Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ковидын жилийн сонгууль


НЭГ. ХУУЧЧУУЛЫН ДАВУУ ТАЛ

Г.Маркесийн “Тахлын жилийн дурлал” гэлээ гэгчээр Монголын “Ковидын жилийн сонгууль” удахгүй болно.

Хагас хөл хориотой байгаа учраас нэр дэвшигчид тойргоороо аялан,олон хүнтэй уулзалт хийх боломжгүй. Иймээс шинээр нэр дэвшигчидтэй биечлэн танилцах аргагүй. Саяхан Засгийн газраас хагас хөл хориог сараар сунгасан нь ийм хязгаарлалтыг сонгууль дуустал үргэлжлүүлнэ гэсэн үг.

Харин дахин нэр дэвшиж байгаа их хурлын гишүүдийн хувьд хэд хэдэн давуу тал байна. Юуны өмнө өөрийгөө таниулах ямар ч хэрэгцээ байхгүй, өчнөөн жил мэдээ сурвалжлагын гол дүрээс салаагүй улс. Бас, Их хурлын гишүүд сонгуулийн өмнө тойрогтоо ажиллах, тайлангаа тавих эрхтэй тул байнга сурталчилгаа хийсээр байгаад сонгуультай золгоно.

Хууччуул юм үзэж, нүд тайлаагүй эрийг “Эхнэрээсээ өөр хүнтэй танилцаагүй, эмээлээсээ өндөр даваа даваагүй” гэж шоолдог шиг “Хуучин гишүүнээсээ өөр улстөрчтэй танилцаагүй” олон сонгогч санал өгнө.

Нөгөө талаасаа, “Ковид-19” цар тахалтай тэмцэж байгаа зарим алхам, тухайлбал халдвар тараахгүй барьж байгаа явдал нь эрх баригч намд нэмэх оноо авчирч байгаа.

Хүрэлсүхийн засгийн газар ч үүнийг тооцоолон “ямар нэгэн юм болох”-оос урьтаж сонгуулиа хийчих гээд яарч байгаа. Хилийн цаана гацсан олон мянган монголчуудыг боломжоороо зөөн авчирч байгаа нь тэдний ах дүүс хамаатан садны талархлыг бас хүлээж буй.

Гэвч, гаднаас, тухайлбал Оросоос голчлон “Ковид-19”-өөр өвчлөгсөд болон халдвар тээгчид бөөн бөөнөөрөө орж ирж байгаа нь нийтийн дунд халдвар тарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэрвээ “ямар нэгэн юм” үнэхээр болж, нийтийн дунд халдвар тархвал сонгууль хойшлох ба тэр хэрээрээ засаг, төрийн нэр хүндэд халтай.

Халдвар авсан хүмүүс “Ковид-19”-ийн голомт БНХАУ-аас бус, харин өрнөдөөс, нарийндаа ОХУ-аас голлон ирж байгаа явдал нь “муу явдал доторх сайн явдал” гэгч болж байх шиг.

Хэрвээ, Хятадаас зуугаараа байг гэхэд ядаж нэг л халдвар тээгч ороод ирсэн бол манай “эх оронч” нар үймээн дэгдээж, хилийн чанадаас монголчуудаа татан авах явдал зогсох нь наад захын хэрэг байв. Хятадын эсрэг чөлөөтэй жагсаж, үймээн дэгдээж, Хүрэлсүх Ерөнхий сайдаас эхлээд “Хятадын эрлийз”-ээр нэрлүүлэн жигшигдэх бол юу ч биш.

Аз болоход, “Монголын эх оронч” нар их төлөв Оросын ашиг сонирхлыг илэрхийлэхгүй юм аа гэхэд хөнддөггүйчүүд байх тул хоёр орны харилцаа хэвийн сайн, гадаадад байгаа эх орон нэгтнүүдээ татан авах ажил графикаараа явж байгаа нь бурхны ивээл гэлтэй.

Нэмж хэлэхэд, өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журмыг манайхан нийтээрээ хүндэтгэн дагаж байгаа явдал монголчууд үндсэндээ дэг журам, тэгш үйлчлэх шударга хууль ёсыг хүсэн хүлээж байгаагийн шинж юм.

Тэрнээс биш зарим нэг хүний мөрөөдөн төсөөлж байгаа шиг, хатуухан дэглэм тогтоогоод өгвөл монголчууд чөдрийн морь, уяаны нохой шиг болчихно гэсэн үг биш. Эрх чөлөөний амтыг нэг авчихсан ард түмэн түүнээсээ салж чадахгүй. Ялангуяа монголчууд шиг дур дураараа явахын амтанд орж өссөн үндэстэн эргээд дэглэмийн торонд дасах нь юу л бол.

ХОЁР. ШИНЭ ХҮНИЙ ДАВУУ ТАЛ

Харантийний жилийн сонгуульд бас олон давуу тал бий. Бурхан үүдээ хаасан ч цонхоо нээдгийн үлгэрээр интернэт, сошиал орчин нийтийн хэрэглээ болсон үед таарч байна. Ийм учраас нэр дэвшигчид орон зайнаас үл хамааран өөрийгөө таниулах боломжтой.

Түүнчлэн, эрх баригч намаас гадна, сөрөг хүчний намын нэр хүнд урд байгаагүйгээр доошилсон үед энэ сонгууль таарч байна. Өнгөрсөн гучаад жилд эрх баригч болон сөрөг хүчний рейтинг ингэтлээ зэрэгцэн уруудсан үзүүлэлт гарч байгаагүй юм. Тэдний нэр хүнд “Манай хороон дарга ёстой цусуутай хүн баа. Дулмаа ч бас Дулмаа” гэдэг онигоорхуу л байна.

Энэ нь цоо шинэ хүнийг нийгмээрээ эрж хайсан үед таарч байгаа сонгууль учраас шинэ хүмүүс, ялангуяа залууст ихээхэн боломж олгосон хэрэг юм.

Хэрвээ “Ковид-19” гарч, өндөржүүлсэн бэлэн байдал нэрийн дор шинэ үеийнхний өөрийгөө таниулах боломжийг хязгаарлаагүй бол Монголын улс төрд их эргэлт гарч мэдэхээр байсан юм. Өөрөөр хэлбэл, сонгогчид эрх баригч нам, сөрөг хүчин хоёроос аль алинаас нь залхсан. Ж.Орвэлийн “Амьтны ферм”-ийн баатрууд сүүлдээ гахай, хүн хоёроо ялгаж дийлэхээ байсан шиг л үзэгдэл.

Радио, телевиз, хэвлэлийг эрх баригчид ба барилцагчид хөрөнгө эрх мэдлээр далайлган эзэрхэж чадлаа ч гэсэн, тэднээс үл хамаарах сошиал ертөнц чөлөөтэй үлдэж байгаа нь шинэ үеийнхний бас нэг давуу тал. Өнөөгийнхөн зөвхөн эфирт цацсан нэвтрүүлэг биш, харин хүссэн контентоо сонгон үздэг болсон цаг.

ГУРАВ. ХЭНИЙ Ч САЙНЫГ МЭДЭХ БОЛОМЖГҮЙ

Мөрийн хөтөлбөр, мөрийн хөтөлбөр л харж санал өгнө гэнэ. Манайхан хэзээ байхдаа нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр сонирхож байлаа. Цагаан сараар дээл өмсдөг шиг “Нэр дэвшигчид нэг гайгүй мөрийн хөтөлбөр байхад зүгээр” л гэж үздэг юм. Харин ямар шан амлахыг сонирхдог. Нэр дэвшигчийн “Хэрвээ би ялбал төдөн төгрөг өгнө” гэдэг үг бол “Надад саналаа өгвөл ийм шан өгнө” гэсэн л амлалт шүү дээ. Амласан шангаа л өгчихвөл юу хийх нь хамаагүй учраас мөрийн хөтөлбөр огоот сонин биш. ЖДҮ-д идсэн гишүүд ч ялбал та нарт ийм ийм юм өгнө л гэснээс биш “Би хулгай хийхгүй” гэж ерөөсөө амлаагүй юм шүү. Одоо ч тэр хэвээрээ учраас өрх бүрт тэрбум ч гэнэ үү төгрөг өгөх барих юм яриад байгаа хэрэг. Ийм учраас мөрийн хөтөлбөрөөр сонгох ямар ч боломж байхгүй. Амлуулаад, амлуулаад явна гэвэл өөрснөө л мэдэх хэрэг.

Элдэвт хутгалдсан өнөөгийн эрх баригчид болон барилцагчдад өөрсдийн сайныг ярих боломж хомс. Өөдөөс нь ЖДҮ, “жаран тэрбум”-ыг нь гаргаж ирээд улалзуулна. Ийм учраас өөрийн сайныг харуулах гэж бүтэлгүйтэхийн оронд өрсөлдөгч нар нь өөрөөс илүү муухай гэдгийг харуулах нь амар.

Шинээр нэр дэвшигчид ч хууччуулын булхайг бас ярина. Иймээс энэ сонгуулиар хэн нэгний сайн тал, гэгээтэй үйлсийг мэдэж авна гэж горьдолтгүй.

Харин түүний оронд гуравхан сая хүнтэй улсад ийм олон хог шаар яаж багтаж байна гэж гайхмаар л хэд хоногийг бид туулж таарна. Ялангуяа, ялах магадлалтай залуу шинэ үеийнхэн ийм дайралтад илүү өртөх байх. Шинэ үеийнхнийг бол гүтгэн харлуулаад, түүнийг нь залруулах цаг гаргалгүй сонгууль хүргэх тактик л барих болов уу.

Сонгогчдыг “Шинэ хулгайч нь хуучин хулгайчаасаа долоон дор амьтан юм байна. Иймээс сайн мууг нь мэдэж, дасал болсон хуучин хулгайчтайгаа үлдсэн нь дээр” гэсэн дүгнэлтэд хүргэх санаа гэсэн үг. Ийм учраас ямар нэгэн сайн мөрийн хөтөлбөртэй, сайн нэртэй хүнийг олоход амаргүй сонгууль болно.

Нөгөө талаасаа, олон түмэн маань амлахаас цаашгүй поп улстөрчдөө танин жигшиж эхэлж байгаа цаг. Тэднээс болгоомжилж байгаа айдас нь шинэ хүн бүрийг хянуур шинжих сонирхол төрүүлж мэднэ. Авлигыг нураагаад, ард түмнийг баясгаад явах байх хэмээн дэмжсэн олон этгээд нь амиа л хоохойлж, ах дүүсээ өөд татахаас хэтрэхгүй байгааг хүмүүс харж таньсан. Ийм учраас галзуу тэмцэгч, авлигатай “нэгийгээ үзэн нэхий дээлээ уралцагч” нэртнүүдээ жигшиж байгаа учраас галтай, цогтой илтгэгч нараас зайгаа барьж эхэлсэн. Иймээс шинээр өөрийгөө таниулж байгаа нь энэ гээд хоолойгоо цахиртуулан бахирваас олныг жигшээж мэдэхээр болсон.

ДӨРӨВ. МУУГААС МУУГ НЬ ЯЛГАХ АРГА

Тэгэхээр яах вэ? Энэ олон муу дотроос арай дөнгүүр мууг нь яаж таних вэ? Гэхдээ гарц бол байх шиг санагдана.

Юуны өмнө хэнд муулуулж байгаагаар нь ялгаж болно. Эндээс “хэн нь хэнд саад болоод байгаа”-г мэдэж болно. Мэдээж, архаг нэр дэвшигчид өөрөө гарч ирээд өрсөлдөгчөө хараахгүй. Өөрийн мэдлийн зурагт, сониноор их төлөв дамжуулна. Тэндээс нь харж болно. Гэхдээ цаадуул чинь санаа гэдэг чинжүү, сахал гэж туужуу. Яаж тойруу замаар өрсөлдөгчөө алахаа сайн мэднэ.

Өөр арга бас байна. Муугаараа дуудуулаад байгаа хүний оронд хэнийг сонгох болоод байна, тэгвэл гээд харахаар нэг этгээд тодроод ирнэ. Тэр этгээдийн явуулгаар л наад хүнийг чинь миалаад байгаа нь илэрхий болно.

Огт мэдэхгүй хүний чинь талаар итгэмээргүй юм яриад байвал л ингээрэй гэж байгаа. Тэрнээс биш, ЖДҮ-чинг жидүүчнээр нь дуудахаар ингэж бодоорой гэсэн юм биш гэм.

Нэг хүний хоёр эхнэр бие биедээ зэтгэр гэгчээр нэг намынхан бие биедээ зэтгэрлэх сонин дүр зураг бас байна. Намуудын нэр хүнд доройтсон үед томсгосон тойрог бол оновчтой сонголт биш аж. Намын хуучин дэмжигч хүртэл “За яахав, баатарлаг улаан армид нэг морь, ялагдаж яваа Гитлер хүүд тугалтай үнээ” гэгчийн үлгэрээр саналаа өгөх магадлалтай. Юу гэхээр, хичнээн дургүй байлаа ч гэсэн олон жил дэмжсэн намдаа эрхбиш нэг санал өгнө гэж ганц нэр дугуйлаад, үлдсэнийг нь өөр тийш нь шиднэ. МАН-ын дэмжигч үлдсэн саналаа АН-д өгөхгүй, АН-ын дэмжигч ч тэр мэт. Иймээс нэг намаас нэг тойрогт нэр дэвшигчид МАН, АН гэлтгүй хоорондоо өрсөлдөгч болчихож байгаа юм. Өнөөдөр хоёр, гурвуулаа гоёж гоодон, байдгаараа инээн авахуулсан группэн фортретоо тарааж байгаа хүмүүс “Бид хэдээс хэнийг нь вэ” гэсэн асуултыг сонгогчдод тавьж байна. Гэхдээ, эрх баригч МАН-ынхан маанаг биш, нэг нэгээрээ нэр дэвшээд хавтгайдаа унаснаас, нэг тойргоос ядаж нэгийг авч үлдэх тактик барьж байгаа хэрэг. Энэ нь бусад эвсэл, шинээр нэр нь гарагсад, бас бие даагчдад шинэ боломж нээж байгаа.

Ковидын жилийн сонгууль нэг иймэрхүү болох төлөвтэй. Ямар нэгэн юм болоод сонгууль хойшлогдчихгүй бол шүү дээ…

2020.05.27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *