Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар мэдээллээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Иргэд гадагшаа зорчих талаар ГХЯ-нд их хандаж байна. Ялангуяа БНХАУ-д зорчих хүсэлтийг тавж байгаа. Энэ асуудлаар тус улсын холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авсан. Хэдийгээр дотооддоо нөхцөл байдал нь намжсан ч гадаадаас зөөвөрлөгдөн ирж байгаа тохиолдол БНХАУ гэлтгүй бусад улс орнуудад түгээмэл гарч байна.
Гадаадаас ирж байгаа хүмүүст тавьж буй шаардлага нь хатуу хэвээр байна. БНХАУ энэ оны гуравдугаар сарын 28-наас эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ нь хүчинтэй хэвээр мөрдөгдөж байгааг Улаанбаатар дахь ЭСЯ-наас өнөөдөр мэдэгдсэн. Тийм учраас ойрын хугацаанд иргэдийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх боломж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Улс дэлхийн бусад улстай харьцуулахад гадаадад гацсан иргэдээ шат дараатайгаар татаж авч байгаа цөөн газрын нэг. Хүн амынхаа тоотой уялдуулан, байгаа мэдээлэлдээ тулгуурлаж үзэхэд манай улс хүн амынхаа 0.27 хувийг гадаадаас татаж авсан байна. Энэ үзүүлэлтээрээ ХБНГУ-ын ард хоёрдугаарт бичигдэж байна.