Categories
мэдээ цаг-үе

Л.Бадамцэцэг: Өөртөө итгэлгүй, бэлгийн амьдралдаа хангалуун бус этгээд хүүхэд сонирхдог тал бий

НҮБ-ын байранд болсон “Сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” үндэсний бага хурлын үеэр Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэлзүйч Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл их цацагдах боллоо. Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа нь юуг харуулж байна вэ, энэ нийгэм зэрлэгшээд байна уу, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс олшроод байна уу?

-Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг өссөн үү, буурсан уу гэдэг дээр харьцуулах суурь судалгаа байхгүй байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл байх ёсгүй зүйл, учир нь манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиараа бүрэн хориглосон дэлхийн цөөхөн орны нэг. Нэг тохиолдол гарсан ч олон хүн санаа зовж, ийм хэргийг дахин гаргахгүйн тулд ярилцах нь зөв л дөө.

Хүчингийн гэмт хэрэг дотор ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг бараг гуравны нэгийг нь эзэлдэг. Гэр бүлд болж байгаа асуудал зөвхөн тухайн өрхийн асуудал гэж олон нийт орхихгүй байгаасай гэдгийг энд хэлээд байгаа юм. Хүүхдийг хүчирхийлсэн гэмтэн гэр бүлийн бус гадны хүн байвал маш хурдан хуулийн байгууллагад мэдэгддэг. Ураг төрлийн хүчингийн хувьд хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчээсээ сэтгэл санааны, эдийн засгийн, хамаатан садны гэх мэтээр маш олон хамааралтай байдаг учраас нуугаад өнгөрөх нь цөөнгүй. Гэмт этгээд баригдчихвал тухайн ам бүлийн үлдэж байгаа хэдэн хүн тэжээгчээ алдахаас айдаг. Гэхдээ тэжээгч гэдгээр гэмтнийг хаацайлах ёсгүй. Магадгүй өнөөдөр хүүхэд хүчирхийлээд баригдсан хүн урьд нь удаа дараа хүүхэд хүчирхийлсэн тохиолдол байдаг. Өөртөө итгэлгүй, бэлгийн амьдралдаа хангалуун бус, магадгүй насанд хүрсэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орлоо гэхэд өөрийгөө голдог этгээд юу ч мэдэхгүй хүүхдийг сонирхдог тал бий.

Тодорхой насанд хүрэхээр хүнд бэлгийн сэрэл үүсдэг. Үүнийг ухамсар, оюунаараа зохицуулна. Хүүхэд хүчирхийлсэн этгээдүүд бусадтай зүв зүгээр харьцаад явдаг. Сэтгэцийн өвчтэй байлаа ч, гудамжинд хүний хүүхдийг барьж авахгүй л байгаа биз дээ. Энэ бол хэрэг хариуцах чадвартай, хэргээ нууцалж байна гэдэг бол эрүүл ухаантай хүний л шинж. Олон улсын судалгаа ч бий. Хэрэгтний сэтгэцийн эрүүл мэндийг оношилж, хэрэг хариуцах чадвартай эсэхийг хамгийн түрүүнд тодорхойлдог. Бага насны хүүхэд эмзэг, хүчирхийлэлд өртлөө гэхэд уйлна уу гэхээс биш өөрөөр яаж илэрхийлэх вэ.

Ийм тохиолдолд эцэг эх, ах эгч нь уйлагнаад байгаа хүүхдийн эмзэг, хэсгүүдийг нь шалгаж, шарх, шалбархай, цусны болон бусад өнгөтэй толбо, сорвийг үзэх хэрэгтэй.

-Гурван настай хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлсэн тухай мэдээлэл сошиалаар цацагдсан байна лээ?

-Гэр бүлд гарч байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн дараа ихэвчлэн ээжийг буруутгадаг. Гэтэл тэр ээж өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд байнгын дарамтанд байх тохиолдол олон. Хүний заяагдмал чадвар нь өөрийгөө хамгаалах байдаг. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй, хүчирхийлэл дарамтанд олон жил байсан хүн хүүхдээ хамгаалж хүчрэхгүй байгааг буруутгахад хэцүү. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэнийг мэдсэн анзаарсан хүн болгон мэдээлдэг байхаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад заасан. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй тохиолдлыг мэдсэн иргэн заавал мэдээлэх үүрэгтэй. Ялангуяа багш ажилтан, эмч, төрийн байгууллагын албан тушаалтнууд хуулиараа цагдаа, цагдаагийн ажилтан эзгүй, боломжгүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад заавал мэдээлэх үүрэгтэй.

-Сая дурдсан тохиолдолд ээж, гэр бүлийнхний зүгээс мэдээлэл өгөөгүй юм байна. Хүүхдийг үзсэн эмч мэдээлэл өгч, холбогдох газар нь хандсан юм билээ?

-Тэр эмч үнэхээр хариуцлагатай байна. Эмч, цэцэрлэгийн багш, хичээл зааж байгаа багш нар хүүхэд цовоо цолгиун байна уу, тусламж шаардлагатай байна уу, өвчиндөө шаналаад байна уу гэдгийг ялгаж, хүчирхийллийн шинж тэмдгийг таних нь чухал.

Хүүхэд өөрийгөө хамгаалах чадвартай болтол нь эцэг эх, хамаатан садан, багш эмч, бүх нийтээрээ хүүхдийг хамгаалах учиртай.

-Таагүй мэдээлэл ар араасаа цацагдаж, эцэг эхчүүд ч түгшиж байна. Яаж хүүхдээ энэ бүхнээс хамгаалах вэ?

-Манайд энэ талын эрх зүйн орчин хангалттай, ял шийтгэл ч чанга талдаа. Гол нь хүүхэд хүчирхийлүүлж байгааг оройтож мэдэж байна. Хүүхдийг хэлд орох цагаас нь эхлээд л эцэг эхчүүд, багш нар хүрэхүйн тухай ойлголтыг заах хэрэгтэй. Хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол, бэлгийн боловсрол, бусадтай харилцах урлаг, бэрхшээлийг даван туулах, бусдаас тусламж хүсэх талаар сургах хэрэгтэй байна. Хүүхдийг багаас нь хаана нь хэн хүрч болохгүй вэ, биед нь, эмзэг хэсэгт нь хүрч, өвтгөж, хүч хэрэглэсэн тохиолдолд хэнд хандаж болохыг ээж, аав болон багш нар заах хэрэгтэй байна. Хүүхдийг харах хүнгүй бол цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ зэрэгт заавал хамруулах хэрэгтэй.

Хүүхдийн байгууллагынхан мэргэшиж, гэр бүлийн үйлчилгээнүүд тодорхой байх учиртай.

-Ер нь хэн хүчирхийлэгч байх магадлалтай вэ? Боловсролын байдал болон зан чанарын онцлог байдаг уу?

-Хэн хүчирхийлэгч вэ гэдгийг гадаад төрх, биеэ авч яваа байдлыг нь хараад таних аргагүй. Сайхан хувцасладаг, боловсролтой, ажил дээрээ нэр хүндтэй хүмүүс, бас архичин, гудамжны зэрэг нийтээрээ жийрхдэг хүмүүс ч үйлдсэн байдаг. Хэрэг гарсны дараа хүмүүс “Тэр тэгсэн гэж үү дээ, худлаа байх” гэхээр хүн ч амьдрал дээр тохиолддог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгддэг. Ураг төрлийн хүчирхийллийг хойд эцэг нь үйлддэг гэсэн андуу ташаа ойлголт бий. Гэтэл сайн хойд эцгүүд зөндөө байна. Хүчирхийлэгч хэн ч байж болзошгүй учраас хүн бүр хүүхдийг хамгаалах л чухал байна.

-Бусад оронтой харьцуулахад хүчирхийллийн түвшин Монголд өндөр байдаг уу?

-Хүчирхийллийн тохиолдлууд зөвхөн Монголд ч биш хаана ч байдаг асуудал. Нэр алдартай, олны танил хүүхэд ч өртөж болно. Спорт урлагаар багаасаа хичээллэж, нэр алдарт хүрсэн охид, бүсгүйчүүд хүртэл продюссер, дасгалжуулагчийнхаа эрхшээлд автсан гадаадын тохиолдлууд яригдаж байна. Ер нь хүчирхийлэл насны хувьд, хүчний хувьд, эрх мэдлийн хувьд тэнцвэргүй харилцаа гэдэг нь харагдаж байгаа биз. Надад ч спортын шигшээ багт байдаг охин хандаж байсан. Дасгалжуулагч нь “Чиний жинд өрсөлдөгч олон байна” гээд бэлгийн сонирхлоо илэрхийлж, хүлээж авахгүй болохоор нь тухайн хүүхдийг багаас нь хасах бүх арга хэмжээг авсан тохиолдол гарсан. Хүн бүр хүүхдээ анхаарч, юу тохиолдож байгааг нь мэддэг байх учиртай.

-Та хүүхдийн хүчирхийллийн асуудлаар удаан хугацаанд ажилласан хүн. Хамгийн бага насны хохирогч нь хэдтэй байв?

-Бие махбодийн хүчирхийлэлд өртсөн зургаан сартай хүүхдийн ээж хандаж байсан. Бэлгийн хүчирхийллийн хувьд надад дөрвөн настай хүүхэд ирж байсан. Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй, айлд орхидог хүмүүс бий. Хөрш айлын 13 настай хүүд хүүхдээ орхиод аав, ээж нь ажилдаа явдаг байсан. Гэтэл хөршийн хүү дөрвөн настай хүүхдийг хүчирхийлсэн тохиолдол гарсан. Хохирогч хүүхэд уйлаад л байдаг. Залуу эцэг, эх өөрсдөө таамаглаад, мэргэжлийн сэтгэл зүйчид хандъя гээд ирсэн юм. Хүүхэд юу болсныг хэлж мэдэхгүй. Юу болсныг зурахыг хүсэхэд цаасан дээр ор зураад хоёр толгой давхралдсан байдлаар зурсан юм. 13-тай хүүхэд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хэрэг хариуцах чадамжгүй учраас хэрэгсэхгүй болоод өнгөрсөн. Гэр бүлийн амьдралын замбараагүй байдал бэлгийн бойжилт нь явагдаж байгаа хүүхдүүдийн сонирхлыг татдаг. Хүүхдийнхээ дэргэд сексийн харилцаа үүсгэдэг аав ээжүүд байна. Тэрийг хараад бэлгийн бойжилт нь дөнгөж эхэлж байгаа хүүхэд сонирхдог. Зурагт, интернэтээр замбараагүй мэдээлэл цацагдаж байна. Үүнээс суралцдаг. Хэзээ ч өөрт нь байгаагүй мэдрэмж төрөхөд үзчихвэл яах бол гэсэн сонирхлоор насанд хүрээгүй хүүхдүүд ийм хэрэг үйлдэж байна.

-Хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан 13 настай хүүхдийг буруутгах хандлага ч гарсан. Ер нь эмэгтэй л бол хохирогчдыг буруутгах хандлага ажиглагдах юм. Хүүхэд гэнэднэ шүү дээ?

-Гэмт хэрэг гарсан газар зочид буудал. Олон хүн хамрагдсан болохоор хэргээс хуурай гарах гэсэн оролдлогууд байна. Хүчингийн гэмт хэрэг гэдэг хүч хэрэглэсэн л гэсэн утгатай. Хүч хэрэглэхээс гадна хууран мэхлэлт, итгэл эвдэх асуудал байжээ. Өөрийнх нь хувьд, хамгийн хэрэгтэй, үнэ цэнэтэй зүйлийг нь булаагаад авчихаар хүүхэд түүнийхээ араас явна. Хүүхдийн анхдагч хэрэгцээ нь утсаа тэр хүнээс салгаж авах байж. Дээр нь хэрэгтэн танихгүй хүн биш. хөршийнх нь ах байсан. Магадгүй энийг уучихвал чамайг явуулна гэх мэт яриа, тохироо байсан ч байж болзошгүй. Ер нь тийм юм болдог. Тэгэхээр охиноос хүч хэрэглэж утсыг нь булаангуут хойноос нь дагаж ирнэ гэдгийг тооцоолж, ирэхээр нь хуураад буудалд ороод согтоож, хүслээ гүйцээнэ гэсэн тактикийг гэмт хэрэгтнүүд аль хэдийнээ бодож олсон хэрэг биз дээ. Иймээс хүчингийн гэмт хэргийн хохирогчийг буруутгах хэрэггүй.

-Хүүхэд хохироход хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд юу хийж байна вэ гэсэн асуудал хөндөгддөг. Энэ хэргүүд дээр ямар оролцоотой байгаа вэ?

-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв ажилладгийг хүмүүс мэднэ. Түүний дэргэд яаралтай тусламж үзүүлэх, хамгаалах байр ажиллаж байгаа. Хүүхдийн байгууллагад мэдээлэл ирсэн л бол яаралтай тусламж үзүүлэх боломж бүрдсэн. Хэрэг гарсан хойно хүүхдийн байгууллага яачихав гээд байдаг. Мэдээлэл чухал. Урьдчилан сэргийлэх ажлыг хороо суманд ажиллаж байгаа хамтарсан баг хийх үүрэгтэй. Мөн аймаг дүүрэг бүрт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс ажиллаж байна. Мөн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх хүүхдийн ТББ-уудад хандаж болно. Хамгийн гол нь мэдээлэл чухал, бас урьдчилан сэргийлэх ажлын үр дүн айл бүрт, сургуулийн анги бүрт хүрдэг байх юм бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурна.

Таван настай хүүхэд хүчирхийлэлд өртсөн өртөөгүй гэж яригдаад байна. Бэлгийн зорилгоор хүүхдийн хувцсыг тайлаад биед нь хүрсэн л бол хүчингийн хэрэг үйлдэгдсэн гэсэн үг. Заавал онгон хальс урагдсны дараа хүчин юм байна, хүрчихээгүй, хөндчихөөгүй юм байна гэж эргэлзэх хэрэггүй.

-Сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах тухай ярьж байна. Хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхэд багш нар, нийгмийн ажилтнууд юу хийж чадах вэ, ээж аав нарт хэн зөвлөх вэ?

-Энэ асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Хүүхдийн эрхийн байгууллагууд олон жил ярьсан. Хүүхэд хамгийн их хугацааг боловсролын орчинд өнгөрүүлдэг. Хүүхэдтэй хэн ажиллаж байна гэхээр сургууль, цэцэрлэгийн багш нар. Багш нарын ойлголт мэдлэгээр дамжаад хүчирхийллийг таньж, өөрийгөө хамгаалах мэдлэг олгох тухай яригдана. Хүчийг дийлэхгүй ч хүнд дуулгах, хүчирхийллийг эсэргүүцэх, найздаа туслах гэх мэт нас насандаа өөрийгөө хамгаалах чадварыг хүүхдэд эзэмшүүлж болно.

Багш өөрөө хүчирхийлэл үйлддэггүй байх талаар ч яригдаж байна. Энэ хурлыг зохион байгуулагч байгууллагууд сургуулийн орчин дахь хүчирхийллийн асуудлаар судалгаа хийжээ. Өсвөр насны хүүхдүүд үерхэж, болзоонд явдаг. Болзооны үеэр бэлгийн харьцаанд орох санал тавих нь байж болох зүйл гэж судалгаанд оролцсон хөвгүүдийн 40 хувь нь хариулсан бол охидын 37 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Мэдэхгүй хүн эрсдэл рүү алхаж ороход маш амархан. Багш нар ч хүүхдийг зодож болно гэж хэлээгүй ч “Хэлээд ойлгохгүй бол би яах юм бэ” гэж байна. Яахыгаа мэдэхгүй байгаа хүн чаддагаараа зодох, доромжлох, сэтгэл санааны болон бие махбодийн шийтгэл үзүүлэх, ангиас хөөж гаргах гэх мэт аргыг хэрэглэнэ. Гэтэл энэ нь хуулиар хориотой. Гэхдээ багш нарыг буруутгах гэсэн юм биш. Сахилгагүй хүүхдийг яах вэ гэхээр та хүмүүжлийнхээ аргыг өөрчил гэж дэлхий нийтийн шинэ хандлага онол гарч ирсэн, үүнийг “Хүмүүжлийн эерэг арга”гэж нэрлэж байна. Үүнийг багш бэлтгэдэг сургуулиудад хөтөлбөр болгож оруулж болно шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *