Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганхөлөг: Бидний хэсэг залуучуудад тохсон хилс хэрэг хэзээ нэгэн цагт цагаадна гэдэгт би итгэлтэй байгаа DNN.mn

“No double standart” хөдөлгөөний гишүүн Л.Ганхөлөгтэй ярилцлаа.


-Та бүхний хувьд цахим гав зүүнэ гэдэгтээ сэтгэл зүйн хувьд ерөнхийдөө бэлэн байсан гэж харагдсан. Яг зүүсэн хойно яаж нөлөөлж байна вэ?

-Өөрийн чинь хэлж байгаагаар 2021 оны аравдугаар сараас хойш хилс хэрэг тулгаад, 20 гаруй удаагийн шүүх хурал болсон. Энэ хугацаанд 6-7 прокурор солигдож, хуулийг илтэд гуйвуулсан хэрэг тохох гэж дайрсан. Энэ бүхнийг хараад байхаар ийм хугацаанд сэтгэл санаа аяндаа бэлтгэгдчихдэг юм байна лээ. Шийдвэр гарч байхад сэтгэл зүйн хувьд онцын өөрчлөлт байгаагүй. Хэрэгт авагдсан бүх нотлох баримт бидний хэдэн залуусыг цагаатгаж байсан. Гэтэл улайм цайм улсын яллагч нь цагаан цаас барьж босч ирээд, хар байна шүү дээ гэж нотолгоогоо гаргаад байсан нь бидэнд ойлгомжтой болсон. Ингэхдээ хүмүүсийн хэлдгээр зовлонгийн түргэн, жаргалын удаан гэдгээр биш зовлонгийн удаанаар, аль болох олон удаа шүүх хурал, цагдаагаас мэдүүлэг авч, сонгуулиар дуугүй байлгах зорилготой ч юм шиг харагдуулж байсан. Анхнаасаа сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан учраас зүүхдээ ч нэг их цочрол аваагүй. Харин миний хувьд нэг зүйл дээр цочирдсон нь би хаягаа шилжүүлчихсэн байсан. Яагаад гэхээр манай хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг бүгд Сүхбаатар дүүрэгт. Тиймээс би гэр бүлийнхээ бүх нөөц бололцоог шахаж байгаад, гурван сараар байр түрээслэн, байнга оршин суух хаягаа бүртгүүлсэн. Тэгэхгүй бол гаваа зүүсэн тохиолдолд хүүхдүүдээ зөөхөд асуудал үүсэх нь ойлгомжтой. Ингээд хувийн зохион байгуулалтаа хийсэн. Гэтэл гаваа зүүхээр очиход E-mongolia-д бүртгэлтэй албан ёсны хаягаар зүүх байх гэж бодтол өмнөх хаяг буюу Баянгол дүүрэгт зүүчихсэн. Үүнд нь харин ёстой цочирдсон шүү. Очих газаргүй. Ар гэр яах билээ. Хүүхдүүд яах вэ. Ажлаа яах вэ. Гавны цаад зорилго нь уг нь ажлаа хийх боломжоор хангах, ар гэртэйгээ хамт байх. Гэхдээ энэ нь гэм хийсэн хүмүүст шүү. Бид гэм хийгээгүй.

-Та гаваа зүүсний дараа 7-8 хоног Баянгол дүүрэгт хоригдсон шүү дээ. Тэр хугацааг ямаршуухан байдалтай өнгөрөөв?

-2-3 найз нөхдийнхөөрөө орон гаран явсан даа. Дунд нь 1-2 удаа зочид буудал хөлсөлж хоносон. Тэр нь ажлын шаардлагаар байсан л даа. Айлд шөнө гэрэл асаагаад юм хийгээд байж болохгүй. Тэгээд л айл айл хэсээд л хоноод явсан. Айлын хоол буудаж л хэд хоносон доо.

-Хүний сэтгэл санаа гэж сонин зүйл шүү дээ. Дүүргээсээ битгий гараарай гэхээр гармаар санагдаж байна уу?

-Дүүргээс гарах тухай бол огт санагдахгүй байна. Энэхүү цахим гав гэдэг зүйлийг яг юунд зориулж ашиглаад байгаа юм бэ гэдэг зүйл л бодогдоод байна. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүст зориулсан эд үү. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь эрх баригчдын л эсрэг байдаг. Эрх баригчид өөрсдийнх нь эсрэг үг хэлсэн, тэр нь баримттай, нотолгоотой байгаа учраас иргэдээс айж цахим гав зүүж ялладаг, хилс хэрэг тохдог байдал бий болчихлоо. Ийм л зүйл бодогдож байна. Би Жорж Уроэллын “1984” гэдэг зохиолыг гурав дахиа уншиж байна. Түүн дээр дарангуйлал яаж тогтдог, эрх баригчид хүмүүсийн эрх чөлөө, оюун санааг яаж боомилох гэж оролддог юм гэдгийг маш яруу тодоор харуулдаг. Одоо яг түүний элементүүд бий болчихсон байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ бол чимээгүй байгаад байж болохгүй асуудал. Өнөөдөр үгээ хэлж тэмцсэнийг цахим гав зүүж хязгаарлаж байгаа бол маргааш танд зүүхэд үгүй гэх газаргүй болсон.

-Цахим гавтай нэг өдөр яаж өнгөрч байна вэ. Ажлаа хийх боломж нөхцөл хэр байна вэ?

-Ажлаа хийх боломж тун тааруу. Маш их хязгаарлагдсан. Тэр болгон ажил төрлийн шугамаар уулзах хүмүүстэйгээ би ингэчихсээн гээд аймшгийн кино шиг зүйл яриад байх хэцүү. Түүнийг ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна. Ойр тойрны хүмүүс бол ойлгож хүлээж авч байгаа. Ирж уулзах, дүүрэгт маань ирж ажил төрлөө амжуулах, тодорхой ажлууд явагдаж байна. Тэгээд л өглөө 07:00 цагт хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд, эргэж орж ирж бага охиноо цэцэрлэгт нь өгөөд, эхнэртэйгээ ээлжлээд л явж байна. Өдөр 12:00, 17:00 цагт буцаж хүүхдүүдээ аваад л. Тэр хооронд ажлаа утсаар амжуулаад л байж байна. Харин нэг болгоомжлол байгаа. Хилсээр оноосон ч гэсэн энэ бол гурван шатны шүүхийн эцсийн шийдвэр. Монгол Улс хуулийн засаглалтай орон гэж итгэхийг хүсч байгаа учраас энэ шүүхийн шийдвэрийг би даган биелүүлнэ. Энэ хугацаандаа ямар нэгэн байдлаар зөрчил гаргахгүй, зөрчил шиг зүйлд ч ойртож болохгүй юм байна гэдэг нь Монголоогийн жишээн дээр харагдсан. Яагаад гэхээр Монголоог прокурор нь өөрөө зөвшөөрөл өгч гэмтэл явуулчихаад, түүнийхээ араас гүйцэтгэх ажиллагаа явуулж шоронд хорьсон. Улайм цайм нотлох баримтыг устгах замаар шоронд хийсэн. Тэгэхээр биднийг юу ч гэж гүтгээд хорих ялаар солих, хүндрүүлэх байдал руу оруулж магадгүй. Тун болгоомжтой, хянамгай байхыг хичээж байна.

-Нэгэнт зүүсэн тохиолдолд биеэсээ салгаж болохгүй, тийм үү. Тэгэхээр усанд орохдоо болон гараа угаахдаа яадаг вэ?

-Биеэсээ салгах юм бол зөрчил. Гав зүүж байгаа л бол маш хянамгай болгоомжтой байхгүй бол гурван сарын дотор хоёр удаа зөрчил гаргавал хорих ялаар солино. Минийх анх зүүхэд зүгээр л юм шиг мэдрэгдэж байсан. Яг хэрэглээнд ороод гараа угаах гэхээр устайгаа холилдчих гээд чанга зүүчихсэн юм байна лээ. Уг нь усны хамгаалалттай гээд байгаа. Намайг хариуцаж авсан шүүхийн шийдвэрийн ажилтан анхааруулж хэлсэн л дээ.

Усны хамгаалалттай гээд байгаа боловч ус нэвтрээд эвдэлчихсэн хүмүүс их байдаг. Тэгэхээр хүнсний скочоор скочдоод ч юмуу хамгаалаад усанд ороорой гэсэн. Анхныхаа усанд оролтыг хийх гээд хүнсний скочоор ороосон зургаа сошиалд тавьсан чинь хүмүүс зөвлөсөн. Бэлгэвчний урд үзүүрийг тасдаад углачихдаг юм байна. Түлэгдсэн, гэмтсэн хүмүүс арьсаа тэгж хамгаалдаг гэнэ. Тиймэрхүү байдлаар усанд орж байна.

-Өдөрт 1305 төгрөг дата хэрэглээнд төлдөг гэсэн. Өөр төлбөр мөнгө төлдөг үү?

-Анх зүүхдээ 780 мянган төгрөг төлсөн. Өдөрт 1305 төгрөгийн дата хэрэглээ. Сардаа 30 мянга гаруй, жилдээ 400 мянга гаруй төлнө гэж тооцоо гарч байсан л даа. Эвдвэл мөн нөхөж төлнө.

-Өдрийн дата хэрэглээний мөнгөө өдөр болгон төлөх үү, сардаа юу. Ямар банкинд яаж тушаадаг вэ?

-Шүүхийн шийдвэрийнх нь данс бололтой юм билээ, нэг данс өгсөн. Сар сардаа, улиралдаа, жилээрээ төлж болно. Өдөр өдөртөө ч байж болно.

-Өөр дүүргийн нутаг дэвсгэрт ойртсон тохиолдолд ямар нэгэн мэдээлэл ирэх үү?

-Ирнэ. Та бүсийн хязгаарт 200м ойртлоо. Бүсийн хязгаараас гарлаа ч гэдэг юм уу, анхааруулга ирдэг юм байна лээ.

-Бүсийн хязгаарт хамгийн ойртож болох хэмжээ нь хэдэн метр вэ?

-200 м дотроо анхааруулдаг юм байна лээ. Цаашаа чухам хэд явдаг юм. Би бол замын наана цаана л гээд үзээд байгаа шүү дээ. Яг хэтэрлээ барилаа гэвэл өө ашгүй нэгийг нь ч гэсэн цааш нь хийчихье л гэх байлгүй.

-Зургаан цаг тутамд цэнэглэх ёстой гээд байгаа. Цэнэглэгч нь ямар байдаг вэ. Утасны цэнэглэгч шиг үү?

-Энэ ёстой асуудалтай. Цагных нь нүүрэн дээр тавьдаг таг шиг юм байгаа. Тэр нь дөрвөлжин хар, хоёр давхар шүдэнзний хайрцаг давхарласантай тэнцэх зузаантай. Тэр нь повер банк юм. Повер банкаа өөрийг нь эхлээд 2:30-3:30 цагийн хугацаатай цэнэглэнэ. Повер банк нь мөн миний цагийг 2:30-3:30 цаг цэнэглээд байх шиг байгаа юм. Тэр нь хөдөлгөөнт байдалд байхад арай амар санагдсан, надад бол. Шууд залгуураасаа цагаа цэнэглэж болно. Тэр нь соронзтой цэнэглэгч. Цагныхаа цэнэглэгчийг залгахаар соронзлоод цэнэглэнэ. Тэр бол ёстой худлаа. Жаахан амьсгалах төдийд л салаад уначихдаг. Минийх бол цэнэглэх ямар ч боломжгүй. Нэг дүүртэл цэнэглэсэн байхад зургаан цаг хэртэй бариад байх шиг байна лээ. Шөнө заавал нэг босч повер банкаа залгана. Буцаад повер банкаараа гаваа цэнэглэнэ. Дүүрчихвэл буцаад повер банкаа цэнэглэнэ гээд маш олон үйлдэлтэй. Арчилгаа нь нялх хүүхэд шиг л юм байна лээ. Одоо ч тэгээд дасч байна.

-Тэр повер банк нь анх цахим гаваа авахад дагалдах хэрэгсэлд нь цуг ирдэг юм уу?

-Зөвхөн цахим гав нь 780 мянган төгрөг. Дагалдах хэрэгсэл нь тусдаа үнэтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынх нь дарга бүгд нийлээд 880 мянган төгрөгийн үнэтэй гэж дуугарсан шүү. Тэгэхээр цаг нь 780 мянга, дагалдах хэрэгсэл нь 100 мянган төгрөгийн тусдаа үнэтэй болж таарч байгаа юм.

-Өөрсдийнхөө амар байдлыг бодоод дагалдах хэрэгсэл нь тусдаа үнэтэй юм бол повер банкнаас нь хоёрыг авчихвал зүгээр юм биш үү?

-Тийм. Би хүсэлтээ өгчихсөн. Нэмж повер банк өгөөч гээд. Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өгсөн хүсэлтийн хариуг одоо өгөөгүй л байна. Сая би чамтай ярихынхаа өмнөхөн дахин хэлж гомдол гаргачихаад л байж байна. Повер банк байхгүй гэсэн тайлбар хэлнэ лээ.

-Шөнө унтаж байх хойгуур цэнэглэгч нь унах ч юм уу, салаад цэнэггүй болчихсон тохиолдолд яах вэ?

-Мэдэнгүүтээ л хариуцсан ажилтандаа мэдэгдэх ёстой юм билээ. Минийх нэг удаа шөнө анхааруулга худлаа ирээд, бүсээс гарлаа гэсэн. Би гэртээ байж байхад шүү дээ. Түүнийг нь би хариуцсан ажилтан руугаа хэлэх гээд залгатал холбогдох боломжгүй байсан. Тэр нь хэдэн өдрийн дараа дата сангаас нь үзэхээр зөрчлөөр бүртгэгдлээ гэж гарч ирээд байгаа. Ер нь бодит байдлаа мэдэгдэх боломжтой гэж байгаа боловч прокурор, шүүхийн байгууллагаас үл хамаараад, улс төрийн зорилготой учраас бид хэзээ үгээ хэлнэ, үзэл санаагаа илэрхийлнэ, хэзээ тайлбар хийхээсээ хамаараад тэр тайлбар сонсогдох, сонсогдох үгүй нь эрх мэдэлтнүүдийн үзэмжээр л шийдэгдэж байгаа.

-Таныг гэртээ байсан тохиолдолд тийм анхааруулга ирсэн гээд байгаа шүү дээ. Та түүнийгээ бодит баримтаар нотлоод, гэрээсээ гараагүй дүүргийн нутаг дэвсгэрт байсан гэдгээ нотолвол зөрчлөөр бүртгэгдсэн мэдээлэл дата сангаас устах боломжтой юу?

-Яг наадах чинь байхгүй юу. Монголоогийн жишээн дээр нотолсон байхгүй юу. Гэмтлийн эмнэлэгт очоогүй гээд хорих ялаар солихоор орж ирсэн. Гэтэл гэмтлийн эмнэлгийн камерын бичлэг байгаа. Эмчийнх нь уулзсан тэмдэглэл тодорхойлолт байгаа. Түүнээс өөрөөр яаж нотлох ёстой юм. Нотлох баримтуудаа бүгдийг гаргаад өгтөл үүнийг нотолгоо гэж авч үзэхгүй, та ноцтой зөрчил гаргасан байна гээд хорих ялаар сольсон байхгүй юу. Би бол гэртээ байхад анхааруулга ирж буй мессэжийг нь цаг минуттай нь өөрийнхөө утсан дээр бичлэг хийж баримтжуулж байгаа. Монголоогийн жишээг сонсохоор даанч дээ гэмээр жишээнүүд олон бий.

-Та бүхнийг цахим гаваа зүүж байх явцад халдсан этгээдүүд ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээсэн үү?

-Үгүй шүү дээ. Өдөр тутам гаваа зүүж явахдаа гавныхаа аюулгүй байдлыг би өөрөө давхар хамгаалах ёстой. Биднийг гаваа зүүж байх явцад Э.Одбаяр руу масктай нөхөд халдсан. Тэднийг бидэнд ямар нэгэн гэм хор зөрчил учруулаагүй байна гээд шийдвэр нь гарчихсан. Сүүлд сураг сонсох нь ээ бүр гадагшаа гараад явчихсан гэнэ лээ. Эрүүгийн хуулиараа уг нөхөд хүнийг илт заналхийлсэн, зандалчилсан гэсэн зүйл ангитай гэмт хэрэг. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө гав зүүсэн хүмүүс рүү магадгүй эрх мэдэлтэй хэсэг бүлэг этгээдүүд зориудаар өдөөн хатгагчдыг явуулах, эрүүл мэндэд нь халдах, заналхийлэх, халдах үйлдэл хийлгэдэг юм байна гэдэг нь ойлгомжтой болчихсон. Тэгэхээр би өдөр тутамдаа гэгээн цагаан өдрөөр ч гудамжаар явахдаа үүнээс маш их болгоомжилж байгаа. Үүнийх нь ялыг тэд хүлээхгүй. Би хөдөлгөөн хязгаарлах ялаа хорих ялаар солиулах, магадгүй цаашаа эрүүгийн хүнд ял наах, нэмж зүйлчлүүлэх эрсдэлтэй, маш аюултай байдалд байна. Миний ойр тойрныхон, гэр бүлийнхэн ч ялгаагүй. Өдөр болгон мэдэрч байгаа сэтгэлийн хүнд дарамт яалт ч үгүй энэ.

-Гавнаас болж сошиал дайралтууд их ирж байгаа нь анзаарагдсан?

-Маш их дайралт ирж байгаа. Ялангуяа ямар ч нэр зураггүй троллууд маш их дайрч байна. “Та нар гэртээ аятайхан байж чадахгүй бол шорондоо очоод жангаа ид” гэх мэтээр дайралтууд ирж байна. Энэ бол хамгийн наад захын жишээ. Ойр дотныхон маань “Хар гэрт орж байснаас дээр юм даа” гэдэг. Гэтэл юу вэ гэхээр гэмт хэрэг хийсэн хүнд энэ цахим гав байж болох шийтгэл, ял. Гэмт хэрэг хийсэн хүмүүстээ энэ бол хүнлэг шийтгэл байж магадгүй. Харин бидэнд бол цагдаа хүчний байгууллагынхан хэн нэгний захиалгаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудад хилсээр тохсон хэрэг. Гурван шатны шүүхээр хилс хэргээр яллаад, цахим гав зүүсэн. Энэ нь өөрөө эрүүдэн шүүлт болоод байгаа юм. Эрх баригчид иргэний нийгмийн дуу хоолойг боомилох, хяхан хавчих хэрэгсэл болгочихсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хүний эрх сүүлийн 30, 40 жилд байгаагүйгээр доройтлоо. Иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүйд хүрлээ. Бидний хэсэг залуучуудад тохсон хилс хэрэг хэзээ нэгэн цагт цагаадна гэдэгт би итгэлтэй байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *