Гудамжинд урд маань алхаж явсан хижээл насны эмэгтэй самар зарж байсан хүнийг цаашаа харах хооронд ууттай самарнаас нь том гэгч атгаж аваад хээв нэг идээд цаашлав. Хүний юмыг зүгээр авч байгаагаа тэр эмэгтэй юман чинээ тоохгүй буй нь илт. Үүний дараахан хагарсан дугуйгаа сольж байх хооронд дугуйг нь хулгайлаад явчихсан талаар нэг залуу бичсэнийг уншлаа. Дэлгүүрт ил тавьсан жимс, чихрээс атгаж аваад явдаг хүмүүс ч мэр сэр харагддаг.
Энэ мэт жижиг юм шиг мөртлөө бусдын юмыг авчихдаг дадал монголчуудын дийлэнхэд маань хэвшил болчихсон байна. Үүнийгээ хулгай хийж байна гэж өөрсдөө боддоггүй нь хамгийн аймшигтай.
Яагаад бүгдээрээ шахам ийм хулгайч болчихов гэдэг нь тэдний тайлбараас тодхон харагддаг. “Аан муусайн дарга нар хэдэн тэрбумаар нь луйвардаж идээд байхад миний энийг ямар хулгай гэх вэ. Харин ч илүү их хулгайлж илүү их баяжмаар байна” гэдэг.
Хулгайч дарга нартайгаа барьцаж байгаа нь энэ. Үнэхээр ч дээгүүрээ хулгайлж, нүдэн дээр баяжаад байхад доогуураа атга самар ч болтугай зүгээр идчихье гэж боддог бололтой. Хулгайч дарга, удирдлагуудтай улс орон хулгайч ард түмнийг бий болгодог юм байна. Эсрэгээрээ эрх барьж байгаа хүмүүс нийтээрээ жудагтай, зөв шударга байвал тэднийг харж буй түмэн олон ч зөв тийшээ төлөвшөөд ирэх нь баараггүй юм. Дээд хүн нь суудлаа олохгүй бол доод хүн нь гүйдлээ олохгүй гэдэг дээ.
Categories