Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяатай ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас хичээл сургууль цахимаар хичээллэсэн. Энэ үед сурагчдын сэтгэл зүй урьдынхаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Цар тахал бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн хэрэгцээгээ хангахад нь саад тотгор болсон. Учир нь хүүхэд гэр бүлээсээ гадна нийгмээс сэтгэл зүйн хэрэгцээгээ хангадаг. Тоглох, суралцах, нийгэмших, өөрийгөө илэрхийлэхэд цар тахал саад болсон гэж хэлж болно. Хүүхэд энэхүү хэрэгцээгээ хангахгүй удсан тул стресс болон сэтгэл гутралд ордог. Харин танхимын хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдүүдэд энэ хэрэгцээгээ хангахад бага ч гэсэн дэвшил гарч байгаа. Цахим хичээл нь хүүхэд гэлтгүй эцэг эхчүүдэд сэтгэл зүйн ачааллыг өгч байсан шүү дээ.

-Тэгвэл танхимын хичээл эхэлснээс хойш сурагчид биенээ дээрэлхэх, гадуурхах тохиолдол хэр их ажиглагдаж байна вэ. Энэ талаарх судалгааны үр дүнгээс ярихгүй юу?

-Танхимын хичээл эхлэхэд хүүхдүүдэд хамгийн их сэтгэл догдлуулсан зүйл бол ангийнхаа хүүхдүүдтэй уулзах. Тэдний өндөр болсон эсэх, турсан таргалсан гээд бие махбодод гарсан өөрчлөлтүүд их сонирхлыг нь татаж байгаа юм. Манай төв дээр ирж байгаа өсвөр насны арван хүүхдийн зургаа нь өөрийн бие махбодод гарсан өөрчлөлтөд санаа зовж, үүнээсээ ичиж байсан. Гэтэл хичээл ороод хүүхдүүд “Би таргалснаасаа болоод гадуурхагдах вий дээ, би хэт өндөр байх вий дээ” гэх мэт айдастай байсан ч бүгд адилхан болсон нь хөгжилтэй гэж ярьж байсан. Энэ нь танхимаар орохын хамгийн давуу тал. Сул тал ч байна, шинэ ангид шилжээд орчихсон, огт танихгүй хүүхдүүдэд хэрхэн өөрийгөө илэрхийлэхээ мэдэхгүйн улмаас хүүхдүүд дотогшоо дүр төрхийг илэрхийлдэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй.

-Коронавирусийн халдвар авсан ангийнхаа хүүхдийг гадуурхаж, шоолсон гэх албан бус мэдээллүүд цахимаар яваад байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Энэ тохиолдолд цэвэр эцэг эхчүүдийн хандлага харагдаж байгаа юм. Хүүхэд гэр бүлийн толь шүү дээ. Эцэг эх надтай хэрхэн харилцана, би яг л бусадтай харилцахдаа тэгж л харилцах болно. Тиймээс эцэг эхчүүд маань өөрсдөө ямагт болгоомжтой байж, бусдад юу ч тохиолдсон хүн чигээр нь үнэлж байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Хүүхдээ дээрэлхүүлж буйг эцэг, эхчүүд тэр бүр мэддэггүй шүү дээ. Дээрэлхүүлж байгаа хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хамгийн түрүүнд хүүхдийн сөрөг араншин илүү болж, сургуульдаа явах дургүй болно, хичээл хийх сонирхолгүй болно. Сөрөг араншин гэдэг нь уур уцаар ихсэх, дүү нартайгаа таагүй харилцах, ганцаараа байх илүү дуртай болох, хэн ч намайг хайхардаггүй, би хэнд ч хэрэггүй гэх мэт үгсийг хэлдэг болно. Ер нь гэр бүлдээ дээрэлхүүлдэг хүүхэд нийгмийг үзэн яддаг, харин нийгэмд дээрэлхүүлж гадуурхагдаж байгаа хүүхэд гэр бүлээ үзэн ядаж таагүй харилцаж эхэлдэг гэсэн үг л дээ.

-Эцэг эхчүүд хүүхдээ дээрэлхүүлж байгааг нь мэдсэн ч ямар арга хэмжээ авах, яаж таслан зогсоохоо мэддэггүй тал бий. Үүнийг яаж шийдэх вэ?

-Хүүхэдтэйгээ маш сайн найз байх, зөв харилцах хэрэгтэй. Та хүүхдээ хүндэлж хайрлаж харилцахгүй байхад, таны хүүхдийг нийгэм хайраар өлгийдөж авна гэж үү, үгүй шүү дээ. Учир нь хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл бага байдаг. Мэдээж их бага хэмжээгээр гадуурхагдлаа гэхэд эцэг эхтэйгээ маш сайн харилцаатай байдаг хүүхэд аав ээждээ тэр тухайгаа хэлдэг. Ингээд л тэд сэтгэл зүйч дээр ирэх, сургуульд нь мэдэгдэх зэрэг арга хэмжээ авдаг.

-Нэр хоч өгөх, энд тэнд муу сурдаг гэж бичих, хэн нэгэнтэй холбож дооглох зэргийг ихэнх хүмүүс арван жилийн дурсамж маягаар ярих нь элбэг. Гэтэл одоо огт өөр асуудал болж, цаашлаад сэтгэл санааны хямралаас шалтгаалаад гэмт хэрэг гарах магадлалтай болчихоод байна шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Тухайн үед даван туулсан сэтгэлийн суурь тэнхээ сайтай хүмүүс л тэгж ярьдаг. Гэтэл энэ өөрийгөө илэрхийлэхдээ сайн биш, бүрэн гүйцэд чадвараа гаргадаггүй хүмүүс цөөнгүй байна. Ялангуяа ажлын байран дээр нэлээн ажиглагддаг. Цаашлаад энэ нь дутуугийн мэдрэмж үүсгээд гэр бүл зохиоход ч нөлөөлж болно. Тэгэхээр эцэг эхчүүд үүн дээр анхаарах хэрэгтэй. Илүү дэмий яриагаа л болих, буюу буруу зүйлийг өөгшүүлэн ярих хэрэггүй.

-Ер нь дэлхийн бусад улс орнууд сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг хэрхэн яаж зохицуулдаг юм бол?

-Энэ оноос эхлээд сургуулийн сэтгэл зүйч сургуулиудаар ажиллаж эхлэх гэж байна. Тэгэхээр энэ бол сургуулийн орчинд хүүхдийн ялгаварлан гадуурхалтыг багасгах боломжтой хамгийн зөв шийдэл. Мөн ангийн багш маш сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Боловсролын салбар бол маш чухал салбар, үүнийг дэлхий нийтээрээ анхаардаг. Гэтэл Монгол Улсад л хаягдаад байна. Багш мэргэжилтний сэтгэл зүйн боловсролыг анхаарах хэрэгтэй. Ингэж байж хамгийн эхний шат болох багш хүн хүүхдэд илүү хүрч зөв нөлөөлж чадна. Дараа нь сэтгэл зүйч бид нөлөөлнө.

-Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай юу. Та мэргэжлийн хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Мэдээж шаардлагатай. Энэ миний хувьд маш хэрэгтэй, нүдээ олсон зүйл гэж харж байгаа. Цар тахал хөл хорионы үеэр хүүхдүүд их хүнд байсан. Яг энэ үед сургуулийн сэтгэл зүйчид хүүхдийг илүү нээх, тэднийг хөгжүүлэх, сэтгэл зүйн боловсролд нь анхаарч өгнө гэдэгт би итгэлтэй байна. Хүүхэд бүхэн аз жаргалтай, сэтгэл зүйн боловсрол өндөртэй зөв хүн болж хүмүүжихэд сэтгэл зүйч бид өдөр бүр хичээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *