1. Хойд Калифорнийн их сургуулийн эрдэмтдээр ахлуулсан баг коронавирусийн хүн амын сэтгэлзүйд үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор АНУ-н 1500 хүнийг хамруулсан судалгааг онлайнаар зохион байгуулжээ. Судалгааны дүнгээр 18-аас доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхэдгүй эцэг, эхчүүдээс илүү их депрессд орж байгааг илрүүлжээ. Мөн 50-иас доош насны хүмүүс өндөр настай хүмүүстэй харьцуулахад илүү их стрессийн нөлөөнд өртсөнийг мэдээлжээ.
2. Хятадын Ухань хотын шинжлэх, ухаан технологийн их сургуулийн эрдэмтэд ам-залгиураас ялгарч буй шүүрэлд коронавирусийг илрүүлэх шинжилгээг хийх нь хуурамч-сөрөг хариуг багасгах ач холбогдолтой гэж мэдээлжээ. Учир нь хамар-залгиурын арчдасын шинжилгээгээр сөрөг гарсан хүмүүсийн ам- залгиурын шүүрлээс сорьц авч шинжлэхэд коронавирус илэрсэн байна.
3. Паркинсоны өвчтэй 2000 хүн, тэдгээрийн гэр бүлийг оролцуулсан судалгаагаар оролцогчдын гуравны нэг нь хөл хорионы үеэр өвчний шинж тэмдгүүд гүнзгийрч, нэмэгдсэн болохыг тогтоожээ. Ланкастрын их сургуулийн эрдэмтдийн хийсэн уг судалгааны дүнгээр паркинсоны өвчтэй хүмүүс коронавирусийн халдвараар хүнд өвдөх өндөр эрсдэлтэй тул цар тахлын үед эдгээр хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээнд анхаарал хандуулах хэрэгтэйг зөвлөжээ.
4. Коронавирусийн G614 болон D614 гэсэн 2 хэлбэр хүн амын дунд орчилд байгааг мэдээлж байгаа бөгөөд эдгээр нь байнга жижиг хувирал өөрчлөлтөд орж байдаг байна. Харин хүний дархлааны эсрэгбие мутацид орсон G614 хувилбарыг амархан таньж, устгаж байгааг судалгаа харуулжээ.
5. Их Британийн судлаачид амны хөндийн эрүүл ахуйг сайн сахих нь Ковид-19-н халдварын эрсдэлийг бууруулна гэж үзжээ. Учир нь амны хөндийд байх олон төрлийн бичил биет нь зүрх судас, даралт ихсэх, сахарын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд улмаар Ковид-19-н үед эдгээр өвчний эрсдэл нэмэгдсэнээр өвчтөн коронавируст халдвараар хүндээр өвдөх эрсдэлийг бий болгоно гэжээ.
6. Испанид 61 000 хүнийг оролцуулж хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дархлаа хэдхэн 7 хоногийн дараа буурч байгааг илрүүлсэн бөгөөд судлаачид халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ.
7. Хятадын Хелионжанг аймагт гадны улсад аялаад ирэхдээ коронавирусийн шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн хүн 70 гаруй хүнд халдварыг тарааж, өвчин голомтлон тархсан болохыг судалгаагаар илрүүлжээ.
8. Жирэмсний сүүлийн сард коронавирусийн халдвар авсан эхийн эхэсээр халдвар дамжин ураг халдвар авсан болохыг Францын эрдэмтэд судалгаагаар илрүүлжээ. Халдвар авснаас 11 хоногийн дараа хүүхдийн тархины MRI шинжилгээнд өөрчлөлттэй гарсныг судлаачид мэдээлжээ. Харин 2 сарын дараа хүүхдийн биеийн байдал бүрэн хэвийн байдалдаа орсон байна. Цаашид вирус хэрхэн урагт халдварласныг нарийвчлан судлах шаардлагатайг анхааруулжээ.