Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилж байна. Үүнд: 83 чиглэлд их багтаамжийн 593 , туслах 21 чиглэлд бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус ажиллаж буй.
Өнөөдөр буюу долдугаар сарын 13-нд Хүй 7 худаг руу явах иргэдэд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобус явж байна.
Хүй 7 худаг руу өнөөдөр ”МУБИС”-ийн зогсоолоос том оврын 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” гэсэн таван чиглэлээс тус бүр дөрөв, нийт 20 автобус наадамчин олондоо үйлчилж байна.
Мөн өнөөдөр Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус наадамчин олонд “үнэ төлбөргүй”-ээр үйлчлэх бол Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээг иргэдэд үйлчлүүлэх зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газраас хийж байна.
Нийтийн тээвэр өнөөдөр буюу долдугаар сарын 13-нд хот дотор ердийн амралтын өдрийн хуваариар ажиллана.