Түүхэндээ Монголын анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй боксчин болсон үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер ОБЕГ-ын харьяа “Аврагч” спортын хорооны 120 дугаар ангийн тамирчин Ахлагч Л.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон XIII дахь удаагийн эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэе. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар тодруулахгүй юу?
-Энэтхэгт болсон боксын 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байгаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний тав дахь удаагаа оролцож буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тиймээс өөртөө заавал медаль авна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа сайн бэлтгэсэн. Эхний тулаандаа Францын тамирчинтай таарч 5:0 харьцаатайгаар ялсан. Түүний дараа Хятадын хоёр талаараа өрж тоглодог, адилхан солгой тамирчинтай таарч 5:0 харьцаатайгаар ялж, хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчинтай тоглож 5:0 ээр хожин хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчинтай таарч 5:0 харьцаатайгаар ялж мөнгөн медалийн болзлыг хангасан. Финалын тоглолт дээр Энэтхэгийн тамирчинтай таарч Энэтхэгийн тамирчин намайг зуурч, цохиж тоглолтыг маань гаргуулаагүй. Тэгээд 5:0 харьцаатайгаар хожигдсон.
-Энэ удаагийн тэмцээнд анх удаа сэтгэл зүйчтэй оролцсон шүү дээ. Сэтгэл зүйчтэй хамт тэмцээн, уралдаанд явж хамтран ажиллах нь ямар байсан бэ?
-Анх удаа сэтгэл зүйчтэй тэмцээнд оролцоход өмнөх тэмцээнүүдийг бодоход илүү өөр байсан. Бидний дотоод сэтгэлдээ болон анхаарах зүйлс, ринг дээрээ ямар сэтгэл зүйтэй гарах, багш нарынхаа заавар зөвлөгөөг хэрхэн анхаарч авч ажиллах гээд бүх зүйлсд зааж зөвлөсөн. Түүнчлэн эмч Ч.Насанбат эмч маань сэтгэл зүйчтэй хамт нэг хүн шиг л хамтран ажилласан учраас өнөөдрийн амжилтад хүрсэн байх. Бидний бүх зүйлийг анхаарч бэртэл, гэмтлээс болгоомжилж, ханддаг эмч хүн үгүй бол амжилтад хүрэхгүй байх гэж боддог. Сэтгэл зүйч Б.Золзаяа эгч маань бидэнд өөрсдийн хийж чадах бүх зүйлсээ хийж хурцалж, сэтгэл санааг өргөхөд анхаарч ажилласан.
-Боксын спортыг анх хэрхэн сонгох болсон бэ. Энэ спортоор хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?
-Анх спортоор хичээллэж эхлэх үедээ өөрийн биеэ хамгаална л гэж бодож суралцаж эхэлж байсан. Энэ спортоор цаашид хичээллэж тэмцээн, уралдаанд оролцож тамирчин болно гэж орж байгаагүй. Тэр үедээ шатар, жүдогоор хичээллэж байгаад боксын спортыг сонирхож хичээллэн гараагаа эхлүүлж байсан. Анхны тэмцээндээ мөнгөн медаль хүртэж, түүний дараагаар тэмцээнүүдэд оролцдог болж боксын спорт надад тохирох спорт юм байна гэдгийг мэдэж өнөөдрийг хүртэл хичээллэж байна.
-Эмэгтэй хүний хувьд боксын спортоор хичээллэх үед бэртэл гэмтэл авах үе бишгүй олон байх. Тэр үед ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Энэ спортоор хичээллээд гэмтэл бэртэл авах үед “Миний охин хичээллэхээ болих юм уу” гэж ээж минь хэлдэг. Боксын спортдоо өөрөө их сонирхолтой, хайртай болохоор ямар нэгэн гэмтэл, бэртэл авахгүйн тулд хичээнгүйлэн бэлтгэл, сургуулилтаа хийдэг.
-Шавийн эрдэм багшаас гэдэг шүү дээ. Та багшийнхаа талаар ярихгүй юу?
-2010 онд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубт элсэн орж анхны багш Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчийнхаа заавар зөвлөгөөгөөр хичээллэж эхэлсэн. Багш минь тэр үед намайг спортод авьяастай хүүхэд байна гэж хэлсэн. Тэр үеэс хойш энэ спортоороо хичээллэж эхэлсэн дээ. 2013 онд авто осолд орж түүнээс хойш спортоо нэг жилийн хугацаанд орхисон. Тэр үед багш минь намайг орхилгүй өдийг хүртэл дэмжиж хамт явсан. 2017 онд Үндэсний шигшээ багийн тамирчин болж, 2019 онд “Аврагч” спорт хороонд тамирчнаар орж байсан юм.
Мэдээж энэ миний биш бидний амжилт. Намайг энэхүү амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.
“Өдрийн сонин”-оор дамжуулан анхны багш дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр, Монгол Улсын гавьяат эмч Ч.Насанбат, сэтгэл зүйч Б.Золзаяа, Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ж.Еркин, О.Батхүү, Ц.Даваацэрэн, Г.Мөнхжаргал, М.Буянжаргал болон нийт баг тамирчид, гэр бүл, найз нөхөд гээд намайг сэтгэлээрээ дэмжиж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Бид яг л нэг хүн шиг, атгасан гар шиг байж чадсан.
Түүнчлэн Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, дэд ерөнхийлөгч М.Баянмөнх нийт удирдах зөвлөлийн гишүүд, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Баясгалан, Монголын боксын холбоо, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, ОБЕГ, Хошууч генерал Г.Ариунбуян, Аврагч бокс” клубын тэргүүн Бригадын генерал М. Энх-Амар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврагч биеийн тамир техник спорт хороо 120 дугаар ангийн дарга Дэд хурандаа П.Бүрэнтөгс нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.
-Та одоо ямар тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа вэ. Дараагийн тань зорилго 2024 оны Парисын олимп уу?
-Одоо энэ есдүгээр сард Азийн наадам зохион байгуулагдана. Азийн наадамд эхний дөрвөн байрт шалгарвал олимпод оролцох эрхээ авна. Одоогийн байдлаар тус тэмцээнд амжилттай оролцож 2024 оны Парисын олимпын эрхийг авах зорилготой байна. Азийн наадмын дараа олимпын эрхийн тэмцээн хоёр удаа зохион байгуулагдана. Тус олимпын эрхийн тэмцээнээс ч мөн олимпын эрхээ авах зорилготой байгаа. 2024 оны Парисын олимпод оролцож Олимпын аварга болохыг мөрөөдөж байна.
-Таны хувьд тэмцээний өмнө өөрийн сэтгэл зүйдээ хэрхэн анхаардаг вэ?
-Миний хувьд тэмцээний өмнө дуугаа хурааж ямар нэгэн хүнтэй ярилгүйгээр өөрийгөө тусгаарладаг. Харин тэмцээн дууссаны дараагаар энгийн харилцаандаа ордог.
-Рингэн дээр хэдхэн секундийн хугацаанд хувь заяа шийдэгддэг шүү дээ. Энэ хугацаанд сэтгэл зүйгээ сайн бэлдэж, төвлөрч чадсан нь ялалт авчирдаг уу?
-Бид хэдэн жил бэлтгэж, зүтгэсэн хөдөлмөрөө нэг тэмцээнд оролцож шийддэг болохоор алдаагаа давтахгүйн төлөө рингэн дээр бүх зүйлсээ гаргадаг. Манай спортод долоон хоногийн хугацаанд жингээ барьдаг. Тэмцээнд нэг ялагдвал дахиж тоглоно гэсэн дүрэм үгүй учраас их хатуу спорт.
-Та боксын спортын аваргууд болох Т.Үйтүмэн, Н.Энхбат, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын бичлэгүүдийг үзэж үлгэр дуурайлал авдаг байв уу?
-Спортын аваргууд
болох Т.Үйтүмэн, Н.Энхбат, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Д.Отгондалай, Н.Төгсцогт гээд ах нараасаа суралцаж, үлгэр дуурайлал авах зүйл их байдаг. Үүнээс Дорнод аймгаас гарч ирсэн хүн бол Д.Отгондалай ах минь. Д.Отгондалай ах шигээ Олимп, дэлхийн медальтан болно гэж их боддог байсан. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багш минь “Чи над шиг гавьяат болно” гэж хэлдэг байсан. Багшийнхаа хэлснээр амжилтад хүрч чадаж байгаа байх аа гэж бодож байна.
-Боксчин цаанаасаа төрнө гэж байдаг уу. Үнэхээр авьяастай төрсөн боксчин гэж байдаг уу?
-Боксын спортод авьяастай хүн гэж бий. Намайг боксын спортод орж байх үед багш нар маань төрөлхийн авьяастай хүүхэд байна гэж хэлж байсан. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд авьяастай ч өөрийн авьяасаа гаргаж чаддаггүй хүн их байдаг. Би маш их хичээж, зүтгэсэн учраас энэ хүртэл ирсэн байх гэж боддог.
-Боксын спортын сайхан болон хүндрэлтэй зүйлсээс хуваалцахгүй юу?
-Боксын спортыг ихэнх хүмүүс зүгээр л зодоон гэж ярьдаг. Миний хувьд боксын спорт бол урлаг юм. Боксын спорт нь цээж хөдөлгөх, гаргах, цохилтоо хэрхэн цохих гээд толгой ажилладаг учраас шатар, бокс хоёр ижил юм шиг санагддаг. Тийм учраас л энэ спортод сонирхолтой, хайртай байдаг юм. Боксын спортод гэмтэл бэртэл авах үеүд л хамгийн хэцүү байдаг. Гэмтэл, бэртэл авах үед спортоо орхих, шантрах үе их тохиолддог. Ийм үеүдэд шантраагүй байсан болохоор дэлхийн медалийн тавцанд гарсан байх гэж боддог доо.
-Таны хувьд бэлтгэлдээ өдөрт хэчнээн цагийг зарцуулдаг вэ?
-Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийдэг дээ. Бэлтгэл сургуулилтаа тэмцээн, уралдаангүй байх үедээ өдрийн хоёроос гурван цаг хийдэг. Тэмцээнтэй үедээ нэг цагийг бэлтгэл, сургуулилтдаа зарцуулдаг.
-Боксын спортоор хичээллэх нь ямар ач холбогдолтой юм бэ. Боксоор хичээллэснээр хүн юуг олж авах вэ?
-Боксын спортоор хичээллэснээр тэсвэр хатуужилтай байх, хүний үгийг дааж хүнтэй зөв боловсон харьцах зэргийг сургадаг.
-Боксын спортоор хичээллэж эхэлж буй залуус юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Ямар ч спортын төрлөөр хичээллэхдээ хамгийн их анхаарах зүйл нь тууштай, идэвхтэй байж бүх сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Бүх сэтгэл зүрхээ зориулж тууштай шаргуу хичээллэвэл түүнийхээ үр шимийг хэзээ нэгэн цагт заавал хүртдэг гэдэгт би итгэдэг. Тиймээс өөрөө л хичээвэл бүх зүйлсийг та хийж чадна шүү. Гэмтэл бэртлээс айхгүйгээр зорилго, мөрөөдөл рүүгээ зоригтой тэмүүлээрэй гэж хэлье. Нэг зорилгод хүрэхийг хүсэж тэмүүлбэл тууштай байж зорилгоо орхихгүй байх хэрэгтэй.