“Тоёота Приус” маркийн автомашины толь, дугуйг хулгайч нар хамгийн ихээр онилдог болох нь судалгаа, шалгалтын явцад тогтоогдоод буй юм. Тиймээс Улаанбаатар хотын Цагдаагийн газраас дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран энэ төрлийн гэмт хэрэг, хулгайн эд зүйлсийг худалдан авагч ченжүүдийг нь илрүүлэх, гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор “Толь” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан аж. Энэ арга хэмжээний үр дүнд тээврийн хэрэгсэл ашиглан автомашины дугуй, толь хулгайлдаг 45 үйлдэлтэй гурван бүлэг этгээдийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан илрүүлжээ. Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 50 гаруй үйлдэлтэй 2-3 бүлгийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Бидэнд олдсон мэдээллээр тэдгээр бүлгийн нэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс, нөгөө нь Баянгол, Сонгинохайрхан дүүргээс, гурав дахь нь тус дүүргээс гадна Баянзүрх дүүргийн нутагт байрныхаа гадаа орхисон автомашинуудыг тонодог байснаа хүлээгээд байгаа аж. Нэг бүлгээс л гэхэд 30 гаруй үйлдэл тогтоогджээ. Дээрх гэмт этгээдүүд фэйсбүүкийн “Приус” маркийн автомашин эзэмшигчдийн группэд нэгдэж, тийм машины эд зүйл авах зарыг нь харж байгаад хулгай хийж, зардаг байсан гэнэ. Гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг худалдаж авсан хүмүүсийг ч хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандаж “Хулгайд алдагдсан эд зүйлсийг худалдан авсан тохиолдолд өөрсдөө хохирч, цаашлаад хариуцлага хүлээнэ” гэдгийг анхааруулсан юм.