Categories
мэдээ цаг-үе

Л.Баатархүрээ: Волейболоор хичээллэснээр эгзэгтэй үед ухаалаг шийдвэр гаргах оюуны асар өндөр чадамжийг олж авдаг онцлогтой

Монголын спортын салбарт тэр дундаа волейболын спортоор тасралтгүй дөч гаруй жил хичээллэж, эх орондоо болоод, олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан ахмад тамирчин, “Хасумегастарс” клубын багш дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Лхамжавын Баатархүрээтэй ярилцлаа.


-Волейболын спортод хэдийнээс хөл тавьж эхлэв. Өдгөө хичнээн жил энэхүү спортоор хичээллэж байна вэ?

-Ерөнхий боловсролын тав, зургадугаар ангийн сурагч байхдаа л анх волейбол тоглож сурсан. Сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, амжилтынхаа гарааг эхэлж байлаа. Улмаар 1980 онд залуучуудын шигшээ багт орж, хоёр жилийн дараа улсын шигшээ багт тоглож билээ. Тухайн үед идэрчүүдийн улсын аваргын тэмцээнээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал гуайн гэргий Филатовагаас хоёр ч удаа шагнал гардан авч байсан сайхан дурсамжууд бий. Тэр үеэс буюу 1979 оноос өдгөө дөч гаруй жил энэхүү спортоор хичээллэж байна даа.

-Ахмадын баяр болж өнгөрлөө. Монголын ахмад үеийн нэрт волейболчдын тухайд ярихгүй юу?

-Би армид гурван жилийн алба хааж байхдаа “Алдар” нийгэмлэгт тамирчин байлаа. Энэхүү нийгэмлэгт анх ирэхэд гавьяат багш Дэмбэрэлсайхан хэмээх волейболын их мастер хүнтэй нэг багт тоглож байв. Миний дээд үеийнхэн буюу Тулгабаатар, Жаргалсайхан хэмээх нэртэй волейболчидтой хамт тоглож байснаараа их бахархдаг юм. Мөн миний үеийн Баасансүрэн, Цогоо, Цогтсайхан, Батболд, Баттулга, Энхболд хэмээх мастерууд бий л дээ. Эдгээр хүмүүстэй нэг баг болж тоглохдоо завсаргүй 10 гаруй удаа улсын аварга болж байсан. Тухайн үед “Алдар” нийгэмлэгийн тамирчид ямар ч багт дийлдэшгүй, их хүчтэй баг байлаа шүү дээ. Өнөө жил манай волейболын холбоо үүсч хөгжсөний 60 жил, Монголд волейболын спорт үүссэний 90 жилийн ой тохиож байгаа юм. Тэр утгаараа өнөө жил Монголын волейболын холбоо нэлээдгүй их ажил төлөвлөн, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд залуучуудын улсын аваргыг зохион байгуулахаар болсон. Тэмцээн энэ долоо хоногт Спортын төв ордонд болно. Монголд волейболын спортын гавьяат тамирчин болсон хоёр хүн бий. Доржжүгдэр, Шоовдор гавьяатууд гэж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож байсан мундаг, нэртэй ахмад тамирчид их ээ.

-Үндэсний шигшээ баг анх хэдэн онд байгуулагдаж байсан юм бэ?

-Би 1982 онд үндэсний шигшээ багт тоглож байхад хоёрдугаар шигшээ багийн цалин гэж 99 төгрөг авдаг байлаа. Яг албан ёсоор 1986 онд бүрэлдэж бий болсон юм болов уу. Тэгж л санаж байна. Үүнд миний бие багтаагүй л дээ. Учир нь би цэрэгт байлаа. Одоо шигшээ багийн тамирчдад цалин, мөнгө өгдөггүй. Хэдэн шилдэг тамирчид нийлээд л үндэсний шигшээ багийг бүрдүүлдэг болсон.

-Манай улсын иргэд хөдөө, хотгүй волейбол түлхүү тоглодог шүү дээ. Нийтээрээ энэхүү спортыг мэддэг, тоглодог хэрнээ яагаад олон улсад төдийлөн амжилттай оролцдоггүй юм бол?

-Амжилт гаргадаггүй нь олон зүйлтэй холбоотой. Дээхэн үед гадаадад тэмцээн уралдаанд оролцохдоо манай тамирчид нуруугаараа их дээрэлхүүлдэг байлаа. Одоо ч харьцангуй гайгүй болж. Манайхан хамгийн гол нь системтэй, нэгдсэн зохион байгуулалттай тамирчдаа, багаа бэлдэхгүй байна. Миний хувьд амьхандаа л залуучуудын шигшээ багийг системтэйгээр, бодлоготой бэлтгэж байгаа. Ингэж л бэлдэхгүй шууд л тэмцээн уралдаанд гүйгээд очвол үр дүн нь ахихгүй шүү дээ. Орон нутгаас волейбол тоглодог шилдэг тамирчдыг цуглуулж нэг баг болгон бүрдүүлж, урагшаа, хойшоогоо тэмцээн уралдаанд идэвхтэй оролцоод байвал Монголын волейболын багийн ур чадвар, туршлага нь сайжирна. Нөгөөтэйгүүр монголд багийн спорт хөгждөггүй, амжилт гаргадаггүй нь эдийн засаг, хөрөнгө мөнгөтэй холбоотой юм. Гэхдээ юм хийе гэвэл бүтэхгүй зүйл байхгүй л дээ. Үүнд манай волейболын холбоо идэвхгүй, бодлого нь зогсонги байталтай яваад байна л даа. Энэ бүхнээ анхаараад Монголын волейболын багийг ядаж зүүн Азид чансаагаараа эхний гуравт ордог болгочихмоор байна. Үүний төлөө Монголын волейболын холбоо тодорхой бодлого боловсруулж, зорилт тавьж ажиллах хэрэгтэй санагддаг. Манай холбоо их удаашралтай байна. Жоохон дайчин, зоригтой хөдөлгөөн хэрэгтэй. Манайхан бүгд л нэг зорилготой хэрнээ хоорондоо эвлэж өгдөггүй нь бидний сул тал болж байна. Монголын баг одоогоор Азийн болоод бүс нутгийн жижиг түвшний тэмцээн уралдаануудаас медаль хүртэж, тодорхой амжилт гаргаж л байгаа. Гэхдээ бид волейболоор илүү их амжилт гаргаж, Азид болон дэлхийд өөрийн гэсэн нэр хүндээ олох хэрэгтэй байна.

-Волейболын спортоор хичээллэснээр хүнд ямар давуу талтай вэ?

Миний хувьд волейболыг сэхээтний спорт л гэж ойлгодог. Учир нь волейболыг Монголд сэхээтнүүд оруулж ирж байсан юм. Манай төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд энэхүү спортоор хичээллэх, тоглох дуртай байдаг нь ч үүнтэй холбоотой. Нэг хэсэг Д.Содном гуай Сайд нарын зөвлөлийн дарга байхдаа Спортын ордны урд зааланд долоо хоногийн нэг өдөр зориуд цаг гарган ирж тоглодог байсан юм. Өнөөгийн сайд дарга, бизнесменүүд бүгд л энэхүү спортоор хичээллэдэг. Волейбол нь хүнээс биеийн гоо сайхан, уран мэдрэмж, сэтгэмжийг шаарддаг спортын онцгой төрөл шүү дээ. Бөмбөг тамирчны гарт хэдхэн долийн хугацаанд тогтоно, шүргэнэ. Яг энэ үед тухайн тамирчин асар хурдан сэтгэж, тэрхүү бөмбөгийг хааш нь цохивол хожих боломж илүү байна гэдгийг бодож чадах ёстой. Үүгээрээ волейболын спортыг гүн ухааны, сэтгэмж, авхаалж, самбааны спорт л гээд байгаа юм. Хүнээс ийм философлоги зүйл шаардах учир ямархан үр ашиг, давуу талтай нь ойлгомжтой болов уу. Өөр нэг зүйл нь ямар спортоор хичээллэж буйгаас нь хамаарч тухайн хүний зан араншин өөр, өөр байдаг. Тухайлбал, сагс, хөлбөмбөгөөр хичээллэсэн хүмүүс огцом тэсрэлттэй, ууртай болдог бол волейболоор хичээллэсэн тамирчин төлөв даруу, түвшин сайхан бие галбиртай, энгийн нийтэч хүмүүс болж төлөвшдөг. Хамгийн чухал нь эгзэгтэй үед ухаалаг шийдвэр гаргах оюуны асар өндөр чадамжийг олж авдаг онцлогтой. Энэ спортыг хөөсөн хүн их даруухан байдаг. Юм болгон дээр савсганаж, онгироод байдаггүй. Энэ мэт яривал давуу тал их ээ.

-Сүүлийн жилүүдэд манай улс багийн спортоор боломжийн сайхан амжилтуудыг гаргах болсон. Энэхүү амжилтаа өшөө дээшлүүлж, энэ эрчээрээ хөгжвөл волейболын спорт, багийн спортоор олимпоос медаль хүртэхэд хэр ойрхон байна гэж харж байна?

-Энэ бол үнэхээр хол асуудал. Нэг жишээ хэлье л дээ. Ираны баг саяхныг болтол дэлхийн хэмжээний баг биш л байлаа. Өнгөрсөн тивийн тэмцээнээр Ираны багийг харсан чинь тамирчид нь тийм ч өндөр биш хэрнээ биеийн хөгжил, тоглолтын ур чадвар нь огцом сайжирсан нь мэдэгдсэн л дээ. Одоогоор Монголын баг дэлхийн хэмжээнд битгий хэл Азидаа хэцүүхэн л байгаа. Гэхдээ бодлого, бэлтгэл сургуулилтаа хавсаргаад зөв чиглэлд явах юм бол Иран шиг гэнэтхэн л дэлхийд гараад ирэхийг үгүйсгэхгүй. Сүүлийн үеийн залуучуудын нуруу туруу ч гайгүй болчихлоо. Яг одоо үеэс л Монголын волейболын багийн шинэчлэл, шинэ түүх ирж байна уу даа л гэж харж байна. Олимп, дэлхийгээс медаль хүртэхийн тулд өнөөгийн явж буй бодлогыг л маш сайн өөрчилж байж л ярих учиртай болов уу. Шуудхан хэлэхэд дэлхийн волейболын спортоос Монгол хоцорч яваа. Эхний удаад дэлхийд биш зүүн Азийн орнуудыгаа дийлчих хэрэгтэй байгаа юм. Энэ нь ойрын хэдэн жилдээ бидний хувьд дөхүү санагдана.

-Манай улсын сагсан бөмбөгийн холбоо легионер тамирчдыг дотоодын лигт их тоглуулдаг шүү дээ. Үүнтэй адил волейболын спортыг монголд илүү сайн хөгжүүлэхийн тулд гадаадын чадварлаг, нэртэй тамирчдыг урьж, хамтран тоглож болдоггүй юм уу?

-Манай волейболын холбоо бодлого, үйл ажиллагаа нь жоохон зогсонги л байгаа болохоос биш уг нь анхдагч нь л байсан. Хамгийн анх легионер тоглогчдын монголын волейболын холбоо урьж, дотоодынхоо багуудтай тоглуулж байсан түүхтэй. Биднээс санаа авч, сагс, хөлбөмбөг гадаадын тоглогчдыг урих болсон. Тухайн үед тамирчдын ур чадвар ч өсөж л байлаа. Энэ бас нөгөө эдийн засгийн асуудалтай холбоотой болоод явчихдаг. Одоо үүнийг их гоё л зохион байгуулах хэрэгтэй байгаа юм. Мэдээж манай улсын баг, тамирчид гадаадын чадварлаг, нэртэй тамирчидтай гар зөрүүлнэ гэдэг ур чадвар, туршлагын хувьд өсөх нь тодорхой юм. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм болохоор л волейболын холбоог зоригтой, дайчин, хурдан хөдөлгөөн орох шаардлагатай хэмээн хэлээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *