Categories
мэдээ нийгэм

Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ

Эрхэм Ерөнхийлөгч таны энэ өдрийн мэндийг айлтган миний бие танд хоёр дахь удаагааил захидал илгээж байна. Таныг цаг зав гарган уншиж танилцана гэдэгт гүнээ итгэж байна.

Миний нөхөр Д.Цогтбаатар өргөсөн тангарагтаа үнэнч, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ТЕГ-т  16 жил ажиллахдаа хоёр ч удаа Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдож байсан. Миний нөхрийг анх 2013 оны 2 сараас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт ор үндэслэлгүй гүтгэсэн мэдээллүүдийг цацаж байгаад улмаар 2013 оны 6 сараас эхлэн зохиомол хэргээр цагдан хорьсон.

Хоёр сар гаруй хоригдоод суллагдсан учраас бүх асуудал шийдэгдэж дууссан гэж бодож байтал шоронгоос суллагдсан өдрөөс нь эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар өмнөхийн адилаар гүтгэсэн мэдээллүүд гаргаж эхэлсэн. Ингэж байгаад 2014 оны 4 сарын 4-ний өдөр гэнэт АТГ-аас баривчлан Төв аймгийн хориход бүтэн гурван сар цагдан хорьсон.

Хоригдсоноосоо хойш нөхрийн маань бие эрс муудаж, эмчийн дүгнэлтээр хаван тулсан, бөөрний архаг үрэвсэлтэй, зүрхний хэм алдагдсан, шулуун гэдэсний цус алдалттай зэрэг өвчнүүдийн оноштойгоор Төв аймгийн хорихоос 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт шилжиж ирсэн ч бие нь дээрдэхгүй байгаа билээ.

Эмч нарын дүгнэлтээр яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн онош тавигдсан учраас миний зүгээс нөхрийгөө заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаж авах хүсэлтээ Ерөнхий прокурорын нэр дээр гурван удаа, Нийслэлийн прокурорт зургаан удаа гаргасан юм.

Мөн өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлтээ олон удаа гаргаж байсан боловч “Гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх, оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьж байгаа” гэсэн хариуг өгсөн. Миний нөхөр хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, оршин суух тодорхой хаягтай, ТЕГ- т харьяалагддаг, гадаад паспорт нь энэ байгуулагадаа хадгалагдаж байдаг.

Ийм байхад заавал шоронд хорьж, олон янзын хэрэг тулгаж,зөвхөн оргон зайлж гэмт хэрэг дахин үйлдэхмагадлалтай гэсэн хуулийн заалтаар өнөөдрийг хүртэл хориод байгаад гомдолтой байна. Энэ нь зохион байгуулалттайгаар нөхрийг маань ямар нэгэн байдлаар яллах гээд байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа юм” хэмээн тайлбарлаж байна.

Нөхрийг маань гэм буруутай гэж шүүх тогтоогоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гэмт хэрэгтэн мэтээр мэдээлж, нэр төрийг нь гутаан доромжлоод зогсохгүй “Цогтбаатар амьд явах эрхгүй, өс хонзонгоо авч байхад битгий саад бол” гэж хэлсэн нөлөө бүхий хүний ажилладаг АТГ нөхрийн маань хэргийг шалгаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна.

Д.Цогтбаатарт холбогдох хэрэг гэгчийг шуурхай шалгаж, шийдвэрлэж өгөхийг Цогтбаатарын өмгөөлөгч болон миний бие 2013 оны 6 сараас хойш өнөөг хүртэл хугацаанд мөрддөг, хянадаг, хорих зөвшөөрөл өгдөг шат шатны эрх бүхий албан тушаалтнуудаас эхлээд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, Улсын ерөнхий прокурор, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст олон удаа гомдол, хүсэлт, захидал илгээсэн боловч анхаарч үзэж байгаа байгууллага, албан тушаалтан алга байна. Одоо би хаана, хэнд хандах ёстой вэ, эрхэм Ерөнхийлөгч өө. Миний нөхөр шоронгоос Ерөнхийлөгч танд үнэн байдлаа илтгэсэн захидал нийт таван удаа илгээсэн гэсэн. Танд хүрдэг эсэх нь эргэлзээтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрх, хүний эрх, эрх чөлөө манай гэр бүлд ноцтойгоор зөрчигдөж, эрх мэдэлтэй хүний хувийн өс хонзонгийн золиос болоод байхад XXI зууны Ардчилсан Монгол, Ардчилсан засгийн газар огт анхаарахгүй байгаад би хувьдаа маш их эмзэглэж байна. Манай улсад одоо яг тэртээх 37 оны хэлмэгдүүлэлт биетээрээ болж, жирийн нэг айлын тайван амьдрал сүйрч, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хүмүүсийн итгэл алдарч, шүүх прокурор нь хараат байдалд ажиллаж байгааг яагаад төр засаг нүд чихгүй мэт анзаарахгүй байна вэ?

Энэ бүхэнд Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч та төрийн тэргүүн, хань нөхөр, эцэг хүнийхээ хувьд цаг зав гарган анхаарлаа хандуулж өгөөч ээ хэмээн хүчин мөхөдсөн эмэгтэй хүний хувиас чин сэтгэлээсээ хүсч байна.

Ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж явахад нь хүнийг хэвлэл мэдээллээр хэн ч биш болгон зохиомол хэргээр гүтгэн доромжлоод, мөрдөж мөшгиж цагдан хорьж, сэтгэл санаа, эрүүл мэндээр хохироодог ийм байдлаахэзээ зогсоох юм бол.

Дашрамд хэлэхэд, миний өвөө болон аав маань хууль хүчний байгууллагад нэг насныхаа амьдралыг нэр төртэй холбосон хүмүүс байсан. Миний нөхөр ч гэсэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчилгүй, хуулийн хүрээнд ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан гэдэгт ханийн хувьд би итгэлтэй байна.

Эрхэм Ерөнхийлөгч таныг хүндэтгэсэн иргэн Ч.Мандах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *