Categories
мэдээ нийгэм

Хуурай цементийн үйлдвэр нээгдлээ

Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, Монголын анхны хуурай аргын цементийн үйлдвэр Дорноговь аймагт ашиглалтад орлоо. Энэхүү үйлдвэрийг Монполимет групп, Монгол Улсын Хөгжлийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Сэнж сант ХХК бүтээн босгожээ.

Үйлдвэрийг нээх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр, Өргөн сумын Засаг дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хоёр жилийн өмнө энэ талбайд ирэхэд зэлүүд хоосон газар байсан. Богино хугацаанд энэ том үйлдвэрийг яаж барьж байгуулах юм бол доо гэж эргалзэж байлаа. Харин өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа аж үйлдвэр, барилгын салбарт түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна. Засгийн газар баялаг бүтээгчидтэй хамтарч ажиллавал ямар том үр дүнд хүрдгийг өнөөдрийн бүтээн байгуулалт харууллаа. Монгол Улсын Засгийн газар энэ бүтээн байгуулалтын нийт санхүүжилтийн дөрөвний нэгийг гаргасан. Дэлхийн чанар, стандартыг хангасан монгол цемент бий болж байгаа нь бахархал” хэмээн бүтээн байгуулсан хүмүүст талархал илэрхийллээ.

Монцемент төслийн хүрээнд эх орныхоо хөрсөн дээр Европын стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн дэвшилтэт хуурай аргын технологитой, байгаль орчинд ээлтэй анхны ЭКО цементийн үйлдвэр байгуулсан нь энэ. Мөн энэ төслийн хүрээнд шинээр 1000 орчим айлын орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтууд сүндэрлэн босч, Өргөн сум одоогийн байгаагаасаа 3 дахин өргөжин тэлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *