Categories
мэдээ нийгэм

Хятадад шинэ төрлийн томуугийн вирус гарчээ

Цар тахал болж тархах эрсдэлтэй томуугийн вирусийн шинэ төрөл Хятад улсад гарсныг эрдэмтэд мэдээлжээ. Одоогоор тус вирусийн халдвараар олон тооны гахай өвчилсөн бөгөөд хүнд халдах боломжтой гэнэ. Энэхүү томуугийн шинэ төрлийн вирус нь H1N1-тэй төстэй бөгөөд вирусийг эрдэмтэд G4 EA H1N1 гэж нэрлэжээ.

Тус вирус нь хүнээс хүнд хялбархан халдах боломжтой тул шинэ коронавирусийн халдвар шиг цар тахал болох аюултай аж. Учир нь хүмүүс уг вирусийн эсрэг сул эсвэл огт дархлаагүй гэж үзжээ. 2009 онд Мексикт эхэлж, улмаар дэлхий даяар тархсан гахайн ханиадны вирустэй зарим талаар ижил төстэй гэж RG мэдээлсэн байна. олон улсад тархсан ч хүн төрөлхтний олонх нь үүний эсрэг дархлаатай байсан учраас бага хохирол амсчээ. Өдгөө тус вирусийн эсрэг вакцин гарснаар аюулыг улам бууруулсан байна. Хэдийгээр энэхүү омог нь гахайгаар дамжин халдварлагдах хэдий ч хүнээс хүнд дамжих боломж бүхий “шинж тэмдгүүд агуулагдаж байгаа”-г судлаачид баталсан байна. Хятадын гахай нядалгааны газар болон гахай үржүүлгийн газрын ажилтнуудаас шинэ төрлийн вирусээр халдварласан тохиолдлуудыг эрдэмтэд илрүүлжээ. Энэ омгийг илрүүлсэн эрдэмтэд Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ “гахай бол цар тахалд хүртэл дэгдэх ханиадны вирусийн тээгчид” бөгөөд гахайн ханиадны вирусийг тогтмол ажиглах нь дараагийн цар тахал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд нэн чухал гэдгийг онцолсон байна. Мөн гахайны вирустэй тэмцэх арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлж, вирусийн тархалтыг нарийвчлан хянах шаардлагатайг эрдэмтэд онцолжээ.

G4 EA H1N1 гэж эрдэмтдийн нэрлэсэн энэхүү вирус нь хүний амьсгалын замыг бүрхдэг эдүүдэд өсч үржих боломжтой гэнэ. Одоогоор энэ вирус томоохон аюул заналхийлээгүй ч хайхрахгүй орхиж болохгүй бөгөөд байнгын хяналт, ажиглалт хийх шаардлагатай гэж вирусийн шинэ омгийг судалж байгаа Хятадын профессор Кин-Чоу Чанг болон түүний багийнхан онцолсон байна.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *