Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101,
- Өмчлөх эрхийн эсрэг 75,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15,
- Хүний амьд явах эрхийн эсрэг найм,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хоёр,
- Авлига, албан тушаалын хоёр,
- Үндэсний эв нэгдлийг бусниулах нэг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Г нь тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр төсөвт өртгийг хувааж “Н” болон “Т” ХХК-тай гэрээ байгуулан санхүүжилт олгуулж, давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- БНХАУ-ын иргэн Я.Ф нь 2021-2023 оны хооронд нэр бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл ногдох 878.530.154 төгрөгийн орлогыг худал мэдүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн А.О нь өөрийн бага насны хүүхдийг 2023 оны 6 дугаар сард “GS25” сүлжээ дэлгүүрт, 9 дүгээр сард “Ө” нэртэй зочид буудалд тус тус хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн С.Н нь Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р” зочид буудалд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар