Categories
мэдээ нийгэм

КОПИА-МОНГОЛ төв нээлтээ хийлээ

БНСУ-ын хөдөө аж ахуйг дэмжих газрын харьяа КОПИА-МОНГОЛ төвийн Монгол дахь салбар албан ёсоор нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд БНСУ-ын технологийн хамтын ажиллагааны төвийн захирал Ро Сухёон, Копиагийн Азийг хариуцсан захирал Чанг Анчоль, Монголын талаас ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл нар оролцсон юм. Хоёр орны хооронд ХАА-н технологи техникийн хамтын ажиллагааны тухай санамж бичгийг ҮХАА-н сайд Х.Баттулга, БНСУ-ын хөгжлийн агентлагийн удирдах ажилтан Янг Хо Ли нар 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр байгуулжээ. Уг санамж бичгийн хүрээнд газар тариалангийн болон мал аж ахуйн чиглэлээр шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхээр байгуулсан байна. Төслийн хүрээнд одоогоор Буудайн элит үр гаргах, үр үржүүлэх төслийг энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр Копиа-Монгол төв, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооронд хамтран ажилах гурван талын гэрээг байгуулан ажиллаж байгаа аж. 

Бэлчээр сайжруулах, малын ашиг шимийг дээшлүүлэх, Монгол улсын хөрс, цаг агаарын нөхцөлд дасан зохицсон “Бургалтай” сортын олон наст тэжээлийн ургамлын үр үржүүлэх зорилгоор Төв аймгийн Эрдэнэ суманд 4 га, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2 га, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 6 га талбайд тус тус тариалалт хийж эхлүүлсэн байна. Мөн цаашид Экстейншиний үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Телевизийн цахим видео студи байгуулах” төслийг хэрэгжүүлэх гэнэ. Ажлын хүрээнд гар утасны программ боловсруулж малчид тариаланчид, ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл хүргэх, сургалт явуулах дэвшилтэт технологийг ашиглах үйл ажиллагаа хийгдэх аж. 

У.Ууганцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *