Халзанхүү гэдэг аккаунтаар жиргэдэг эрхэм саяхан “Хэрэгтэй цагт үгээ хэлээгүй сэхээтэн, хэцүү цагт илдээ сугалаагүй дайчин хоёр адилхан” гэж бичсэн нь цахим ертөнцийнхний анхаарлыг татаад авна лээ. Үнэн л дээ. Монголын нийгэм ороо бусгаа, хөгжих, эс хөгжихийн зааг дээр ирчихээд байгаа энэ үед хэлэхээс аргагүй үг. Хөгжих, эс хөгжихийн цаана дарангуйлал тогтох, эс тогтох, тусгаар орших, эс оршихын зааг гэж айхтар юм бий. Яг энэ заагт бид амьдарцгааж байна. Итгэхгүй байгаа ч толгой дохихоос аргагүй гашуун үнэн. Энэ асуудал бидэнд огт хамаагүй, алс холын сэдэв мэт санагддаг байсан нь ердөө саяхных. Тиймдээ ч тусгаар оршсон бүрэн эрхт улсын иргэд гэсэн бахархал омогшил дүүрэн алхацгаасаар ирсэн, одоо ч нийгмийн ихэнх нь ийм бодолтой алхаж яваа. Гэхдээ орших, эс оршихын зааг дээр ирсэн гэсэн үнэн өнөөдөр хоолой дээр тавьсан хутга мэт болчихоод байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга.
Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Н.Туяа Монголын тухай, хөрш хоёр гүрний тухай үгээ саявтар манай сониноор дамжуулан нийгэмд хэлсэн юм. Орос, Хятад гэсэн мөнхийн хөрштэйгөө “зууралдахгүй” бол тойргийн гадна хаягдана гэсэн утгатай. Энэ бол сэхээтний, мэргэжилтний үг. Нэгэн цагт Гадаад харилцааны яамыг толгойлж явсан хүний гээж боломгүй үг. Гадаад харилцааны экс сайдынх шиг ултай үг яг одоо хэрэгтэй байна. Монголын сор болсон эрхмүүдийн үг ус, агаар мэт эрэлттэй байна. Эдийн засгийн таагүй байдал хоёржил дараалан үргэлжилж, гадаадын хөрөнгө оруулалт таг зогссон хэцүү цагтхоёр толгойн асуудал ид яригдаж байна. Яг ийм үед Оюу толгой, Таван толгойг ашиглах нь эдийн засагт хэр өгөөжтэй, Монгол гэдэг улсын ирээдүйд ямар тустай болохыг ул суурь, учир, гаргалгаатай нь хэлээд өгөх сэхээтний үг үгүйлэгдэж байна.
Саяхан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Таван толгойг явуулах нь эдийн засагт ямар ашигтай талаар бодлоо хэлж, санаагаа хуваалцсан. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг том ордоо цаг алдалгүй ашиглахын тус, өгөөжийг үндэс, гаргалгаатай нь ярьсан байна лээ. Одоо нэг хүнийг сонсмоор байна. Нэгэн цагт Монголын төрийг тэргүүлж явсан Н.Баганбандийн үгийг. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, хоёр дахь шатны санхүүжилт орж ирэх нь улсын хөгжилд ямар нөлөө үзүүлэх талаар ярьж хэлэх л учиртай хүний нэг. Төрийн тэргүүнээс гадна “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажилласан он жилүүд намтарт нь бий учраас онцлоод байна л даа. Энэ утгаараа Оюу толгойн талаарх түүний байр суурь нийгэмд хэрэгтэй байна. Түүний “Титэм үг” түмэнд ухаарал нэмдгийг үгүйсгэхгүй. Олонд өгч буй өгөөжийг нь хэмжих аргагүй. Гэхдээ яг одоо цэцэн үгийн цуглуулгаас илүүОюу толгойн талаар юу бодож санаж буй нь олны сонирхлыг татаж байгаа.
Салбар бүрийн мэргэжилтнүүдээс хүсэх нэг зүйл байна. Уул уурхайгаа хэрхэн ашиглах, цаашид яавал хөгжих талаар байр суурь, бодол саналаа манай сониноор дамжуулан хэлнэ үү. Бид та бүхний индэр болъё.
Эхлээд уул уурхайн том төслүүдээ хөдөлгөж мөнгө олъё, дараа нь тэр мөнгөөрөө хөгжих сууриа тавья гэж дуугарч байгаа хүн яг одоо бол тун цөөнөөр тоологдоно. Нийтлэлч Баабар, Б.Цэнддоо, “Өдрийн сонин”, энэ сонины сэтгүүлчид л ийм өнцгөөс байр сууриа илэрхийлж, нийгэмд үгээ хүргэж байна. Ингэснийхээ төлөө шүүмжлүүлж, эх орноосоо урвагчид гэж цоллуулж, ер сайн үг дуулахгүй яваа. Өдөр, шөнө, өглөө оройгүй зүхүүлж байгаа ч бид улсынхаа тусгаар тогтнол, хөгжлийн төлөө үгээ хэлэх үүрэгтэй. Бид өөрсдөө ингэж бичихээс гадна Монголын сэхээтнүүдийн санал, бодлыг нийгэмд хүргэх үүрэгтэй.
Хоёр толгойг эсэргүүцэж үгээ хэлэх шиг амар юм алга. Оюу толгой, Таван толгойн эсрэг үг хэлсэн хүн бүр баатар болдог. Ард түмний хүү болж манддаг. Ингэж цээжээ дэлдэгсдийн зарим нь бүр олныг хамарсан санал асуулгаар туршлагатай улстөрчдийг ардаа орхичихсон тодорч яваа. Харамсалтай нь тэдний хэлж буй үг “тэнэг”-үүдэд зориулсан жүжиг төдий зүйл гэдгийг нийгмийн олонх ухаардаггүй.
Учир мэдэх сэхээтнүүд бол хоёр толгой Монголд ямар өгөөжтэйг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Ойлгож ухсан зүйлээ олонд хэлж өгөөч гэсэн хүслээр л энэ бүхнийг хөндөөдбайгаа юм. Бидэнд Ерөнхий сайдын албыг хашиж явсан Р.Амаржаргал, Сү.Батболд, С.Баяр, Н.Алтанхуягийн үг хэрэгтэй байна. Улстөрийн гол намуудын дарга нарын үгийг нийгэм хүлээж байна. Б.Даш-Ёндонгоос эхлээд хоёр толгойн өгөөжийн талаар ултай үг хэлэх хүн намын дарга байсан эрхмүүдийн дунд цөөнгүй бий. Үе үеийн УИХ-ын дарга нараас Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, С.Төмөр-Очир гэж ирээд яривал хоёр толгойн талаар жинтэй үг хэлэх төрийн түшээ өчнөөн. Тэд том төслүүдээ улстөржүүлэхгүйгээр хөдөлгөх ёстой гэдгийг ойлгохын цаагуур ойлгож байгаа.
За тэгээд нийгэмд өөрийн гэсэн үнэ цэнээ бүтээчихсэн, олон нийт үгийг нь толгой дохин хүлээн зөвшөөрч сонсдог хүчирхэг сэхээтнүүд байна. Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн гэж ирээд жагсаавал олон эрхэм бий. Оюу толгойн ТУЗ-ийн дарга, Монголын толгой эдийн засагчдын нэг Да.Ганболд, хуучин нийгмийн үед геологи, уул уурхай хариуцсан яамыг толгойлж явсан Ч.Хурц гээд үгээ хэлэх учиртай, нийгэм үгийг нь хүлээж буй хүмүүсийг жагсааж болж байна. Сая нэр дурдсан эрхмүүд хоёр толгойгоос эдийн засагт ирэх өгөөжийг мэдэх хүмүүс. Тийм учраас л үгээ хэлээч гэж хүсээд байгаа юм. Харамсмаар нэг өнцөг бий. Сэхээтнүүдийн зарим нь хоёр толгойн цаад ашгийг мэдэж байгаа хэр нь өнөө, маргаашийн ашиг хонжоогоор Оюу толгой, Таван толгойг энэ цагт ашиглах нь буруу хэмээн ярьж байгаа. Зүй нь сургаж, боловсруулж өдий хүргэсэн улсынхаа хөгжлийн төлөө зөв үг унагах үүрэгтэй улсын нэг л дээ, олонд нэрээ гаргасан энэ сэхээтнүүд. Дайны гал дүрэлзэж байх цагт илдээ сугалдаггүйцэрэг шиг хэрэггүй хүн үгүй. Тэгвэл эдийн засаг таагүй хэвээр үргэлжилж буй энэ цагт, тусгаар орших, эс оршихын зааг дээр ирсэн ийм үедулсынхаа хөгжлийн төлөө үг хэлэхгүй сэхээтэн хэр үнэ цэнтэй байх бол? Дайны гал дундуур илдээ сугалдаггүй цэрэг шиг л хэрэггүй хэсэгт орж таарна.
Ц.БААСАНСҮРЭН