Хүүхдээ төрснийх нь дараа л “миний хүүхэд” гэж харж, харьцаж, эрхлүүлж харин хэвлийд байх хугацаанд нь хайхрамжгүй хандах байдал зарим эцэг эхчүүдэд ажиглагддаг. Тэр дундаа аавууд хайхрахгүй байх нь бий. Тэгвэл хүүхэд эхийн хэвлийд байх үеэс л бүхнийг мэдэрч, сонсч ойлгодог гэдгийг эрдэмтэд шинжлэх ухаанаар баталсан байна.Үүнийг нотолсон бас нэг судалгаа нь нялх хүүхэд гэдсэндээ юу мэдэрч, сонсч байснаа санадаг явдал юм. Зарим хүүхэд санамсаргүй байдлаар гэдсэнд байхдаа тохиолдсон үйл явдлыг мөн төрөх үед юу болж байсан тухай аав, ээжийнхээ мартсан зүйлийг ч дурсан ярьж гайхшируулсан тохиолдол байдаг.
Тухайлбал АНУ-д судлаач хийдэг эхийн Магнус гэх долоон настай хүү нь “Ээж хүнсний дэлгүүрээс юм авчихаад буцаж явах замдаа машинтай мөргөлдсөнийг би маш тод санаж байна. Би энэ тухай ээжээсээ асуутал тэр надад чи хараахан төрөөгүй байсан үе шүү гэж хариулсан. Мөн намайг төрсний дараа ээжийн өвөр дээр тавиад, сувилагч эмэгтэй дугуйтай тэргэн дээр түрж явсныг маш сайн санаж байна” хэмээн ярьжээ.
Тэгвэл Японы эрдэмтэд 2-3 насны хүүхэд ээжийнхээ хэвлийд байх үеэ санадаг гэсэн сонирхолтой судалгаа гаргажээ. Бага насны хүүхдээс ээжийнхээ гэдсэнд байхдаа юу хийдэг байсныг асуухад тодорхой хариулна. Тэр тусмаа жирэмсэн байхдаа хүүхэдтэйгээ сайн харьцаж, сонгодог аялгуу сонсгож, шүлэг ном уншдаг байсан ээжүүдийн хүүхэд бүр ч тодорхой санадаг. Энэ нь эх хүүхдийн тархи, сэтгэл зүй холбоотой байдгаас үүдэлтэй” гэжээ.
“Mamy poko” живхний цахим хуудсан дээр энэ талаар бичсэн байсан бөгөөд админ нь “Би дөрвөн настай хүүхдээсээ асууж үзлээ. “Миний бяцхан нь машин тоглодог байсан гэж байна. Хэд хэдэн ч удаа асуулаа. Яг л энэ хариултаа хэлж байна” гэжээ. Доорх сэтгэгдлүүд дээр ч ээжүүд хүүхдээсээ ээжийнхээ гэдсэн дотор байхдаа юу хийж байсныг нь асууж хариултыг нь нийтэлсэн байна. Зарим нийтлэлээс сонирхуулбал:
Дөрвөн настай хүүтэй Ука Одука гэх ээж “Сонин санагдаад асууж үзлээ. Би гарах гэсэн чинь гарч чадахгүй байсан. Тэгсэн чинь гэнэт л гарчихсан гэнэ. Би 41-42 долоо хоногтойдоо хийсвэрээр төрсөн юм. Бас компьютероор хараад байсан гэнэ ээ. Эхог хэлээд байгаа юм болов уу” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн Б.Амарзаяа гэдэг ээжийн гурван настай охин нь “Би хоол идээд л унтаад байдаг байсан” гэсэн бол Eni Eni гэх ээжийн дөрвөн настай хүүхэд нь “Таны гэдсэнд өшиглөөд л инээгээд л, толгойгоороо таны гэдэс рүү мөргөж тоглодог байсан” гэжээ. Мөн нүүр ном нь Batotgon Orshkow гэх эх “Тоглох тоглоом байхгүй гараа өргөж тоглодог байсан” гэсэн бол Bulgaa Seyko гэх нүүр хуудастай ээж “Зайрмаг иддэг байсан гэнэ ээ. Би зун болохоор халууцаад их зайрмаг иддэг байсан юм” гэсэн бол Bujinlkham Enkhamgalan “Би том хүүгээ гэдсэнд байхад нь доошоо харж их унтдаг байсан. Бүр найман сартай байхдаа хүртэл өөрийн мэдэлгүй доошоо хараад унтчихна. Тэглээ гээд түүртдэггүй байлаа. Хүүгээ гурван настай байхад нь нөхөр бид хоёр тэрийг яриад хүүгээ их дардаг байсан байх даа гэсэн чинь тийм, би тэгээд бүр уйлдаг байсан. Ээжийг дээшээ хараад хэвтэхээр уйлахаа больдог байсан гэсэн” гэжээ. Ganchimeg Tsegmid “Би тэр үед шоколад их иддэг байсан манай хүү шоколад иддэг байсан гэнэ” гэх зэргээр сэтгэгдлүүд хөвөрчээ. Хамгийн сонирхолтой нь ээжүүд хэд хэдэн удаа, зарим нь хоёр, гурав хоногийн дараа мартчихсан байх гэж бодоод дахин асуухад 2-4 настай хүүхдүүд яг л нэг хариулт хэлж байна гэдгийг онцолсон байв. Нялх хүүхэдтэй бол та ч гэсэн хүүхдээсээ асуугаад үзээрэй. Тэгвэл энэ үзэгдлийг Америкийн эрдэмтэд шинжлэх ухааны хүрээнд арай үндэслэлтэй тайлбарласан байна.
Виржиния” их сургуулийн анагаах ухааны вэб хуудсанд хүүхдийн төрөхөөс өмнөх үеийн дурсамжийн тухай ингэж бичжээ. “Таны балчир үрс төрөхөөс өмнөх юм уу, төрөх үеийн дурсамжаасаа хуваалцаж магадгүй. Зарим хүүхдүүд гэдсэнд байх үеийн мэдээллээ маш тод авч үлдсэн байдаг. Тэд эцэг эхийнхээ таг мартсан зүйлийг санаж, тодорхой ярих нь бий. Бид шинжлэх ухааны хүчинд ой дурсамжаа хэрхэн хадгалж зохицуулдгийг бага ч атугай тайлбарлаж чаддаг болсон. Гэвч тархи, санах ой, зүүдний талаар маш олон зүйл өнөөг хүртэл нууцлаг, үл ойлгогдох хэвээр байна” гэжээ.
Харин Сэтгэл судлалын “Lakehead” их сургуулийн тэнхмийн профессор Марк Л.Хове “Аливаа хүн төрөхөөс өмнөх үеийн зүйлээ санаж байх нь тархинаас салангид байх далд ухамсартай холбоотой олон нууцлаг үзэгдлийн нэг юм” хэмээн ярьсан байна. Ингэхдээ ээж болон ургийн тархи хоорондоо холбоотой байдаг гэдгээр тайлбарлажээ.
Эрдэмтдийн судалгаа болоод дээрх хүүхдүүдийн хариултаар хүүхэд ээжээрээ дамжуулан хэвлийд байхдаа бүхнийг мэдэрдэг, сонсдог болох нь харагдаж байна. Иймээс жирэмсэн ээжүүд үр хүүхдэдээ сайн сайхныг мэдрүүлж, сайн хүн болгохыг хүсвэл гэдсэнд байх үеэс нь идэж буй хоол хүнс, хэлж ярьж буй үгэндээ гамтай байх нь чухал юм. Жирэмсний үед дааврын өөрчлөлтийн улмаас эмэгтэйчүүд уурлаж бухимдах нь амархан болдог. Тэглээ гээд хэн бүхэнтэй муухай харьцаж, гомдож, уйлаад байж болохгүй.
ХҮҮХЭД УРАГ БАЙХААСАА ХӨГЖДӨГ
Хүүхдийн оюуны хөгжил эхийн хэвлийд байхаас эхэлдэг. Энэ талаар АНУ-ын эрдэмтэн Уилки, Барбара Уилки нар “Үр хөндөхүй” гэдэг бүтээлдээ “Эхийн хэвлийд хүүхдийн зүрх 18 хоноод цохилж, дөрвөн сартайгаас эхийн сэтгэлийг дагаж айх, өсөрхөх, уйтгарлах, хилэгнэх гэх зэрэг сэтгэлийн хөдлөлд автдаг” тухай өгүүлсэн байдаг.
Эмэгтэй хүн хэвлийдээ хүүхэд олсон тэр мөчөөс:
-Хажуулан амрахгүй
-Далжийн суухгүй
-Хэлбийж зогсохгүй
-Нийлэмжгүй юмыг идэхгүй
-Нүдэнд муу өнгийг үзэхгүй
-Чихэндээ хов живийг сонсохгүй
-Өглөө, үдэш бүр уянгат шүлэглэлийг дуудуулан сонсож явах ёстой. Ингэж чадвал төрүүлсэн хүүхэд төлөв шударга, эрхэм төгс болно хэмээн үздэг. Хүүхэдтэй олсноо мэдсэн үеэс аль болохоор шим сайтай хоол ундыг тохируулан идэж, уух ёстой. Ихэвчлэн бүхэл мах, битүү хоол, шөлөөр хооллоно. Цагаан идээ ялангуяа сүү их чухал. Хурц хоол, ангийн мах иддэггүй. Учир нь хүүхдийн хүйс солигдоно гэдэг.
Битүү туурайтны мах, хоолны үлдэгдэл, гашилж гэмтсэн идээ ундааг идэж уувал нялх хүүхдийн биед муу шим чанар шингэж, эд эрхтний бүрдэл бойжилтод нөлөөлнө. Таарах, таарахгүй юм хамаагүй идэж болохгүй. Энэ нь гэдэс эвгүйрхэж, хордохоос болгоомжилж буй хэрэг. Элдэв хурц амттай янз бүрийн чихэр бурам аль болохоор хэрэглэхэд цээрлэж хүүхэд бузартана гэдэг.
Харин зун, намар хангайн жимсийг иднэ. Архи, айраг хэрэглэхгүй. Жирэмсний эхний 12 долоо хоногт нэг аяга шар айраг уухад л хүүхдийн тархины цусан хангамж тодорхой хэмжээгээр багассанаас тархи толгойн гэмтэл нэмэгддэг байна.
Хориглож, цээрлэдэг зүйл:
-Уурлаж, гомдож болохгүй
-Хэрүүл, зодоон цохион сонсохгүй
-Овоо тахилга, үхдэл гашуудал дээр очихгүй
-Айж, цочихгүй байхыг хичээх
-Тулгар эх бүсээ чанга бүсэлдэггүй
-Сөхөрч буюу явган суухгүй
-Золгохгүй, айл хэсэхгүй байхыг хичээх
– Эхнэр хүн эрийн хударгаар бусадтай самуурахыг цээрлэх
-Доороосоо даарч болохгүй
-Жирэмсний хугацаанд хөдөө, гадаа унтахыг цээрлэх
-Бие давхар хүний урдуур хөндлөн гарч болохгүй.
Хуучцуул “Бие давхар хүний урдуур зам хөндлөн битгий гарч бай” гэдэг байсан нь мөргөлдөх, шүргэх, түлхэн унагааж урагт аюул учруулахаас сэргийлсэн утга агуулж иржээ. Үүний зэрэгцээ биеийн холбоог хүүхэдтэйгээ үүсгэж гэдсээ илж таалах, хүүхэдтэйгээ ярих нь чухал. Заримдаа хэвлийн доод талын гөлгөр булчин хатуурч чангардаг. Энэ үед эх эерэг бодолд хөтлөгдөн илж зөөлрүүлж байгаарай.
Эх хүүхэд хоёр зүгээр цус, гормоны холбоотой бус сэтгэлийн хувьд ч холбоотой юм гэдгийг эрдэмтэд нээчихсэн. Ээж инээж байхад хүүхэд хэвлийдээ мишээж, харин ээжийгээ гутарч гуних үед хөмсгөө зангидан уйтгарладаг. Яг энэ үеийн ургийн сэтгэл хөдлөлийг ЭХО-гоор авсан зургууд байдаг. Дуу, хөгжим ургийн сэтгэл зүйд маш сайн нөлөөтэй. Тэр тусмаа сонгодог хөгжим. Хэрвээ ээж сонгодог хөгжимд дургүй бол сонсох албагүй, өөрийн сэтгэлд хамгийн сайхан санагдах, таашаал өгөх зүйлээ л сонсох хэрэгтэй. Энэ бүхэн нь ургийн цаашдын өсөлт хөгжилт, зан аашид нөлөөлөх хүчин зүйлс болдог байна.