Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хөвсгөлд амиа алдсан биологичийн аав Ж.ТӨМӨРСҮХ: Хүү минь дөрөв дэх удаагаа халдлагад өртөж амиа алдлаа

-ТОСТЫН НУРУУНД ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГ УУЛ УУРХАЙН КОМПАНИЙНХНЫГ ХАРДАЖ БАЙНА-

Ж.Төмөрсүх насаараа байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа. Талийгаач аавынхаа мэргэжлийг өвлөжээ

Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл энэ сарын 5-нд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд цогцсыг нь Хөвсгөл далайгаас олсон талаар манай сонин мэдээлсэн билээ. Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийхдээ талийгаачийг гадны нөлөөгүй нас барсан гэж мэдэгдсэн. Харин УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн хуралдаан дээрээ энэ асуудлыг хэлэлцэж, хэргийн цаад учрыг олох ёстой гэж үзсэнээ мэдээлсэн юм.

Талийгаач өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж, барьцаалдагдаж байсан гэх мэдээллийг эх сурвалж манай сонинд өгсөн. Талийгаачийн аав Ж.Төмөрсүхтэй ярилцлаа.

Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Хүнд үед ярилцлага авах хүсэлт тавьж байгаад уучлаарай.

-Өнөөдөр хүүгээ сүүлчийн замд нь үдлээ. Дөнгөж сая буяны ажилд оролцсон хүмүүсээ явуулчихаад гэртээ орж ирээд, өөртэй чинь ярьж байна. Талийгаач маань айлын том хүү. Доороо гурван дүүтэй. Манай гэр бүлийн түшиг тулгуур байлаа. Зөвхөн гэр бүлдээ ч биш Монгол Улсад чухал хүн байсан гэдгийг сүүлийн хэд хоногт мэдэрлээ. Олон улсын байгаль хамгаалах байгууллагуудаас маш олон эмгэнэл ирлээ. Өнөөдөр оршуулганд Шведийн байгаль хамгаалагч ирж оролцчихоод буцлаа. Шведээс ирсэн ажлынх нь хамтрагч “Манай ажлын цөм хүн байлаа” гэж хэлэхийг сонсоод хүүгээрээ бахархаж зогссон. Миний хүү 27 насандаа дэндүү ихийг хийж бүтээгээд, арай л эрт буцчихлаа. Ирвэсний судалгааг Монголд байгаагүйгээр хийж байсан юм билээ. Биологийн салбарынхан, “Хүрээлэн амьд ертөнц” төслийнхөн, Өмнөговь аймгийнхны хувьд хүү минь ерөөсөө л “Хуурай хүү” нь байжээ.

Талийгаач энэ сарын 5-ны үүрээр машинаа гараашид тавина гээд гарсан гэдэг. Хөдөө явахаар төлөвлөж байсан юм болов уу?

-Энэ сарын 6-нд ажлынхантайгаа Өмнөговь аймаг руу явахаар бэлтгэж байсан юм билээ. Томилолтоо авчихсан, замынхаа хүнс, очоод хэрэглэх эд зүйл гээд бүх бэлтгэлээ хийчихсэн. Арваннэгдүгээр сарын 6-нд машиных нь дугаар явахгүй өдөр байж. Тиймээс таванд машинаа хотоос гаргаж тавьчихаад ирье гээд гарсан байгаа юм. Тэгээд л сураггүй болчихсон. Манайх Хөвсгөлд байдаг. Хотоос хүүг минь сураггүй болчихлоо гэж 6-нд утсаар ярьсан. Сураггүй болсныг сонсоод “Нөгөө нөхдүүд дахиад барьцаалчихлаа” гэж бодоод би шууд хотод ирсэн. Угаасаа ч би Өмнөговь руу явахыг нь зөвшөөрдөггүй, хориглодог байсан юм.

Ирээд цагдаагийн газарт мэдэгдсэн үү?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл өгч, тэндээс шалгаж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд цагдаа нар тун хойрго ажилладаг юм билээ. Цаагуураа эрэн сурвалжлаад шалгаад байсан байж магадгүй. Бидэнд мэдэгдэхээр ажил хийж харагдаагүй. Танил хүмүүсээрээ дамжуулж хөөцөлдөөд хүүгээ Дархан руу явах замаар хотоос гарсныг нь мэдсэн.

Хэзээ тэр вэ?

-Энэ сарын 8-нд мэдсэн хэрэг. Ерөөсөө л 5-нд гэрээсээ гараад тэр чигтээ явчихсан бололтой юм билээ. Баруун тийшээ явсныг нь мэдээд цагдаад тэр тухай мэдээлэл өгсөн.

Машинд нь талийгаачаас өөр хүн явсан болов уу. Камерын бичлэгт хүнтэй явсан гэх дүрс үлдсэн болов уу?

-Замын бичлэгт мэдэгддэггүй юм билээ. Булганы шатахуун түгээх станцын бичлэгээс харахад урд суудал дээр нь хүн байгаагүй. Хойно юу байгаа нь харагддаггүй юм байна.

Та хүүгээ Өмнөговь руу явахыг хориглодог байсан гэсэн. Ямар учиртай юм бэ?

-Тэнд хүү минь халдлагад өртөж амиа алдах шахсан. Аймгийн цагдаагийн газрын Түмэнбаяр гэдэг байцаагч долдугаар сараас хойш дуудаж байгаа. Гэмт этгээдийг олж хориогүй цагт хүүгээ явуулж эрсдэлд оруулахгүй гээд би явуулахгүй байсан юм. Энэ удаа ажлынхантайгаа явна гэсэн болохоор нь гайгүй байх гэж найдаж байлаа.

Хүүгээ сураггүй болсныг сонсоод “Нөгөө нөхдүүд дахиад барьцаалчихлаа” гэж бодсон гэлээ. Танай хүүд өмнө нь юу тохиолдсон юм бэ?

-Дөрөв дэх удаагаа халдлагад өртөөд байгаа нь энэ. Үүнээс өмнө гурван удаа халдлагад өртсөн. 2014 оны тавдугаар сард 23.00 цагийн орчимд “Залуучууд” зочид буудлын ойролцоо явж байхад нь үл таних дөрвөн залуу дайрч хоолой, гарыг нь хутгалсан байсан. Азаар хүү минь үхээгүй. Нөгөө нөхдүүд үхчихсэн гэж бодоод зугтсан бололтой юм билээ. Хүү минь үүрээр дөрөв, таван цагийн үед ухаан орж арайхийн гэртээ ирээд түргэн тусламж дуудсан. Гэр нь ойрхон л доо. Эмнэлэгт очиж анхны тусламж авч, олон оёо хийлгэсэн.

Цагдаад мэдэгдээгүй юм уу?

-Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэхэд цагдаа бүртгэж авдаг юм билээ. Түүнээс манайхан гомдол гаргаагүй. Хүү минь үнэхээр шоконд орчихсон байсан. Эмнэлгээс гараад Хөвсгөлд гэртээ ирж тэнхрээд буцаж ажилдаа орсон.

Дараа нь бас халдлагад өртсөн юм уу?

-2015 оны нэгдүгээр сард их дэлгүүрээс гэр рүүгээ явж байсан. Тэгтэл тавдугаар сургуулийн урд том хар жийп тулж зогсоод хоёр залуу хүчээр машинд суулгасан байгаа юм. Тэгээд баг өмсүүлээд 20-30 км давхиж, их дуу чимээтэй газарт аваачсан гэсэн. Тэнд багтай гурван хүн дарамталж, заналхийлсэн гэсэн. Нэг нь хаашаа ч юм утсаар ярьчихаад орж ирээд хүүг минь цохиж байсан тухай надад ярьсан. Тэд хүүг минь “Чи хөдөө байхдаа их том том ярьдаг бацаан. Хөдөө ч, хотод ч бидний гараас мултрахгүй” гэсэн байгаа юм. “Хуультай улсад та нар ингэж болохгүй” гэхэд нь “Хууль бидний гарт байгаа. Чи яаж ч чадахгүй. Хуулийнхан манай талд” гээд зодсон тухай ярьсан. Тухайн үед хүү маань бага хэмжээний мөнгөтэй явсан. Танхай нөхдүүд утсыг нь ч, мөнгийг нь ч аваагүй. Шөнийн хоёр, гурван цаг хүртэл дарамталж байгаад машиндаа суулгаад хотын төвд аваачиж хаясан гэсэн.

Машиных нь дугаарыг харж чадаагүй гэсэн үү?

-“Эргэж харвал ална шүү” гэж хэлээд явсан гэсэн. Хүү минь үнэхээр шоконд орчихсон. Нэг хоног хотод нуугдаад шууд Хөвсгөлд ирж байсан. 14 хоног ээжээсээ холдоогүй, гэрээсээ ч гараагүй. Тэгэхээр асар том дарамтад орсон байгаа биз.

Бас цагдаад мэдэгдээгүй гэж үү?

-“Ирвэс хамгаалах сан”-гаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандсан ч хохирол байхгүй гээд хэргийг хаачихсан гэсэн. Хүү минь айсандаа сар шахам гэртээ нуугдаж байгаад буцсан. Өөрөө ажилдаа үнэхээрийн дуртай, уул хадаар тэнэж явахдаа жаргадаг байсан. Тэгээд ажилдаа дурлаад явсан хэрэг. Гэтэл дахиад халдлагад өртсөн.

Хаана вэ?

-2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Өмнөговь аймгийн Тостын нуруунд судалгаа хийж явсан юм. Тэр өдөр мотоцикльтойгоо явсан. Зам нь хэцүү, хад ихтэй. Хоёр цагийн өмнө явсан замаараа буцаад иртэл багтай хоёр хүн отож байгаад нэг нь толгой руу нь цохиж ухаан алдуулсан. Нөгөө нь гурав хутгалсан байгаа юм. Хүү минь ухаан ороод хутгалуулснаа мэдээгүй юм билээ. Мотоциклио унаад буцаж явж байгаад цус алдаж байгаагаа мэдсэн гэсэн. 30 км-ын зайд гурван цаг гаруй явж байрлаж байсан айлдаа очсон байгаа юм. Хүүгийн минь байсан айлынхан түргэн тусламж дуудаж, онгоцоор хотод авчирч Цэргийн госпиталд хэвтүүлсэн. Тухайн үед мэс засалд орж, сар шахуу хэвтсэн. Сар эмнэлэгт хэвтээд Хөвсгөлд хоёр сар шахам гэртээ байсан юм.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгасан биз дээ?

-Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаа Төрбат, Бямбаа гэдэг хоёр хүн хэргийн газарт очсон. Тухайн үед хүү минь хот руу явчихсан байсан хэрэг. Тэр хоёр цагдаа хэргийн газарт очоод ул мөр байгаагүй гэдэг дүгнэлт гаргасан.

Юу гэсэн үг вэ?

-Хадан дээр ямар ул мөр үлдэх билээ дээ. Би насаараа байгаль хамгаалагч хийж, хулгайн анчдын араас яваа хүн. Муухан мөрдөн байцаагчаас дээр ажиллана. Амьдралын туршлага дээрээ үндэслээд “Хадан дээр ул мөр үлдэхгүй. Та нар алсуур мөр хайгаад олооч” гэж гуйхад “Та бидний ажлыг заахгүй” гэж уурлаад сүйд болсон. Дараа нь хүүг минь бараг өөрийгөө хутгалсан гэж байцаасан байгаа юм. Тиймэрхүү хандлагаар нэлээд дээрэнгүй байцаасанд хүү минь их гомдсон байсан. Би тэр цагдаа нарыг гэмт этгээдүүдтэй холбоотой учраас хэргийг илрүүлэх сонирхолгүй байсан гэж харддаг.

Яагаад?

-Хүү минь Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компаниудын өрөм тавиулахгүй гэж тэмцдэг байсан. Гэтэл компаниуд сумын удирдлагуудын зөвшөөрөл бариад ирдэг. Тэр нөхдүүд өрөм тавихаар багийн даргыг хүртэл дагуулаад явдаг байсан гэсэн. Үнэт чулуу хайсан хүмүүс ч цөөнгүй явдаг.

Талийгаачийг хоёр удаа хутгалж, нэг удаа барьцаалж байжээ. Энэ бүхнийг та холбоотой гэж харддаг уу?

-Угаасаа Тостын нурууг тусгай хамгаалалтад авах талаар судалж байгаа. Судалгааны гол ажлыг хүү минь хийж байсан. Тэнд арав гаруй лицензийг уул уурхайн компаниуд эзэмшдэг. Тэд лицензээ алдахгүй, ашигтай байхын тулд юуг ч хийж мэднэ. Тиймээс би гэмт этгээдийг бариагүй цагт хүүгээ Өмнөговь руу явуулахгүй гэж байсан юм. Хулгайн анчид хэзээ ч хүнийг алах гэж ингэтлээ улайрахгүй. Би насаараа хулгайн анчдын араас хөөцөлдсөн хүн занг нь мэдэлгүй яахав. Хүү минь уул уурхайн компанийнхны дарамтад орж амиа алдсан нь гарцаагүй.

Таны ярьж байгааг сонсоход Монголд байж боломгүй хэрэг шиг санагдлаа. Кинон дээр л ийм юм гардаг биш үү?

-Мөнгөний төлөө хүмүүс юуг ч хийж чаддагийг хүүгээрээ мэдэрлээ. Миний хүү өмнөговийнхны хувьд шүтээн байсан. Бүгд төрсөн хүү шигээ ханддаг. Тэндэхийнхэнтэй нийлээд уул уурхайн компаниудыг эсэргүүцдэг болохоор нөхдүүдийн зэвүү хүрсэн байх. Түүнээс хүү минь хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Шударга хүн. Арганд нь орохгүйг мэдээд л амь насанд нь заналхийлсэн байх.

Цагдаагийн байгууллагаас талийгаачийг гадны нөлөөгүй амиа алдсан гэдэг мэдээллийг өгсөн.

-Цохиж, зодсон ул мөр байгаагүй. Уснаас гаргаж ирж байгааг нь би өөрөө хараад зогсч байсан. Харин амиа алдах хүртэл дарамтад оруулсан цаад эзэд нь хэн байв гэдгийг цагдаагийнхан шалгаж, олох ёстой. Хүү минь дөрөв дэх удаагаа халдлагад өртсөн гэж би ярьсан шүү дээ. Хамгийн сүүлд дахин халдлагад өртөж, дарамтад орсон баримт олдсон.

Юу гэсэн үг вэ?

-Хүү минь хоёр утастай явсан. Хатгал тосгоны Хүслийн хадны зүүн талаас цагдаа нар машиныг нь олохдоо нэг утсыг нь авсан байна лээ. Дараа нь бид машиныг нь хүлээж авахад нэг утас нь олдсон. Цагдаа нар олоогүй хэрэг. Тэр утсан дээр маш чухал нотлох баримт байсан. Өөрөөр хэлбэл, гэрээсээ гарахын өмнөх өдөр утсаар ярьсан бичлэгээ утсан дээрээ хадгалчихсан байсан. Бичлэгт хүүг минь барьцаалсан, хутгалсан нөхдүүд дахиж ярьсан нь тодорхой байгаа. Хүү минь ч нэлээд шийдэмгий ярьсан байна лээ. Би бичлэгийг цагдаа нарт хүлээлгээд өгчихсөн учраас дэлгэрэнгүй ярьж болохгүй байх. Ерөөсөө утсаар дарамталсны дараа хүү минь айгаад 5-ны үүрээр нутаг руугаа гараад давхичихсан байгаа юм. Тэгэхдээ сим картаа утаснаасаа салгаад дунд хайрцагтаа хийчихсэн байсан. Нутагтаа ирээд тоглож өссөн хадан дээрээ гарсан байгаа юм. Миний тооцоолсноор тэнд гурван цаг зогссон байх. Тэгэхдээ утсаа бичлэг хийдэг тохиргоон дээрээ тавьчихаад суудал доороо хаячихсан бололтой. “Завь ирлээ”, “Завьтай хүмүүс байна”, “Завь байна” гэж гурван удаа хэлээд машинаасаа гарч байгаа бололтой, хаалга хаагдах чимээ утсанд нь үлдсэн байгаа юм. Шөнө дунд завьтай хүмүүс рүү гүйж байгаад давалгаанд татагдаж ус руу орсон байх гэж таамаглаж байгаа.

Талийгаач өмнө нь хэд, хэдэн удаа заналхийлэлд өртөж байхдаа аль нэг компанийнхан, хүмүүсийг хардаж байсан болов уу?

-Таамаг байгаагүй. Би хүнтэй алалцах хүртлээ муудалцаж байгаагүй гэж ярьж байсан.

УИХ дахь АН-ын бүлэг энэ хэрэгт анхаарал хандуулахаар болсон гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.

-Би хувьдаа гомдол гаргаагүй. Байгууллагаас нь мэдээлэл өгсөн байж болзошгүй. Би цагдаад л гомдол гаргасан.

Тостын нуруунд ажиллаж байсан хамт олноос нь ийм дарамтад орж байсан хүн байгаа болов уу?

-Би асуусан. Тийм зүйл гарч байгаагүй гэсэн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *