Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүдийг тодруулах үйл ажиллагааг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоотой хамтран энэ сарын 01-30-нд зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хүрээнд зохион байгуулсан уг шалгаруулалтад нийт 12 бүтээл ирсэн юм. Үүнээс БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл”-ийн гишүүд нэг бүрчлэн үнэлгээ дүгнэлт өгч Н.Жанцанноров “Ятгын концерт 2”, Ш.Өлзийбаяр “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”, Цэн.Эрдэнэбат “Ятгын II концерт”, Б.Ганхуяг “Байтаг богд” магтуу, Ж.Энхбаяр “Рапсодия” зэрэг 5 бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэв.
Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг болон Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өчигдөр УДБЭТын тайзнаа болсон “Алтан намар-2018” хөгжмийн наадмын гала тоглолтын үеэр шилдэг бүтээл туурвисан хөгжмийн зохиолчдод батламжийг гардуулсан юм.
Соёл урлагийн газраас цаашид 2018 онд “Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл”-ийн шүүмж хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдээр цомог /CD/ гаргаж олон нийтийн хүртээл болгох, бүтээлийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.