Categories
мэдээ нийгэм

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг сайжруулна

Манай оронд 1990-ээд оны эхэн хүртэл хууль бус мод бэлтгэл байгаль орчны
эсрэг хэргийн 10 хувийг л эзэлж байсан бол одоо хууль бусаар ашигт
малтмал олборлох, мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн 1, 2 дугаар
байрт нэрлэгдэж байна. Улс дамнасан энэ төрлийн гэмт хэргийн улмаас
дэлхийн хэмжээнд жилд 10 тэрбум ам.долларын хохирол учирдаг тул
экосистемийг зохицуулагч түлхүүр болох ойн нөөцийг хамгаалах, нөхөн
сэргээхэд бүх улс орон онцгойлон анхаарч байна.

МонголУлс 2012 онд байгаль орчны хуулиа багцаар нь шинэчилсэн. Зах
зээлийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулсан шинэ зохицуулалтын үр дүнд орон
нутагт ойн ангийн бүтэц ажиллаж эхэлсэн ч хууль бус мод бэлтгэлтэй
холбоотой нэмэлт зохицуулалт шаардлагатай байна гэж салбар хариуцсан яам
үзжээ. Энэ асуудлыг зохицуулахаар БОНХЯ-наас боловсруулсан Ойн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, дэмжлээ.

Одоогийн тогтолцоогоор манайд Байгаль орчны эсрэг хэрэг зөрчилд
шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг
тогтоох мэргэжлийн шинжээч, лаборатори болон тусгайлсан нэгж байхгүй.
Иймд байгаль орчны мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой
хэмжээний төлбөр төлж хохирлын хэмжээг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт
гаргуулдаг болохоор хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн, олон нийтийг
идэвхтэй оролцуулсан хяналтын тогтолцоо бий болгох, урамшуулах,
урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлжээ. 

Энэ үзэл баримтлалын дагуу УИХ-аас Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулж баталбал төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын
ажиллагаа эрс сайжирч, хэрэг зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлага
дээшилж, эцсийн дүндээ хууль бус мод бэлтгэл дорвитой буурна гэж тооцож
байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *