Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоног эхэлж байна

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй оронд тэмдэглэдэг бөгөөд энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээрх өдрийг “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн дор НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа ба 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлж байна. Тухайлбал, 2016 онд гарсан улаанбурханы дэгдэлтийн үед гарсан эндэгдлийн дийлэнх нь зургаа хүртэлх сартай хүүхдүүд байсан төдийгүй, эхийн сүүгээр дагнан хоолоогүй хүүхдүүд байжээ. Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр дагнан хооллох нь буурсан нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэргээс хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудалд бөгөөд нийгмийн бүх салбарт энэ асуудлыг анхаарч хамтран ажиллах шаардлагатай гэдгийг албаныхан онцолж байна.

Хөхний сүү нь хүүхдийн бие махбодид хэрэгцээтэй, шинэгэхэд тохиромжтой уураг болон өөх тос, дархлааны фактор, даавар болон фермент агуулдаг учраас хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулашгүй хүнсний бүтээгдэхүүн юм. Иймд ДЭМБ-аас хүүхдийг төрснөөс хойш зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллолохыг зөвлөдөг. Ингэснээр уушигны хатгалгаагаар өвчлөх эрсдлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *