Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийн тоглоомын талбайг ээжийн нүдээр хараасай

Улаанбаатарт хүүхдийн тоглоомын талбай цөөн. Байгаа хэд нь ээжийн
шалгуурт тэнцэхгүй. Хүүхдийн тоглоомын талбай гэсэн нэртэй ч хүүхэд тоглоход эрсдэлтэй
гэсэн үг л дээ. Бага насны хүүхэд тоглох газар, цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд хүрэхээр
газарт гэрлийн шонгийн цахилгааны утас ил харагдах нь олонтаа.  Хүүхэд өнхөрч ойчвол нүд амаа гэмтээхээр  үзүүртэй ёзоортой зүйлс, сэрийсэн сарайсан эрэг
боолт төмөр байх нь энүүхэнд. Цементэлсэн талбай хөлд орж байгаа хүүхдийн хувьд  бэрх даваа. Хатуу цементэн талбай дээр хүүхэд
өнхөрч ойчих, толгойгоороо савж унахад тархи нь хөдлөх наад захын хэрэг. Эцэг эхчүүд
хүүхдээ унагахгүйг хичээн араас нь дагаж гүйсэн ч аанай л өнхөрч ойччих гээд байдаг
зовлон бий.  Хүүхдийн тоглоомын талбайг бүтээгчид
ээжийн нүдээр хардаг болоосой гэж өөрийн эрхгүй бодогддог. Хүүхдийн тоглоомын талбайд
цементэлсэн талбай ерөөсөө байж болохгүй юм билээ. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг ихэнх
цэцэрлэгт хүрээлэн, байрны гадаах тоглоомын талбайнуудад цементэлсэн хэсэг ихтэй.
Хүүхэд ойчвол мөргөж унах эрсдэл энэ хэрээр өснө.  Аль социализмын үеийн аварга том төмөр гулгуурууд
өнөө хүртэл үлэг гүрвэлийн үлдэгдэл мэт сэрийж харагдах нь цөөнгүй. Хүүхэд унаж
ойчих эрсдэлтэй төмрийн хогуудыг яагаад буулгаж зөөхгүй, түүхийн дурсгалт зүйлс
шиг байлгаад байдаг юм бол. Хүүхдийн орчныг ядаж аюулгүй болгочих юмсан. Хүүхдийн
тоглоомын талбайн стандарт хэрэгтэй байна даа. 

Б.ЯНЖМАА 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *