Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг өргөн барив

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөөр эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтууд туссан байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт “…анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох”, мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт “…анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын…”, мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт “…анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах”-тай холбогдсон харилцаануудыг тусгажээ.

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг барихаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд хийгдэх ажээ.

ЕСБХБ-наас төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгоно. Мөн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилтийг олгохоор төлөвлөж байгаа юм.

9.7 сая ам.долларын зээлийн хугацаа нь 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3 жил байх бөгөөд жилийн хүү LIBOR+1% байх ажээ.

Энэ нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа юм.

Манай Улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулжээ. Гэвч эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонконг, Макаод үйлчилдэггүй байна. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт холбогдох болсон Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан гэрээ хэлэлцээр байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж, хэлэлцээрийн төслийг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр Макаод үзэглэн, 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Уг хэлэлцээрийг Талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор хүчин төгөлдөр болох юм. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, Макаод ял эдэлж буй Монгол Улсын иргэд эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

2018 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бөгөөд тэдгээр иргэд эх орондоо шилжин ирж үлдсэн ялаа эдлэх хүсэлтийг байнга ирүүлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *