Categories
мэдээ цаг-үе

Л.Уртнасан: Намын дарга болоод дүрэм, зарчмыг яс барьж, АН-ын шинэчлэлийг төгс утгаар нь хийнэ

АН-ын даргад нэр дэвшигч, “Монгол дархлаа” тинк танк нэвтрүүлгийн санаачлагч Л.Уртнасантай ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу ?

-Намайг Лхамжавын Уртнасан гэдэг. АН-д 17 жил ажиллаж байна. Гишүүний туслах, бүлгийн зөвлөх, ажлын албаны зөвлөх, намын газрын даргын алба, намын нарийн бичгийн даргын зөвлөх гээд ажлууд хийж байсан. Намын дотоод амьдрал, алдаа оноо гээд бүх зүйлүүдтэй хамт явж ирсэн. Одоо докторт сурч байна.

-Намын даргын сунгаанд яагаад оролцох болов?

-Бид хэн нэгэн ахмад үеийн, хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийг намын удирдлагад дэмжиж ирсэн. Харамсалтай нь ялалтыг ерөөсөө авч чадахгүй байна. Авсан ч иргэд, гишүүдийн итгэл үнэмшлийг татаж, улс орны хөгжлийн ажлуудыг хийж чадахгүй байгаа. Би гэхэд 41 настай, тийм ч залуу хүн биш. Үеийн залуус маань бизнес хийж, хувийн амьдралаа босгоод явж байх үед, энэ намын хар бор ажлаас эхлээд удирдах түвшний ажилд хүртэл оролцож ирсэн. Дараагийн АН-ын дарга намын амьдралыг мэддэг, ойлгодог, нам яаж ард түмний итгэлийг хүлээх ёстойг, яаж гишүүдийнхээ итгэл дэмжлэгийг хүлээх ёстойг ойлгож, мэдэрч чаддаг дунд үеийн хүмүүс байх шаардлагатай байна. Намын удирдлага зөвхөн сонгуульд ялах биш, улс орны хөгжлийн бодлогыг түүчээлэх ёстой. Хүмүүсийн амьдрал дээшлэхгүй байгаа нь эрх барьж байгаа хүмүүстэй шууд холбоотой. Ардын нам бол сонгуульд үнэхээр гайхалтай ялдаг нам байна. Гэхдээ улс орныг үсрэнгүй хөгжил рүү аваачиж, иргэдийн амьдралыг өөд нь татах бодлого байхгүй нам. АН цаашдаа улс орны амьдралыг үсрэнгүй хөгжүүлж чаддаг нам болох ёстой. АН-цаашдаа засаглагч нам байж сонгуульд ялахаас өөр бодлого бодож чаддаггүй МАН-ыг хөгжлийн бодлого бодож чаддаг нам болтол нь 30 жилийн улс төрийн чөлөө олгоё гэж харж байна. МАН сонгуульд ялах биш, улс орны амьдралыг өөд нь татдаг, үсрэнгүй хөгжлийг авчирч чаддаг бодлоготой тэрийгээ хэрэгжүүлж чаддаг нам болох хэрэгтэй.

-АН-ын шинэчлэлийн асуудал яг одоо яригдаж байна. Шинэчлэл гэхээр яалт ч үгүй АН-ын эв нэгдэл яригддаг л даа?

-АН-ыг дотоод ардчилал эв нэгдэлгүй юм шиг харагдуулдаг гэж ярьдаг. ҮБХ-ны хурлыг гэхэд зарлах эрхгүй хүн нь зарлаад ирц нь хүрээгүй байхад хуралдуулж, өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч болгочихож байна. Дүрэм, зарчмаа зөрчсөн ийм ёс зүйгүй үйлдлүүд энэ намд байгаа учраас хэт дотоод ардчилалтай юм шиг эв нэгдэлгүй явж ирсэн байна. Бид эв нэгдэлтэй болохын тулд намын удирдлага дүрмээ чанд мөрдөж, хууль засаглал, дүрэм, ёс зүйн засаглалаа хамгийн эрхэм дээд болгож байж эв нэгдэлтэй, засагладаг улс төрийн хүчин болно. Тэрнээс нэгнийхээ дүрэм зарчим зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөөд эвтэй байх ёстой гээд байж болохгүй. Би намын дарга болоод дүрэм, зарчим хоёрыг л барина. Ингэсэн цагт нам эв нэгдэлтэй болж засаглаж чаддаг сонгуульд ялдаг болно. Үүнд итгэлтэй байгаа.

-АН маш олон фракц болж, ардчилсан үзэл баримтлалтай олон нам болж салсан. Энэ намуудаа нэгтгэе гэсэн төлөвлөгөө бий юү?

-Цаашдаа ардчилсан үзэлтэй хүмүүс иргэний эрх чөлөө бизнесийн эрх чөлөөг эрхэмлэдэг улс төрийн хүчнүүд нэгдэх ёстой. Энэ сонгуулиар ч харагдлаа. Монголын улс төр үзэл санааны уралдаан байх ёстой болохоос биш гишүүн, дарга, сайд болох гэж нам руу ордог байж болохгүй.

-АН-ын хувьд шинэчлэгдэж чаддаггүй гэдэг яриа байдаг. Үүн дээр та яаж ажиллах вэ?

-АН бол 30 жил сөрөг хүчин явсан. Сүүлдээ сөрөг хүчнийхээ байрыг ч алдах нь уу гэх яриа мэр сэр гардаг боллоо. АН дээд шүүхэд бүртгэлтэй дүрмээ зөрчөөд байвал намыг татан буулгая гэсэн хатуу үзэл бодолтой гишүүд байна. Намд хангалттай боловсорсон шинэ залуучууд бэлтгэгдэж бий болж байна. Би АН-ын дараагийн үед найдаж байгаа. Өмнөх үе маань тус тусдаа нам байгуулж тус тусдаа үзэл санаан дээр нэгдэж байсан. Социал хэлбэрийн зүүний нам, барууны нам, төвийн нам, шашны үзэлтний намууд гээд маш олон намууд нэгдэж АН-ыг бий болгосон байдаг. Эдгээр удирдлагууд маань хувь хүн, үзэл санааныхаа хувьд олон зүйлээс шалтгаалж нэгдэж нийлж шинэчлэл гэдэг зүйлийг төгөлдөр утгаар нь хийж чадахгүй явсаар ирлээ. Ардчилал хүний эрх, эрх чөлөөнд хүмүүжиж төлөвшиж ирсэн шинэ үе шинэчлэлийг хийж чадна. Н.Алтанхуяг дарга “Шинэчлэл гэдэг зүйлийг сэтгэл гаргаж хийх ёстой ажил юм” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг дэмжиж байгаа. АН-ын шинэчлэл дүрэм зарчим барьж хийх ёстой ажил. Өнөөдрөөс эхлээд бид дүрэм, зарчмаа бариад явах юм бол жинхэнэ шинэчлэл гэдэг зүйл хүчтэй улс төрийн нам бий болж төлөвшинө. Чадахгүй бол дахин орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдах үндэс болно.

-Та АН-ын дарга болбол эхлээд ямар ажил хийх вэ?

-АН-ын дарга болсныхоо дараа эхлээд дүрмийн хэлэлцүүлгийг нийт гишүүд дундаа явуулна. Ингээд орон нутгийн сонгуулиар сайн мөрийн хөтөлбөр, хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, нэр дэвшигчдийг дэвшүүлэх дүрэм зарчмын дагуу орон нутгийн гишүүд, иргэдийнхээ итгэлийг авч, сонгуульд ялна. Дараа нь, дүрмийн шинэчлэлээ хийж, ардчилсан ерөнхийлөгчөө дахин дэвшүүлж манан бүлэглэлийг дуусгах ажлыг нь үргэлжлүүлж хийлгэнэ. Эс бөгөөс төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдана. МАН коммунист учраас төсөв мөнгөнд хайр гамгүй хандаж, төр барихаараа архидан согтуурч, аллагын хэрэг үйлддэг. Үүнийг нь тогтоож барих, засаж залруулж зөв тийшээ чиглүүлэх гэж зайлшгүй орон нутгийн сонгуульд АН ялах шаардлагатай.

-АН-ын сунгааны эргэн тойронд юу болж байна вэ?

-Эрт сунгааг зарлачихлаа гэж ярих хүмүүс байна. Харин энэ нь зөв. Орон нутгийн сонгуулиар шинэ удирдлагатай, шинэ нүүр царайтай, итгэл үнэмшилтэйгээр сонгуульд орж байж амжилтаа илүү ахиулна. Эсрэг талд нь сунгаа намыг хагаргадаг дэмий арга хэрэгсэл гэсэн хэсэг бүлэг гишүүд байна. Тийм учраас сунгааг наймдугаар сарын 1 болгож хойшлуулаад байгаа. Манай дотоод хороо сунгаагаа наймдугаар сарын 1-нд эхлүүлнэ гэсэн чиглэлтэй байж байна. Дүрэм зарчмаа барьж АН-ын шинэчлэлийг энэ удаа төгс утгаар нь хийж чадна гэдэгт итгэж найдаж байна.

-АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчийн асуудал газар аваад байна. Энэ асуудал хэр ач холбогдолтой вэ?

-Намын Их хурлаас байгуулагдсан дотоод сонгуулийн хороо, үндсэн дүрмийн хороо, улс төрийн зөвлөлийн гаргасан шийдвэрүүдийг зөрөөд одоогийн үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэж хүн дүрэм, зарчмыг зөрчсөн үйлдлүүд гаргаж байна. Энэ нь намын шинэчлэлтэд хортой үйл явдал. Би Ц.Тувааныг эсэргүүцэж байгаа. Ц.Туваан дараагийн АН-ын ялагдал, ялалтыг унагаах буруу тийш нь чиглүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Энэ хүний хийж байгаа үйлдлүүд нь орон нутгийн сонгууль, Ерөнхийлөагчийн сонгуульд сөрөг үр дагаврыг авч ирнэ. Хаанаас ямар зорилготой ийм үйл ажиллагаа хийгээд байгаад нь эргэлзээд гайхаад эсэргүүцээд байж байна.

-АН ялагдлаа зарим хүмүүс рүү чихэж байгаа. Одоо энэ асуудлыг хаяад шинэчлэл рүүгээ анхаарах ёстой юм биш үү?

-Өнгөрсөн алдаа оноогоо цэгнэх нь зөв. Өнгөрсөн сонгуулиудад бид дүрэм, зарчмыг зөрчиж, эв нэгдлийг хангаж чадаагүй учраас ялагдсан. АН-аас хоёр нам урган гарч, олон залуучууд бие даан нэр дэвшлээ. Энэ хүмүүсийг зөв сайн зохион байгуулж чадаагүй нь дүрэм, зарчим хоёроо зөрчсөнтэй холбоотой. Энэ бол АН-ын 30 жилийн ялагдлын гол шалтгаан. Өнгөрсөн намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй байгаа. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил намын удирдлагыг нийт гишүүдээрээ сонгочихсон. Ийм учир энэ хүнийг шүүмжлээд байж болохгүй, хамаагүй шахаж шаардаад байж болохгүй, зарим гишүүд үгээ хэлнэ,би ч бас намын удирдлагууддаа “та хэд минь дүрэм, зарчим хоёроо сайн барина шүү” гэсэн шаардлагыг тавьж, хэлэх зүйлээ хэлж байсан. Одоо сонгууль өнгөрсөн учраас бид алдаа оноогоо илэн далангүй олон нийтэд хэлэх хэрэгтэй. Алдаа дутагдлыг зөвшөөрөх маягаар цаашаа явж болохгүй. Намаасаа гараад намын даргынхаа эсрэг нэр дэвшээд хоёр ч удаа энэ намын удирдлагыг унагаасан, үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Би намын даргыг шүүмжилдэг ч намын удирдлагын хүнээ унагаая гэж хэзээ ч бие дааж дэвшиж намаа хорлох ажил хийж байгаагүй. Намын даргын нэр хүндийг унагаана гэдэг 29 тойрогт нэр дэвшиж байгаа олон хүний эрх ашгийг хохироож байна гэсэн үг. Намаасаа гарч бие дааж нэр дэвшиж намын удирдлагаа унагааж байгаа залуучуудыг ёс зүйн алдаа дутагдалтай байна гэж харж байна. П.Галиндэв бол намын туршлагатай, боловсролтой мундаг залуу, гэхдээ намын даргынхаа эсрэг дэвшээд намынхаа нэр хүндийг унагаагаад намын тугаа төрийн сонгуульд унагаачиж байгаа учир би санал нийлэхгүй, үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байна. Жирийн гишүүд нь жинхэнэ ардчиллыг цогцлоох ёстой, ингэж байж анзасаглагч, сонгуульд ялагч, хөгжлийг манлайлагч улс төрийн хүчин болж чадна гэдэгт итгэж байна. Би энэ сонгуульд хатуу үзэж, АН-ын дарга болно гэдэгтээ итгэлтэй байна. Надад айх юм алга. АН-ыг эмх замбараагүй, эв нэгдэлгүй байлгадаг дотоодын болон гадаадын хүчин байна. Гадаад орнуудын нөлөө хүртэл байна. Үүнд автдаггүй, үүнийг ойлгож мэдэрч, зохицуулж чаддаг шинэ удирдлагын баг АН-д хэрэгтэй.

Г.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *