Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Банзрагч: “Сэрэлт” киноны Пүрэвжавын дүрээр урлагийн амьдралын анхны мөн чанарыг нээж, урлагтай амьдралаа холбосон DNN.mn

Хорьдугаар зууны манлай жүжигчид болох Цагааны Цэгмид, Түдэвийн Цэвээнжав болон Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү нартай “Сэрэлт” кинонд лам хүү Пүрэвжавын дүрийг бүтээсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лувсанжамцын Банзрагчтай ярилцлаа.


-Таныг “Сэрэлт” Монголын уран сайхны киноны Пүрэвжавын дүрээр түмэн олон сайн мэднэ. Тухайн кинонд тоглож байх үеэсээ яриач?

-1956 оны найм, есдүгээр сарын дундуур кино зураг авалт эхэлсэн. 1957 онд одоогийн хөрөнгийн бирж байгаа газарт “Элдэв очир” гэж кино театр байсан. Тус кино театрт орой 19:00 цагаас гарч байлаа. Би энэ кинонд урлагийн алтан үеийнхэн болох агуу уран бүтээлчидтэй тоглосон. Тухайн үед 19 настай, жижигхэн биетэй хүүхэд байсан. Би Театр урлагийн сургуулийн жүжигчин, найруулагчийн сургуулийг төгссөн хүн. Энэхүү кино Монгол Улсын алдарт зохиолч тухайн үеийн БНМАУ-ын төрийн соёрхолт, ардын жүжигчин Ламзавын Ванганы зохиол юм. Л.Ванган, төрийн шагналт алдарт зохиолч Чойжилын Чимид нар хамтарч уг киног бүтээсэн түүхтэй. Тус киног Монголын түүхэн киноноос дээгүүр эрэмбэлэгдэж айргийн тав дотор л орно гэж боддог доо. Энэ алдарт кинонд урлагийн алтан үеийнхэн, тухайн үед Монгол даяар нэр нь алдаршиж, хүн бүрийн мэддэг агуу жүжигчид тоглосон гайхамшигтай сайхан үе. Тэр үед ардын жүжигчин Цагааны Цэгмид, ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү, ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоо, тайзны зураачаар ардын зураач Доржпалам, кино оперотароор төрийн шагналт, ардын жүжигчин Дэжидийн Жигжид ажилласан. Мөн ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчийн нэг С.Зоригийн ээж С.Доржпалам тухайн үед Анагаахын их сургуульд нэг хоёрдугаар курсийн оюутан байхдаа тоглож, миний эгчийн дүрд буюу Сүрэнгийн дүрд тоглосон Янжинжав гээд театрт дуучин, үүнээс гадна Жамсрангийн Гүр найруулагч, жүжигчин байсан хүн ажилласан. Гүр бол Жамцын дүр буюу миний ахад тоглосон. Энэ киноны найруулагчаар Урлагийн гавьяат жүжигчин манай алдартай найруулагчдын нэг Сангижавын Гэндэн зэрэг уран бүтээлчид ажилласан даа. Пүрэвжав хүүгийн дүрд тоглоно гэдэг бол надад сайхан боловч хүнд даалгавар байсан. Яагаад гэхээр театр урлагийн их сургуульд хоёрдугаар курст орох гэж байсан учир ямар ч гэсэн анхны мэдэгдэхүүнтэй, мөн дээр нь алтан үеийн уран бүтээлчидтэй тоглох нь хүнд даалгавар байлаа. Тэдгээр хүмүүс бүгдээрээ надад маш их тусалдаг агуу их багш нар байсан. Энэхүү кино маань дэлгэцээр гараад 60 гаруй жил болж байна. Энэ түүхэн кинонд эдгээр мундаг хүмүүстэй тоглосондоо үргэлж бахархаж баярлаж явдаг. Монголын ард түмэн ч жүжигчдийг дүр, алдар суу, өөрсдийн байгуулсан гавьяа, ажил хөдөлмөрөөр нь үргэлж бахархаж, дурсаж байдаг. Тэр үед кинонд тоглосон хүмүүсийг киноны дүрээр нь дууддаг байсан. Намайг Банзрагч аа гэж дуудахаас илүүтэй Пүрэвжав аа хэмээн дууддаг байлаа. Тухайн үеийн нэг гайхамшигтай нь дүрээ хүмүүст ойлгуулж тэр зэрэгтэй тоглоход маань алдарт гавьяатуудын агуу их дэмжлэг, сургамж нөлөөлсөн юм.

Тухайн кино анх гарахдаа “Оч” нэртэй байсан. Энэ нэр нь цаад утгаараа Монголын нийгэм улс төрийн байдал ямар байсан, ЗХУ Монголд хэрхэн тусалж байсан болон шарын шашин манайд ямар байр суурьтай байснаас улбаалан монголчууд биеэ хэрхэн авч явж байсан тухай харуулдаг шүү дээ. Тухайн үед Монголд маш олон аймшигт өвчин гарч байсан. Орос өөрсдийн гар бие оролцоотойгоор тусламж үзүүлдэг тийм сайхан үе байлаа. Тиймээс тэр гайхамшигтай үеийг бодож “Оч” нэрийг өгсөн болов уу гэж боддог. Тэгээд сүүлд нь Сэрэлт гээд сэргэсэн, дэгжиж дээшилсэн үеэр нь нэрлэж, тогтсон.

Би ЗХУ-ын Ленинград, Москвагийн Радиод очиж Монголын том сэхээтнүүдийн нэг болох Ванган багш, Чойжилын Чимэд, Эрдэнэбатын Оюун, Сангижавын Гэндэн, тайзны зураач Ц.Доржпалам нарын удирдлага дор дадлага хийж байлаа. Оросын холбооны улсад дээд курсээ төгсөөд ирсэн.

-“Сэрэлт” киноны “Бумаа” нэрээр алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавыг танихгүй хүн байхгүй. Та энэ хүний талаар дурсаач?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав бол хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. “Сэрэлт” киноны Бумаагийн дүрд Бумаа гээд сувилагчид, миний эгчид тоглосон Янжинжав хоёр эмнэлэгт ажилладаг хоёр. Одоогийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвийн бага эмнэлгийн байр дээр зураг авалтыг хийсэн. Зохиолын нэр дээр “Хайрхан” сумын эмнэлэг гэж нэр өгсөн. Цэвээнжав гуай кинонд үнэн сэтгэлээсээ хандаж үзэгчдэд итгэл үнэмшлийг төрүүлж чаддаг агуу жүжигчин. Тэр үеийн жүжигчид дотоод сэтгэлийн ертөнцөө нээж өгч, амьдралд болсон үйл явдлыг дүр дээрээ аваачин тоглолт болгон гаргаж, үнэн байдлаар сэтгэлээрээ хүргэж байгаа нь ард түмэнд итгэлцлийг өгч чадсан гэж боддог.

-Таны аавын дүрийг бүтээсэн Цагааны Цэгмид гуайн тухай яриач. Киноны дараа та хоёрын харилцаа ямархуу байсан бэ?

-Ц.Цэгмид гуайг урьд өмнө нь таньдаггүй байсан. Би ер нь Цэгмид, Цэндээхүү жүжигчидтэй эхэн үедээ жаахан хөндий, юм ярихдаа бишүүрхэнгүй байдаг байсан. Нэг жилийн хугацаанд хөдөө байгалийн сайханд үргэлж зураг авалтад хамт байгаад сүүлдээ нэлээн дотно болцгоосон доо.

-Ах ламын дүрийг бүтээсэн Зундуйн Цэндээхүү гуайн талаар ярьж өгөхгүй юү?

-Цэндээхүү бид хоёр хоёулаа киноны зураг авахаас өмнө сургуулилт хийж бэлэн байх хэрэгтэй байдаг байлаа. Цэндээхүү гуай өөрөө лам дээлээ өмсөж, ламын шовгор малгай, хонх, дамар бүх зүйлээ тойруулж тавиад “Хувцсаа өмс Пүрэвжав, хувцсаа өмс, тэгэхгүй бол итгэл төрөхгүй шүү” гэж хэлдэг байсан. Хувцсаа өмсөж байж л жинхэнэ болно шүү гэдэг байлаа. “Миний хүү одоо энийг ингэж хийнэ шүү, тэрийг тэгж гаргана шүү” гээд үргэлж зааж зөвлөдөг байсан даа. Тэр үеийн жүжигчид ер нь шаардлага их өндөртэй байсан. З.Цэндээхүү гуай бид хоёр сүүлдээ их дотноссон. Дээр үед лам байсан хүн юм гэнэ лээ, тэр үед ганц бие байсан. Тэгээд лам байсан учраас ламын амьдралыг их мэднэ. Намайг аваачиж хоол идүүлдэг байсан. Ганцаараа гэртээ завилаад сууна. Дээлээ өмсөөд шар дурдан бүсээ чанга ороогоод бүсэлнэ, их нямбай цэмцгэр, лам байсан нь их мэдэгддэг цэвэрч байсан. Намайг үргэлж Пүрэвжав аа л гэж дууддаг байлаа.

“Сэрэлт” киноны Пүрэвжавын дүрээр би урлагийн амьдралын анхны мөн чанарыг нээж, урлагтай амьдралаа холбосон хүн. Нэлээн хэдэн жүжгүүдэд дүр бүтээж байлаа.

-Та 1960 оноос 1991 он хүртэл гавьяаныхаа амралтад гарах хүртлээ Монголын радиод ажиллаж байсан шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Би 1960 онд Соёлын яамны тушаалаар Монголын радиод ажиллах болсон. Радиодоо их хайртай байдаг, радиодоо 40-өөд жил ажиллачихаад СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуульд 20-иод жил телевизийн дарга байсан Чойжил зэрэг хүмүүстэй хамтран багшилж байсан. Сайхан шавь нар олонтой. Радио гэдэг нь тайзгүй урлаг гэсэн үг. Микрофонтой их харьцаж, жүжигчидтэй радио жүжиг их тоглодог байсан. Тэр үед зохиолчдын бичсэн зохиолоор жүжигчилсэн зохиомжуудыг их хийдэг байлаа. Радиод байх хугацаандаа 200 гаруй жүжиг найруулж бүтээсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *