Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Цог яагаад уурлав?

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар ширүүхэн маргалдсан. Тэд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс болж ам мурийсан юм.

Шүүхийн тухай хуулийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Цэц хянан шийдвэрлэжээ. Уг заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах…”, гэжээ. Энэ нь Үндсэн хуулийн 5.1.4 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, мөн хуулийн 51.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Харин лхагва гаригт хуралдсан Хууль зүйн байнгын хороо Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм.

Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанд уг асуудлыг хэлэлцэж эхлэнгүүт зарим гишүүн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэв. Тэдний нэг нь УИХ-ын дэд дарга Л.Цог байлаа. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд тайлбар хийсэн Д.Лүндээжанцан гишүүнтэй санал нэг байсан юм. Д.Лүндээжанцан гишүүний хувьд “Энэ асуудал 20 гаруй жил маргаантай явж байгаа. Улсын дээд шүүх хуулийн тайлбар гаргаж байгаа нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэж УИХ-ын эрх мэдлийг зарим талаар давхар хэрэгжүүлээд байх шиг. Харамсалтай нь өнөөгийн Үндсэн хуулийн заалт ийм байгаа учраас яах аргагүй. Гэтэл үүнийг Шүүхийн тухай хууль хийхдээ хэрэг маргааныг шийдвэрлэх явцдаа Улсын дээд шүүх хэрэгжүүлнэ гээд заасан. Хэрэг маргаан шийдвэрлэхэд хяналтын шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна гэсэн заалт Үндсэн хуулинд бий. Хяналтын шатны шүүхэд таван шүүгч орж байгаа. 24 шүүгчтэй Улсын дээд шүүхийн таван шүүгч нь хууль тайлбарлаж таарах гээд байгаа. Тэгээд хэрэг маргаан хэдийгээр ирээд, хэзээ хяналтын шатанд очоод шийдвэрлэгдэх билээ. Үүн дээр Х.Тэмүүжин бидний хооронд том маргаан яваад байгаа. Өнөөгийн байдлаар Дээд шүүх бүгдээрээ хуралдаад тогтоол гаргадаг хэлбэрээрээ явж байг. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой” гэв. Түүний дараа О.Баасанхүү гишүүн тайлбар хийж мөн л Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах хэрэгтэй гэлээ.

Харин Х.Тэмүүжин гишүүн тайлбар хийхдээ “Үндсэн хуулинд хууль тогтоох эрх мэдэл нь УИХ дээр хадгална гэсэн заалттай. Гэтэл хуультогтоож байгаа үйл явц бол бусад субьектүүдэд байна. Өнөөдрийн хэлэлцэж байгаа маргаан бол Улсын дээд шүүхээс хууль тайлбарлаж байгаатай холбоотой асуудал нь хууль тогтоож байна гэж үзэгдэхээр хэмжээнд байгаа. Д.Лүндээжанцан гишүүн хэллээ. Үнэхээр нэг юм дутуу хэлээд байна. Эрх мэдэл хуваарилах онолоороо УИХ хууль тогтоодог. Засгийн газар хууль хэрэгжүүлдэг. Шүүхийн байгууллага хууль хэрэглэдэг гэдэг гурван ялгаа байгаа юм. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий гүйцэтгэх байгууллагууд хэзээ ч хуулийг хэрэглэхгүй. Зөвхөн хуулийг хэрэгжүүлэх ёстой. Ганцхан шүүх дээр тодорхой хэрэг маргааныг хуулийн хэм хэмжээгээр, үйл явдлыг хуулийн хэм хэмжээтэй харьцуулах замаар хариуцлага тооцох ийм тогтолцоо ажиллаж байдаг. Үүнийг хууль хэрэглэх гэж хэлдэг. Үндсэн хуулийн 50.4-д “Хууль зөв хэрэглэх талаар дээд шүүх албан ёсны тайлбар гаргана” гэж маш тодорхой заасан. Зөвхөн шүүхийн тогтолцоондоо хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар шүүгч нарт зориулж шийдвэр гаргадаг юм байна. Тэрнээс Сонгуулийн ерөнхий хороо ч юм уу гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоож болдоггүй. Шүүхээс гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоох юм бол энэ нь хууль тогтоох үйл ажиллагаа болох юм байна. Гадагшаа хэм хэмжээ тогтоох ямар аюултай болох тухай шийдвэр байж байгаа. Д.Лүндээжанцан гишүүнээ 2008 онд УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэтэл энэ хуульд “Ялтай бол сонгуульд өрсөлдөж болохгүй” гэж зохицуулалтхийснийг нь Дээд шүүх өөрийн санаачилгаараа “Ял эдлээгүй хүн” гэж тайлбарласан байгаа. Энэ тайлбараас болоод Сонгуулийн ерөнхий хороо маш олон нэр дэвшигчийг сонгуульд нэр дэвшихийг нь хориглосон. Сүүлдээ Дээд шүүхийн энэ тайлбарыг хүчингүй болгож чадахгүй болоод иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байж асуудлыг шийдсэн. Тэгэхээр Дээд шүүх абстракт байдлаар хэрэг маргааныг шийдвэрлэх явцдаа биш, өөрсдийн дур зоргоор тайлбар хийх нь ямар аюултай болох тухай зөвхөн нэг жишээ энэ. Өнгөт металтай холбоотой тайлбарыг Дээд шүүх гаргаад тодорхой компаниудыг татвараас гаргаж байсан тохиолдол ч бий. Тэгэхээр өөртөө ирсэн хэрэг маргааныг шийдвэрлэх биш өөрсдөө дур зоргоороо хууль тайлбарлаж байгаа нь Үндсэндээ хууль тогтоогчоос давсан тайлбарыг хийж байна. Ингээд өөрсдөө хууль тогтоогч болж хувирдаг.Тэгэхээр бид бодох ёстой. Хууль тогтоох эрх мэдлээ гадагшаа Дээд шүүхэд өгөх үү, үгүй гэдэг маргаан энд явж байгаа. Үндсэн хуульд маш тодорхой заалттай” гэж хэлэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Цог хэлсэн үгэндээ “Нэгдүгээрт, Ойлголтын зөрүү байна л даа. Дээд шүүхийн тайлбар чинь хууль тогтоох ажиллагаа биш шүү дээ, гуйвуулж байгаа нь үнэн. Үүнийг тогтоох ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд тайлбар хийх эрх нь байгаа шүү дээ. Үүнийг үгүйсгэж болохгүй, гуравдугаарт, Х.Тэмүүжин гишүүний номчирхоод байгаа хууль хэрэгжүүлэх, хэрэгжүүлэгч нь хоёр өөр юм. Хууль хэрэглэдэггүй байгууллага гэж байхгүй. Ингээд хүн маргана шүү дээ. Тэмүүжин Лүндээ хоёрын маргаанаас хүн ойлгохгүй. Хууль зүйн байнгын хороонд ямар гишүүд байгаа, ямар мэдлэгтэй байгаа юм бэ. Их хурал өнөөдөр ямар мэдлэгтэй байгаагаа олон түмэнд харуулахыг бодох ёстой. Тэмүүжингийн ярьсны цаана бүл хольсон юм байгаа. Хоёр бүл хольчихоод ингэж хутгаж байгаа юм” гэлээ. Энэ үед Х.Тэмүүжин гишүүн өөрийн байр сууриа хамгаалах гэж “Битгий худлаа яриад байгаарай …” гэж дуугаа өндөрсгөв,Хариуд ньЛ.Цог гишүүн “Чамаар яриулахгүй. Битгий хуцаж бай. Чи цаашаа бай. Би эрхээ хэрэгжүүлж байна, чи ойлгож байна уу. Самарч хаячихаад зүгээр” гээд уурлав. Х.Тэмүүжин гишүүн микрофонтой ярьж байгаа Л.Цог гишүүний яриаг давах гэж дуугаа хичнээн өндөрсгөсөн ч нэмэр болсонгүй. Л.Цог гишүүн үгээ үргэлжлүүлэхдээ нэлээд бухимдаж, “Тэгэхээр үүний цаана Улсын дээд шүүх бүгдийг устгасантай холбоотой байгаа юм. Ингээдсубьектгүй мөртлөө тайлбар хийх эрх нь байж байдаг. Энэ утгаараа сайн үзэх юм бол эрхээ буруу хэрэгжүүлснээс гарч байгаа практикийг хуульчлах гээд байна. Тэгэхээр өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзэж байгаа. Энэ практикт гарч байгаа будлианыг Лүндээ гишүүн их зөв хэллээ. Хэрэв хэрэг шийдэхгүй бол тайлбар хийж болохгүй байна шүү дээ. Хүн болгонд толгой нь байж байна. Тэмүүжингийн үгээр ингэж явьж болохгүй. Энэ бол онолын балай юм ярьж байгаа юм. 25 жил болж байгаа Монголын парламентыг энэ хүүхдээр тоглуулж болохгүй. Чамаар заалгахгүй за юу муу хулгайч минь. Чи шоронд байх ёстой хүн шүү, ойлгож байна уу” гэж уурлах нь тэр. Х.Тэмүүжин гишүүн “Цогоо чамайг ямар хуульч гэдэг юм бэ. Чи хуулиа бүрэн уншаагүй байгаа шүү дээ. Чамайг шүүхэд өгнө” гэлээ. Тухайн үед УИХ-ын дэд дарга Л.Цогийг согтуу байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан юм. УИХ-ын зарим гишүүд ч түүнийг халамцуу байсан тухай яриа гарчээ.

Ямартай ч гишүүдийн маргааны гол сэдэв болсон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нэр мөр болгож чадаагүй юм. Тиймээс Хууль зүйн байнгын хороо асуудлыг дахин ярилцаж шийдвэрийн төсөл оруулж ирж хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга үүрэг болгосон.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *