Categories
мэдээ цаг-үе

Хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Таны төлөө бид” эмнэлэгт өнжлөө

Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн гэр бүлийн хүн Б.Доржпүрэвийн хамт

Ээ, хөөрхий эмч хүний эрдэм чадлын хүчийг

Элбэрэлт бурхдын ид шидтэй дүйцүүл юү

Ээ, хөөрхий эмч хүний алдар гавьяаг мөнхжүүлж

Эгшиглэн хурайлж, зулуйдаа залбиран дуул юу хэмээн нэгэн шүлэгч магтан өгүүлсэн байдаг. Нээрээ л элбэрэлт бурхдын ид шидтэй дүйцүүлмээр нэгэн энгүй их бидний үйлстэн.

Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Таны төлөө бид” эмнэлэгт бид энэ удаа өнжиж саатлаа. Б.Бүлтэн эмчийг танихгүй хүн ховор. Б.Бүлтэн эмч гэхээр захын хүн мэднэ. Эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд тэрээр 40 гаруй жил зүтгэхдээ 16 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ. Өнөөдрийг хүртэл олон мянган хүүхдийг эх барин авсан эмч хүн төдийгүй эх барих эмэгтэйчүүдийн олон сайн эмчийг сурган хүмүүжүүлсэн багш хүн. Бидний сурвалжлах баг тус эмнэлгийг зориход угтах хаалганд Инээмсэглэн угтаж, Итгэлцлээр үдье хэмээх элэгсэг дулаахан үгс нүдэнд туслаа. Угтан авагч үйлчлүүлэгчдэд масаа зүүхийг сануулж, халуун үзэж оруулж байна. Б.Бүлтэн эмчтэй уулзахаар явна хэмээхэд, “Эмч хагалгаанд орсон байгаа, энд түр хүлээгээрэй” хэмээв. Ингээд эмчийг хүлээх зуур хөдөөнөөс дөнгөж орж ирээд байгаа болов уу гэлтэй хөрслөг бор царайтай 50 дөнгөж гарч яваа юм уу гэмээр ах охиноо дагуулан орж ирлээ. Б.Бүлтэн эмчийн эмнэлэг мөн үү, охиноо үзүүлэх гэсэн юм. Нутгийн хүний зааж зөвлөснөөр явна ах нь гэсээр тэвдсэн янзтай урсгаж гарлаа. Ах нь унаанаас буугаад л шууд нааш зүглэлээ хэмээн хөлсөө шудран маскаа дээшлүүлэх нь тэр. Үүдээр орж ирж буй эмэгтэйчүүд ихэнх нь Бүлтэн эмчийг сураглана. Цаг бий юү, хэзээ цаг авч болох вэ гэх зэргээр асуулт хөвөрнө. Эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн хүн, найз залуутайгаа тус эмнэлгийг зорьж харагдлаа. Энэ зуур угтан авагч эмчийн хагалгаа нь дууслаа. Өрөө рүү нь орцгооё хэмээв. Бүлтэн эмчийн өрөө тус эмнэлгийн хоёр давхарт байдаг юм байна.

Тэрээр “Хагалгаанд ороод гарч ирлээ. Хагалгаа амжилттай болсон. Сүүлийн үед манай эмэгтэйчүүд хавдраар их өвдөх болж. Азаар хоргүй хавдар юм” хэмээв.

Бидний яриа тус эмнэлгийн үүх түүх, дурсамжаар эхэллээ. 1991 оноос манай нэгдүгээр амаржих газарт ажиллаж байсан ихэнх эмч нар зах зээлд шилжлээ. Бидний цалин бага амьдралд хүрэлцэхгүйн дээр өдөр шөнийн ээлжинд гарч, завгүй ажиллах нь их байсан.

Надтай хамт зүтгэж, олон жил гар нийлэн ажилласан Монгол Улсын Ардын эмч Б.Үйлст маань төрөх тасгаа, би эмэгтэйчүүдийн тасгаа хариуцаж үлдлээ. Төрөх хүн ховордож, эмнэлэг бараг хоосорсон.

Улс орон даяар салбар бүрт өөрчлөлт гарч, өмч хувьчлал явагдаж эхэллээ. Тэр үед манай амаржих газрын ерөнхий эмч Л.Мижиддорж нэг өдөр бид хоёрыг дуудаад та хоёр ээлжгүй үедээ ажиллаж байхаар өөрсдийн хувийн эмнэлгийг нэг өрөөнд нь ч болов байгуулахгүй юм уу гэдэг юм. Ингээд хувийн эмнэлэг байгуулсан. Б.Үйлст, Ж.Долгорсүрэн нарын гурвуулаа нэг баг боллоо. “Таны төлөө бид” эмнэлэг 1993 онд нээж ажиллуулсан. “Таны төлөө бид” Үүдэн эмнэлэг нэртэйгээр үйлчилж эхэлсэн. Үнэхээр ч амьдралд амьдралд нэмэр болж, шинэ хэвшилд дадах төлөв оров. Ингэж явсаар 2009 онд эмнэлгийн шинэ барилгаа мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор барьж, ашиглалтад оруулсан. Мөн “Эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг” болон өргөжсөн. Найман настай балчираас наян настай бууралд хүртэл үйлчилж байна. Манай гэр бүлийн хүн бодож байгаад хүний төлөө үйлчилж байгаа юм чинь энэхүү нэрийг өгвөл яасан юм бэ хө гэлээ. Таны төлөө гэх нэр надад ч их дотно санагдлаа. Ингээд л хувийн эмнэлэгийнхээ гэрчилгээ, тамгыг гардаж авсан түүхтэй хэмээн хуучлав.

Үргэлжлүүлэн бидний яриа сүүлийн үед тулгамдаж буй эмэгтэйчүүд, охидын эрүүл мэндийн талаар өрнөлөө. Б.Бүлтэн эмч “Өсвөр насны охидын эрүүл мэндэд үнэхээр анхаарал хэрэгтэй болж байна. Сүүлийн үед өсвөр насны охидын жирэмслэлт их болж байгаа нь санаа зовоож байна. 13-17 нас хүртэлх охидын жирэмслэлт нэмэгдэж байна. Зах зээл гараад бараг бүхий л хүмүүс хувийн аж ахуй эрхэлж түүндээ анхаарал хандуулаад үр хүүхдээ, тэр тусмаа охин хүүхдэдээ тавих анхаарал халамж сулхан байна. Манай эцэг эхчүүд хүүхдээ жирэмсэн болсныг мэддэггүй. Охид бас жирэмсэн болсон эсэхээ мэдэхгүй явсаар төрөх хугацаа нь болчихдог. Өсвөр насны охид нь жирэмслэх нь голдуу хүсээгүй гэнэтийн байдаг. Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах арга замыг өсвөр насныханд зааж сургах нь зөв. Өсвөр насны жирэмслэлтийн цаана гарах хүндрэлийг мэддэггүй. Эцэг эхчүүд тэр тусмаа ээжүүд охинтойгоо сайн ярилцдаг баймаар байна. Ээж хүн тэр тусмаа охидтойгоо нээлттэй илэн далангүй байх хэрэгтэй” гэлээ.

Өсвөр насны жирэмслэлтийг дагаад үр хөндөлт яригддаг. Маш бага насандаа өөрөө бие мах бодь нь бэлтгэгдээгүй байхад жирэмслэхийн хор уршиг их байдаг. Умайн хүзүү нь бүрэн бэлтгэгдээгүй учраас ойрын болон холын хүндрэл их гардаг. Өсвөр насны гэлтгүй үр хөндөлт хийлгэх аль ч насанд осолтой. Эцэг эхчүүд хараа салгахгүй л хардаг, гэрээсээ нэг ч гарч хоноогүй гэдэг. Заавал гадуур хонож байж жирэмсэн болно гэсэн үг биш шүү дээ. Өсвөр насны охидод урьдчилан сэргийлэлт хийх хэрэгтэй. Эрт бэлгийн харьцаанд орж болохгүй гэдгийг охид гэлтгүй хөвгүүдэд ч ойлгуулах нь зүйтэй. Арван жилийн сургуулийн программд охидын эрүүл ахуйн хичээл заавал ороосой гэж боддог. Бэлгийн харьцааг замбараагүй байлгах ёсгүй ш дээ. Сүүлийн үед телевиз, сошиалаар буруу суртал явуулж байна. Эмэгтэй хүний ээж болох хамгийн тохиромжтой нас 21-24 нас гэж үздэг. Мөн 35-аас доош байвал сайн. Энэ хугацаанд хүрэхгүй жирэмсэн болох энэ хугацааг хэтэрхий өнгөрөөж байгаад жирэмсэн болох аль аль нь ч хүндрэлтэй. Хожуу жирэмслэлтүүд ч нэмэгдэж байгаа хэмээн нэмж хэлэв.

Түүнчлэн сүүлийн үед мөн л санаа зовоож буй асуудлын нэг эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварт өвчин гэнэ. Эмнэлэгт хандаж байгаа зүйлсийн дийлэнх нь бэлгийн замын халдварт өвчин байгааг тэрээр хэллээ. Бэлгийн замын халдварт өвчин үргүйдлээс эхлээд олон хор уршигтайг хэлж байв.

Хүн байгалийн нэг л амьтан. Тиймээс эмэгтэй хүн төрж, хөнгөрч байх ёстой. Төрөх тусам царай нь гэрэлтээд эхэлдэг. Эмэгтэй хүн сайхан болдог, шинэчлэгдэнэ ч гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүнийг өндгөвчний үйл ажиллагаагаар нь шинждэг. Нүүр ам нь гөлгөр нүд нь цогтой байвал өндгөвч нь сайн ажиллаж байна л гэж ойлгоно. Нөхөргүй бол хүүхэд битгий гаргаач ээ гэж хэлмээр байдаг даа хэмээв.

Кесарево хагалгааны талаар тэрээр кесарево хагалгаагаар тав, зургаа ч төрж болно. Кесарево хагалгаагаар төрсний дараа өөрөөрөө төрж болдог. Гэхдээ болж л өгвөл кесарево хагалгаагаар бус байгалийн жамаар төрөхийг бүсгүйчүүдэд зөвлөнө. Манай эмнэлэг төрөх тасаг руу нөхрүүдийг нь оруулчихдаг. Эх хүн хүүхдээ төрүүлэх үедээ үхэлтэй нүүр тулаад үрээ шүүрч аваад, энгэртээ тэврэн буцаж ирдэг юм гэдэг дээ. Хүн ер нь эх төрж байгааг харах хэрэгтэй. Өөрөө эхээс төрж байгаагаа харах биш дээ. Хийсвэрээр төрж байгаа эхчүүдийн дэргэд мөн адил нөхрийг нь оруулдаг. Нөхрүүд ухаан алдаж байсан тохиолдлууд ч бий. Бид чинь ухаан алдсан хүнийг тоох нь битгий хэл нөгөө эхийгээ төрүүлэхэд л анхаарна шүү дээ хэмээн инээмсэглэлээ.

Б.Бүлтэн эмч, Ж.Бадамцэцэг, Б.Байгалмаа, О.Оюунжаргал, Б.Дарьсүрэн нарын хамт

Тэрээр “Миний ажлын хамгийн гол нь эх барихаас гадна эмэгтэйчүүдийн мэс засал хийх ажил. Эмэгтэйчүүд мэс засалч болох төрөлхийн давуу тал бий. Оёж шиднэ гэдэг чинь эмэгтэй хүний байгалиас заяасан эв дүй. Гарын эв дүйтэй байж хагалгааг хурдан хийнэ. Багш нар маань нэг хөл нь наранд, нэг хөл нь нарсанд гэж эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн бэрхийг зүйрлэн хэлдэг байлаа. Манай хамт олон даанч сайхан бүл дээ. Найрсаг элгэмсэг дотно харьцахыг ирсэн буцсан хэн боловч мэдэрдэг байх. Хамтдаа бий болгосон найрсаг харилцааг эхнээсээ тангараг мэт дагаж явна. Хэн хэдийд ч ирсэн дулаахан, дотно орчинд найрсгаар угтах бидний өдөр тутмын заншил. Хүн бусдын хүндлэлийг хүлээнэ гэдэг өөрөө үлгэр жишээ байхаас эхэлдэг. Монголчуудын сургаалд өөрийн биеэр үлгэрлэж сурга гэдэг. Миний хувьд энэ зарчмыг хаана ч хэзээ ч баримтална. Хагалгаа болгон хариуцлага. Мэс заслын хутга бариад хүнд хагалгаа хийнэ гэдэг том эрх ч, тийм эрхийг хүлээж авахад том үүрэг хариуцлага дагана. Санаандаа хүртэл ажиллаж хагалгаа амжилттай болоход сэтгэл өег гэж жигтэйхэн. Баярлалаа эмч ээ гэх үгсийг сонсоод амьдрал үнэхээр сайхныг мэдэрнэ. Хүний амьдралд юу чухал, юу үнэ цэнэтэй гэдгийг мэдэхээс амьдрал эхэлдэг. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл хаана ч байхгүй. Нэгдүгээр төрөхийн эмч нар миний практикийн шавь нар. Би ч өөрөө олон багштай. Нэгдүгээр төрөхийн эмч нарын хагалгаа хийж байгааг харахаар миний зүүгээ барилт хатгалт их адилхан байдаг. Та нарын хагалгаа хийж байгаа надтай адилхан санагдаад байх юм гэхээр таны шавь юм чинь гэдэг” хэмээв.

“Таны төлөө бид” эмнэлэг өдгөө 10 эмчтэй. Тус эмнэлэг хэвтэн эмчлүүлэх ч тасагтай. Бид дөрвөн давхарт байрлах хэвтэх тасаг руу орж сонирхлоо. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүс ном уншина, утсаар ярих зэрэг харагдана. Төрөх дөхсөн эхчүүд үүгээр түүгээр алхална. Тус эмнэлгийн захирлаар Б.Бүлтэн эмчийн гэр бүлийн хүн Б.Доржпүрэв ажилладаг байна. Гэр бүлийн хоёр арван жилийн сургуулиасаа ижил дасан болон өдийг хүртэл ханилжээ. Б.Бүлтэн эмч Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул. Ижий аав нь малчин хүмүүс аж. Тэрээр айлын арван хүүхдийн ууган нь юм байна. Б.Бүлтэн эмч багаасаа эмч болох хүсэлтэй байсан нь гэртээ хүндрэлтэй төрж буй ээжийгээ хараад сэтгэл нь их өвдөж. Том болоод эмч болж ээжийгээ зовоохгүй төрүүлэх юмсан гэсэн цагаахан бодлоос эмч болох хүсэл нь эхлэлтэй аж. Өдгөө түүний хүсэл биелж ард олны хүйн ээж болжээ.

Бид өдрийн хоол хамт идэн ярьж суулаа. Бидний өмнө “Цагаан мөр” хэмээх шинэхэн номын үнэр ханхална. Бидний яриа шинэхэн номын талаар үргэлжиллээ.

Тэрээр “Хүн өөрийнхөө түүхийг эс бичвээс бусад нь түүний түүхийг зохионо гэдэг. Өлгийдөж буй номонд миний зүрх сэтгэлийг дэлгэн, тоглож өссөн толгод, хамтдаа сурсан нөхөд, хань ижил, үр хүүхэд хамт олон гээд намайг хүрээлж буй бүхэн багтах учиртай. Бид хоёр анх хоёр гудас, нэг хөнжилтэй амьдралаа эхэлж байлаа. Сангийн яамнаас манай нөхөрт 21 дүгээр сургуулийн хажууд халаалтын зуухтай байшин өгсөн юм” хэмээн инээв. Том охин Д.Ариунаа нь тус эмнэлгийн санхүү эрхэлсэн даргаар ажилладаг гэнэ. Харин дунд охин Д.Уранчимэг нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч эх барих эмэгтэйчүүдийн эмч болж “Өргөө” амаржих газар ажилладаг байна. Хүү Д.Ганзориг нь Хоёрдугаар эмнэлэгт Цөмийн анагаах ухааны тасагт цикл хурдасгуурын оператор инженерээр ажилладаг аж. Монголынхоо сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн төлөө, тэдний эрүүл энхийн манаанд эмч сувилагчдын тэргүүн эгнээнд яваа. Бүлтэн гавьяатын эмнэлгээр ийм сонинтой байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *