Categories
мэдээ цаг-үе

Хүн төрөлхтний бахархал Вильям Шекспир

Хоёрдугаар мянганы суут бичгийн хүнээр шалгарсан Английн аугаа их жүжгийн зохиолч, яруу найрагч Вильям Шекспир 1564 оны дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн бөгөөд ердөө 52 наслаад 1616 онд яг төрсөн тэр л өдрөө таалал төгссөн юм. Тэр цагаас хойш 400 жил улиран оджээ. Он цагийн эрхээр Шекспир зуунаас зуунд биднээс алслан холдох мэт санагдавч тэр гайхамшигт хүмүүний мөнхийн бүтээл туурвил нь бидний сэтгэл зүрхэнд улам ч ойртсоор байх ажээ.

Шекспир анх Лондонд ирэхэд түүний сэтгэл яруу найраг, театрт татагдаж урлагийг ивээн тэтгэгч, язгууртан Саутгемптоны Гүнтний дугуйланд оржээ. Ингэснээр тэр үеийн Английн оюунлаг, авьяастай хүмүүсийн уран бүтээлийн ололт амжилттай танилцах боломж түүнд олдсон байна. Тун удалгүй Шекспир тэр үед мандаж байсан Спенсерээс дутуугүй яруу найрагч болох боломж байгааг мэдэрсэн юм. Тэр үед яруу найрагчид бүтээлээ ивээн тэтгэгчдээ зориулдаг байсан заншлын дагуу Шекспир ч 1592 онд бичсэн “Венера Адонис хоёр” гэдэг найраглалаа Саутгемптоны гүнтэнд зориулсан байна. Тэр Ромын яруу найрагч Овидийн бичсэн хайрын бурхан Венера Дионист дурласан тухай түүхийг найраглалынхаа гол сэдэв болгон сонгожээ. Сэргэн мандалтын эринд эртний үлгэр домог, хууч яриа нийгмийн гэгээрсэн хэсгийн хүрээнд ихэд дэлгэрсэн байв. Уран бүтээлчид эртний Герег, Ромын үлгэр домог, хууч ярианд орших ямар нэгэн далд нууц утга агуулгыг олж харах, эрж олохыг эрмэлздэг байжээ. Иймд Шекспирийн сонгосон энэ сэдэв бол тэр цаг үеийн уран бүтээлч болгоны сонирхлыг татсан нийтлэг сэдэв байлаа.

Шекспир найраглалдаа Венера бүсгүйн хайр, гал халуун дурлал Адонис хархүүгийн сэтгэлийг хөндөж чадаагүй тухай өгүүлжээ. Үүнд бүсгүй ихэд шаналж Адонисыг өөртөө татаж сэтгэлийг нь эзэмдэх гэж тэмүүлнэ. Энэ нь найраглалын өгүүлэмжийг улам хурцатгаж уншигчийн анхаарлыг ихэд татах нь эргэлзээгүй байв. Тэр тусмаа Шекспирийн уран сэтгэмж, тэнгэрлэг шүлгийн ид шидээр биелсэн найраглалын энэ хэсэг нь их хүчийг олсон байна. Энэ найраглал нь хүмүүсийн сэтгэлд хүрч яруу найргийн ертөнцийг доргион нэлээд шуугиан дэгдээсэн бүтээл болсон ажээ. Энэхүү найраглал гарахаас өмнө Шекспир хэд хэдэн жүжиг бичиж эдгээр жүжиг нь олон нийтийн анхаарлыг татаж амжсан байжээ. Гэтэл тэр энэ найраглалаа өөрийнхөө хамгийн анхны жинхэнэ уран зохиол, яруу найргийн бүтээл хэмээн үзэж байсан нь учиртай байв. Тухайн үед жүжгийн зохиолыг дорд үзэж уран зохиолын төрөлд оруулдаггүй, жүжиг болон жүжгийн зохиол нь зөвхөн харц ардад зориулсан бүдүүлэг болхи зүйлд тооцогддог байлаа. Үүний дараа Шекспир “Лукреция” хэмээх алдарт найраглалаа туурвисан юм. Энэ найраглалыг мөн л гайхамшигтай уран, яруу сайхнаар шүлэглэн бичсэн байв. ХҮI зууны эхээр яруу найргийн ертөнцөд том эргэлт гарсан нь бүтээх туурвих сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсан классицизмын чанд систем нурж романтизмын үе эхэлсэнтэй холбоотой юм.

Тэр үед Англид яруу найргийн нэг өвөрмөц хэлбэр болох сонетын урлаг дэлгэрч яруу найрагчдын онгодыг эзэмдэж байлаа. Петраркаас уламжилж ирсэн янаг амрагийн яруу найргийн нэг хэлбэр болох сонетын энэ төрөл эрчимтэй хөгжиж эхлэв. Англид сонет бичих халуурхал найман жил гаруй үргэлжилсэн гэдэг. Судлаачдын тодорхойлсноор энэ хугацаанд хоёр мянга гаруй сонет бичсэн ажээ. Английн романтизмын нэрт төлөөлөгч С.Т Колридж “Сонет бол ухаан бодлын охь, төгс төгөлдөр аялгуу, хэм хэмнэлтэй хязгааргүй их баялаг юм” хэмээн тодорхойлжээ. Зүйрлэл ихээр ашигладаг сонетыг Шекспир шимтэн бичиж байв. Английн яруу найргийн романтизмын эцэг болох Уильям Водсворт “Шекспирийн сэтгэлийг нээх түлхүүр бол түүний сонетууд юм” хэмээн бичиж байсан удаатай.

Шекспирийн хувийн амьдралын тухай бичсэн зүйл тун бага, бараг байхгүйтэй адил байдаг. Гэхдээ хүмүүс түүний сонетуудыг ихэд сонирхдог, тэр яруу сайхан шүлгээр ямар хүмүүсийн тухай бичсэнийг үе үеийн уран зохиол, яруу найраг судлаачид элдэв төрлийн таамаг гаргасаар ирсэн нь түүх болон үлджээ. Уншигчид сонетын гол баатар цайвар үст залуу, бор царайт бүсгүй, сонетыг бичсэн хүн гурвын дунд үүссэн нөхөрлөл, хайр дурлалын зангилааг тайлж учрыг нь олох гэж улайрах нь аргагүй мэт санагдана. Нэлээд олон таамаглал гаргасны эцэст түүхч А.Л Рауз Саутгемптоны гүнтэн хатагтай Элизабет Вернонтой гэрлэсэн гэсэн баримтыг үндэслэн цайвар үст залуу бол Саутгемптоны гүнтэн, харин бор царайтай хар нүдтэй бүсгүй нь ордны хатагтай Элизабет Вернон юм байна гэсэн таамаглал гаргажээ. Үүний дараа Шекспирийн 128 дугаар сонетын утга агуулгаас үүдэн сонетын эзэн болох эмэгтэй бол хөгжимчин байжээ хэмээн дүгнээд тэр үед амьдарч байсан Эмилия Бассано гэгч сонетын эзэн бүсгүйн адил хөнгөмсөг явдалтай нэгэн байсан гэдгээр нь Эмилия Бассано гэгчийг нэрлэж байжээ.

Сонет 128-д

…Ухаан бодлын уянга болсон чи минь ирээд

Учрахын заяат яруу төгөлдөр хөгжмөө наадахад

Уран гар чинь намс намс илбээд

Уярч бишрэм найрал эгшиг чихнээ шагнахад

Хуруу гарыг чинь үнсэн таалаад үсрэн дэгдэх

Хуур хөгжмийн азтай даруулд атаархан зовном

Хайр амтлах хувьгүй уруулаа дэмий л хазлан

Хайрцгий нь түшин сайхан чамайг ширтэн зогсном… гэж бий.

Яруу найрагчийн сэтгэл хөдлөл, уран сэтгэмж нь ердийн хүний амьдрал, сэтгэлийн өчлөөс өөр байдаг учраас аливаа бүтээлээ туурвихдаа яруу найрагч цэвэр зохиомж дээр үндэслэсэн байна уу, эсвэл өөрийн хувийн амьдрал, туршлагаас үүдсэн байна уу гэдгийг ялгахад амаргүй байдгийн нэг жишээ бол түүхч А.Л Раузын дээр дурдсан дүгнэлтүүд юм.

Шекспир сонетдоо хүний сэтгэлийн бүхий л хөдөлгөөн болоод зөрчлийн өнгө аясыг нэн үнэмшилтэй дүрслэн харуулдаг учир үе, үеийн уншигч, судлаачид сонетуудыг нь шимтэн сонирхож үйл явдал, хүмүүсийн харилцаа холбооны учрыг олох гэж мэрийх нь зүйн хэрэг байсан биз ээ. Харин агуу найрагчийн амьдралын хувийн чанартай үйл явдал түүний уран сэтгэмж, авьяас билгийн ачаар зүйрлэшгүй уран бүтээл болон хувирсан гэдэгт эргэлзэх зүйлгүй билээ. Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид хүний амьдралын бүхий л талыг магтан дуулахдаа үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийг шүтээн бишрэлийн хэмжээнд аваачсан байдаг. Энэ хандлага нь Шекспирийн сонетын урлагт тусгалаа олж түүнийг улам өндөрт өргөсөн юм.

Шекспир бор царайтай, хар нүдтэй үнэнч бус бүсгүйд 25 сонет зориулахдаа түүний хөнгөн явдлыг буруутган …чиний зөвхөн нүд, үс хар биш бүхий л үйл чинь хар.. хэмээн уулга алдсан бол төд удалгүй тэрнийг сэтгэлдээ зөвтгөн:

“Үзтэл буруутай явдлыг өмгөөлөхөөр

Үнэний дэнсэн дээр би зовж байна

Хайрлах, бас үзэн ядахын эрхээр

Халуун дайн цээжинд минь болж байна”

(сонет 35-аас) хэмээн өчсөн яруу найрагчийн үгнээс түүний сэтгэлийн шаналал, үзэсгэлэнт эмэгтэйг уучлан өршөөх өгөөмөр сэтгэлийн илч мэдрэгдэж байна. Шекспир нийт 154 сонет бичсэний дотор яруу найраг, яруу найрагч, амьдралын сайн сайхан, хайр сэтгэлийн баяр баясгалан гоо сайханд зориулсан нэлээд хэсэг бий.

В.Шекспир дөнгөж тавь гаруйхан наслахдаа 10 эмгэнэлт жүжиг, 10 түүхэн жүжиг, 17 инээдмийн болон романтик жүжиг зохиосон. Аугаа их жүжгийн зохиолч, яруу найрагч Вильям Шекспир бол хүн төрөлхтний бахархал мөн. Түүний уран бүтээлүүдийг хэдэн зуун дамнан дэлхийн театрууд тавьж ирсэн. В.Шекспирийн жүжгүүд нь орчин үеийн Монголын театрын түүхэнд ч онцгой байрыг эзэлдэг юм. Шекспирийн бүтээлийг тайзнаа хэр зэрэг тавьснаар тухайн театрын урын санг дүгнэж, найруулагч, жүжигчид, уран бүтээлчдийн уран чадварыг тодорхойлдог.

Монголын театрын тайзнаа В. Шекспирийн “Отелло” жүжиг анх 1955 онд Улсын хөгжимт драмын театрт тавигдсан нь Монголын орчин үеийн драмын урлагийн хөгжлийн 25 жилийн үр дүн байлаа. “Отелло” жүжиг (Найруулагч С.Гэндэн, орчуулагч Ч.Чимид, зураач Л.Гаваа), манай жүжигчид, уран бүтээлчдэд өндөр хариуцлага хүлээлгэсэн билээ. “Жүжигчин Г.Гомбосүрэнгийн тоглосноор Отеллогийн дүр маш дайчин, зовлон бэрхшээл туулж хатуужсан, нэр хүндтэй, цэргийн жанжин, хайр сэтгэлдээ үнэнч, түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэгч гэдэг талаас нь голлон, гаднах байдлаас харвал эрмэг зоримог хөдөлгөөнтэй, эр хүний сайхан шинж цогцолсон байдлаар дүрсэлсэн бол 1976 онд Улсын драмын театрт Б.Мөнхдоржийн шинэчлэн найруулсан “Отелло” жүжигт Ц.Гантөмөр тоглохдоо Шекспирийн дуулал болсон энэрэхүйн үзлийг шингээсэн хүнийг хайрлахын төлөө төрсөн юм шиг, гэнэн цагаан сэтгэлтэй, халуун хайр сэтгэлтэй эгэл жирийн хүнээр Отеллог дүрслэн харуулжээ” гэж театр судлаач доктор Н.Ганхуяг бичсэн нь бий.

Отеллогийн дүрээр алдаршсан Английн Эдмунд Кин, Лоуренс Оливье, Америкийн Айра Олдриж, Оросын Мамонт Дальский, Александр Остужев, Гүржийн Акакий Хорава нартай эн зэрэгцэх хэмжээнд манай ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр нар жүжиглэж чадсан гэж манай судлаачид үнэлдэг юм. Харин “Отелло” жүжиг тавигдсанаас хойш 10 жилийн дараа Э.Оюун “Лир ван” жүжгийг Улсын драмын театрт 1964 онд найруулан тавихдаа эрх ямба, эд хөрөнгө бол мөнхөд орших зүйл биш агаад энэ орчлонд хүний ариун сэтгэлийг орлох үнэт баялаг байхгүй юм гэсэн санааг илүүтэй гаргахыг зорьсон.

Шекспирийн бүтээлүүд тухайн театрын хөгжлийн цар хүрээг тодорхойлдог. Манай уран бүтээлчид “Отелло”, “Лир ван” жүжгүүдийг ард түмэндээ толилуулсан нь Монголын драмын урлагийн хөгжлийг тодорхойлох баталгаа болсон юм.

Үүний дараа Монголын театрын тайзнаа “Гамлет”, “Ромео Жульетта”, “Макбет”, “Ричард III”, “Зуны шөнийн зүүд” жүжгүүд Улсын драмын эрдмийн театр, Улсын хүүхэд залуучуудын театр, орон нутгийн театрт гэхэд “Номхорсон бүсгүй”, “Өвлийн үлгэр” жүжгүүд амжилттай тавигдсан билээ.

Энэрэхүй үзэл, нинжин сэтгэл, шударга үнэнийг магтан дуулагч Шекспирийн үзэл санаа монголчуудын гарваль шинж, үндэсний онцлогт ойр дөт байсан бөгөөд түүний бүтээл манай тайзнаа тавигдсанаар Монголын драмын театрын урын сан мэдэгдэүйц баяжиж Монголын драмын урлаг шинэ түвшинд гарч дэлхийн зиндаанд ойртох нэг чухал алхам болсон. Шекспирийн оргил бүтээлийн нэг “Гамлет”-ыг манай Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа хоёр удаа амилуулсан. Аливаа найруулагч, жүжигчний оюун билиг, ур ухаан, авьяас чадварыг сорьдог Шекспирийн энэхүү алдарт бүтээл Монголын театрын тайзнаа анх 1980 онд тавигдаж манай жүжигчид, найруулагч, нийт уран бүтээлчдийн мэдлэг, оюун ухаан, уран чадварын нэгэн сорилт, чухал шалгуур болсон. Энэ жүжгийн гол дүр Гамлет бол ариун үнэн, шударга ёсны дуу хоолой болж хүн төрөлхтний оюун санааны сэтгэлгээнд нэгэнт жишиг болсон гайхамшигт дүр юм.

Эхний тавилтаас даруй 32 жилийн дараа, ардчилсан өөрчлөлт эхэлснээс хойш 22 жилийн дараа эл жүжгийг Монголын театр эргэн тавьсан нь бас л нэг учиртай байв. В.Шекспирийн энэ алдарт жүжиг анх 1980 онд манай оронд нийгэм улс төрийн их өөрчлөлт болохын өмнө тавигдсанаараа онцлог байсан юм. Дарангуйллын тогтолцоо ардчиллаар солигдож улс орон, ард түмний амьдрал эрх чөлөөтэй болох үе хүртэл 10 жилийн хугацаа үлдсэн байлаа. Тэр үед Гамлетын: “Орших уу? Эс орших уу? ” гэдэг шигтгээ үгийн утга агуулга хүмүүсийн ухамсарт нэгийг хэлж байсан цаг. С.Галсанжав найруулагч Шекспирийн энэхүү амаргүй жүжгийг тавих зоригтой бөгөөд томоохон алхам хийж ажилласнаар тийм ч муугүй үр дүнд хүрсэн бөгөөд тэр үеийн олон арван өрнүүн, уриалсан, хэт хиймэл, хоосон дүрүүдийг бодвол, өвөрмөц шийдэлтэй жүжиг тавьж Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан Гамлетын дүрийг чадамгай бүтээж “Гамлет” жүжиг Монголын театрын түүхэнд тодоор үлдсэн юм.

Харин Төрийн шагналт Н.Наранбаатар найруулагч avant-garde хэлбэрийн тавилтыг сонгож энэ хэлбэрээ баримтлан жүжигчдийн тоглолт, тайзны засал, хувцас, хөгжмийн чимэглэл зэргийг тохируулан мэргэжлийн өндөр түвшинд зохицуулж ажиллаж чадсан.

Гамлет-С.Болд-Эрдэнэ төрсөн эхээс нь эхлээд эргэн тойрны бүх хүн түүнээс урван тэрсэлж, төөрөлдүүлэх, мэхлэх гэж оролдон түүнийг туйлын ганцаардалд оруулж байгаа бэрх цагт ч гэсэн эрүүл ухаан, ариун сэтгэлээ дээдэлсээр байж чадсан Гамлетын хүнлэг, ухаалаг дүрийг чадварлаг бүтээсэн.

Жамсранжавын Гамлет сонгодог тавилтын уламжлалын дагуу ихээхэн эргэлзлийн дунд, бодлын торонд эргэлдэн байж, “Орших уу? Эс орших уу?” гэдэг амин асуудлыг шийддэг бол Болд-Эрдэнийн Гамлет тэр ээдрээтэй байдлаас шийдэмгий гарч, ярвигтай асуудлыг эцэстээ зөвхөн өш хонзон авах үүднээс биш, урвагчид, шударга бус, бузар булай явдалтнууд энэ хорвоод орших ёсгүй гэсэн зоримог, ухаалаг шийдэлд хүрч, тэдэнд тэнгэрийн гэсгээл оногдуулж байгаа нь эмгэнэлтэй ч гэсэн шударга үнэний төлөө дүр болж чадсан юм.

Ардын жүжигчин П.Цэрэндагва Шекспирийн жүжгүүдэд удаа дараа тоглож алтан үеийн сайчуулаас чамгүй суралцсан нэгэн болохоор жүжгийн аяст амархан нийцэж цоглог хэмнэлийг дуусан дуустал хадгалж, хамтран тоглогчдоороо хүрээлүүлж, тэднийгээ хөтлөн дагуулж чадаж байгаа нь аргагүй л буйр заасан ахмадын чадвар гэлтэй байдаг юм. Клавдий-Цэрэндагва нь шийдэмгий хэрнээ хулчгар, заль мэх ихтэй, сэтгэлдээ зөрчил бүхий эмгэнэлт дүрийг бүтээж чадсан.

Вангийн хатан Гертруда бол ордны тансаг амьдралд умбасан, эр нөхрийнхөө хайр халамжид хөлбөрсөн үзэсгэлэнтэй, хөнгөмсөг нэгэн. Энэ дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг биеийн хөдөлгөөн, гаднах хэлбэр маягаараа сайн үзүүлж тоглосон байдаг.

Зальт хөгшин үнэг, төрийн хутгуур гэгддэг Полонийн дүрийг бүтээнэ гэдэг жүжигчин Жаргалсайхан шиг залуу хүнд амаргүй байх талтай ч тэр дүрийг Жаргалсайхан тун донжтой бүтээсэн билээ. Полонийн зусар бялдууч, худал хуурмаг, хувирамтгай зан чанар, зальжин байдлыг гавьяат жүжигчин Жаргалсайхан үнэмшилтэй, чадмаг харуулсныг онцлохгүй байхын аргагүй.

Ардын жүжигчин Мягмарнаран оршуулгын газрын хүний дүрийг чадварлаг бүтээжээ. Манай театрын алтан үеийнхний шийрийг хатааж яваа сайчуулын нэг Ардын жүжигчний маань тоглолт хийгүй, үнэмшилтэй байгаа нь, дүрээ өв тэгш нээн үзүүлж, нягт хийсэн нь түүнд арвин их нөөц, улам ундрах авьяас билиг байгааг тод харуулж байна.

Аливаа драмын театр Шекспирийн Гамлетыг тавьж гэмээнэ эрийн цээнд хүрчээ гэж тооцогддог. Амаргүй л ажил болохоор тэр. Монголын драмын театр 70-80-аад оны зааг дээр Гамлетыг анх тавьж 50 жилийнхээ босгон дээр “Эрдмийн” гэсэн эрхэм хүндтэй алдрыг хүртсэн түүхтэй. Гамлет бол эрдмийн театрын эрдэнийн титэм билээ. Тэр эрдэнийн титмийг ямагт үнэт эрдэнэсээр л чимж явах нь манай театрын үе үеийн уран бүтээлчдийн чухал хариуцлага байх буй заа.

“Гамлет” бол эмгэнэлтэй төгсдөг сонгомол жүжиг. Тэгэхдээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд шударга үнэний гэрэл гэгээг тусгаж, хүн хүнээрээ байх ариун нандин үйлсийг тунхаглан төгсдөг бүтээл билээ.

Сэргэн мандалтын үеийн төгөлдөр их авьяас билигтэн Леонардо да Винчи, Микел Анжело нарын бүтээлүүд нь баясах мэлмийтэй, уярах зүрхтэй хэн бүхнийг бишрүүлэх, бишрүүлсээр байх увдистай. Шекспирийн уран бүтээл ч мөн адил.

Мөнгөний гачаалыг даван туулмагц Леонардо да Винчи, Микел Анжело, Шекспир нар мөн л тухайн үеийн нийгмийн эрхэм дээдэс элит нарын зэрэг зиндаанд хүрэхийг эрмэлзэн сурвалжитны цол хэргэм хүртдэг байжээ. Тэр цагийн ааш араншин тийм л байсан хэрэг. Одоо ч гээд хэрэг дээрээ өөр болсон юм байхгүй мэт. Гэтэл жинхэнэ аугаа тэр хүмүүс маань суут ихээ мэдэхгүй л байлаа. Зэрэгцэх гээд байсан тэр сурвалжит нарыг нь түүх аль хэдийнэ мартаад хэн нь ч дурсагдахгүй болжээ. Тэр хаад ноёд, ван гүн нарыг сайн л бол Шекспирийн үеийн хэмээн нэрлэвэл дээдийн заяаны байх жишээтэй болжээ. Саутгемптоны гүнтний нэр утга зохиолын ертөнцөд хааяа нэг дурсагдаж байгаа нь аугаа их Шекспир түүнд зарим зохиол бүтээлээ зориулсны ачаар л тэр билээ. Дэлхийн утга соёл, урлагийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн, өнөөдөр ч хүмүүн төрөлхтний бахархал, түшиг тулгуур, гэрэл гэгээ нь болсоор байгаа авьяастан, суут хүмүүсийн заримынх нь намтар түүх гунигтай, харамсмаар байх нь бий. Гэтэл тэд бол үндэстнийхээ нэр алдрыг жинхэнэ мандуулагсад билээ. Алдарт Ван Гогийн нэг л зураг гэхэд өнөөдөр олон арван сая доллараар үнэлэгдэж, зарагдаж байна. Гэтэл тэрээр амьддаа ганц ч зургаа зарж чадаагүй бөгөөд мөнгөний гачигдалтай байсаар таалал төгссөн юм. Саяхан бидний 20 гаруй хүн Шекспирийн нийгэмлэгийг байгууллаа. Түүнийг сонирхдог, биширч шүтдэг, уншдаг, түүний уран бүтээлд холбоотой, холбоогүй хэн ч энэ нийгэмлэгт элсэж болно. Одоодоо голдуу урлаг соёлын алдартнууд, тухайлбал найруулагч Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Н.Наранбаатар, жүжигчин Г.Мягмарнаран, П.Цэрэндагва, Д.Сосорбарам, яруу найрагч Ш.Сүрэнжав, О.Мэнд-Ооёо, Ц.Хулан, урлаг соёлын зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Ж.Долгорсүрэн, Х.Мэргэн, Н.Ганхуяг нарын зэрэг олон эрхэм энэ нийгэмлэгт байгааг дурдахад таатай байна.

Шекспирийн нийгэмлэгийн дэд тэргүүн, Урлаг судлалын ухааны доктор, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн С.Майжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *