Categories
мэдээ цаг-үе

Хүлэг хааны байгуулсан Ил Хант улсын нутгаар…

Иранийн эрх чөлөөний цамхаг

Ил Хант улс. Их Эзэн Чингис хааны бий болгосон баруун хилийг өргөтгөн тэлэх, урьд нь үнэнч байх тангаргаасаа буцаж, урван дайсагнах болсон зарим улс орныг номхотгох зорилгоор 1252 онд Мөнх хаан өөрийн дүү Хүлэгийг / 1217-1267/ ойрхи Дорнод руу явуулснаар Ил хант улс байгуулагдсан түүхтэй. 1258 онд Хүлэг хаан Багдадыг эзэлсний дараа түүнд Мөнх хаанаас “ Бага хант улс” гэдэг нэрийг хайрласан билээ. Энэ нь Персээр Il-khanate улс, англиар subordinate Khan гэж дуудагдана. Өөрөөр хэлбэл Их эзэнт Улсын доторх бага хан гэсэн санааг агуулсан. Ил хант улс нь өнөөгийн Иран, Ирак, Туркменистан, Армян, Азарбейжан, Гүрж, Турк/ Төв ба зүүн хэсэг/, Афганистан/ баруун/, Пакистан/ баруун өмнөд/ улсыг хамран байгуулагдсан өргөн уудам нутагтай улс байв.

Хүлэг хаан Персийг байлдан дагуулахдаа түүнд эсэргүүцэл үзүүлэлгүй шууд бууж өгсөн улс орны ард түмэнд гар хүрээгүй . Харин тэдний өмнөөс тэмцсэн, уравсан, эсэргүүцсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн, Хааны элчийг алсан нутгийнханыг үнсэн товрог болгосны нэгэн жишээ бол өнөөгийн Багдад хот билээ.

Ил хаадын Монголчууд Персийг эзэлж авсны дараа орон нутгийн хамгийн тэргүүний эрдэмтэн, гар урчууд, уран барималч, хөгжимчид, дуучид, туйлчид, яруу найрагчийг цуглуулан сайн шан харамж өгч, Монгол шинж, хэлбэртэй шинэ соёл, урлаг, уран зураг, архитектор, одон орны судлалыг бий болгосны зэрэгцээ өөрийн түүхийг бичдэг уламжлалыг нэвтэрүүлжээ. Тэр нь Судрын чуулга, мөн Их Монголын Шахнама туульс болно.

Өнөөгийн Монголчуудад орчин үеийн Иранчууд сөрөг, эерэг хоёр талтай ханддагийг бид зөв ойлгон, тэдэнд дипломат байдлаар хандаж , өөрсдийгөө зөв таниулахыг орчин үеийн харилцааны уур амьсгал шаардаж байна. Ялангуяа захирсан, зандарсан аяс байдал гаргаж болохгүй юм.

Монголын Ил хаадын түүхэн дурсгалт зүйлс, тэдний бичиг хэрэг, захидал зарлигийг ямар нэгэн хэмжээгээр хадгалж өнөөг хүртэл авч ирсэн Иран нөхдүүддээ би талархал илэрхийлэн мэхийн хүндэлж байна. Ийм түүхэн зүйлс Ил хааны эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан бусад улс оронд нэгэн адил байгаа гэдэгт бас бүрэн итгэлтэй байна.

Иранийн Голестан ордон. ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн

эрний ордон

Анхны өдөр. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Исламын Бүгд Найрамдах Иран Улсад төрийн айлчлал хийхдээ Монголын “ Ил хаад”-аас Персийн түүхэнд үлдээсэн зүйлийг хамтран судлах, тодруулах, хурал зөвлөлгөөн зохиох, шинжлэх ухааны бүтээлүүдийг туурвиж олон нийтийн хүртээл болгоход хамтран ажиллах талаар Ираны Ерөнхийлөгчтэй тохиролцсоныг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд Ерөнхийлөгч бөгөөд Монголын талын хэсгийн дарга Т. Дорж, Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд О.Дамбийням болон Гадаад хэргийн Яамны албаны хүмүүсээс бүрдсэн судалгааны баг 2015 оны 6 сарын 13-17 нд Ираны Тегран, Табриз, Марага, Султанат, Занжаан хотод зочилон Ил хаадын түүхэн зүйлүүдтэй танилцав. Эдгээр хотууд нь Монголын Ил хаадын нийслэл байсан болон Ил хаадтай холбоотой хотууд болно.

Албаны уулзалт, харилцан санал бодлоо солилцох, байгуулах баримт бичгээ эхний өдөр багтаан хийж, Иранийн Олон Улсын эрдэм шинжилгээ, боловсролын Төвийн орлогч дарга ноён Дамапак, Гүйцэтгэх захирал Солейманпур, Иранийн шинжлэх ухааны академийн тэргүүн Д.Дивари, Гадаад хэргийн Яамны орлогч сайд Рахимпур зэрэг албаны хүмүүстэй уулзаж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэн зурав.Айлчлалын төгсгөлд дахин уулзаж, ажлаа дүгнэн ярилцаад энэ онд багтаан ээлжилт уулзалтыг Улаанбаатар хотод хийхээр тохиролцож, дараа дараачийнхаа ажлынхаа дэс дараалалыг тохиролцов.

Хүлэг хааны дэлдүүлсэн туулайн зурагтай зоос

Монгол, Иранийн хэлхээ холбоог 2000 гаруй жилээр эрдэмтэн тооцон үзнэ. Цагаан хүннүчүүд Персийг НТ-ын 420 оноос эхлэн эзэлж байсан түүх байдаг.Тэднийг зарим ном зохиолд Хефталитес гэж томёолсон ч байх. Энэтхэгчүүд тэднийг цагаан хүначууд гэх бөгөөд тэдний анхны удирдагч нарыг Тораман, Михиракула гэж тодорхойлсон байдаг. Тэд нэгэн зууны шахам хугацаанд Персийг эзэлж байсан хүннүчүүд юм.

Өнөөгийн харилцааг 1971 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн. Энэ хугацаанд 1973 онд Монгол Улсын сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал Иранд, Иранийн Ерөнхий сайд А.А. Ховуйда 1976 онд Монголд, Иранийн Гадаад хэргийн дэд сайд С.А.Арагчи 2012 онд Монголд айлчилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Иранд айлчилж харилцааны шинэ үеийг эхлүүлсэн. Манай ард түмнүүдийг хооронд нь шууд холбодог нэгэн нийтлэг спорт бол бөх юм. Тэд манай бөхчүүдийг, бид тэдний бөхчүүдийг нэрээр нь дуудан магтан дурсдаг.

Иранчууд Монголын Ил хаадын нийж бүтээсэн соёл урлаг, уран барилга, шинжлэх ухааны бүтээлийг “ Исламын түүх соёлын үе”-д багтаан тоолж нийтэд танилцуулдаг юм байна. Тэр үе нь 7-14 зууныг бүрэн хамарна.

Иранд байсан хоёр дахь өдөр. Иран Улсын Үндэсний архив, Иран Улсын Үндэсний номын сан, Иран Улсын Үндэсний Музейд зочилов. Үндэсний Архивын газар нь өөрийн том лабораторийн газраа үзүүлж, эртний архивын материалыг хэрхэн хүлээн авдаг, түүнийг янз бүрийн хорхой шавьжнаас яаж цэвэрлэдэг, хуучин зүйлийг хэрхэн сэргээдэг, дараа нь туршилтыг хугацаанд байлгаж баталгаажсаны дараа архивынхаа материалд хүлээн авч тодорхой температурт хадгалж улмаар дижитал системд оруулж байгаатай танилцуулав. Ийнхүү олон улсын жишигт хүрсэн, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, химийн том лабароторийн газартай танилцав. Үндэсний музей, Үндэсний архивт Иран улсын түүх, соёлын зүйлүүд хадгалагдаж байгаа бөгөөд Ил хаадын холбогдолтой зүйл түүний нэгхэн хэсэг нь юм. Үндэсний номын санд Иранийн түүхийн талаар бичсэн номс англи, орос, франц, перс хэлээр байв. Айлчлалын дараа би төлөөлөгчдөөсөө хоцрон үлдэж зарим судалгааг нэмж нийснээ хамтаруулан Та бүхний өмнө дэлгэж байна.

Ил хаант улсыг үндэслэгч Хүлэг хааны дэлдүүлсэн алтан зоос

Нийслэл Тегеран хот. Энэ хот дэлхийн түүхэнд олон зүйлээр тодорсны нэг нь 1943 оны 11 сард Зөвлөлт Холбоот Улсын \ ЗХУ\ удирдагч И.В. Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Д.Рүзвельт, Английн ерөнхий сайд У.Черчель нарын анхны нүүр тулсан уулзалтыг Тегран зохион байгуулсан. Тегераны уулзалтаар Гитлерийн Германы эсрэг холбоотнуудын харилцан ажиллах стратеги, үндсэн зарчмуудыг хэлэлцэн тохиролцсон билээ.Тэдний уулзалтыг тасалдуулах талаар сөррөг талынхан идэвхитэй ажилласан боловч уулзалтыг зохион байгуулж чадсан онцлогтой. Тэрхүү уулзалтыг зохион байгуулахад Иран Улс дахь ЗХУ, Английн Элчин сайдын Яамд нэг гудамжинд зэрэгцэн оршдог бодит байдлыг онцгойлон харгалзан үзээд 3 улсын тэргүүн нарын уулзалтыг ЗХУ –ын Элчин сайдын Яаманд зохион байгуулсан. Харин АНУ-ын ЭСЯ тэднээс хол байсан тул аюулгүй байдлыг харгалзан АНУ –ын Ерөнхийлөгч Рузвелтийг ЗХУ-ын ЭСЯ-нд байрлуулж, Англи-ЗХУ-ын Элчин сайдын Яамны хоорондох 50 орчим метр гудамжийг хоёр талаас нь битүүлэн хааж уулзалтын аюулгүй байдлыг хангуулжээ. Тэгвэл өнөөдөр Тегран хот дахь АНУ-ын ЭСЯ хаагдаад 30 гаруй жил болж, тэдний эрх ашгийг Иран дахь Пакистаны ЭСЯ төлөөлж байгаа бол АНУ-дахь Ираны эрх ашгийг Швейцарын ЭСЯ тус тус хамгалан ажиллаж байна. Гэхдээ АНУ, Иран нь эртний сайн хөршийн харилцаатай байж, олон мянган иргэд нь бие биендээ айлчлан суурьшиж ирсэн түүхтэй.Түүнийг харуулсан нэгэн жишээ гэхэд л АНУ-ын Лос Анжелес хотод Ираны 6 сая иргэд ажиллаж амьдарч байна.

Нийслэл хотод хүн амын 11 хувь буюу 7 сая гаруй хүн амьдарч, Тегран нь исламын ертөнцийн нэгэн том улс төр, эдийн засгийн төв болон хөгжжээ. Олон Улсын эдийн засгийн хориг арга хэмжээнээс болон эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны олон улсын чанартай бүх гүйлгээ тэнд хаагдаж, Ираны олон тэрбум валют нутагтаа орж ирж чадахгүй гадаадад хадгалагдсан хэвээр байна. Бага зэргийн хувийн худалдааг Ираны бизнесмэнүүд Япон, Хон Конг, Турк зэрэг орноор дамуулан хийдэг бололтой.

Тегран хот арван хоёр хаалгаар гадагшаа гардаг байсан түүхтэй. Өнөөдөр метро, автобус, таксигаар таныг дуртай газар хүргэнэ. Нийслэлд Хаменей-гийн нэрэмжит төв талбай, Ираны эрх чөлөөний цамхаг, эртний Голестан ордон, телевизийн өндөр цамхаг, биен тамир, бөхийн ордон, хурдан морины болон Пологийн тоглолтын спортын төвүүдээр очиж сонирхож болно. Бөхийн ордны гадаа үүдэнд Монгол гуталтай хоёр бөх барилдаж байгаа зураг тавьсан байв. Тэд бөхөндөө дуртай, тэднийгээ хүндэтгэнэ. Бөхчүүд манай хоёр орныг нэлээд өргөн замаар холбосон баялаг түүхтэй. Тэд манай олон сайхан бөхчүүдийг сураглаж байсныг энэ дашрамд дурдахыг хүснэм.

Биднийг Иранд байх үед АНУ-Ираны гар бөмбөгийн багийнханы тоглолт болж хүн бүр зурагтаасаа салахгүй тэмцээнийг сонирхож байв. Энэ нь хоёр орны харилцааны уур амьсгалыг спортын тоглоомоор дамжуулан зөөлрүүлэн эхлэх гэсэн нэгэн оролдлого бололтой.

Газан хааны дэлдүүлсэн зоос

Монголчууд бидний нутагтаа авдаг нэг литр бензинийн үнээр Иранчууд 3 литрийг худалдан авдаг. Таксины жолооч машиныхаа агаар хөргөгчөө ажиллуулсан тохиолдолд илүү мөнгө авах нь сонин.

Үндэсний мөнгө Риал гэдэг нэртэй бөгөөд түүний 3000 орчим нь нэгэн ам доллартай тэнцэнэ. Хэдий тийм боловч Монголчуудын хэрэглэж байсан “ Түм ” гэдэг үгийг Тумаан хэмээн дуудаж Риалынхаа араас нэг тэгийг хасан хэрэглэнэ. Энэ нь сураагүй гадаадынханы толгойг жаахан эргүүлнэ.

Рамзан эхэлж нар мандсанаас эхлэн наран жаргах хүртэл хэн ч амандаа юм хүргэхгүй байх нь маш нарийн. Эмэгтэйчүүдэд нүүрээ гаргаж явахыг зөвшөөрөх авч, толгойгоо хар алчуураар боохыг хатуу хуульчилж өгсөн. Түүнийгээ МАГНАЙ гэж монгол үгээр дуудна. Иранд очсон эмэгтэй хэн боловч түүнийг дагах хуультай бөгөөд түүний өнгө нь ямар ч байж болно. Албан ёсны үйл ажиллагаа, ажилдаа тэд хар өнгийн алчуур бооно. Эс тэгвээс Таныг шашин, аялал жуулчлалын цагдаа бариад явна. Ираны албаны эрэгтэйчүүд зангиа зүүдэггүй, үндэсний хувцасаа өмсөнө. Богино ханцуйтай цамц өмссөн хүн цөөхөн харагдана. Голдуу урт ханцуйтай цамц өмсөнө. Эмэгтэй хүн хөл, цээжээ харуулсан хувцас өмсөхийг хориглодог. Гутал аль болох битүү байхыг илүүд үзнэ.

Баасан гарага бүрд шөнийн зах нээгдэнэ. Тэнд Иранчуудаас гадна эргэн тойрны улсын наймаачид бараагаа борлуулна. Тэндээс эртний дорно дахины том хотын худалдааны том захын үнэр, төсөөллийг авах бүрэн боломжтой.

Иранчууд шарсан мах, хорхог, кабааб хийж, гамбираа халуун жижиг чулуун дээр хайрч бэлэн болгоно. Чулуу нь манай хорхогийн чулуутай төсөөтэй. Тэгвэл Энэтхэгчүүд түүнийгээ ширмэн тогооны хананд нааж болгодог. Хоолондоо тараг ихээр хэрэглэнэ. Цагаан будааныхаа өнгөн хэсгийг хач гүргэмээр шарлуулан өнгөлж чимнэ. Тэнд архи зарах, уухыг хориглоно. Шар айраг гэж байхгүй. Түүний оронд цайдам маягийн гашуун ундааг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл архинаас бүрэн чөлөөгөдсөн гэж ойлгож болно. Тэнд шөнийн баар, нийтийн цэнгээний газрыг хориглосон байна. Харин оройд урт иштэй тамхиа татан сууцгааж, тухлан ярилцана. Лалын шашинтай оронд байдаг, манай соёлтой хүмүүсийн хэрэглэж эхэлж байгаа нэгэн зүйл бол, бие зассаны дараа цаас хэрэглэхийн оронд усаар угаадаг заншил тэнд байж ариун цэврээ өндөрт хадгалж байна. Тэдний зарим нь олон эхнэртэй байж, тэднийгээ дагуулан явах нь содон харагдсан. Орчин үед нэг эхнэр бидэнд бүрэн хангалттай гэж ярих хүмүүс бас тааралдаж байлаа.

Байду хааны дэлдүүлсэн зоос

Ил хаадууд, тэднийг дагалдан очсон монголчууд Монгол хэл, соел, зан заншлыг Персид нутагшуулж чадахын зэрэгцээ шинэ соёл, уран барилга, урлаг, шинжлэх ухааныг бий болгосон нь олон зуун жилийн турш бүдгэрэн, цагийн эрхээр гандан буурч, баларч эхэлсэнийг хамтран сэргээн засварлах, дэлхий дахинд гарган ирэх шаардлага байна.

Ираны албан байгууллага бүрийн конторт удирдагч нарынхаа зургийг өлгөж, тэднийгээ шүтэн бишрэнэ. Нөгөөтэйгүүр гудамжинд төрийнхөө далбааг маш томоор бүтээж өлгөсөн байна. Зарим гүүрийг төрийнхөө олон далбаагаар чимсэн харагдана. Түүгээрээ улсын хүч тэнхээ, эв нэгдлийг гаргаж байгаа бололтой. Эдийн засгийн хориг арга хэмжээг хүмүүсдээ ойлгуулж, энэ үед дотоодын эв нэгдэл маш чухал хэрэгтэйг Засгийн газар нь тайлбарладаг бололтой, ард түмнээ нэгтгэн Аллах бурханы дор барьж байна. Тэд итгэж шүтсэн нэгдсэн зүйлтэй учраас түүнээсээ төдийлөн гаждаггүй юм байна.

Иранын албаны хүмүүс ялангуяа Гадаад Яамны ажилтан нар нь унаган англи хэлтэй. Гудамж дэлгүүр, таксины жолооч нар англиар ярихгүй. Тэд Парси хэлээр хүүрнэлдэнэ. Харин нутгийн хойт мужууд болох Баруун, зүүн Азарейжан, Ардебил, Гилан зэрэг мужид Туркээр ярина. Тэнд Англи, Хинди, урду хэлтэй миний бие тэднээс Персээр ярьсан зарим зүйлийг бага зэрэг гадарлаад байх боломжтой байв. Тэдний тоог тогтоогоод авчихвал болоод байх шинжтэй.

Ил хаадаас үлдсэн Монголчуудын удмын хүмүүс. Олон зуун жилийн тэртээгээс Иранд нутаглаж, өнөөг хүртэл байдаг Монгол гаралтангууд тэр нутагт байдаг бөгөөд тэдний зарим нь өөрсдийнхөө овгийг Ил хаан гэж нэрлэн өөртөө авсан ч хүмүүс байх. Ил хааны удамтай гэж өөрийнхөө 50 орчим үеэс бүтсэн угийн бичгийг хадгалан үлдээсэн104 настай Насим Мирза Чангези БНЭУ-д амьдарч байна.Түүний талаар урд өмнө бичсэн тул энд дахин нуршсангүй. Дараачийн удаа Ил хааны удмын хүмүүстэй Иранд уулзаж тэдний амьдрал ахуйн талаар яриулах боломжийг олгоно гэж Иран нөхдүүд над амлав. Гэхдээ хэр зэрэг баталгаатай болохыг таахад эрт байна. Мөн тэнд Хазарачууд, Жараймак, Жалайр гэдэг Монгол аймгаас тасран үлдсэн хүмүүс байдаг. Тэд бидний мах цусны нэгэн тасархай билээ. Тэдэнд Монгол соёл, зан заншил, хэлнээс юу үлдсэнг судлахад бас цаг орох бололтой. Тэр болгон хүслээ гүйцээх боломж тэнд тааруухан харагдсан. Сайн танилцаад нөхөрлөөд ирвэл бүтэхгүй гэх зүйл хорвоод байхгүй билээ.

Нөгөөтэйгүүр Иранын олон их дээд сургуульд Ил хаадын судалгаа хийдэг, түүгээр ажилладаг эрдэмтэн судлаачид нэлээд байна. Тэднийг Монголд ирүүлэх, хурал цуглаанд урих хэлбэрээр хамтран ажиллах тусгай хөтөлбөр гаргах шаардлагатай байна.Ингэж хэмээн Ил хаадын судалгаа сайжирна. Бид ч гэсэн Перс хэлтэй чанартай хэдэн эрдэмтдийг бэлтгэх шаардлага гарч байна.

Үргэлжлэл бий

О.Нямдаваа

One reply on “Хүлэг хааны байгуулсан Ил Хант улсын нутгаар…”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *