Сүүлийн үед сансар судлалын салбарт хүч түрэн орж
ирж байгаа БНХАУ өөрийн сансрын станцыг байгуулах хоёр дахь пуужингаа амжилттай
хөөргөсөн болохыг “Синьхуа” агентлаг уламжиллаа. Үүнээс өмнө
анхны пуужингаа 2011 онд хөөргөж байсан болохыг Хятадын сансар судлалын
хүрээлэн мэдэгджээ.
Хятад улс 2022 он
гэхэд өөрийн гэсэн сансрын станцыг байгуулах төлөвлөгөөтэй байгаа болохыг
албаны эх сурвалж цохон тэмдэглэлээ. Түүнээс гадна сая хөөргөсөн
“Тиангүнг-2” пуужингаар станцын чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгийг
амжилттай задгай сансарт гаргаж, дэлхийн тойрог замд оруулсан байна. Пуужин
орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө “Цюциань” сансрын буудлаас
хөөрсөн бөгөөд энэ үйл явдлыг Хятадын үндэсний телевизээр шууд дамжуулан
үзүүлжээ. Энэ нь ард түмэндээ өөрийн орны хөгжил цэцэглэлтийг харуулах,
үндэстний бахархлыг төрүүлэх зорилготой алхам болохыг гадны хэвлэл мэдээллийн
албаныхан онцолж байна.
Сансар судлалын
салбар маш их хөрөнгө мөнгө шаарддаг учраас дэлхийн хөгжингүй орнууд энэ
салбарт хамтран ажиллахыг илүүд үздэг. Өмнө нь олон улсын “Мир”
сансрын станцад ихэнх орны сансар судлаачид ажилладаг байсан бол тус станц 2001
оны гуравдугаар сард элэгдэл гэмтлийн улмаас дахин ашиглах боломжгүй болсон
түүхтэй. Одоо олон улсын 14 орны хамтран байгуулсан сансрын станцыг цөөнгүй
орон ашиглаж байна. Хятад улс бие даан сансрын станц байгуулах шийдвэр гаргасан
нь өөрийн эдийн засгийн хүчин чадал, сүр хүчийг тодотгон харуулсан алхам боллоо
гэж үзэх судлаачид цөөнгүй байгаа юм. Хятадын сансар судлалын хүрээлэн ирэх
сард “Шензоу-11” загварын хүн тээвэрлэх зориулалт бүхий пуужинг хоёр
сансарн нисгэгчийн хамт хөөргөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэд
“Тиангүнг-2” сансрын станц дээр 30 хоног ажиллаж, төрөл бүрийн туршилт
хийх болно.