодлого, онолын чиг баримжаа байгаагүй юм. Энэ сэдвээрээ олон хүнтэй уулзаж, шинэ санаа оноо дэвшүүлсэн өгүүлэл бичүүлж сэтгүүлүү- дэд хэвлүүлдэг байсан юм. Тэгтэл зарим өгүүллийг минь хэвлэхээс татгалздаг сонин гарч ирлээ. Тэгэхээр нь Ю.Цэдэнбал дээр энэ тухай асуудлаар орж хэтийн хөгжлийн тухай өгүүллүүд гаргаж байгаа, цаашид намаар улс орныхоо хэтийн хөгжлийг тодорхойлох, түүний онолын үндсийг боловсруулахад нэмэр болох байх гэж бодсон юм. Зарим сонин сэтгүүл өгүүллийг маань хэвлэж өгөхг үй байна гэж хэллээ. Намайг миний ажлыг дэмжинэ гэж итгэж ч байлаа. Тэхнээ би шал эсрэг үг дуулдаг юм байна.

-Чи энэ онолынхоо асуудлыг хойшлуулж бай. Намаас энэ талаар ярилцах цаг арай болоогүй гэж тэр хүйтнээр хэлсэн юм.

-Манай нам улсаа хөгж үүлэх чиг баримжаагүй бусдыг дууриагаад, бусдын үгээр харанхуйд төөрсөн юм шиг хаа хүрэхээ мэдэхгүй тэмтчиж явах хэрэг үү. Онолгүй нам сохортой, практикгүй нам хазгартай адил биш гэж үү гэх зэргээр би ширүүхэн асууж орхисон юм. Ингээд яриа таарсангүй ээ. Бид хоёрын зөрчил эндээс эхэлсэн гэж би боддог. Үүнээс хойш ердөө долоо хоноод намайг ГовьАлтай аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилсон юм. Цэдэнбал онолын системтэй бэлтгэгдээгүй хүн байлаа. ЗХУКН-ын араас яваад л байвал алдахгүй гэсэн ганц бодолтой байж л дээ. Намайг хөдөө явуулдаг нь намын онолын асуудлаас холдуулах, аж ахуйтэй хөөцөлдүүлэх санаа байжээ гэж би одоо ч гэсэн боддог юм даа.

-Намын төв хорооны ажилтан маань аймгийнхаа нэг дэх хүн болоод төрсөн нутагтаа очжээ. Өнөөдөр он цагийн олон давааны цаанаас эргээд харахад Та тэр үед нутагтаа юу юуг бүтээж үлдээсэн бол оо?

-Манай Алтай нутаг Улаанбаатараас 1000-гаад км алсад оршдог. Тэр үед өнөөдөр шиг холбоо, тээвэр байсан биш. Ихээхэн хоцрогдонгуй, айлууд лаа дэнтэй голдуу зуухтай айл ч тоотой, голдуу тулга тулсан хэвээрээ. Мал аж ахуйн албан татвараас залхаад малчид малаа өсгөх идэвхи мохчихсон учраас 1940-50-иад оны дунд үе хүртэл аймгийн хэмжээгээр мал өсөхөө байчихсан, хүмүүс нь ядуу ийм л нутаг байлаа. Бүх сумдаар явж хэрэгцээт зуухны тоог гаргаад Цэдэнбал дарга дээр шууд орж тэр жил улсын хэмжээнд ирсэн бүх гөлмөн төмрийг бараг бүгдийг нь авах зөвшөөрөл авч дөнгөж байгуулагдаад байсан Үйлдвэр хоршооллын дээд зөвлө- лөөс баахан дархан мужаан, орон нутгийн гарын уртай хүмүүсээр зуух хийлгэж нэгэн жилийн дотор аймаг утаанаас салсныг санаж байна. Ардуудаар явж саналыг нь асууж урьд нь Алтайд байсан уламжлалын дагуу бог малыг жилд хоёр удаа төллүүлж малаа хоёр жил дараалан өсгөж, улсад мал өсөлтөөр тэргүүлэн шагнагдаж, мөнг өөр нь аймгийн хоёр давхар музейг бариулсан явдал бий.

-Одоо байгаа музейн барилга мөн үү?

-Мөн. Музейн сан хөмрөг бүрдүүлэхээр багш нарыг сумдаар явуулж Хүннү, Сүнн үгийн үеийн зэс морь, Галдан Бошигтын эмээл, Засагт хааны тамга энэ тэрийг олж авчирч тавьж байлаа. ГовьАлтай, Завханы 2000-гаад залуусын хүчээр Гуулингийн сувгийг татах их ажлыг хийсэн. Устай болоод тариа ногоо тарьж эхэлсэн. Шинэ тосгон шинэ нуур ус бий болгосон. Сайд нарын зөвлөлөөр орж гуйж байгаад 300000 төгрөг олж долоо хоногийн дотор уурын зуух хоёрыг барьж аймгийн дунд сургуулийг анх удаа уураар халааж нүүрс гэдэг юмны ачийг алтайчууд анх удаа үзэж хэрхэн баярлаж байсныг санаж байна.

-Алтайн цаадах Захуй, Зармангийн говь, өөр хаана ч билээ ногоо тариулж байлаа гэж таны тухай номонд үзсэн юм байна?

-Ажлаараа шалгарсан аймгийн намын дарга гэж шагнаж намайг Румыний Намын их хуралд явуулсан юм. Тэнд биднийг дандаа хөдөө аж ахуйн чиглэлийн газар, мах, сүүний үйлдвэрээр явуулж юм үзүүлж байсан юм. Зөвл өлтийн Намын дээдийн ангийн анд Николай Чаушеску РКН-ын нарийн бичгийн дарга болчихсон бөөн баяр надтай уулзсан юм. Би түүнээс жаал хүнсний ногооны үр гуйлаа. Байцаа, лууван, шийгуа, сонгино, бусад нарийн ногооны үр авчирч Алтайнхаа олон газар тарьж ер бусын сайхан ургац авч байсан юм. Нэг нь нэг кг төмс, 700-800 гр-ын өргөст хэмх, 15 кг жинтэй байцаа, ургасан гээд бодохг үй юу. “За ямар байна, Алтайд юм ургах нь уу” гэж сумдын дарга нарыг аймгийн төвд цуглуулаад асууж бахархаж явлаа. Хөдөө аж ахуйн анхны нэгдэл байгуулан цэргийн хэлтсийн дарга хошууч Г.Лодойхүү, аймгийн орлогч Ч.Чулуун нарыг даргаар нь тавьж сүүлд нь хоёулаа хө- дөлмөрийн баатар болсон юм. -Та аймгаасаа гэрлэсэн гэсэн байх аа. “Хонины бэлчээрээс олж авсан хүүхэн нь их сайн хүүхэн байж” Лоохуузыг ядарч явахад үнэнчээр үлдсэн” гэж зохиолч Т.Галсан бичсэн байна лээ… -Бүрэнжаргал бид хоёр 53 дахь жилдээ амьдарч байна даа. Л.Түдэв, М.Цэдэндорж нартай цуг сургуульд сурч байсан хүн. Надтай сууснаасаа болж хань минь мөн ч их зовсон доо. Хүүхдүүдээ өсг өх, яаж ийгээд сургуультай болгох, гэр орноо авч явах. . .

-Та нутагтаа удаан ажилласан уу?

-Ердөө 1955-1956 онд л ажилласан юм. Тэр үед манай орон атар газар эзэмших тухай дээд түвшинд яригдаж намайг аж ахуйн ажил ч хийх хүн байна гэцгээсэн юм байлг үй буцааж дуудаж СААУГ-ын даргаар тавьсан юм. 1959 оноос атрын ургац авсан. Зэлтэр, Угтаал, Дархан, Хархорин, Эрээнцав гээд цоо шинэ аж ахуйнууд байгуулж Жаргалант, Ерөө, Зүүнхараа, Батсүмбэр, Борнуур, Тариалан, Түвшрүүлэхийг хуучин бааз дээр нь өргөтгөх их ажил өрнөж байлаа. Монголчууд үр тариагаар өөрсдийгөө хангаж илүү гарсныг нь гадаадад гаргаж байв даа. Тэнд өнөөдрийн олон буурлуудын ариун хөдөлмөр шингэсэн юм шүү. Би 1956-1962 оны сүүлч болтол ажиллаад сургуульд явсан.

-Бараг тариаланч болчихсон учраас “Тимирязевын ХАА-н академи”-д явжээ дээ?

-Би өөрөө явсан юм биш ээ. Миний бодол Москва дахь нийгмийн ухааны институтэд явах байсан юм. Цэдэнбал дуудаад “За чи одоо болно. Сургуульд яв” гэсэн. Би нийгмийн ухааны хоёр ч сургууль төгссөн хүн шүү дээ. Тэгсэн Цэдэнбал үгүй ээ чи “Тимирязев”- т яв гэж тулгасан. Тэгээд л явсан хэрэг. Тэнд би Монголын ХАА-г эрчимжүүлж, ашиг орлоготой таваарлаг болгоход САА-н үлгэр дууриаллын талаар цол хамгаалах байлаа. Миний ажлын чиглэлээр судалгаа баримт их байсан болохоор нэг жилийн дотор юмаа биччихсэн. Хамгаалалтаа хүлээж байсан юм. Тэр үеэрээ 1964 оны нөгөө дуулиант бүгд хуралд ирээд юуны чинь хамгаалах, Өвөрхангайн говийн суманд хоньчин болохгүй юу.

-1964 оны Намын төв хорооны бүгд хурлыг монголчууд бараг бүгдээрээ мэднэ байх аа. Тэгэхэд би дэмий зүйл хийчихсэн юм гэж өнгөрсөн олон жилд Танд бодогдсон удаа бий юү?

-Байхгүй ээ. Хэлж шүүмжлэхг үй бол болохгүй байсан. Намайг шүүмжилнэ гэдгийг Цэдэнбал түүний тойрон хү- рээлэгчид нь тэр үедээ мэдэж байсан байх. Хурлаас хоёр сарын өмнө Цэдэнбал Москвад уулзаад Нямбуу та хоёрт Бүгд хурлаас чөлөө өгье. Очоод юүхэв номоо үз гэж байсан. Тэр бол миний үгийг хэлүүлэхгүй байх санаа. Нямбуу бид хоёр Москвад уулзаад ярьдаг байлаа л даа. Энэ Цэдэнбалын арга барил хэтэрлээ. Бүх муу юм эндээс гарч байна гэж. Хурлаас өмнө ирээд би Цэдэнбалтай уулзсан. Миний нүд муу, бие их муу байна гээд их өрөвдөлтэй дүр эсгээд сууж байсан юм. Амьдрал ахуй асууж Лоохуузад нэг удаа 1000 төгрөг өг гэж өөрөө санхүүдээ цохож өгсөн. Тэр 1000 төгрөг энэ тэр яахав. Цаана нь улсын маань ажил хэргийн хувь заяаны асуудал байлаа. Тэр үед шүүмжилсэн минь зөв. Яаж шийдэгдсэн нь хамаагүй үнэн юм үнэнээрээ. Цэдэнбалыг суудлаас нь авалгүй дахиад хорин жил болсон нь маш их хугацаа алдсан явдал, монгол их хохирсон. Энд яригдаж байгаа Бүгд хурал дээр Ц.Лоохууз, Б.Нямбуу нарын тавьсан хурц шүүмжлэл хүнд суртал, бү- дүүлэг дээрэнгүй хаалга мөрг өж өөрснөө буруудаад ажил сургууль ч үгүй болж олон жилээр цөлөгдөн амьдралаараа хохирсныг, үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг юутай үнэн болохыг ард түмэн үзэхээрээ нэг болсон. Нийгэмд сургамж ч болсон. Яаж ч хохирч хэлмэгдэж хатуу бэрхийг туулсан ч алдсан эрх мэдэл, сандал суудлаа санах бус харин ч О.Дашбалбарын хэлсэнчлэн “Доромжлогдох тусмаа өнгө орж, Долоон бурхан од шиг гялалзсан хүн” бол Лоохууз гуай юм. Өндөр алба сургууль соёлоос нь хусч аваад ихэс дээдэс түүнээс салж амрав гэтэл нэр нь ер бүдгэрч өгөхгүй, сураг нь тасарч мартагдахгүй цөллөг, шоронгийн 25 жилийн турш босоо явсан хүн бол тэр. Энэ бүх хугацаанд мань “Эсэрг үү” хаана хаана юу юу хийж яваа вэ.

-Та намын гишүүн, Намын Төв Хорооны гишүүн, сургуулиасаа ч ялгаагүй хасагдаж аваад Өвөрхангайн Сантад хоньчин гээд арилж өгсөн. Олон жил дулаан байр өндөр алба энэ тэрд дассан танд авгай хүүхдүүдэд чинь ч гэсэн хэцүү байж таараа…

-Мэдээж шүү дээ. Нэгд үгээр сар хүйтний туйл. Хаашаа л харна хунгар цас. Хотод танил нөхдийн олж өгсөн бүрээс муутай гэрээ цасан дунд бариад ороход ялангуяа найм, хоёр настай хоёр жаал, дал гарчихсан хоёр хөгшинд маань бүүр ч хэцүү байсан байх. Радио нээх, сонин харах эсэргүү Лоохууз, Нямбуу, Сурмаажав л гэж байх. Сум багт хурал энэ тэр болж байна энэ тэр гэх. Дахиад л Лоохууз, Нямбуу, Сурмаажав…

-Та шууд л хоньчин болсон уу? -Сант сумын Ёндон гэдэг айлын туслах малчин болж байгаа юм. 100 хонь нэг сар маллаатахлаа. Малчны хөлс 17 төгрөг 50 мөнгө өглөө.

-Сэтгэлээр унав уу?

-Танихгүй газар энэ хэрийн цалин авч байгаа зургаан ам бүлтэй гэрийн тэргүүн юун сэтгэлээр унах вэ. Амь зуух аргаа л бодно шүү дээ. Хамгийн анх хүнд нэг хурганы арьс элдэж өгөөд 15 төгрөг авсан юмсан. Бушуухан гурвыг нэмээд элдээд өглөө 45 төгрөг. Нэгдлийн нярваас арьс авч энэ мэтээр гэрээрээ элдээд 20 хоногт 800 төгрөг авлаа. Бодноо. Яаж хөлжихөв, энэ хэдийгээ яаж тэжээхэв гээд бодно доо. Нэг удаа тэр сумын овоо юмтай гурван ч хүнийг урилаа. За би нэг иймэрхүү яваа эр хүн гэдгээ ч ярьлаа, хөөрлөө. Тэд юунд сонирхолтой улс вэ гэдгийг ч мэдээд авлаа. Нэг нь алт эдлэлд, нөгөө нь хивсэнд, бас нөгөө нь охиноо гэрлүүлэхэд тэр үед их ховор, сонин үйтэн хуар их сонирхдог гэсэн юм. Тэднийг өглөө босоход нь авгайнхаа гарт байсан бөгжийг тэр алт сонирхдог хүнд, диван дээр байдаг жижиг хивсээ хивс сонирхдогт нь өгөөд авдраа уудалж авгайнхаа үйтэн хуар дээлийг өнөөх охиноо гэрлүүлэх хүнд бэлэглэчихг үй юү. Гурван баян хүн гайхаж байнаа. Гуяа ганзагалж ирээд анх удаа айлд орох мөртөө хамаг юмыг нь авчихлаа, бид яадаг юм билээ энэ тэр гэж байна. Тэгэхээр нь “Бүгд зүгээр. Одоо энэ юмыг та нар хэрэглэсэн нь дээр, бидэнд хэрэггүй. Би үнэ өртгийг нь авах ч үгүй. Хариу баримаар шиг санагдаад байгаа бол энэ хоёр хөгшинд хоёр гурван тугалтай үнээ хэрэг болох байх даа гэсэн чинь тэд ам өрсөлдөн манайх 17 үнээ саадаг. 18-ыг саадаг. Манайх 22 үнээ саадаг манайхаас үнээ ав, шилээд ав гэхгүй юү. Тэгээд гурван үнээтэй болчихож байгаа юм. Дараа нь Сантынхан сайн морь сайхан эмээлд дуртай болохыг мэдлээ.

Эмээл засах гэхэд гөлөм ховрыг нь ч мэдээд авлаа. Гөлөмний булигаар ширхэг нь 100 төгрөг юм. Нэг булигаар хоёр гөлм өнд хүрнэ. Шууд хийх гэхлээр энэ суманд гөлөм хийдэг Рэнцэн гэдэг ганц ч хүн байдаг юм байж. Уулзлаа. Сайхан танилцлаа. Эхний үед багажийг нь ч гуйна. Өөрөөр нь заалгана. Хоёр гөлөм хийж нэгийг нь 600, бүгд 1200 төгрөг өвөртөлчихлөө. Урамшлаа. Хонь хариулж явахдаа ч гөлм өө хийж л явна. Сард гэрээрээ 10-20 гөлөм хийдэг боллоо. Хүмүүс гуйгаад л шаваад л. Мөнгөжих нь тэр дээ. 1000 төгрөгөөр гурван гэрийн мод аваад гурван гэрээ 9000-аар өгчихсөн. Удалгүй гэрээ бөмбийт өл бүрээд гурван дугуйт “Урал” мотоциклтой боллоо. Нэг жил болоод Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас Польшийн “Варшав” машин 18000- аар авч унаатай болов. Олон малтай болж сүүлдээ 15 гүү барьж, 20-иод үхэр, 400-500- гаад хонь гээд болоод явчихсан юм. Сант сум гөлмөөр ханаад Баян-Өндөр, Баянгол, Өлзийт, Бүрдийнхэн ирж гө- лөм авдаг болсон. Гоёлын гөлөм 1200 хүрч байлаа. Гоё гөлөмтэй монгол эмээл 6000 төгрөгний үнэтэй. Эхлээд жилдээ нэгийг сүүлдээ хоёр, бүүр сүүлдээ дөрвийг ч хийнэ. 24000 төгрөг атгана. Тэгэхдээ нарийн хийцний эдлэлийг дархчуулаар хийлгэнэ л дээ.

-Тэгэхээр нь өөрөө хийж сурав уу?

-Сурсаан. Цохин, цутгах хоёр аргыг хоёуланг нь сурсан. Сантад цохиж урладаг нэг өвгөн байлаа. Цутгаж урладаг Ногоон Дамба гээч дархан Өвөрхангайн төвд байлаа. Энэ Дамбын арга их бүтэмжтэй арга. Энэ аргаар би сүүлдээ голлосон юм. Үүний ачаар мөнгө сайн тэр цагт эмээлээс жилдээ 40000 хүргэж орлого олдог болсон доо.

-Сантад та, танай гэрийнхэн хөөрхөн үйлдвэр л байсан юм байна аа?

-Тийм ээ. Сант бидэнд буян хишгээ хайрласан. Улаанбаатараас гар хоосон хөөгдсөн манайх юм юмтай, гол нь амьдралын арга дадал цоо шинээр эзэмшсэн. Миний хүү Сантад төрсөн. Сант гэдэг нэртэй. Сантад зургаан жил суучихаар том хүүд сурах анги байхгүй болоод бөөн хэл ам болж байж Хархоринд шилжсэн. Тэнд ч гэсэн зүгээр суугаагүй ээ.

-Тэнд ямар нэг ажил хийгээ л биз дээ?

-Ямар зүг байхав дээ. Хоньчин Лоохууз гахай тахианы бригадын тоо бүртгэгчийн ажил хийв дээ. Өөртөө хоёр тоорой авч хүнээр маллуулаад олон гахайтай боллоо. Гахай нэг удаа 10-14 тоорой гаргана. Жилд 2-3 удаа төллө- нө. Намар гахайнаасаа хоёрыг нь үлдээгээд бусдыг нь нядалж Хархорины САА-гаас холгүй байсан Зөвлөлтийн цэргийн ангид кг-ыг нь найман төгрөгөөр өгчихнө.

-Ц.Лоохуузын хийсэн монгол гутал гээд сэтгүүл дээр гарчихсан байсан. Та бас гутал хийдэг юм байх даа?

-Монгол гутлыг би Хархоринд хийж сурсан юм. Бас нэг өвгөнөөр заалгасан. Өвг өн гоё гутал хийдэг байлаа. Эхлээд би гутлыг нь зарж өгдөг болсон юм. Сүүлдээ өвгөн гутал эсгэж, уллаж бусад бүх оёдлыг нь бид оёж сардаа ганц биш 3-4, үүнээс ч олон гутал хийдэг, Хоршоолол ухааны юм болж байгаа хэрэг. Нэг сайн гутал 3000 төгрөг. Манайх машинтай, мотциклтой, хашаа байшитай чинээлэг сайхан амьдарч байлаа. Энэ нь САА-н дарга Гомбосүрэнд таалагдсангүй. Би ч түүнтэй харилцаа муу. Дээрэлхээд байхаар нь багалзуурыг нь хүртэл шахсан удаа бий. Тэр миний буруу. Дамын наймаа хийдэг, хувийн үйлдвэрлэл явуулдаг гэж прокурорт мэдэгдээд, прокурор нь үнэхээр тийм байна гэж үзжээ. Шүүх намайг зургаан жилээр тасаллаа. Бүх хөрөнгө, гэр байшин, машин, мотоцикл, гахай бүгдийг нь хураан улсын орлого болголоо. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Бэрлэгийн шоронд хоригдсон. Гуталчин Лоохууз хорихын тогооч болох нь тэр. Хоригдлууддаа шинжлэх ухаан технологийн хувьсгалын сэдвээр яриа хийж лектор болно. Хоригдлуудад хярамцаг шар будаагаар хоол хийж өгч ядаргааг нь гаргана. Ерөө голын загас гараар баримаар элбэг байсан цаг. Тул хэдийг л бол хэдийг барина. Байшин доор зоорь ухаад загасаа хадгална. Хоригдлууддаа хоол хийж өгнө. Хоол хийх чөлөөндөө актлагдсан ган халбага сэрээгээр бөгж хийдэг байлаа. Зэвэрдэггүй ган нүүр харагдахаар, шил шиг гоё шүү дээ. Жаахан кислото, цагаан тугалга захиад олоод авчихна. Бөгжөө эсгэж дээр нь хүзүүгээрээ нийлсэн хоёр хунгийн дүрс гаргадаг юм. Цэнхэр шигтгээ бас хийнэ. Нэгийг нь 25-аас өгнө. Суллагдаад гарч байгаа хоригдлууд заавал авдаг юм. Харгалзагч нар ч ялгаагүй авдаг л байсан.

-Шоронд байхдаа та олон удаа эргэлт авч байв уу?

-Муу эхнэр маань хоёр бага хүүхдээ хөтлөөд жилдээ хоёр удаа ирдэг байсан. Өөр хүнтэй уулзахгүй надад зөвш өөрдөггүй байсан юм шүү дээ. Би эсэргүү гэгдэж ял авсан нь хамаагүй, ард түмнийхээ дунд байсан юм болохоор юуг нь тоохов. Хамгийн бэрх зовлонг авгай хүүхэд маань эдэлсэн юм. Тэр олон жил эхнэрт маань ажил өгд өггүй байлаа. Хүүхдүүд минь дээд сургуульд орох гэхлээр эсэргүүний хүүхэд гээд явуулдаггүй байсан. Нэг охин овгоо өөрчилж байж Льововт сургуульд явж төгсс өн. Нэг хүүгээ би Намын хянан шалгах хороо хүрч байж Болгар явуулах болсон ч сүүлдээ бүтээгүй.

-Шоронд 1976 онд орсон юм гэсэн. Сууж гараад Хархориндоо очсон уу, өөр газар төвхнөсөн үү?

-Төвхнөтөл хол байсан юм билээ. Шүүхийн тогтоолд шоронгоос гараад Хархориндоо гурван жил суух заалт орсон юм. Тэгтэл Хархорины нөгөө дарга “Манайх Лоохуузыг хүлээж авахгүй” гэж лүндэгнэжээ. Тэгээд НАХЯ намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд суулгахаар болж тэнд очууллаа. Гурван жил суусан. Туслах аж ахуйн бригадын дарга болголоо. Гуанз, зочид буудал, модны ажил хариуцах ёстой болсон юм. Би тэнд 12 хүний “Халуун усны газар” байгуулж модны цех ажилладаг болгосон. Хавийн сумдын дунд сургууль, эмнэлэг, аймгийн Соёлын ордны ширээ сандлыг хийж 1985 онд нутаг заасан хугацаа дуусч Улаанбаатарт ирсэн чинь хотод суух зөвшөөрөл өгдөггүй ээ. Цөллөг… шорон… дахиад цөллөг. Олон жилийн дараа арай гэж ийнхүү Улаанбаатарын барааг хартал Лоохуузынхныг хотод суух зөвш өөрөл өгдөггүй ээ. Хөдөөнөө буц гэж хотын захиргаа удаа дараа хэлж байв. Хотын паспортг үй ажил сургуульд хэнийг ч авдаггүй цаг. Энэ бүхэн Лоохуузаас л болж байжээ. Тэгээд эхнэр, хэдэн хүүхдээ бодож Лоохууз гэргийгээсээ салах өргөдөл шүүхэд өгөв. Удаж удаж шүүх гэрлэлтийг цуцаллаа. Аль хэдийн жар гарсан өвгөн Лоохууз төрсөн нутаг Говь-Алтайн Чандмань сумаа зорив. Тэнд очоод Лоохууз бяцхан гэр барьж ганцаар хэдэн жил суусан. Насны хань, үр хүүхдээсээ аргагүйн эрхэнд салж зутарсан аанай л зүгээр суусангүй ээ. Харахад үзэмжтэй буурцагтай мөнгөн товч урлаж малчдад хөлөөр нь хөл болсон нэхий гутал оёж байгалийн будгаар үзэмж оруулаад зарах зэргээр мөнгөжин тэртээ олон уулын цаана суугаа хань, хэдэн хүүхдэдээ цагаан идээ, өвлийн идэш энэ тэр хүргүүлдэг байв аа. …1984 онд Лоохууз Хөвсгөлийн Баянзүрх суманд туслах үйлдвэрийн бригадын дарга хийж байжээ. Өдөр гадуур ажил хөөцөлдөж яваад ажил дээрээ иртэл ажилчдын нэг нь:

-За таны нөгөө яриад байдаг Цэдэнбалыг чинь бүх ажлаас нь халсан байна шүү дээ гэжээ. Дараа нь радиогоор мэдээ сонсож “Цэдэнбалын оронд Ж.Батмөнх болжээ. Онцын өөрчлөлт гарахгүй нь гээд яахав Цэдэнбалыг ажлаас халсаныг бол тэмдэглэчихье. Шампанск аваад ир” гэж нэг ажилчнаа гүйлгэлээ. Тэгж нэг удаа аяга шаазан няр хийтэл тулгасан гэнэм. Чандманьд дөрвөн жил болж байтал 1989 оны өвлөөс ардчилсан холбооны залуус жагсаад эхэлсэн. Цаг өөр болов. Дээдэс Лоохуузад хатуурхахтай манатай боллоо. 25 жилийн дараа Лоохууз гэдэг айлын утаа Дамбадаржаад уугив.

-Аав минь амарч үз! гэж олон жил санасан хань, хүүхд үүд нь хэлж байлаа. Тэгтэл Лоохууз гэдэг тийм ч амархан амраад суучих эр биш байлаа. Газар авч, ногооны талбай арчлан хэдэн үнээтэй хүртэл болов. Шувуун фабрикийн тэнд сүрэг тахиатай болж танилаараа маллуулжээ. Томоохон зоогийн газруудад өндгөө арай хямд үнээр дорхон нь борлуулчихна. Дэлг үүрт гаднаас авчирсан “Урбанек” хэмээх ногооны дармал өндөр үнээр зарж байхыг хараад Лоохуузын инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг болсон гэдэг. Тэр алаг салат хийгээд удаж байна. Мах, мөөгний нөөш ч хачин сайхан хийнэ. Манайхан адууны махан “Каз” мэднэ. Түүнийг зөвхөн казак хүмүүс л хийдэг гэж бодно уу, Лоохууз гуай бас хийдэг. Дамбадаржааг хүмүүс хөгшидийн хороолол гэх маягтай. Энэ газрын нэрийг сонсоод Дондогдулам хатны рашаан, сүүлд сэргэсэн хийдээс нь өөр онцгой юу юу байдгийг би гэхэд үл мэднэ. Тэгвэл дээр дурьдсанаар Лоохуузын Дамбадаржаад очсоноор тэнд юм юм л бий болчихлоо. Энэ бүхэн хү- мүүст эрхбиш санаа сэхээ өгсөн байх гэж боддог.

-Та 1946 онд Саарал ордонд нэг сайн бангадуулж аваад хөдөө явсан. Юу юу үзсэн, хохирсон тухай ярьлаа. Хожим мөнөө ордноо эргэж ирсэн түүх бас бий… -Юм цагаа болохоор амархан юм билээ. Төр унахаа хүрвэл төлөг хургалахаас амархан гэсэн үгтэй юм гэнэ лээ. 1989 онд хотод орж ирлээ. Бичиг баримт ч дороо л бүтсэн. АИХ-ын сонгууль болж депутатаар сонгогдсоныг маань та нар мэдэх байх. АИХ-ын орлогч дарга бас болсон шүү дээ. Улсынхаа анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж байхад сайхан л байлаа. Тэр байтугай Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай өрсөлдүүлэхээр Ардчилсан нам нэрийг маань дэвшүүлж би нэрээ татаж авсан. Нас өндөр болсон байлаа.

-Амьдрал ахуйн хувьд та үнэндээ их хохирсон. Нөхөн төлбөр энээ тэрээ олгосон уу?

-Намайг шүүхээр шийтгэх үед хурааж авсан машины оронд нэг хуучин машин өгсөн. Гэр энэ тэрийн үнэ гэж хэдэн бор юм бас өгсөн. Өгсөнийг нь л авсан даа. Чандманьдаа байхдаа би 100 гаруй малтай байлаа. Хагасыг нь зараад хагасыг нь Улаанбаатарт аваад ирсэн. Улаанбаатар мал хоёр таарахгүй юм билээ. Мал их алдагдана. Тэжээлийг нь дийлэхгүй. Үүнийг төрөөс зохицуулж өгмөөр байсан юм. Цаг алдчих шив дээ. Орон сууц өгсөнийг нь би зарчихсан. Одоо хөгшин бид хоёр хүргэнийдээ хүүхдүүдийг нь харж байна. Яахав одоо бол болж байнаа. Дөрвөн хүүхдээс гарсан ач зээ 11 банди, дөрвөн охин тачигнаж байна. Манай хүүхд үүд амьжиргаатай. Ур дарх, оёдол үйлийг минь сурцгаасан. Болж байна, болж байна. Өвгөн ингэж ярьж байх юм. Нийслэлээс дөчин насандаа хөөгдөж, дуунд гардагаар “Хот айлаа тойроод хорин хэдэн жил явсан” хүн амьдралд хөл алдмаар ч гал алдсангүй, гол ч алдсангүй ээ. Лоохууз гуай нас өндөр болсон ч ануухан хэвээрээ шалбалзалж сууна. Жилдээ нэг удаа эмнэлэгт хэвтэж жаахан “засвар” хийлгэдэг тэр нь энэ удаа болоод Улсын нэгдсэн гуравт эмчлүүлж байх үед нь би таарч уулзлаа. Яриулаад л байвал улам сонин юм ярих, ярьсан бүгдийг нь ургуулаад байвал бэлээхэн тууж роман болох зүгээр ч үгүй сониноос сонин уртаас урт романы дайтай зүйл ярих хүн юм. Хүмүүс тэр уул, энэ уул л гэж байдаг. Хаана нь ямар горхи, булаг, шувуу жигүүртэн, ан амьтан, мод ургамал, эрдэнэ баялагтай ч мэддэггүй. Ерөнхий л ярина. Хэвлэл сонинд юм юм бичихчээн болдог миний мэт нь тэр гуай энэ гуай ингэсэн тэгсэн гээд л хашгираад байдаг. Хүний анхааралд хүргэх, сэтгэл санаа руу нь өнгийнө гэж үгүй. Ерөнхий л ярина. Ингэж бодохоор Лоохууз гэдэг энэ ном онцгой сонин миний “уншиж” дуусашг үй үргэлжлэлтэй роман санагдаад байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *