Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувьсгал хийдгээрээ бол Украйн диваажин болох байлаа

Украйн улс сүүлийн есөн жил дотооддоо үймээн бужигнаантай байлаа. Үүнийгээ хувьсгал хийж байна гэж зарладаг. Улбар шарын хувьсгал, Жүржийн хувьсгал гэхчлэн нэрлэж иргэний байгууллагууд нь жагсаал цуглаан хийж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, халдлага, талцал тасралтгүй үргэлжилсээр өнөөдрийг хүрэв. Үүнээс ч өмнө тэд жагсаж тэмцэх дээрээ тулж байсан нь 1986 он юм. Украйны газар нутаг дахь Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч нийтдээ бараг хагас сая хүн радиоктив цацрагт хордсоныг тэр үеийн ЗХУ-ын удирдлагууд нуун дарагдууллаа хэмээн украйнчууд гудамжинд жагссан юм. Гэвч коммунист дэглэм энэ эсэргүүцлийг ертөнцийн чихэнд төдийлөн хүргээгүй байх. Энэ эсэргүүцлийг эрүүлээр харж, зөв байсан гэж өнөөдрийн өндөрлөгөөс харж болно. Гэвч тэр цагаас хойш л жагсах дуртай болчихсон ард түмэн. Юм л бол хувьсгал ярьж гудамжиндаа гарч ирцгээгээд. 1988 он гэхэд Балтийн гурван улс ил цагаан ЗХУ-аас салан тусгаарлах тухай ярихад соц лагерийн баруун бүсээс Украйн хамгийн түрүүнд дэмжин дөгөөж гудамжиндаа жагсчих гээд байсан юм. Энэ бүхнээс эхтэйгээр Горбачевийн өөрчлөн шинэчлэлт, ил тод нээлттэй байдал эхэлсэн нь энэ ард түмэнд ингэж болдог юм байна гэдэг сэтгэлгээг үлдээсэн бололтой. Цаг нь болсон нийгмийн задрал байсныг ойлгоогүй гудамжинд гарч хувьсгал хийгээд байвал бүгдийг болгодог юм байна гэсэн украйнчуудын хийрхэл нь 1991 оноос хойшхи найман жилд эдийн засгийг нь уналтанд оруулсан юм. Харин шинэ зуун гараад эвтэй байхыг хичээсэн цөөн жилдээ эдийн засаг нь басчиг тогтворжин Үндэсний нийт бүтээгдэхүүн нь жил тутамд долоон хувиар нэмэгджээ. 

Гэвч байдал удаан үргэлжилсэнгүй “Жүржийн хувьсгал” гэсэн нэр томъёо 2004 онд Украйн улсын нийслэл Киев хотын тусгаар тогтнолын талбай дээр улбар шар өнгийн туг, ороолттой хүмүүс жагссанаар гарч ирлээ. Тухайн үед “Улбар шар Украйн” улс дэлхий дахиныг доргиох шиг болсон билээ. Энэхүү хувьсгал гээч нь 2004 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2005 оны нэгдүгээр сар дуустал үргэлжилсэн юм. Энэхүү улбар шар хувьсгал гээчийн өдөөлт, дөгөөлт, юу болсныг эргээд харахад өнөөдөр манай улс орныг засаглагчид хоорондоо хэрхэн талцаж, хувийн эрх ашгаа дээгүүр тавьж, улс орноо хохироож, улс төрийн хүчнүүд ард түмнийг хоёр хувааж, тэр дундаас ашиг хонжоо хайгчид төрд шургалж, зарим нь бүр иргэний нийгмийн байгууллагын нэр барин гадны хөрөнгө оруулагчдын дарамтлан мөнгө сааж, улс орноо сүйрлийн ирмэг дээр аваачиж байгаатай яг адил процесс явагдсан байдаг юм.

Украйнчууд өнөөдөр ул¬бар шар хувьсгалыг хийж,  ардчиллын замыг бид сонгосон гэж ярьдаг ч тэрхүү хувьсгалаас хойшхи он жилүүдэд тус улсад бүтэлтэй юм огт болсонгүй. Улстөрчдийнх нь  хоорондох зөрчилдөөн  улс төрийн гүн  хямралд оруулчихаад байна. Энэ бол тус улсад хамгийн нөлөө бүхий гэгддэг гурван улстөрч  Виктор Ющенко, Юлия Тимошенко, Виктор  Янукович нартай холбоотой асуудал. Үнэндээ Киев хотын  Майданы талбайд жүржийн хувьсгалыг хамтарч эхлүүлсэн  Ерөнхийлөгч Виктор Ющенко, Ерөнхий сайд  Юлия Тимошенко нарын зөрчилдөөнөөс улбаатай юм. Үүнийг Виктор Янукович тэргүүтэй Бүс нутаг намынхан улс төрийн ашиг хонжоогоор овжноор ашигласан нь сүйрлийн эхлэл байв. Өнөөдөр манайд ямар улстөрчид талцал бий болгож хүмүүсийг турхираад байгаа билээ. Бодох л асуудал. Дотооддоо зөрчил нь дэндэж, эв нэгдлийг эрхэмлэхгүй болоод ирэхээрээ улс орон гадныхны олз болдог нь эндээс харагдаж байна. Ийм үед гадны нөлөө хүчтэй орж ирдэг юм байна. Тухайлбал Ерөнхийлөгч Виктор Ющенко америкчуудын дэмжлэгийг хүртсэн. Харин Ерөнхий сайд  Юлия Тимошенко Оросын нөлөөнд орсон. Дээр нь Янукович хэмээх өс хонзон санагч ард түмэн, эх орныхоо хувь заяагаар хэсэг тоглолоо. Энэхүү “Улбар шар” хувьсгалаар 98 хүн амиа алдсан бол өнөөдрийн хувьсгалаар амь үрэгдэгсдийн тоо хэдэн мянгад хүрснийг баримжаалах бололцоогүй болжээ.

Энэ бүх хувьсгал тэгээд өнөөдөр украйнчуудад ямар үр дүнг авчрав. Ямар хөгжил дэвшлийг авчрав. Сүүлийн 30 жилд Украйнд бүх хувьсгал хийгдсэн. Ард түмэн чинээндээ тултал жагсаж, тэмцэж, үймээн самуун дэгдээж, улс орноо тогтворгүй болгодгийг дэлхийд харууллаа, харуулсаар байна. Бүх хийсэн хувьсгалаа яллаа гэж тэд ярьдаг. Тэгвэл хувьсгал хийснээрээ, ялснаараа сайн болдог бол Украйн шиг сайхан улс энэ ертөнц дээр байхгүй байх байлаа. Гэтэл байж байгаа царайг нь хар. Хувьсгал бүрийг хийснээрээ Украйн улс үүн дээр л хожлоо доо гэж хэлэх хүн байна уу. Иргэний дайнд шилжиж, эвдэрч хэмхэрсэн байшин балгас, үхэж үрэгдсэн хүмүүс, салан тусгаарлагсдын террорист халдлагууд, дээрэм тонуул, эдийн засгийн талаар яриад ч хэрэггүй болсон. Украйн улс сүйрлээ хүлээж байгааг дэлхий харж байна. Энэ бүхэн хэдхэн мунхаг улстөрчдийн хэрүүл талцал, мунхаг ард түмний дэвэрсэн сэтгэл зүй, дээр нь гадныхны эрх ашиг ороод Украйн улсыг тарааж орхив. Яг үнэндээ Украйн орныг улстөрчид нь сүйд хийчихлээ шүү дээ. Одоо Украйнд хамаг юм холион бантан болсон. 

Уг нь бол Украйн нь улс шиг улс байлаа. Нэгдмэл статустай. 24 муж, нэг автономит бүгд найрамдах улс (Крым), тусгай зэрэглэлийн хоёр хот болох нийслэл Киев, ОХУ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлдэг Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополиос бүрддэг ийм улс байв. Өнөөдөр бүх зүйл өөр боллоо. Украйнд үүссэн хямрал тус улсын 46 сая иргэнийг талцуулж гурван хэсэгт хуваагаад байна. Нэг хэсэг нь зүүн нутгийнхан буюу орос хэлээр ярьда г, Кремлийг дэмжигчид. Харин хоёр дахь хэсэг нь төв болон аруун нутагт оршин суудаг украйн хэлээр ярьдаг барууны талыг дэмжигчид. Гурав дахь нь мэдээж Крымийн хойг. Одоо бол Крымийг орхиё. Ийм л нэгдмэл улс дотоод зөрчилдөөн, ард түмний эв нэгдэлгүй байдал, улс орны удирдагчдын алсын хараагүй, хувиа хичээсэн байдлаас болж улс орноо мөхлийн ирмэгт авчирсныг монголчууд сайн харж, өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой.

Монголчууд аа, хувьсгал хийснээрээ улсад сайн юм болдоггүй юм байна. Одоо украйнчууд хувьсгал хийе гэж хийрхээд ч хувьсгал хийх улс оронгүй боллоо. Нэгдмэл нэг улс байсан Украйны хотуудыг хар. Донецк, Луганск, Словянск, Краматорск… гэхчлэн зүүн өмнөд Украйны бүх хотын иргэд тусгаар болохоо зарлан иргэний дайнд мордлоо. Дээр нь Крымийн хойг буюу Севастополь хот тусгаар боллоо. Баруун Украйнд Киев, Львов, Ровно… зэрэг олон хотууд улсаа авч үлдэх тэмцэлд оров. Манай Улаанбаатар, Улиастай, Чойбалсантай адил аймгууд шүү дээ. Сая шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо. Одоо Украйныг дахин эмх журам, хуулийн хүрээнд оруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах гэдэг нь бүтэшгүй мэт харагдаж байна. Хичнээн хугацааг үдэж, хичнээн хүний амь нас эрсдэхийг бурхан ч мэдэхгүй болсон.

Ингэж бичсэнээрээ ард түмний тэмцэл хөдөлгөөнийг муулах, өөлөх, болохгүй зүйл гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ хүссэн хүн бүр, хүссэн хувьсгалаа хийнэ гэж ард түмнийг үймүүлж болдоггүй юм байна. Манайд бол хувьсгалчаас их юм байхгүй шүү дээ. Ёстой нэг элбэг дэлбэг гэгчээр бий. Тэд бүгдээрээ “Хувьсгал хийхгүй бол энэ улс сүйрлээ” гэж хашгирдгийг ч бид мэднэ. Харин аз болоход Монголын ард түмэн ухаантай, уужим тэнүүн болохоор хувьсгал хийе гэсэн бүгдийн амаар хөдөлж байгаагүй. Хэмжээ хязгаартай явж иржээ, монголчууд. Баабар бичдэг. Хувьсгалын өртөг өндөр, хувьсгалын өртгөөс болж улс орон дампуурдаг гэсэн нь үнэхээр үнэн юм байна. Украйн хувьсгалынхаа өртгийг төлж дийлэлгүй сөхрөх нь дээ. Манай хувьсгалчид хэдийгээр ялалтад хүртэл тэмцэж байгаагүй ч өртөг өндөртэй байсан болохоор улсынхаа эдийн засгийг тамирдуулахад чамлахааргүй үүрэг гүйцэтгээд ордон, яам, агентлагуудаар тухалцгаасныг бид харж байгаа. Манай улсын эдийн засаг ямар байгаад ямар болсныг хар. Ам.доллар 1800 төгрөг давж 2000 хүрэх гэж явна. Гадны хөрөнгө оруулагчид бүгд нүүр буруулж дайжин зугтав. Ямар ч хууль гаргаж, бид сайн гэж хэлээд хүмүүс үнэмшихгүй байна. ТББ-ууд, Олон нитийн байгууллагууд улс оронд ус агаар шиг хэрэгтэйг бид бүгдээрээ мэднэ. Тэгвэл мань хувьсгалчдын балгаар эдгээр байгууллагуудын нэр хүнд шороотой хутгалдлаа. Манай хувьсгалчид яаж байсан билээ санацгаая. Бүгдээрээ дараагийн шатны хувьсгалыг ялуулах хэрэгтэй гэдэг байсан. Төрийн ордны онгойдог хаалга бүрийг балбаж нүдэж, цагдаа бүрийн мөрдэсийг хуу татаж өшиглөөд, ард түмний нэрийг барьж эзэнгүй юм шиг туйлж байлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг золбин нохой мэт элдэн хөөж, Оюу толгойн фургон машиныг гэдэргэнэ харуулж шидчихээд ялалтын баяр хэмээн тэмдэглэж байсан нь саяхан. Ард түмнийг уриалж босгочихоод галын шугаман дээр эзэнгүй хаяж таван сайхан залуугийн амиар туг тахиж явцгаасныг ард түмэн мартаагүй. Энэ бүгдийг ард түмэн цааш нь дэвэргээд байсан бол Монгол Улс өнөөдөр ямар байх байсан бол гэж Украйныг хараад айдас төрөх юм. Тэр олон хувьсгалууд ялсан бол хувьсгалыг толгойлж байсан хүмүүс бүгдээрээ төр барих байсан даа. Эд нарт удирдуулаад улс орон хөгжөөд, төвшин амгалан байх байсан болов уу. Дотоод хямрал тэмцэл туйлдаа хүрэх байсан биз дээ. Дэлхий биднийг төр засгаа барьж чадахгүй дампуурсан ард түмэн байна гэж харах байсан даа, өнөөдрийн Украйн шиг. Дэлхийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу НҮБ-ын мандат барьсан хоёр хөршийнхөн орж ирж манайхыг элбэн төвхнүүлэх байлаа. Яагаад гэвэл дэлхийн өмнө том гүрнүүдийн хүлээсэн үүрэг гэж байдаг. Нөлөөлөх улс орнуудынхаа энх тайван байдлыг хангах үүрэгтэй. Аз болж ийм юм болсонгүй. Монголын ард түмэн энэ олон хувьсгалыг, хувьсгалчдыг ялуулна гэж дөвчигнөсөнгүй. Олон хувьсгал ялахын сайн юм ерөөсөө байдаггүй нь дэлхийд батлагдсаар байна. Гэхдээ л хувьсгалчдын балаг, цагаа олоогүй эх орончдын хорлол манай улс оронд нөлөөлсөөр байгаа шүү. Бид одоо хоосорсон тулмаараа газар нүдэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн алуурчид хэмээн цоллож, ясаа цайтал үзнэ гээд байхаар хэн биднийг дэмжиж, тусалж, хөрөнгөө оруулах юм бэ. Ядаж тэр хувьсгалчид нь бүгдээрээ төрд гараад суучихсан байх юм. Ийм төртэй улсад хэн итгэх вэ. Холуур тойрно биз дээ. Ер нь орчин үеийн дэлхий ертөнц, улс орнуудад хэт хувьсгалч байх, баруун зүүнээр нь ялгах, бусад улс орныг 1, 2, 3 гэж дугаарлахаас болгоомжилж, хянуур ханддаг болчихож. Ийм цаг үед ард нийтээрээ ухаалаг, эвтэй байхыг Украйны хэрэг явдал бидэнд харуулж байна шүү дээ.     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *