Categories
мэдээ цаг-үе

Хүмүүс ар гэргүй, бүл цөөнтэй, холоос ирсэн хавдартай өвчтөнүүдийг эргэж, тойлдог болжээ

“Жавзандамба хутагт төв” төрийн бус байгууллага нь 2013 оноос эхлэн Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Өвчтөний сэтгэлийг асрахуй” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Өвчтөнийг асрах тусгай сургалтад суусан лам нар өвчтөний сэтгэлийг асрах, сэтгэл заслын уулзалт, бясалгал хийх зэргээр тус дэм болдог аж. Харин эдний үйл ажиллагааг дэмжиж энгийн иргэд ар гэргүй, бүл цөөнтэй эсвэл хөдөө орон нутгаас ирсэн өвчтөнийг эргэж тойрох, хоол цайгаар эргэх, эм тарианы төлбөрт нь мөнгө хандивлах, боломжоороо ээлжлэн сахиур хийж, ном сонин сэтгүүл уншиж өгөх зэргээр тусалдаг юм байна.

Хавдар гэдэг өвчин дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэрэн дундаа манай улсад хавдрын өвчлөл байнга нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоосоор буй. Хавдраар өвчилснөөр тухайн хүн болон гэр бүлийн амьдралын хуучин хэмнэл, зорилго, үнэт зүйл гээд бүхий л зүйл өөрчлөгддөг. Энэ бүхнийг дагаж айдас түгшүүр сэтгэл хоосрол, аргаа барах зэрэг ямар нэг нөхцөл байдал тохиолддог. Өвчтөн, түүний ар гэрийнхэн сэтгэл засалд хамрагдаж, өвчин болон эмчилгээний талаар мэдлэг мэдээлэлтэй байх тусам айдас түгшүүрт автах нь багасч, өвчлөлийн үеийг тэнхээтэй даван туулдаг нь судалгаанаас харагджээ. Тийм болохоор өвчтөн анх оношлогдсон цагаасаа эхлэн сэтгэлээ асрах, сэтгэл заслын тусламж дэмжлэг авч байвал эдгэх, хүндрэлээс сэргийлэх ач тустай байдаг гэнэ.

“Жавзандамба хутагт” төвийн лам нар хавдраар өвчилсөн хүмүүстэй оношлогдох үеэс нь л эхлэн холбоотой ажилладаг юм байна. Мэдээж хавдраар өвчилсөн гэдгээ дуулсан ямар ч хүний сэтгэл хямарна. Энэ үеэс нь л эхэлж зөвлөж, айдас түгшүүр, сэтгэл гутралыг даван туулах бясалгал, Бурханы сургааль номын тухай ярилцаж, эмчилгээ хийлгэх урам зориг өгдөг юм байна. Мөн тухайн өвчтөний ар гэрийнхэнтэй уулзан ярилцаж зөвлөнө. Хэрэв эцсийн шатанд орвол үхэлд хэрхэн бэлтгэх, хойд төрөл, үхэл мөнх бусын тухай Бурханы ном, сургаалийн талаар тайлбарлах зэргээр бүхий л талаар сэтгэлийн дэм өгдөг аж.

Цагаан сарын урьд орой буюу битүүний өдөр хавдрын эмнэлгийн туяа эмчилгээний тасагт өвчтөнүүдэд зориулан “Буян номын өргөө”-г тохижуулан хүлээлгэж өгчээ. Манал бурхан залсан энэ өргөө бол өвчтөнүүдийн хувьд бурханд хамгийн ойр очдог газар гэж ярилцдаг гэнэ. Хүн өвчин зовлонд унахаараа л сая нэг юм эмч, ламд очдог. Эмч, ламтай уулзуулдаг энэ өргөөндөө өвчтөнүүд орж суугаад бясалгах их дуртай байдаг гэсэн.

“Жавзандамба хутагт” төвийнхөн ерөнхийдөө ийм ажил хийдэг бол тэдний ажлыг дэмжиж туслан бүхий л зүйлд нь гар бие, сэтгэлээ зориулдаг хувь хүмүүс олон гэнэ. Тэдгээр хүмүүс фэйсбүүк, твиттерт нэгдээд хэн хэн, хэзээ яаж, хэрхэн эргэх вэ, хэнд яаж туслах вэ гэдгээ нарийн тогтоогоод өвчтөнүүд дээр очдог юм байна. Долоо хоногт 1-2 хоёр удаа өвчтөнүүдийг эргэнэ. Маргааш ээлжит эргэлтээ хийхээр товлосон гэсэн.

Шинэ жилийн үеэр өвчтөнүүдэд эм тарианы хандив, бэлэг цуглуулсан бол цагаан сарын үеэр хавдрын эмнэлгийн хими, туяа, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн нийт өвчтөнүүдэд сүү, тараг үнэгүй өгсөн юм байна. Хөнгөвчлөх тасагт хэвтэж буй Архангай, Дорнод, Завхан аймгуудаас ирсэн өвчтөнүүдийг эргэсэн гэнэ. Хүүхдүүд нь өөр аймагт амьдардаг, тэр болгон хажууд нь байх боломжгүй, хэдэн малаа хүмүүс дээр орхиод ирсэн гэх шалтгаантай хүмүүс энэ тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.Мөн гэрээс нь эргэлт ирдэггүй нэгэн ч байдаг гэсэн. Тэрээр “Лавайн эгшиг” радиог өдөржингөө чихэндээ тавин бурхны ном даган баясч хэвтдэг юм байна. Өвчтэй хүмүүст учиргүй их мөнгө төгрөгөөр туслах гэхээсээ илүүтэй тасарчихсан байгаа тариаг нь олж өгөх, эргэх, цагаар сахиурын ээлж хийх зэргээр дэм болчиход л болно.

Завхан аймагт 80 хүрч буй аав, хоёр нялх хүүхэдтэйгээ амьдран суудаг өрх толгойлсон залуухан бүсгүй Хавдрын эмнэлэгт өнгөрсөн аравдугаар сараас хойш эмчлүүлжээ. Түүнд хандив мөнгө цуглуулж, хоёр ч удаагийн хими эмчилгээний зардлыг нь дааж, нутаг руугаа буцах онгоцных нь зардлыг олж өгөөд цагаан сарын өмнө гэр рүү нь явуулсан гэнэ. Мөн хэдэн бүсгүйчүүд цахим сүлжээгээр энэ талаар дуулаад эмнэлэгт 90 гаруй хонож эмчлүүлсэн, алс холын аймгаас ирсэн, ганц бие, хэдэнтээ хагалгаанд орж хими эмчилгээтэй байгаа гэх 5-6 өвчтөнд хоол цай хийж авчирч эргэсэн нь санаанд оромгүй том бэлэг болсон гэнэ. Энэ мэтээр хүмүүс “Жавзандамба хутагт төв”-ийн үйл ажиллагааг чадах чинээгээрээ, боломжоороо дэмжин сайн үйлсэд гар бие оролцдог юм байна.

Фэйсбүүк дэх “Өвчтөний сэтгэлийг асрахуй” хуудсанд “Энэ долоо хоногт Хавдрын эмнэлэгт эргэх асрах хүнгүй, холоос ирсэн, удаан хугацаанд эмчлүүлж буй хэд хэдэн халамж, анхаарал шаардсан хvн хэвтсэн байна. Эргэж тойрох, хандив өгөх, тус дэм болох хvмvvc байвал утсаа vлдээн мэдэгдэнэ үү” гэсэн зар тавьсны дор хүмүүс өөрсдийнхөө гар утсыг дугаарыг биччихэж. Шаналж, халамж анхаарал шаардаж байгаа нэгэндээ туслахын тулд хүмүүс ингэж нэгдэж ажиллаж байна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *