Налгар намар иржээ. “Нарантуул” захын павильонууд хичээлийн шинэ жилийн өмнөхөн хүний хөлд дарагдаж, худалдаачид нь цаанаа л нэг омголон авирлацгаана. Өглөөний 10 цагийн алдад хөл хөдөлгөөн энэ газарт оргилдоо хүрч, энд тэндгүй л бөөн хэрүүл шуугиан. Ядаж байтал усан бороо хувингаар цутгах мэт шаагьж, павильонуудын дээр тогтсон тунамал ус энд тэндгүй задран асгарна. Борооноос хоргодон зогсохдоо Төв аймгийн Батсүмбэр сумаас хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр ирсэн 50 орчим насны Ганболдын Бүжидмаа гэх эмэгтэйтэй уулзлаа. Батсүмбэрийн зарим иргэд үхрийн аж ахуй эрхэлж, гарсан сүүгээ сүүний компаниудад тушааж амьдардаг улс. Энэ жишгээр Г.Бүжидмаагийнх ч мөн үхрийн аж ахуй эрхэлдэг гэнэ. Түүний нөхөр О.Батнасан аж ахуйн ажлаа хариуцан үлджээ. Харин Г.Бүжидмаа Төв аймгаас өглөө хотод хоёр охины хамт ирж, хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж яваа нь энэ аж.
Тэрээр өглөө эртлэн “Хархорин” зах орж хэдэн сар хадгалсан сүү, тараг, ааруул, өрмөө 5-6 мянган төгрөгийн хооронд бөөндөж зараад шууд “Нарантуул” зах руу иржээ. Эднийх зургаан хүүхэдтэй гэнэ. Том охин нь сумынхаа хүнтэй гэр бүл болж, тусдаа гарчээ. Харин удаахь хүү нь өнгөрсөн жил Монгол-Солонгосын политехникийн коллеж төгсөж, үргэлжлүүлэн мэргэжил дээшлүүлэн сурахаар төлөвлөж байгаа юм байна. Бусад нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг.
Өнөөдөр ээжийгээ дагаж тавдугаар ангид сурдаг Б.Тэргэлсаран болон хоёрдугаар ангид сурдаг Б.Мөнгөнсаран нар олон улсын худалдааны төвийн сонин сайхныг сонжиж явна. Б.Тэргэлсаран их өсгөлүүн хүүхэд зургаа, долдугаар ангийн сурагчдын хувцас л таарна шүү дээ гэж ээж нь хуучиллаа. Нээрэн л ээжээсээ хавьгүй өндөр туранхай охин харагдана.
“ХҮҮХДИЙНХЭЭ ХУВЦСЫГ АЛЬ БОЛОХ ТОМДУУЛЖ АВАХГҮЙ БОЛ ДАРАА ЖИЛ НЬ БАГАДЧИХААД БАЙХ ЮМ”
“Нарантуул” захын үүд хэсэгт “За ах нь үнэнийг хэлэхэд хулгайлчихсан юм аа” гэж шивнээд мөнгө, монетон эдлэл 10-20 мянгад “шахчих” гээд байдаг хижээл насны эрс уламжлалаараа үнэртүүлчихсэн бүлэг бүлгээрээ зогсоцгооно. Хөлөөрөө бүтэн гишгэх зай энд алга. Ихэнх нь өлмий дээрээ л явах шахуу аядна. Эхнэрээ дагаж яваа ах нарын “Болж байна уу, ханиа” гэж аргадаад бүр сүүл рүүгээ “Нэг харснаа л ав л даа чи. Юун маягтай юм” гэж гомдоллох нь үе үе сонсогдоно. Арга ч үгүй биз ачлагын морь шиг “хэрэглээд” байхаар тамир нь тасрах шахна л даа. Г.Бүжидмаа хоёр охиндоо гутал, сурагчийн цэнхэр цамц, цүнх, ном дэвтэр, трико бусад зүйлсийг авна гэлээ. Уг нь тэрээр хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг Хорооллын “Бозоло” дэлгүүрээс бэлддэг байжээ. Энэ жил юмны үнэ онцгой өндөр байгаа учраас тэрээр “Нарантуул” зах руу иржээ. Г.Бүжидмаа “Бозологоос таван мянгаар авдаг байсан цүнх 15 мянга болчихоор наашлахгүй гээд яах вэ дээ. Юмных нь үнэ гурав дахин нэмэгдсэн байна лээ” гэв. Өөр ямар хүндрэл байна гэхэд “Хорооллын дэлгүүрүүд маскгүй бол үйлчлэхгүй гээд зарим нь оруулахгүй байгаа. Хаалганыхаа хажууд амны хаалтыг маш өндөр үнэтэй зарж байна” хэмээв. Ингээд бид захын гутал, пүүзний хэсэг рүү очлоо. Г.Бүжидмаа хэд хэдэн пүүз сониучирхаж асуухад 40-60 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Үйсэн ултай гутал 50 мянгаас дээш, харин энгийн пүүзнүүд 40 гаруй мянган төгрөгийн үнэтэй байв. Тэрээр толгойгоо илэнгээ “Зах дээр ч хувцас хэрэглэлийн үнэ нэмэгджээ. Энэ нэг аятайхан юм байна гээд харахаар бүгд аймаар үнэтэй” гэхэд араас нь нэгэн худалдагч “Таалагдахгүй бол өөр хямдхан газар олохгүй юу. Зарах албагүй шүү” хэмээн уцаарлах сонсогдов. Г.Бүжидмаа яриагаа үргэлжлүүлэн “Энэ жил формны цамц авахгүй, өмнөх жилийн цэнхэр цамцаа өмсүүлчихье гэж гүрийсэн боловч болсонгүй. Багадсан байна. Ер нь хувцаснуудаа аль болох томдуулаад авна. Сурагчийн цамц 13-15 мянган төгрөгний хооронд байна. Аль болох хямдханыг нь түүгээд л авна шүү дээ. Цүнх ч мөн үнэтэй байна. Ноднингийн цүнх байсаар байхад жижигхэн гээд голоод байх юм, охин маань. Хүүхдүүддээ юм авахдаа овоохон томыг авсан дээр гэж бодоод л авдаг. Манайхан хоорондоо солилцоо хийнэ. Манай хүүхдийн цамц жижигдсэн ч шинээрээ байгаа арван мянгаар ав. Харин оронд нь шинэ цамцны мөнгө явуулчих гээд л” гэж хэлээд хөхөрлөө. Энд тав алхаад л дүрэмт хувцасны цэнхэр сорочкон цамц төрөл төрлөөрөө өлгөөтэй байна. Тод цэнхэр нь 15 мянга, бүдэг цэнхэр нь 10 мянган төгрөгийн үнэтэй байв. Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд хүүхдэдээ таарах дүрэмт хувцасны үнийг асуухдаа, “Материал нь ямар вэ, ямар компани үйлдвэрлэсэн бэ, хүүхдэдээ өмсүүлж үзэж болох уу” гэх мэт асуултыг худалдагчид тавина. “Нарантуул” худалдааны төвд зарагдаж байгаа бүх сурагчийн дүрэмт хувцас урд хөршөөс иржээ. Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцасны дөрвөн хос 40 мянган төгрөг, охидын гурван хос 30 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 45 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 60 мянган төгрөгөөр зарагдаж байна. Яагаад Монгол Улсад үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэлийн дүрэмт хувцас байхгүйг сонирхоход худалдагчид “Энд зөвхөн Хятад улсаас оруулж ирсэн дүрэмт хувцаснууд л зарагддаг. Монгол Улсад үйлдвэрлэсэн хувцаснууд яг адилхан материалтай байдаг хэр нь хэт их үнэтэй байдаг. Тийм үнэтэй хувцсыг хэн ч авахгүй шүү дээ. 3-4 хүүхдээ дагуулж яваа эцэг, эх нэг хүүхдэдээ 150 мянгаар зөвхөн дүрэмт хувцсыг нь авбал бусад хэрэгцээг нь юугаараа авах юм. Бид ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд зарж борлуулъя гэхээр зарагддаггүй” гэж байлаа. Захаар яваа иргэдээс Хятадын үйлдвэрийн цамцнуудын талаар асуухад “Хямдхан учраас л авдаг. Материалын хувьд нимгэн ч хэдэн сар өмсүүлчих байх” гэцгээж байв. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр иргэдийн халаас хэтэрхий нимгэн байгааг тэд онцолцгоож байв. Тиймээс Г.Бүжидмаа бид хэд зориуд үндэсний үйлдвэрлэл болох “Шилмэл загвар” компанийн үнийг сонирхов. Бага ангийн охидын гурван хосыг 70 мянган төгрөгөөр, хөвгүүдийн дөрвөн хосыг 91 мянган төгрөгөөр худалдаалж байв. Дунд ангийн охидын хослол 111 мянган төгрөг бол хөвгүүдийнх нь 115 мянган төгрөгт багтаж байна. Харин ахлах ангийн охид 138 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 153 мянган төгрөг болох аж.
“НЭГ СУРАГЧИЙН ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛД ХАГАС САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА”
Бид дараа нь цүнхний хэсэг рүү явав. Бага охин Б.Мөнгөнсаран цагаан өнгийн цүнх сонирхлоо. Мөн барбитай оосор уясан ягаан цүнх рүү заав. Ээж нь “Хөдөөний хүүхдүүд цагаан өнгийн цүнх авчихвал хоёр, гурав хоноод л будаа болно (инээв). Сургуулийн багш нар цүнхэн дээр цацруулагч заавал наа гээд байдаг юм. Энэ харин цацруулагч авч наана гэхгүй амар юм байна” гээд цацруулагчтай, цацруулагчны оруулгатай хоёр цүнхийг сонголоо. Г.Бүжидмаа нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд хагас сая гаруй төгрөг зарцуулж байгаа аж. Тэрээр “Аль болох хямдыг нь хараад байхад л 500 мянга гарчихаад байх юм. Одоо баахан юм бэлддэг сургууль орохгүй бол хэцүүднэ дээ” гэлээ. Түүнээс сурагчид хоёр, хоёр цагаар танхимаар хичээллэх талаар асуухад “Манай хүүхдүүд айлд байдаг юм. Тэгвэл мөн хэцүүдэх юм байна даа, энэ хотынхон” гэхэд худалдагч залуу малгайгаа хойш нь эргүүлээд “Харин тийм ээ. Наад асуудал чинь харин хэцүү байна. Эхнэр бид хоёр зах дээр цуг ажилладаг юм. Тэгэхээр нэг нь заавал ажлаасаа гарч таарах юм байна л даа” гэхэд цаанаас нь нэгэн хижээл насны бүсгүй “Би ч бүр балрах юм байна л даа. За тэр яахав. Хоёр хоёр цагийн зайтай түгжрэл нэмэгдээд баларсан юм болно л доо” гээд жуумалзав. Тэнд байсан иргэд ар араасаа шаагилдан зарим нь “Энэ шийдвэрийг эсэргүүцэж талбай руу явж жагсъя” гэх нь хүртэл сонсогдов.
“СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ӨГДӨГ БОЛМООР БАЙНА”
Г.Бүжидмаагийнх сумын төвд өөрсдийн гэртэй боловч Ерөнхий боловсролын сургуульд сурдаг хоёр охиноо айлд байлгаж байгаа гэнэ. Хадлан, тариа нь дуусахаар малаа аваад хүүхүүдээ харахаар хот орно гэлээ. Тэдний хөдөө гэр Төв аймгийн Батсүмбэр сумын Сахарын рашааны ойролцоо байрладаг. Одоо хадлангийн ажил нь эхлэх гээд л бужигнаж байгаа сурагтай. Энэ талаар тэрээр “Хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг буцаахдаа эхлээд хадлангаа жин тан болгочихоод хийдэг. Хадлангийн бэлтгэл хийхэд хамгийн багадаа таван сая төгрөг болдог. Хадлангийн бэлтгэл, хичээлийн бэлтгэл хийхэд тэгээд л өр зээл тавина шүү дээ. Манайх бол ерөнхийдөө сүү цагаан идээний орлогоор амьдардаг. Мөн мөнгөний хэрэгцээтэй болсон үедээ үхэрнүүдээсээ л зардаг даа. Мал маллахад зарлага их. Бараг малаасаа авах үржил шимээсээ илүү их зарлага гарах гээд байдаг. 12 саалийн үхэртэй. Нийт 28 үхэртэй. Сүү саалийн ажлаа нөхөртэйгөө хамт хийдэг. Сүүний урамшуулал өгдөг болмоор байна. Яриад л байгаа мөртлөө өгөхгүй хэдэн жил болж байна. Ноос ноолуурын урамшуулал өгөөд байдаг мөртлөө бидэнд саалийн урамшуулал өгөхгүй байна. Хэдэн цаас нь хаа юм бэ дээ. Наагуур цаагуур гээд хэрэгтэй л байна” гэв.
“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭТ ҮНЭТЭЙ БАЙНА”
“Нарантуул” зах дээр хөдөө орон нутгаас хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцас авахаар зорин ирсэн иргэд олон байлаа. Хүүхдүүддээ хотоос арай чанартай, сонголттой, хямд үнээр дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл авахаар ирдэг гэцгээж байв. Г.Бүжидмаа энэ талаар “Үндэсний үйлдвэрийнхээ дүрэмт хувцсыг авна гэж бодож байна. Үнийн хувьд өндөр байгаа ч чанартай байгаа байх гэж бодож байна. Материалын хувьд зах дээр худалдаалагдаж байгаа хувцаснаас шал өөр байна” гэв. Хажуунаас нь нэгэн худалдагч “Ялгаа юу байх вэ дээ эгч ээ. Арай хямдыг нь авчихвал танд л ашигтай шүү дээ. Чанарын хувьд бараг Хятадад үйлдвэрлэсэн нь илүү шүү гэхэд Г.Бүжидмаа “Амьдралын боломжоороо ихэнх иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байсан ч зарим нь үнэ, ханшийг нь сонсоод өөр дүрэмт хувцас үзэхээр буцдаг. Ер нь хэн ч байсан тэгнэ шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлийн бараа арай л үнэтэй байна” гэлээ. Үнэ нь яагаад ингэж зөрүүтэй байгаа вэ гэж худалдагчаас асуухад “Үндэсний үйлдвэрүүдэд Боловсролын яамнаас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцсыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгосоос оруулж ирсэн хэмээн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр өөр тогтоогоод байгаа гэнэ лээ. Нарийн ширийнийг нь бид нар яаж мэдэхэв. Амархан борлогдохоор нь Хятадад үйлдвэрлэсэн цамцыг нь л зарж байна даг” гэлээ.
Г.Бүжидмаа хүүхдүүдийнхээ дүрэмт хувцаснуудыг сонгочихоод хичээлийг нь сонголоо. Тэрээр энэ жил хичээлийн дэвтэр, бал, цүнхний үнэ нэмэгдсэн байна гэж ярьж байв. Дэвтэр, үзгэн бал 50-300 төгрөгөөр нэмэгдсэн бол цүнх 20 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ жил иргэд хамгийн багадаа 250-300 мянган төгрөгийг нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд зарцуулж байна.
Б.МЯГМАРБОЛОР