Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Данзанноров: Мэдлэгтэй, сэтгэлтэй, ёс зүйтэй өмгөөлөгчид нийгэмд ус агаар мэт хэрэгтэй DNN.mn

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өчигдөр “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровтой ярилцлаа.

-Эрдэм шинжилгээний хурлын онцлогийг тодруулж өгөхгүй юү?

Монголын өмгөөллийн байгууллагын анхны дүрэм батлагдсан өдөр жил бүрийн тавдугаар сарын 25-ны өдөр байдаг. Шүүн таслах явдлын талаар олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм гэсэн нэртэйгээр тухайн үеийн Улсын бага хурлаар баталж байсан. Энэ өдрийг тохиолдуулаад Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос арга хэмжээнүүдийг цувралаар зохион байгуулж байгаа. Өнөөдөр (өчигдөр) “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монгол Өмгөөлөгч хууль зүйн фирмтэй хамтран зохион байгуулж байна. Харин 27-ны өдөр буюу ирэх даваа гаригт Сүхбаатарын талбайд олон нийтэд хууль зүйн зөвлөгөө туслалцааг үнэ төлбөргүйгээр өгөх арга хэмжээг зохион байгуулна.

Өнөөдрийн арга хэмжээний онцлог бол бизнес эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой маш олон хууль тогтоомж Монголд үйлчилж байгаа. Анх компани аж ахуйн нэгжээ байгуулах, дүрмээ боловсруулахаас эхлээд төрийн байгууллагаас шаардлагатай зөвшөөрөл авах, сунгах гээд бизнесийн үйл ажиллагаанд олон хүндрэлтэй асуудлуудад өмгөөлөгчдөөс хууль зүйн туслалцааг хэрхэн үзүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөж ярилцаж байна. Мөн хууль тогтоомжуудад байгаа зөрчил хийдлүүд, хүнд суртал үүсгэж, чирэгдэл учруулж байгаа асуудлуудын талаар зөвхөн өмгөөлөгчид гэлтгүй бизнесийн төлөөллөөс ч оролцож ярилцаж байна. Эрдэмтэн судлаачид, практикийн хуульчдын олон илтгэл хэлэлцэгдлээ. Бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар 20 жилийн өмнө Засгийн газрын тогтоол гарч, засч сайжруулах асуудлуудыг дурдаж л байсан юм байна лээ. Гэхдээ эрх зүйн орчин дээрдэж байгаа боловч тэр үед л яригдаж байсан олон зөвшөөрлийн тогтолцоо, хүнд суртал, дүрэм журмын хийдэл, маргаан хянан шийдвэрлэх процесс их сунжирдаг гэх мэт асуудлууд өнөөдөр ч энэ хэлэлцүүлэгт мөн л яригдсаар байна. Шийдэх арга хэмжээнүүд авч байгаа ч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгааг өнөөдөр энд онцолж байна.

-Та Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод хагас жил гаруй болж байна. Хэрэгжүүлэх шаардлагатай ямар ажлыг харж байна вэ?

-Бүрэн эрхийн хугацаандаа амжуулж хийхээр зорьж байгаа ажлууд цөөнгүй байна. Хамгийн гол нь өмгөөлөгчийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг бататгах талаар ажлууд төлөвлөөд хэрэгжүүлж эхэлж байна

Мөн хууль тогтоомжид тусгагдсан өмгөөлөгчийн бүрэн эрх хүний эрхийг баталгаатай хангах, хамгаалах тал дээр хангалттай байна уу? Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хувьд яллах тал буюу прокурортой мэтгэлцэх боломж хуулиар баталгаажсан байна уу? Энэ талаар хуульд тусгах шаардлагатай ямар өөрчлөлтүүд байж болох талаар холбооныхоо өмгөөлөгчидтэй хамтраад бодлогын түвшинд судалгаа үндэслэлүүд гаргаж хууль зүйн яаманд хүргүүлээд байна.

Ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Нэг зүйл онцлоход бодлогын яам, байнгын хороо, их хурал хүний эрхийг хангах чиглэлд дор бүрнээ анхаарч байна. Өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийг баталгаажуулах, яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх боломжийг нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй байдлыг хангахад чиглэсэн маш чухал тогтоол баталсан. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны баталгааг хууль тогтоомжийн хүрээнд хангах нь угтаа хүний эрхийг хамгаалах нэг чухал арга, хэрэгсэл. Ойрын хугацаанд гол анхаарал хандуулах асуудал энэ байна. Мөн өмгөөлөгчдийн болон холбооны дотоод үйл ажиллагааны цахимжилтын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, иргэд өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцааг иргэдэд ойртуулах, өмгөөлөгчдийн үргэлжилсэн сургалтын асуудлыг шинэ түвшинд гаргах зорилтууд ар араасаа хэрэгжинэ.

-Монголд одоо хэдэн өмгөөлөгч үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар 2200 өмгөөлөгч манай Холбооны нэгдсэн бүртгэлд байна. Өмгөөлөгчид маань иргэдийнхээ хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, эрх ашгийг нь хамгаалах, шударга ёсыг нийгэмд тогтоох үүргээ хангалттай хэрэгжүүлж байгаа гэж дүгнэдэг, тэднээрээ бахархдаг. Амаргүй ажил шүү дээ. Хүрэлцээний хувьд боломжийн. Харин зарим орон нутагт өмгөөлөгчийн тоо хангалттай биш байна. Сүүлийн жилүүдэд зохион байгуулагдаж байгаа өмгөөллийн эрх олгох шалгалтын бүртгэлээс харахад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой хуульчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хүний эрх хамгаалагч, өмгөөлөгчдийн тоо их байх нь тийм ч муу зүйл биш. Хөгжсөн орнуудад ч хүн амд ногдох өмгөөлөгчдийн тоо их байдаг. Тооноос гадна өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварын асуудлыг ч мөн анхаарч байгаа. Мэдлэгтэй, сэтгэлтэй бас ёс зүйтэй өмгөөлөгчид нийгэмд ус агаар мэт хэрэгтэй.

Нөгөө талаар өмгөөлөгчид Нийтийн эрх ашгийг хөндсөн, зөрчсөн асуудлаар шүүхэд хандан, цөхөрсөн ядарсан олон хүнд мэргэжлийн үйл ажиллагаагаараа тус хүргэдэг маш чухал ажил. Олон нийтийн дунд стратегийн өмгөөлөл ч гэж нэрлэдэг. Стратегийн өмгөөллийн үр дүнд олон хүний эрх ашиг хангагдаж, шүүхээр асуудал нь шударгаар шийдвэрлэгдэн хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах бодит боломж бүрддэг. Цаашид энэ нь хууль тогтоомжийг ч зөвтгөн өөрчлүүлэх, төр, засгийн буруутай үйл ажиллагааг засах, уг буруу шийдвэр үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үр нөлөөтэй. Нийгмийн шинэчлэл, хууль эрх зүйн шинэчлэлд түлхэц болдог гэсэн үг. Үүнд манай өмгөөлөгчид идэвхтэй ажиллаж байгаа. Нийтийн эрх ашгийн өмгөөлөл үр дүнтэй болоход олон нийтийн болон хэвлэл мэдээллийн дэмжлэг ч чухал байдаг. Байгаль орчин, хариуцлагагүй уул уурхай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудаар амжилттай ажилласан тохиолдлууд олон байгаа.

-Өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийн үүрэх ял шийтгэл, хариуцлагыг хамт үүрдэггүй. Үйлчлүүлэгч нь ял шийтгэлээ аваад яваад өгдөг. Өмгөөлөгч дараагийнхаа хүнээ өмгөөлнө. Ийм учраас манай зарим өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ сэтгэлгүй, хайнга ханддаг юм биш үү. Жишээ нь, байсхийгээд өмгөөлөгчид тодорхой хэргийн талаар хэвлэлийн хурал хийдэг. Үйлчлүүлэгчээ суллуулна, эрхийг нь сэргээнэ, цатгаана гэх мэтээр. Гэвч яг тэр ярьснаар хэзээ ч шийдэгддэггүй. Тиймээс л ийм хандлага, хардлага байна шүү дээ?

-Хэргийн шийдвэрлэлт зөвхөн өмгөөлөгчийн үйл ажиллагаанаас хамаардаг гэвэл өрөөсгөл. Хэргийн нотлох баримтууд, хууль зүйн үндэслэл гаргалгаа байгаа эсэх, түүнчлэн цаг хугацааны гэх мэт олон хүчин зүйлсээс хамаардаг. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс гаргах сэтгэл зүтгэл, цаг хугацаа, ур чадвар зэрэг асуудал нөлөө үзүүлнэ. Харин өмгөөлөгч хэргийн шийдвэрлэлтийн талаар урьдчилан үр дүн амлах хориотой. Ёс зүйн зөрчил болно.

-Тэгвэл үйлчлүүлэгч гомдол гаргаж болох нь ээ?

-Зөвхөн үр дүнг урьдчилан амласан гэх асуудал төдийгүй зан харилцаа, зохисгүй хандлага зэрэг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмээр зөрчилд тооцогдох үйлдэл гаргасан бол Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандан хараат бусаар асуудлаа шийдвэрлүүлж болно л доо.

-Өмгөөлөгчид Хүний эрхийг хамгаалах явцдаа ямар нэг дарамт, заналхийлэлд өртөх зэрэг асуудал гардаг уу?

-Маш чухал асуулт байна. Үйл ажиллагааны баталгаа, хараат бус байдал бидний хувьд хамгийн чухал. Өмгөөлсөн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчийг доромжлох, нэр төрд нь халдах, заналхийлэх зэрэг зохисгүй хандлага олон нийтийн зүгээс хааяа гардаг. Амь биед нь халдсан тохиолдол ч гарсан. Эдлэх ёстой, хуулиар баталгаажсан эрхийг нь эдлүүлэхгүй хязгаарлах зохисгүй байдал ч хууль сахиулах байгууллагын зарим албан хаагчдаас мэр сэр гаргадаг. Өмгөөлөгчдийн Холбооны хуулиар тодорхойлогдсон нэг үүрэг нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудал байдаг. Удирдах зөвлөл энэ асуудлыг хамаардаг нэг дэд хороо ажилладаг. Яг өнөөдрийн байдлаар үйл ажиллагааны баталгаа ямар түвшинд байгааг бид тусгай ажлын хэсэг гарган судалгаа хийлгэж байна. Мөн Үндэсний хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх гадны сайн туршлагуудыг ч энэ хүрээнд авч үзэж байгаа. Мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгчдөд хэрэг үүсгэн шалгах тохиолдлууд цөөн боловч гарч байгаа. Бид Холбооноос мэргэшсэн өмгөөлөгчдийг тухайн хэрэгт томилон ажиллуулж өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хараат бусаар явагддаг тул Холбоо хөндлөнгөөс оролцох боломжгүй ч хуулийн хүрээнд эрх ашгийг нь хамгаалах талаар өөрсдөөс хамаарах аргаар гишүүдээ хамгаалж байгаа. Цаашид ч гишүүдийнхээ эрх ашгийг хуулийн арга хэрэгслээр тууштай хамгаална.

Б.ЭНХЗАЯА

2 replies on “Л.Данзанноров: Мэдлэгтэй, сэтгэлтэй, ёс зүйтэй өмгөөлөгчид нийгэмд ус агаар мэт хэрэгтэй DNN.mn”

Тун сүрхий залуу даа. Өмгөөлөгчдийн Холбоог өөр түвшинд гаргаж байгаа. Өмнөх хэдээсээ лав арай өөрөөр ажиллаад байх шиг санагдаад байгаа шүү.

өмгөөлөгчид гэдэг хамгийн аймшгийн муу санаатай, давхар мэхтэй, хэн мөнгөтэй талд ажилладаг, – талд зэрэг ажилладаг, хэзээ итгэж болохгүй хорчин хүмүүс байдаг даа. тэд бурууд нь буруу, зөвд нь зөв байж чаддаггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *