Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хунгар цасан доороос гарч ирсэн хурганы амийг хуулиар хамгаалъя

Facebook-т энэ сарын 16-ны өдөр ийм нэгэн бичлэг тавигджээ. Бичлэгт хурга майлах чимээнээр хонины хашаанд хунгарласан цасан дунднэг малчин залуу хүрз барин зогсож харагдав. Хашааны зүүн хэсэг тэр аяараа цасанд дарагджээ. Малчны цаана хонины хашааны тулгуур шон дөнгөж цухуйж, хунгаргүй газар нь хонь, ямаа үхсэн харагдана. Малчин цасыг хүрздэх зуур хот айлынх нь бүсгүй гар утсаар бичлэг хийх явцдаа ”Нанзаа, цасны зузаан 60 орчим см байх шиг байна” гэж ярив. Малчин залуу хүрзээр цасанд цоорхой үүсгэхэд шар толгойтой хурга тэр нүхээр майлсаар гараад ирлээ. Үснийх нь үзүүр норсонч хурга азаар амьд байна. Бүсгүй “Нэг хурга гараад ирлээ” гэв. Залуу “Яах аргагүй хурга майлах чимээ сонсогдоод байсан юм. Хонь болох хувьтай байжээ. Ээж нь яваад өгсөн юм чинь, угжъя даа” гэж сонсогдов. Малчин залуу нөгөө цоорхойг хүрзээр зөөлөн товшиж томсгоход цаана нь дахиад нэг хурга байгааг олж харав. Бас нэг хар толгойтой хурга амьд мэнд гарч ирлээ.

Бүтэн нэг шөнө цасанд дарагдан амьд гарч буй хургануудын тухай тэр бичлэгийг үзээд сэтгэл уясахгүй байж чадсангүй. Тэр тусмаа юугаа ч мэдэхгүй нялх төл шөнөжин цасанд дарагдан амьд гарч чадсан нь бахархам. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшгийн өмнө хүн малгүй өвдөг сөхөрдөг ч тэндээс эсэн мэнд гарна гэдэг өөрөө зол байдаг. Харамсалтай нь бичлэгт гарч буй малчин, бүсгүй хоёр хурганы амийг аварснаа юман чинээ бодож байгаа шинж алга. Нөгөө хоёр нялх амьтанд анхаарал тавьж хүүе, хаая ч гэсэнгүй. Зүгээр л явуулчихав. Өлссөндөө туйлдаж ядарч, тэнхээгүй болсон хурганууд түргэн гүйгээд алга болохыг бодоход эхээ хайгаад явсан байх.

Энэ бичлэгт гарсан хоёр малчинг шүүмжлэх гэсэнгүй. Ерөөсөө манай малчдын хоцрогдсон сэтгэлгээ нь эндээс харагдаж буй юм. Гадаадынхан далайн түрлэгээр шидэгдсэн загас, халим, амьтныг буцааж далайд нь, байгальд нь тавьж амьдрал бэлэглэж буйдаа ямар их аз жаргалтай байдаг билээ. Бөөн хөөр баяр болж байгаа харагддаг. Тэд нэг ч болов амьтны амийг аварсандаа баярладаг. Түүгээрээ бахархдаг. Харин монголчууд бид ан амьтныг битгий хэл дэргэдээ байгаа таван хошуу малаа ч хамгаалж, хямгадаж чаддаггүй ард түмэн. Малаа аврахын тулд юу ч хийдэггүй гэхэд болно. Цас зуд, түймэрт мал нь өртөхөд “Манайхаас тэд хорогдчихлоо” гэдэг. Мал нь үхэх ёстой юм шиг л хээвнэг хэлдэг. Нэг ч болсон амьтны амийг хамгаалж чадаагүйдээ харамсдаггүй. Учир нь өөрсдөө тэжээж, хэрэгцээтэй үедээ ашигладаг. Энэ нь бусдад хамаагүй гэжбоддог. Тэгсэн атлаа “Мал шуурганд уруудчихлаа”, “Малаа алдчихлаа”, ”Малжуулах хөтөлбөрт хамрагдъя” хэмээн нөхөн олговор төрөөс нэхэж чаддаг. Харин малчид малаа түймэрт хуйхлуулж хөлдөөж алсныхаа хариуцлагыг огт хүлээдэггүй. Малынхаа талаар амьд эсвэл хорогдсон гэж л ярьж чаддаг. Харин дэвшилтэй арга нэвтрүүлж байгалийн гамшгаас хамгаалж хотон дахь малаа аварч чадсан гэх түүх баримт сонсогддоггүй нь энэ хуучирсан сэтгэлгээтэй нь холбоотой биз.

Тэгвэл бидэнтэй адилмал аж ахуй эрхэлдэгӨмнөд Монголын малчид хэрхэн амьдарч байна вэ. Тэд чулуугаар, тоосгоор хашаа хороо босгож хичнээн тохилог орчинд малаа өсгөдөг билээ. Тэр нь бараг хана хэрэм шиг лсүртэй, цэгцтэй харагддаг. Гэтэл бид нөгөө л дээр үеийн нүүдэлчин сэтгэлгээгээ өөрчлөхгүй хөгжихгүй явсаар байна. Малын хашаа саравч нэртэйхэдэн мод хэлхэж тавьчихаад малаа хашдаг. Өвөл бол тэр хашаа нь нөмөр нөөлөг болох нь битгий хэл жавар хургасан хүйтэн хонгил л болдог. Шуурга болж цас орно гэвэл өнөөх хашаандаа хашчихдаг. Цас, борооноос хамгаалсанямар ч зүйл хийдэггүй учраас жаахан цас үзэнгүүтээ мал нь хунгарт дарагдаж үхээд байна. Мал маллах арга барил нь цаасан дээр бичигддэг тул малчны хотонд ямар ч шинэлэг санаа хөгжил очихгүй байна. Тэгээд хэдэн мал нь жилийн жилд хуйгаараа явчихдаг. Хамгийн сүүлийн цасан шуурганаар л гэхэд есөн аймагт нөхцөл байдал хүндэрч 110.000 орчим толгой мал хорогдож, хөдөө орон нутгийн замд төөрсөн, цасанд боогдсон 500 орчим автомашин 2000 гаруй иргэнийг аварсан. Энэ мэт байгалийн гамшиг болохыг анхааруулсаар байтал ийнхүү нэг цаснаар их хэмжээний хохирол амсаж байгаа нь малчдын хайхрамжгүй байдалтай холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлдэг.

“Мал аж ахуйн хуультай болъё” гэдэг санааг өмнө нь манай сонин гаргаж тавьсан. Одоо ч энэ санаагаа дахин уламжилж байна. Малчдад хариуцлага тооцож эхлэхгүй бол монголчууд малаа хэдэн саяар нь өлсгөж, хуйхалж, хөлдөөж тамлаж алаад дуусах нь. Үүнийг таслан зогсоохын тулд малыг хайрладаг, байгалийн гамшгийн өмнө амийг нь хамгаалах үүргийг хуулиар малчдын хоцрогдсон сэтгэлгээнд суулгаж өгөх хэрэгтэй байна. Малчдад хариуцлага тооцож байж малын амийг хамгаалдаг болно.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *