Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн гэх тодотголтой “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт холбогдож, зургаан сар гаруй хугацаанд хоригдсон Б.Мөнгөнтуяа манай сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Хэрэгт холбогдож эхэлсэн цагаас хойш түүний амьдрал хар дарсан зүүд шиг өнгөрч байгааг, мөрдөн байцаагч нарт дарамтлуулж, зургаан сар гаруй хугацаанд шоронд хоригдсон талаараа ярив.
Тэрбээр “Анх 2012 оны арваннэгдүгээр сард ажилд орсон. Тухайн үед гүйцэтгэх захирал Эрдэнэбулган ажлын санал тавьсан юм. “Залуу хүмүүс нийлээд том хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа юм. Бидэнд нягтлан бодогч хэрэгтэй байгаа. Чи сонирхож байвал ирээд уулзах боломж байна уу” гэсэн. Тэгээд л сарын 700 мянган төгрөгийн цалинтай ажилд орсон. Ерөнхий нягтлангийн хувьд сар бүр хэлтсийнхэнтэйгээ нийлж тайлан гаргах, “Багануур” ТӨХК-ийнхантай хамтран ажиллаж буй гэрээг хэрэгжүүлэх, биелүүлэх ёстой. “Багануур” компанитай сар бүр тооцоо нийлэх үүрэгтэй байсан. Сар бүр тогтсон хугацаанд мөнгийг нь хоцрогдолгүй шилжүүлэх, хоёр компанийн гаргасан тайлан хоорондоо нийлж байна уу гэдгийг шалгадаг байсан … Ажил дээрээ 2014 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр сууж байтал гэнэт АТГ-аас явж байна гээд том биетэй арав гаруй залуу ороод ирсэн. Надад 265.2, 150.3 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар танилцуулсан. Тэгээд танилцсан гэдэг дээр гарын үсэг зуруулсан. Ямар учиртай, юунд буруутгаж байгаа талаар асуухаар “Чамд тайлбарлах шаардлага байхгүй. Тэгж байгаад ямар хэрэгт холбогдоод байгаагаа мэднэ биз. Бичиг, үсэг мэддэг юм бол наад цаасаа унш” гэсэн гэжээ.
Ярилцлагыг бүрэн эхээр нь маргаашийн “Өдрийн сонин”-оос уншаарай.