Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдөр. Энэ өдрийг манай улсын Хүүхдийг ивээх сан, оюутан залуус болон олон нийтийн хамтаар ес дэх жилдээ тэмдэглэж байна. Боловсорлын их сургууль, Боловсрол судлал сургуулийн нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн нийт 80 гаруй сурагчид хүүхдийг зодож шийтгэхгүй байхын төлөө хүмүүст уриалан Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд арга хэмжээ болов. Тэд хүүхдийн тухай дуу дуулж, флаш моб бүжиглэлээ.
Энэ өдрийг дэлхийн олон оронд эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж буйгаа эргэцүүлэн бодуулах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалан суртачилдаг байна.
Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг ивээх сангийн санаачлагаар тэмдэглэж хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн ажлууд зохион байгуулдаг уламжлалтай болжээ. Энэ жил Хүүхдийг ивээх сан “Гэр бүлийн орчинд хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг хуулиар хориглоё”, “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” аяныг зохион байгуулж байна. Мөн хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аянд 21 аймгийн орон нутгийн телевизүүд, нийслэлийн есөн дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох, эерэг аргаар, үлгэрлэн хүмүүжүүлэх сэдэвт шторкуудыг цацан суртачилж байна. Хүүхдийг зодож шийтгэхгүй байхын төлөө уриалж байгаа оюутан залуус бороонд норон зогсохдоо “Бидний дээрээс бороо орон урсан алга болдог шиг хүүхдийг зодон шийтгэх асуудал ч мөн адил урсан алга болоосой” хэмээн ярьж байсан юм.