Төв аймгийн Баянцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км орчим зайд Хүүхэн хонгор хэмээх уул байдаг. Энэ уулын өвөр бэлд өвөрмөц хийцтэй хоёр хүн чулуун хөшөө байдаг бөгөөд 9х7 метр голчтой зуйван дугираг анхны хэлбэрээ алдсан чулуун байгууламжийн урт талд газар ухаж суулгасан хоёр хүн чулуун хөшөө бий.
Эдгээр хүн чулууг анх Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Хангайн анги 1989 онд доктор, профессор Д.Баяр тус дурсгалыг нарийвчлан судалж, холбогдох он цагийг тогтоон судалгааны эргэлтэд оруулжээ [Баяр 1989, 2014].
Үүний дараа “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” сэдэвчилсэн бүтээлд тус дурсгалын нарийвчилсан тодорхойлолт болон гэрэл зургийн хамт хэвлэн нийтлүүлсэн байна [Дашням нар 1999].
Харин Түүх, археологийн хүрээлэнгийн судлаачид 2017 уг дурсгалт газар авран хамгаалах судалгааг хийж гүйцэтгэжээ.
Тус хоёр хүн чулуун хөшөө нь анх олдох үед нэгдүгээр хүн чулуун хөшөөг хар элсэн өнгийн чулуугаар хийсэн толгой байхгүй бусад хэсгүүд нь хадгалалт дунд зэрэг байдалтай анхны байрлалаасаа хөдлөөгүй байдалтай олсон байна. Харин хоёрдугаар хүн чулуун хөшөөг шаргал өнгийн элсэн чулуугаар хийсэн ба суурь хэсэг нь салж байхгүй болж мөн толгой нь хугарч газар унасан байдалтай байжээ.
Нэгдүгээр хүн чулуун хөшөөний баруун талаас хүн чулуун хөшөөний хугархай суурь хэсэг анхны байдлаараа илэрсэн юм. Тус суурь чулуу нь шаргал өнгийн элсэн чулуугаар хийсэн хоёрдугаар хүн чулууны суурь хэсэг бөгөөд анхны байрлалаасаа хөдлөөгүй хэмээн үзэж болохоор байжээ. Суурийн хугархайн үлдэгдлийн өндөр нь 62 см, зузаан 40 см, өргөн 40 см хэмжээтэй. Суурь хэсэгт шөвгөрдүү үзүүртэй уллагаа бүхий гутлын хоншоор цухуйх бөгөөд хоёр гутлын зүүн хөл талынх хагарсан хэдий ч бараг бүтнээр үлджээ. Харин баруун хөлийн гутал нь эвдэрч зөвхөн гутал байсныг тодорхойлж болох хонхор л үлдсэн байна. Хөлийг зориуд хийсэн жижиг тавцан дээр гишгүүлэн сийлсэн боловч ихэд хагарч эвдэрсэн тул нарийн тодорхойлох боломж муу байсан байна.
Тус хоёр хүн чулуун хөшөөний урд талд бог болон бод малаар тахилга үйлдэж байсны ул мөр гарсан ба ясанд он цаг тогтоолгох С14 судалгааг Япон улсад хийлгэжээ. Судалгааны дүнгээр 1402calAD – 1441calAD (95.4%) буюу XV зууны эхэн хагаст холбогдох болох нь тогтоогдсон ба Умард Юань гүрний үед энэхүү газарт тахилга тайлга хийж байсныг гэрчлэх нэгэн сонирхолтой баримт болжээ.
Хоёр хүн чулуун хөшөөний урд талд талбай засаж бог болон бод малаар тахилга үйлдэж байсан нь малтлагаар гарсан олдвороор тодорхой харагдажээ.
XIII-XIV зууны үед холбогдох Чингис хааны Их орд “Ауруг Орд”-ны малтлагаар бог болон бод малын яс их хэмжээтэй гардаг бөгөөд судлаачид үүнийг Чингис хааныг таалал төгссөний дараа тус ордыг тахилга тайлгын газар болгоод мал хойлоглон их хааны сүнсийг тахиж байсан (Shaofan) хэмээн үздэг.
Энэхүү тахилгын улбаа XV зууны эхэн үед хүртэл үргэлжилж байсныг Хүүхэн хонгор уулын хүн чулуун хөшөөий дурсгалын малтлагаар баталсан нь уг судалгааны нэг шинэлэг тал болжээ.
Тус дурсгалыг хадгалж хамгаалах үүднээс 14х12 м талбайд дурсгалыг бүрэн оруулж төмөр хашаа хийж, дурсгалын тайлбар сэлтийг гантиг чулуун самбар босгож орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгчээ.