Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг “Эндэх ёсгүй эндэгдэл” буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг.
2018 оны эхний 10 сарын байдлаар 0-5 насны 15385 хүүхэд осол гэмтэлд өртсөний 18.4 хувийг түлэгдэлт эзэлж байгаа ба түлэгдсэн хүүхдүүдийн 90 хувь нь ахуйн нөхцөлд буюу гэртээ түлэгдэж гэмтжээ. Осол гэмтэлд өртсөн хүүхдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.4 хувиар өсчээ.
Иймд бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ГБХЗХГ, ОБЕГ, МХЕГ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг болон бусад байгууллагууд хамтран 11 сарын 15-наас ирэх оны хоёрдугаар сарын 25 хүртэл “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага-2 аян”-ыг улс орон даяар эхлүүлээд байна. Аяны хүрээнд иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх, сэрэмжлүүлэх, хорооны болон өрхийн нийгмийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэх, холбогдох байгууллагууд хамтран ахуйн зориулалтаар ашиглаж буй цахилгаан хэрэгслүүдэд хяналт тандалт хийх зэрэг ажлуудыг хийх аж.