Categories
мэдээ цаг-үе

Л.Хайсандай: Гадаад бодлого нь эмх замбараагүй, арван салаагаар урсаж байгаа нь бидний алдаа

Шинжлэх ухааны доктор, академич Л.Хайсандайтай ярилцлаа. ШУА-ийн “тогоонд” 45 жил “чанагдсан” энэ эрхэм гадаад харилцаагаар дагнаж ажилласан нэгэн. Ерээд онд Москвад “Монгол Улсын үндэсний эрх ашиг ба гадаад бодлого, онол практикийн асуудлууд” сэдвээр доктор хамгаалжээ. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Үндэсний аюулгүй байдлын шинжээч эрдэмтдийн багт ажиллаж байв. Тэрбээр “Монгол төрийн алтан аргамж: түүх ба орчин үе“ хоёр боть бүтээлийг шавь, доктор Д.Золбоогийн хамт саяхан гаргасан байна.


-Монгол төрийн алтан аргамж гэж юуг хэлж байна вэ. Одоо алтан аргамжийн бодлого байгаа юу, тасарчихаад байгаа юм уу?

-Алтан аргамж гэдэг үгийг анх гаргаж ирсэн хүн бол МУИС-ийн түүхийн багш Д.Хүүхэнбаатар гэж хүн байсан. Тэр “Монгол гүрний элчин харилцаа” гэсэн сэдвээр хамгаалсан юм. Сүүлд Тайваньд өгүүллэг болгож гаргахдаа “Чингисийн алтан аргамжийн бодлого” гэж гарчигтай нийтлүүлсэн юм. Манай нэрт философич, Ч.Жүгдэр гэж мундаг академич 1987 онд хэвлүүлсэн номондоо “Монголын төр ба дипломат ёс, алтан аргамж” гэж бичсэн байгаа юм. Түүнээс үндэслээд алтан аргамж гэж ярьж бичих болсон. Телевизээр “Алтан аргамж” гэж нэвтрүүлэг хийгээд, дипломатуудыг уриад, ярилцлага хийгээд байгаа юм. Алтан аргамж гэдэг хүн биш юм. Алтан аргамж бол дипломат бодлого юм. Тухайн үед дипломат гэдэг үг хэрэглэдэггүй байж л дээ. Гэрэгэ гэдэг баримт бичиг, дипломат паспорт байсан болохоос биш бодлого биш юм. Харилцааг бодлого гэж болохгүй. Бодлого байж харилцаа үүснэ. Аргамж гэдэг нь тодорхой. Морийг аргамжиж уядаг. Бусад орнуудыг аргамжиж авах Чингисийн бодлого байж. Монголчууд дээр үеэс Алтан улс, Алтан ордон гэж хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг алтаар зүйрлэж хэлдэг байсан.

-”Чингис хаан Монголын амарлин (Pax Mongolica) тогтнох эх суурийг тавьсан” гэж та номондоо дүгнэжээ. Амарлин гэдгээ тайлбарлаж өгөөч?

-Pax Mongolica гэдгийг Монголын амарлин гэж би хэлж байгаа юм. Энэ үгийг нийтлэлчид Монголын энх тайван, Монголын амар амгалан, энх төр гэж янз бүрээр хэлдэг л дээ. Я.Цэвэл гуайн тайлбар толь бичигт амарлин гэж үг бий. Амар амгалан байдал тогтоохыг амарлин гэсэн байгаа юм. Тэгээд би Монголын амарлин гэсэн юм. Энхжилийг тогтоосон гэсэн үг л дээ. Дайн байлдааны үеийг дуусгаж, Монголын Их гүрэн байгуулагдлаа, Чингис хаан хэдэн хүүхдэдээ нутаг ус зааж өгсөн шүү дээ. Үнэн чанартаа дайн байлдаан дуусч, Монголын энхжин тогтсон үе. Нарийн судлахаар сонин юмнууд их бий. Дайны үед ой хөвчийг огтлох, охид эмстэй зууралдаж болохгүй, хөгшид эмэгтэйчүүдийг хороож болохгүй гэх мэтээр Их засаг хуулиндаа хориглосон байдаг. Тэнгэрээс заяат хүн учраас дэлхийн бүх оронд энх амгалан тогтоон, нэг гэр бүл болгох үзэл санааг агуулж явж. Тэр үед хүчтэй нь хүчгүйгээ эзэлдэг дээрэмддэг байж л дээ. Чингис энх тайвныг тогтоохын тулд дайн хийх ёстой гэж үзэж байж. Тэр ч байтугай элчийг хороож, биед нь халдаж болохгүй. Дайныг заавал зарлаж, хугацаа тохирч байж эхлүүлэх учиртай. Дайн дууссаны дараа бууж өгсөн тал нь буулгаж авсан талтайгаа найрамдлын гэрээ байгуулдаг байя гэх мэтээр олон улсын харилцааны гурван мундаг зарчим Чингисийн үеэс эхтэй.

-Их гүрний дээрэнгүй бодлого гээд манайхан ярьдаг даа. Монголчууд их гүрэн байхдаа дээрэнгүй бодлого хэрэгжүүлж байсан уу?

-Хэрэгжүүлж байсан. Тэр үеийг одоотой зүйрлүүлж болохгүй шүү дээ. Тэр үед дэлхий ертөнц бүхэлдээ тийм байсан юм чинь. Хүчтэй, зэвсэгтэй нь бусдыгаа алдаг хяддаг, эзэлдэг, булаадаг байсан. Дайтаж буулгаж авч байж л энх тайван байдлыг тогтооно гэж үзэж байсан.

-Одоо харин бид их гүрний дээрэнгүй бодлогыг яаж давж туулах учиртай вэ. Хойд хөрш маань крантаа хаачих вий. Урд хөрш маань хилээ хаачих вий гэсэн “айдас хүйдэс”-тэй амьдарч байна. Далай ламыг ч урьж чадахгүй байна. Их гүрний дээрэнгүй бодлогыг сөрж, тэсч үлдэх жор байдаг уу?

-Үүнийг Чингисийн үетэй зүйрлэх аргагүй. Одоогийн зорилго, чиглэл, нөхцөл байдал огт өөр. XIII зууныг, XXI зуунтай харьцуулах боломжгүй. Гэхдээ монголчуудад их гүрний сэтгэхүй өвлөгдсөн байдаг. Яах вэ, тэд манайд тулгаж байгаа, бид биелүүлдэг, биелүүлдэггүй юмнууд ч бий. Гэхдээ бид том орнуудтай бүгдтэй нь харилцаа тогтоож чаддаг. Гэтэл бусад жижиг орнууд Англи, Америк, Франц, Японтой манайх шиг харьцаж чаддаггүй шүү дээ. Тэд чинь бөхөлзөөд л тэдний үгээр явдаг. Манайх гэтэл үгүй. Америктай стратегийн түншлэл байгуулчихаж байгаа юм. Орос, Хятад, Энэтхэгтэй байгуулж байна. Монголчуудад уламжилж ирсэн сэтгэхүй байгаа юм. Монгол хүнд нэг тийм бардам зан байдаг. Монгол өөрөө жижигхэн атлаа том улсуудтай харьцдаг байхгүй юу. Ухаандаа цөмийн зэвсэггүй бүс байгуулна гээд НҮБ-ын байнгын таван том гишүүнийг бүгдийг буулгаж аваад, бүгдтэй нь гэрээ хийгээд, Монгол цөмийн зэвсэггүй, манай улс руу цөмийн зэвсэгтэй улс халдвал та нар хамгаална шүү гэсэн. Ийм дипломат бодлогыг манайхаас арай томхон, манайхтай адил, өөр жижиг улсууд явуулж чаддаггүй.

-Та гадаад харилцааг эдийн засагжуулах тухай ярьсан. Урд хөрштэйгөө харилцахдаа юуг анхаарах вэ. Тэд хүсвэл биднийг амархан айлгадаг. Нүүрсийг чинь авахгүй шүү. Хилээ хаана шүү гэдэг. Бид хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гээд хүлээж аваад байх ёстой юм уу?

-Яг хүлээж авдаггүй байхгүй юу. Хүлээж авч байгаа юм биш. Зүгээр дүр эсгэж байгаа байхгүй юу. Үнэн чанартаа Хятад манайхаас нүүрс, зэс ч юм уу түүхий эд авах нь тэдэнд ашигтай. Манайх маш хямд бөгөөд овоо сайн өгдөг. Энэ нь манайд ашигтай, тэднийд ч ашигтай. Далай ламыг ирэхийг зөвшөөрсөнгүй л гээд байна. Далай ламыг авчирсан ч авчраагүй ч бидэнд алдах юм үгүй. Энэ бол улс төрийн тоглоом л явж байгаа. Дэлхий дахинд байр сууриа бэхжүүлэх гэж л иймэрхүү юм хийж байгаа юм шүү дээ. Нүүрс авахгүй л гэж байна. Нүүрс, түүхий эд авахгүй байлаа гэхэд бид авдаг газруудад нь өгчихнө.

-Өмнөд монголчуудын хэл, соёлын асуудалд манайхан нэлээд эмзэг хандсан. Монгол хэл, соёлын асуудлаар дуугарахгүй байх хэцүү, дуугарахаар бас дарамтлуулчих гээд байна уу даа?

-Бодлого гэж нэг юм бий. Засаг төр дуугарах нэг асуудал. Ард түмэн дуугарах өөр асуудал. Төр засаг нэг улсын дотоод хэрэгт оролцохгүй. Ард түмэн үгээ хэлэхэд асуудалгүй. Бид яах аргагүй нэг үндэстэн.

– Тухайлбал, таны хэлдгээр иргэн хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байхад Элчин сайд эмзэглэж хүлээж аваад, Монгол Улсын иргэнийг “донгодож” таарах уу? Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг Хятадын Элчин сайд “Хоёр нүүртэн” гэж шүүмжилсэн. Дипломатч хүний амнаас ийм үг гарах нь зохисгүй юм биш үү?

-Зохисгүй л байхгүй юу. Өмнөд монголчууд бас Монголоос Ц.Элбэгдорж биднийг дэмжлээ гээд, интернэтээр энэ сэдвээр баахан хэлэлцүүлэг өрнөөд, хор шар нь хөдлөөд түүнийг онцолсон байхгүй юу. Манай нэг удирдагч тэгж хэлсэн бол өөр хэрэг. Энгийн хүн ярих өөр асуудал. Хувь хүнтэй тэгж зууралдаж байгаа нь хятадын өөрсдийнх нь нүүр царайг харуулж байгаа юм. Хүмүүс энэ асуудлыг зөв гэж хэлэхгүй. Далай ламыг ирэхэд хятадууд гурав хоног хилээ хаасан шүү дээ. Дэлхий дахин бас шуугьсан. Өөрсдийнх нь л нэрэнд муу.

Ц.Элбэгдоржийн хувьд бусад Ерөнхийлөгч нартай харьцуулахад гадаад бодлогын асуудлаар их юм хийсэн. Монголыг таниулахад их үүрэг гүйцэтгэсэн. Ухаан нь хоёр их гүрний удирдагчидтай нэг ширээний ард суугаад, өөрийн асуудлыг хэлэлцүүлээд, зөвшөөрүүлнэ гэдэг маань бас л зөв бодлого шүү дээ. АСЕМ хийлгэсэн. Европ, Азийн бараг бүх томчууд Монголд ирлээ шүү дээ.

Монгол сайхан орон байдаг юм байна, тайван сайхан улс гэдгийг ойлгуулаад явуулсан. Тиймэрхүү эрч хүчтэй бодлого бидэнд дутагдаж байна.

Дэлхий дахинд 100 мянган монголчууд гарын үсэг зураад, АНУ-ын Конгресст өглөө. Тэнд хүний эрхийг зөрчиж байна гэж буруушаалаа. Монголчуудын хэл соёлын асуудлаар дэлхий дахинд шуугиулна гэдэг Хятадын нэр хүндийг унагаж байгаа юм. Түүнээс биш бид бүр болиулчихна гэж байхгүй л дээ. Монгол өөрийгөө хамгаалуулж байгаа хэрэг. Өмнөд монголчуудыг эд ингэж байгаад яваандаа Ар Монгол руу явах шинжтэй байна гэдгийг урьдчилаад бид дэлхий дахинд мэдэгдэхээр, Монголын дуу хоолойг дэмжиж байгаа юм. АНУ, Баруун Европ, Япон бүгд л дэмжиж байгаа юм. Бид бусад улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон учраас Монголд асуудал тохиолдоход бусад улс тусална. Монголчуудтай хамаагүй харьцаж болохгүй гэдгийг хятадууд ч ойлгож байгаа. Монголыг өөрийн харьяанд оруулж авах ганц арга нь эдийн засаг. Манай эрх баригчдын туйлбаргүй бодлого их нөлөөлдөг л дөө. Сүүлийн 30 жилийн бодлогыг харахад үнэхээр дампуу юмнууд бий. Нэгдмэл сайхан бодлого явуулж чадахгүй байна. Гадаад бодлого нэг цонхоор явах ёстой.

Японы эзэн хаан гадаад улсуудтай гэрээ хэлэлцээр байгуулах, гадаадад айлчлахдаа Гадаад яамныхаа боловсруулсан текстийг харж байж л уншина. Нэгдмэл бодлого явдаг. Манайх тэгж чаддаггүй. Нэг бизнесмэн очиж гэрээ хийдэг. Тэр нь бүтдэггүй. Хамгийн сүүлд гэхэд л Ч.Сайханбилэгийн байгуулсан Дубайн гэрээг манайхан хүчингүй болголоо шүү дээ. Тэр чинь гадаадын 17 орноос мөнгө татаад, манай өр болгочихсон байхгүй юу. Одоо энэ гэрээ олон улсын арбитрын шүүхэд явж байна.

Гадаад харилцааны яам өнөөг хүртэл дандаа дипломат улс төрийн бодлого явуулаад байна. Гадаад харилцааны яам эдийн засгийн асуудалд төвлөрч, гадаад бодлогыг эдийн засагжуулна гэдэг чинь эдийн засагч дипломатуудыг бий болгоно гэсэн үг шүү дээ. Ийм тохиолдолд бусад орнууд өөрөөр хандана. Хятад манай хоёрын эдийн засгийн тэгш бус байдал юунаас үүссэн гэхээр Засгийн газрын шугамаар бус хаа хамаагүй гүйж очоод гэрээ байгуулчихдаг. Хятадын компаниуд дандаа төрийн мэдлийнх. Манайх болохоор төрийн мэдлийн бус компаниуд байдаг. Тэгэхээр нөгөөдүүл нь давамгайлж, ашигтай гэрээ байгуулдаг. Манай Гадаад харилцааны яам гадаад бодлогынхоо дагуу ажиллавал цаад улс чинь энэ оронтой давуу эрх бүхий гэрээ байгуулж болохгүй, олон улсын дүрэм зөрчнө, НҮБ-ын зарчим зөрчигдөнө гээд өөрөөр хандана шүү дээ. Гадаад харилцаагаа эдийн засагжуулна гэдэг маань манайд ямар эдийн засгийн потенциал байна. Ямар хүчин зүйл байна гэдгээ сайн тооцоолж,бусад оронтой гэрээ хэлэлцээр байгуулна л гэсэн үг.

-Оюу толгойн гэрээг гуравдагч орны ашиг сонирхлыг Монголд бий болгосон гэдэг. Гэтэл энэ гэрээг өөрчлөх тухай байнга яригддаг. УИХ-ын гишүүд нь хүртэл “Монголд ашиггүй гэрээ” гээд давхидаг. Энэ бүхэн бусад орнуудад ямар дохио өгч байгааг та анзаардаг л байх?

-Гадаад харилцааны асуудлаар дур мэдэж, янз бүрийн юм ярьцгаадаг. Улсын эрх ашиг гэж бий, нуух юм гэж байдаг. Хүн болгон дураараа юуг нь ч мэдэхгүй гаднаас нь шүүмжилдэг. Дотор юу болсон, ямар ач холбогдолтойг мэдэхгүй. Нэг байгуулсан гэрээний үр дүнг хараа ч үгүй, яагаа ч үгүй байхад хоосон шүүмжилдэг. Популистууд гэж ярьдаг даа, энэ УИХ-ын гишүүн, сайд дарга, албан тушаалтан, улстөрчид зөвхөн нэр олох, олонд үнэлэгдэх гээд гадаад харилцаагаар тоглож болдоггүй юм. Дотроо нэг аймгаа шүүмжилж байгаа юм шиг хандмааргүй. Гадаад бодлого нь эмх замбараагүй, арван салаагаар урсаж байгаа нь бидний алдаа.

-Монголын язгуур эрх ашиг гэж юуг ойлгох вэ?

– Эртний Энэтхэгийн таван махбод гэж байдаг. Гал, ус, шороо, хий, төмөр гэж байдаг. Үүнтэй адилхан Монголд таван эрх ашиг бий. Гаднаас аюул заналгүй байх, Монгол Улс хөгжин дэвжиж эдийн засгийн хувьд хүчтэй болох эрх ашиг бий, газар нутгаа хамгаалах, байгалийн баялгаа зөв ашиглах, өв соёл, зан заншлаа хамгаалах, бадруулах, эв нэгдэлтэй байх, монголчууд нэгдмэл байх гэсэн таван эрх ашиг байна. Нэг нь үгүй бол нөгөө нь оршин тогтнохгүй. Бие биеэсээ хамааралтай. Энэ таван эрх ашиг байж Монгол оршин тогтноно. Энэ эрх ашгийг яаж хамгаалах гэхээр бид нэгдмэл зөв бодлоготой байх, улсаа хөгжүүлэх аргаа олох, эхлээд аюулгүй байдлаа хангаж авах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *