Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах хүсэлтэй 2000 хүн хүсэлтээ ирүүлжээ

-ТӨЛБӨРИЙН 60 ХУВИЙГ ЭЦЭГ, ЭХЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ-

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр УИХ-аар баталсан билээ. Хуульд холбогдох журам, стандартыг баталж албан ёсоор бэлэн болгосон тул ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Нэн тэргүүнд сургагч багш нараа бэлтгэх ажлыг өчигдрөөс албан ёсоор эхлүүллээ. Эхний ээлжинд хүүхэд харагчдыг бэлтгэх 21 аймаг, нийслэлийн 125 сургагч багшийг хамруулж, хичээл зааж байгаа аж.

Энэхүү сургалтаар таван төрлийн мэдлэгийг гурван өдрийн хугацаанд заана. Хүүхдийн эрх, хүүхэд харах газрын эрүүл ахуй, ариун цэвэр, хоол тэжээл, хөгжлийг дэмжих арга зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй гэсэн сэдвийн дор цогц сургалт явуулж, бага насны хүүхэдтэй хэрхэн харьцах, ямар орчинд байлгах, хоол тэжээлийг нь ямар материалаар, хэрхэн бэлдэж өгөх талаар мэдлэг олгох юм байна. Өчигдөр ерөнхий лекц явсан бол өнөөдрөөс үндсэн сургалт нь эхэлж байгаа юм. Эдгээр сургагч багш нар тухайн аймаг, дүүрэг, орон нутагтаа хүүхэд харах хүсэлтээ ирүүлсэн иргэдэд цааш сургалт явуулж, сертификат олгох аж. Хүүхэд харагч нарт мэдлэг түгээж, сургалт явуулах сонгогдсон сургагч багш нар бүгд хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл ахуй, ариун цэвэр, хоол тэжээл, хамгаалал болон хөгжлөөр мэргэшсэн хүмүүс аж. Тэд гурван өдрийн сургалтаараа өмнөх мэдлэгээ бататган, хүүхэд харах үйлчилгээг цаашид хэрхэн явуулах талаар үндсэн мэдлэгтэй болох юм. Энэхүү сургалтыг “Гүүд Нэйборс Монгол” олон улсын байгууллагаас санхүүжүүлэн, ХАХНХЯ болон Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран зохион байгуулж буй.

Харин хүүхэд харах үйлчилгээ явуулах мэргэжлийн бус хүмүүс эхний ээлжинд аймаг, дүүргийнхээ “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар” хүсэлтээ ирүүлж, сургалтад бүртгүүлэх юм. Сургалтаа амжилттай төгсвөл аймаг дүүргийнхээ “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар”-аас сертификат авна. Үүнийхээ дараа хүүхэд харах байраа бэлдэж, орон нутгийн Засаг даргаас томилсон мэргэжлийн багийнханд хянуулах юм. Тухайн байрыг мэргэжлийн багийнхан үзээд хүүхэд харах үйлчилгээ явуулж болно гэсэн батламж олговол гэрээ хийснээр эрхтэй болох юм.

Өчигдрийн сургалтын үеэр ХАХНХЯ-ны хэлтсийн дарга Х.Баавгай “Дураараа, хүн болгон гэр нээгээд, тэр хавийн хүүхдүүдээ аваад явах байдлаар хүмүүс ойлгож байна. Хуульд зааснаар нэг хүн таван хүүхэд хариуцна. Хүүхэд харах төв болбол 15-аас дээш хүүхэд хамруулж болохгүй. Дээд тал нь 15 хүүхэд асрах ёстой. Хэрэв таваас дээш хүүхэд харж байгаа бол тусдаа тогоочтой байх шаардлагатай. Энэхүү хууль нь зөвхөн хүүхдийн асуудлыг шийдээд зогсохгүй. Хүүхэд хараад гэртээ суудаг 31 мянга гаруй эцэг эхийн ажил хийх боломжийг бүрдүүлж байна” гэж мэдээллээ.

Хүүхэд харах хүн ямар шаардлага хангах вэ?

Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна. Мөн бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байх ёстой. Тэтгэвэртээ гарсан цэргийн албан хаагч хүртэл бүртгүүлээд явж байна гэх яриа гарч буй. Тэгвэл энд өмнө нь ямар чиглэлээр ажиллаж байсан нь тусгагдаагүй тул тухайн хүний эрхийн асуудал ажээ. Аливаа өвчин эмгэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг эмч мэргэжилтнүүдийн нарийн шинжилгээгээр батлах аж.

Ямар байранд үйл ажиллагаа явуулах вэ?

Энэхүү үйлчилгээг эрхлэхдээ хувийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр болон гэрийн алинд ч үйл ажиллагаа явуулж болох аж. Ингэхдээ хамгийн гол нь тухайн байр нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг нөлөөллөөс хамгаалсан, хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, тусдаа гал тогоотой байх шаардлагатай. Хэрэв гэрт зохион байгуулах бол гал тогооны гэрийг тусдаа байлгах, гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан байх ёстой. Нэг хүүхдэд ногдох зай талбай 2.5 м.кв-аас багагүй байна. Хүүхэд бэртэж гэмтэх хурц ирмэгтэй сандал ширээ, тавилга тавихгүй байх.

Энд зөвхөн хүүхэд харах үйлчилгээ явуулах бөгөөд байр, гэр нь ил задгай зуух, халаалтын хэрэгсэлгүй, шаардлагатай гэвэл хүүхэд ойртохгүй тусгаарлах хаалтыг заавал хийсэн, хүүхдийг хамгаалах, хооллох, тоглуулах, амраахад шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслээр хангагдсан байна гэсэн шаардлагуудыг тавьж байгаа ажээ.

Хүүхэд харах үйлчилгээний төлбөр хэд байх вэ?

Улсаас хүүхэд бүрт хувьсах зардалд 116,900 төгрөг төсөвлөсөн ч энэ нь үйл ажиллагааны зардал, цалинд хүрэлцэхгүй. Тиймээс хувьсах зардлын 60 хувиас ихгүй хэмжээний төлбөрийг эцэг, эхчүүдээс авахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж буй иргэд тухайн хүүхдийн эцэг эхтэй зөвшилцөөд хувьсах зардлын 60 хувиас хэтрүүлэлгүй төлбөр авч болно.

Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл.

Хүүхдийг хяналтгүй, харах хүнгүй орхих, хүн амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах, эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулах, өдөрт 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулах, хүүхэд харах үйлчилгээнд шашны зан үйл, үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлтэй хүнээс өөр гадны хүн нэвтрэх, хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт, шахалт үзүүлэх, шийтгэх зэргийг хатуу хориглоно.

Хүүхэд харах үйлчилгээ хараахан хэрэгжиж эхлээгүй ч иргэд хүсэлтээ гаргаад эхэлжээ. Одоогоор 2000 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэдний 60 хувь нь орон нутгийн, 40 хувь нь нийслэлийн иргэн байна.

Энэ жил улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 116 мянга гаруй хүүхэд байжээ. Үүнээс 78.6 хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 59 мянган хүүхдэд халамж хамгааллын үйлчилгээ явуулах үүднээс хүүхэд харах үйлчилгээний хуулийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Хүүхэд харах үйчилгээнд эхний ээлжинд 10 мянга гаруй хүүхдийг хамруулах боломжтой. Хүүхэд харах үйлчилгээнд зориулан 2016 оны улсын төсвөөс 10.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тус хууль хэрэгжиж эхэлснээр гэртээ хүүхдээ хараад суудаг 15-30 мянган эцэг эх ажлын байртай болох боломжтойг албаныхан хэлж буй.

Э.Номин-Эрдэнэ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *