Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Энэ хууль батлагдвал өмнөх бүх оффшорчид өршөөгдөх юм байна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Оффшорын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдхариулт өглөө.

УИХ-ын гишүүн Л.Болд: Бидний гарч байгаа шийдвэр бол гадна талаас шууд реакц өгч байна. Долларын ханшин дээр төр тогтвортой байлгана гэдэг заалтыг ямар ч анхааралгүй байж байгаад л унагаачихсан. Ерөөсөө төр бол төгрөгийнхөө ханш зэрэг гол ажлууддаа анхаарахгүй юм байна гээд л Их хурлын кноп даруут 80 төгрөгөөр шууд долларын ханш өссөн байна. С.Бямбацогтын хэлж байгаагаар бол өнгөрсөн хугацаанд гарсан бүх оффшорчид өршөөгдөх юм байна. Энэ бол эргээд нийгэмд шударга ёс гэж байхгүй юм байна. Ерөөсөө ингэж болохгүй ээ. Заавал Панамын бичиг цааснаас олох биш үнэхээр буруугаа хүлээж байна гэвэл өршөөж байгаа шүү дээ. Ил гарсан 50 байгаа бол цаана нь байгаа 100 хүн буруугаа хүлээгээд ирэх хэрэгтэй. Тэгвэл ард түмэнд зөв үлгэр дуурайл болно.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг дэмжиж үг хэлж байна. Би энэ байдлыг гадаадад ямар байдгийг судлуулсан. Үүнийг Ил тодын хуулиар зохицуулалт хийдэг юм байна. Оффшортой холбоотой хуулийг шууд таслан зогсоодог юм төрт ёсны олон жилийн туршлагатай улс орнуудад байдаггүй юм байна. Монгол Улс төрийн албаар явдаг мөртлөө нийтийн албаны нэр томъёотой хууль явж байдаг. Үүнийг бас анхаармаар байна.

С.Бямбацогт:Олон оронд оффшор бүс гэж байна. Тухайлбал Британийн Виржиния арал, АНУ, Малайз, Хятадын Хонконг, Люксембург, Лихтенштэйд байдаг юм билээ. 14 тэрбум ам.долларын 15 хувь нь оффшор бүсийн улс орнуудаас Монголд орж ирсэн байгаа юм. Тухайлбал Голланд улсаас 2,4 тэрбум доллар орж иржээ. Монгол Улсад 13 мянган гаднын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулж байгаа. 920 аж ахуй нэгж нь Монгол Улсад оффшор бүсээс үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Оюутолгой, МСS гэх мэт томоохон компаниуд бий. Энэ бүхнийг яах аргагүй ялгаж өгөхгүй бол хуулийн дагуу бизнес эрхэлж байгаа улсууд нь хууль зөрчиж байгаа юм шиг нийгэмд харагдах явдал байна.

Энэхүү хуулийн төслийг чуулган олонхиороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир ХЗБХ-нд шилжүүллээ. Ингээд өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *