Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдээ дулаан хувцаслаж, дархлааг нь дэмжээрэй

“Сүүлийн үед хүүхдийн тууралт, суулгалт, шарлалттай халдварт өвчин, ханиад томуу нэмэгдэх хандлагатай байна” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэв.

“Хүүхдэд тавих анхаарал халамж, асаргааг сайжруулаарай” хэмээн эмч зөвлөж байна. Хүүхдээ дулаан хувцаслаж, малгай ороолт өмсүүлэх, маск зүүлгэх, витаминлаг хоол унд хэрэглэх, гарыг нь савандаж угаалгах, ам, хоолойг нь зайлуулж цэвэршүүлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөсөн юм.

“Халууралт, тууралттай шинж тэмдэг бүхий өвчин нэмэгдэж байна” хэмээн тус төвийнхөн өмнө нь ч сануулж байв. Ийм шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин бол улаанбурхан, улаан эсэргэнэ, улаанууд байх нь элбэг. Энэ онд дэгдэлт байдлаар гарч, долдугаар сараас буурах хандлагатай байсан улаанбурхан өвчин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт, 0-1 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, улаанбурхан, улаан эсэргэнэ оноштой эмчлүүлэгсэд нэмэгдэх хандлагатай байна. Улаанбурхан өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргэе.

Улаанбурхан нь вирусийн гаралтай халдварт өвчин. Агаар дуслын замаар халддаг. Халуурах, нүдний салст үрэвсэх, нус гоожих, ханиалгах, аманд улаан хүрээтэй, цагаан толбо үүсдэг. Нүүрнээс эхлэн толбот, гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд аажмаар доошилсоор бүх биеэр тархана. Урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ есөн сар, хоёр настайд вакцин тариулаарай. Хүүхдэд “А” болон бусад аминдэм уулгаж, илчлэг сайтай хоол хүнс идүүлж, дархлааг нь дэмжээрэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд болон эмнэлэгт хандана уу.

Б.Эгшиглэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *