Нийслэлийн 45 дугаар сургуулийн баруун талд байрлах “Орбита” нүдний эмнэлэг үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ. Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглаж нүдний зураг дардаг цөөхөн эмнэлгийн нэг нь “Орбита”. Тийм ч учраас энд дараалал их. Бусад эмнэлгийн эмч нар нарийн шинжилгээ шаардлагатай үйлчлүүлэгчдээ “Орбита” эмнэлэг рүү явуулдаг юм байна. Үйлчлүүлэгчдийн цөм нь бага ангийн хүүхдүүд. Цэцэрлэгийн насны хүүхдүүд ч байна. Шинжилгээ өгөхийн өмнө нүдэндээ шингэн дусаалгасан тэд час хийтэл уйлах аж. Зовиурласан хүүхдүүдийн заримынх нь нүд бүлцийж хавджээ. Эмч нарын онцолж байгаагаар энд ирсэн хүүхдүүд дэлгэцийн хамаарлаас шалтгаалж хараа нь доголдсон гэнэ. Цаг алдалгүй эмчлэхгүй бол солир болох, цаашлаад хараагаа алдах ч эрсдэлтэй юм байна.
Бид ХУД-ийн иргэн О.Цэгмид хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж байхад нь цөөн хором ярилцлаа.
-Таны хүүхдийн хараанд ямар өөрчлөлт гарав?
-Нүдний хараанд нь өөрчлөлт ороод энд ирлээ. “Солонго” эмнэлэгт хандсан ч энд нарийн шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн.
-Хараанд нь өөрчлөлт гараад хэр удаж байна вэ?
-Миний хүү зургаан настай. Өнгөрсөн намар нэгдүгээр ангид орсон. Сүүлийн жил орчмын хугацаанд л хараа нь муудсан. Хичээл дээр суухдаа самбарт бичсэн юмыг тод харахгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хандсан. Эхний ээлжид нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Ингээд л энд ирлээ.
-Эмч нар юу зөвлөж байна вэ?
-Дэлгэцийн хамаарлаас хүүхдийн нүд муудаж байгааг хэлж байна. Удаан хугацаагаар зурагт үзэх, утас оролдох зэрэг нь хүүхдийн харааг амархан муутгадаг юм байна. Эцэг эхчүүд ажилдаа яваад хүүхдэдээ тэр бүр анхаарахгүй байх нь бий. Эзгүй үеэр л дэлгэцийн хамааралтай болж, нүд нь муудсан бололтой. Эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон үед нь л мэдлээ. Хүүхдийн хараа эмзэг, амархан мууддаг юм байна. Хүүхэд самбар дээрх юм аа тод харахгүй болохоор хичээлдээ ч явах дургүй болдог юм байна” гэв.
Энэ эмнэлгийн үйлчлүүлэгчид дунд төрөлхийн хараа муутай хүүхдүүд ч байна. Тэд зузаан шил зүүгээд явж байв. Түүнчлэн охид төрөл бүрийн өнгийн линз зүүх нь хараанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Үүнтэй холбоотойгоор хараа нь муудаж эмчийн үүд сахих хүүхдүүд ч олон байна.
Б.Батцэцэг: Шил зүүхзайлшгүй шаардлагатай хүүдүүд тоохгүй явсаар харааны гажигтай болж байна
Хүүхдийн хараанд гол төлөв ямар эмгэг тохиолдож байгаа талаар нүдний эмч Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Хүүхдийн нүдэнд тохиолдож байгаа гол эмгэг нь юу байна вэ?
-Миний ажиглалтаар хүүхдийн нүдэнд тохиолдож буй гол эмгэг нь хараа муудалт буюу харааны гажиг. Ийм хүүхдүүд шил зүүдэг. Үүнээс гадна хялар харах, болрын цайралт, мөн дутуу төрсөн, хэт бага жинтэй төрсөн хүүхдүүдэд дутуу нярайн торлогийн эмгэгүүд тохиолдож байна. Өндөр хөгжилтэй, хүний нөөц сайтай улс оронд хүүхдийг мэндэлснээс нь хойш эхний 3-6 сар дотор анхдагч үзлэгүүдийг хийдэг. Манай нөхцөлд тийм боломж хомс байна.
-Хүүхдийн хараа муудаж байгаа үндсэн шалтгаан нь юу вэ?
-Хүүхдийн хараа муудах үндсэн шалтгаан нь хугарлын гажиг буюу харааны шил зүүх зайлшгүй шаардлагатай байхад шилээ зүүдэггүйгээс үүссэн байдаг. Сүүлд хийсэн судалгаагаар харааны шил зүүх шаардлагатай нийт хүүхдийн 70 орчим хувь нь шилээ зүүдэггүй. Энэ нь нөлөөлж байгаа нь ажиглагдсан. Мөн компьютер, ухаалаг утас нөлөөлдөг. Түүнчлэн гадаа тоглохоо болиод тоглохдоо ч гэрт байдаг болсон нь хүүхдийн хараанд сөргөөр нөлөөлж байна.
-Хүүхдийн хараанд ямар эмгэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй вэ?
-Сургуулийн өмнөх насны хүүхдүүд зурагтыг хэт ойроос үзэх, утас оролдох, онийж, буландаж харах, нүдээ нухах, нулимс гоожих зэрэг наад захын шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид хандах хэрэгтэй. Сургуулийн насны хүүхэд “Би хичээлээ харахгүй байна” гэж хэлдэг.Харин сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн хүүхэд хэлж чадахгүй. Иймээс багш болон эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ хяналт тавьж, ажиглах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгт хүүхдийн харааг шалгадаг тогтолцоо руу шилжих цаг нь болсон. Тухайн хүүхдийн хараа оношилгоонд тэнцэхгүй бол эмнэлэг рүү явуулах хэрэгтэй. Ийм тогтолцоо руу шилжсэнээр хүүхдийн харааны эмгэгийг эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой. Өнөөдөр хараа нь бүр муудсан хүүхдүүд эмнэлэгт ирж байна.
-Хүүхдийн харааг хамгаалах энгийн арга нь юу вэ?
-Хүүхдийн харааг хамгаалах нь зөвхөн нүдний эмч нарын ажил биш л дээ. Нийгмийн асуудал. Хамгийн чухал нь эцэг, эхийн оролцоо. Нүдний өвчин хараа муудах байдлаар илэрдэг. Дахин онцлоход бага насны хүүхэд хараагаа муудаж байгааг мэддэггүй. Иймээс сургуульд орохоос нь өмнө хүүхдээ нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Харааны асуудалтай бол тэр дор нь эмнэлгийн байгууллагад хандах нь зөв. Цаг алдвал хараа сулрах, улмаар сохролд хүргэх эрсдэлтэй. Эмчлэхэд хүндрэл гардаг.
-Хүүхдүүдийн дунд харааны бэрхшээл хэр түгээмэл байна вэ. Эмнэлгийн дарааллаас харахад ноцтой хэмжээнд хүрсэн юм шиг?
-Сүүлд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгаагаар манай оронд сохролын тархалт 1000 хүүхэд тутамд 0.9 хувьтай гарсан байна лээ. Мөн 100 мянган хүүхэд тутамд 5-6 болрын эмгэг тохиолдож байна. Түүнчлэн сургуулийн насны хүүхдийн 15-20 хувийнх нь хараа муудсан байсан. Энд зургаан жилийн өмнөх судалгааг онцоллоо. Одоо нөхцөл байдал илүү хүндэрсэн. Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болсон.
Ирж байгаа хүүхдүүдийг анзаарахад дэлгэцийн хамаарлын улмаас хараа нь солир болсон байна. Үүнд онцгой анхаарах цаг болсон. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд утас шагайгаад хэвтээд байж болохгүй. Таны хүүхэд яг л дуурайна. Ингээд харааны согогтой болох суурь нь тавигддаг” гэв.
Олон улсын стандартаар хүүхэд 0-2 настай бол зурагт, утас харуулж болдоггүй юм байна. Харин 3-4 насанд нь өдөрт ердөө 15 минут, 5-7 настай бол 35-40 минут, түүнээс дээш бол нэг цагаас илүүгүй хугацаанд дэлгэц хэрэглэх нь тохиромжтой гэж үздэг байна. Үүнээс олон цагаар утасны өмнө уях нь бие, физиологид ч сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Бага насны хүүхэд удаан хугацаанд дэлгэц ширтсэний улмаас хамгийн түрүүнд нүдний хараа мууддаг. Учир нь зурагт улаан, ногоон, цэнхэр гэсэн гурван өнгөний давтамжтай дүрс ялгаруулдаг. Үүнээс хамгийн хортой өнгө нь цэнхэр бөгөөд энэ нь нүдний эсийг гэмтээдэг аж.
Өрх бүрд тулгардаг асуудал нь хүүхэд нь утас нэхдэг. Уйлуулахгүйн тулд утас, нөүтбүүк асаагаад өгчихдөг. Ингээд тухайн хүүхдийн хараа нь муудах суурь нь тавигддаг талаар эмч нар онцолж байна. Энэ явдал цаашид даажирвал 10 жилийн дараа хотын гудамжинд харааны шил зүүсэн улс түгээмэл болохыг сэрэмжлүүлж байгаа юм.
Сэтгэлзүйч Н.Дэлгэрмэнд: Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэгцээг хязгаарлахдаа утсыг нь булааж аваад байж болохгүй. Ойлголцох хэрэгтэй
Тэгвэл дэлгэцийн хамааралтай хүүхэдтэй харилцах талаар сэтгэлзүйч Н.Дэлгэрмэндээс тодруулга авлаа.
-Айл бүрд тулгардаг асуудал нь хүүхдийн дэлгэцийн хэтэрсэн хэрэглээ болоод байна. Ийм хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хэрхэн хязгаарлах вэ?
-Эхлээд эцэг, эх хүүхдэдээ тавьж буй шаардлагаа өөрсдөө биелүүлэх хэрэгтэй. Гаднаас орж ирээд л утсаа оролдоод суувал хүүхэд чинь таныг л дуурайна. Орой унтахаасаа өмнө утас оролдохгүй байх талаар хүүхдэдээ зөвлөдөг бол өөрөө ч оролдохгүй байх хэрэгтэй. Үүний тулд гэртээ дүрэм тогтоож болно. Хичээлийн цагаар хол байлгах, хоолны цагаар утас үзэхгүй байх, тодорхой цагт унтах гэх мэт дүрэм зохиогоод мөрдөөд явж болно.
-Хүүхдийнхээ утсыг хурааж авах ч юм уу, шийтгэл маягаар хэрэглээг нь хязгаарлах гэж оролддог. Энэ нь гэр бүлийн харилцаанд асуудал үүсгэдэг шүү дээ.
-Утсыг нь хурааж авах ч юм уу, ийм байдлаар хорьж болохгүй. Өсвөр насныхан буюу 10-аас дээш насныханд найз нөхдийн харилцаа холбоо хамгийн чухал. Ийм үед нь утсыг нь хурааж авах нь хүүхдэд хүндээр тусдаг. Харилцааны гол хэрэгслийг нь хурааснаар хүүхэд гэрээсээ дайжих ч нөхцөл байдал үүсч болно.
-Тэгвэл дэлгэцээс хол байлгах гол арга нь юу вэ?
-Гэртээ дүрэм тогтоох нь зөв. Оройн хоолоо гэр бүлээрээ идэхдээ утсаа хол байлгах хэрэгтэй. Хоол идэх зуураа утсаа шагайгаад байж болохгүй. Хүүхдийнхээ утас хэрэглэх хэрэгцээг сайтар сонсож, аль гарагт илүү цаг хэрэглэх, аль гарагт цөөн цагаар хэрэглэж болох талаар ярилцаж, тохиролцох ёстой. Хүүхдийнхээ утсыг хурааж аваад загнаад байвал харилцаа улам л хөндийрнө.
О.Дашням