Энэ сарын 2-нд эцэг эхчүүдийн төлөөлөл хавдартай хүүхдүүдийн асуудлаар НҮБ-д хүсэлт гаргасан. Үүний дараагаар зургадугаар сарын 8-наас эцэг эхчүүдийн төлөөлөл төрийн ордны гадна жагссан.
Тодруулбал, эцэг эхчүүдийн зүгээс тасалдсан, нэн шаардлагатай эм тариаг оруулж ирэх, гадаадад яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Эцэг эхчүүдийн төлөөлөл Ц.Цэрэнлхам “Бид өнгөрсөн лхагва гаригт ЭМЯ-ны сайдад гурван шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай, хүнд хэлбэрийн хүүхдүүд эмний асуудалтай тулгарч байна. Хил гааль хаалттай хоёр жил хүүхдүүд эмээр тасарч хүндхэн байлаа. Одоо дахин хил гааль хаагдаж хүүхдүүдийн өдөр тутам уудаг эм тасарсан учраас бид шаардлага хүргүүлэхээс өөр аргагүй болсон. Хоёрдугаарт, Турк улсаас эмч нар ирж хүүхдүүдийг үзээд дөрвөн мөчний чангарлыг ризотоми хагалгааг хийн хүүхдийн бүх булчин суларч, эмчилнэ, боломжтой гэсэн хариу өгсөн. Ингээд эцэг эхчүүд бүгд л хүүхдээ эмчлүүлэхийн тулд гадагшаа явахаар шийдэж ихэнх нь хандивын аян зохиосон. Хандивын 50 хувийг босгож, үлдсэнийг бүрдүүлж чадахгүйн улмаас тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг боломж нь байвал 50 хувь, болохгүй бол 20-30 хувийг улсаас төсөвлөж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Гуравдугаарт, нийгмийн халамжийн асуудал. Манай хүүхэд 188 мянган төгрөг, бид хүүхдээ асарсны 123 мянган төгрөг авдаг. 123 мянган төгрөгийг цалингийн доод түвшин буюу 420 мянган төгрөгт хүргэж өгөөч, энэ мөнгө үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байна гэдгийг хэлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудалд анхаарал хандуулж, тэргэнцэртэй, саажилттай хүүхдүүдэд зориулсан орц, гарц тэр утгаараа автобус унаа, эмчилгээ үйлчилгээ үзүүлээч хэмээн дөрвөн шаардлага хүргүүлсэн юм. Лхагва гаригт 25 эцэг эх, дөрвөн хүүхэд ордны гадна хоносон. Нэг хүүхэд маань бүхэл өдөржин гадаа наранд байсан учраас хямарч, ордны хажууд байрладаг эмнэлгээс анхны тусламж авч одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Тэр орой бидэнтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр гэх зэрэг шат шатны дарга нар ирж уулзсан. Өдөр нь Төрийн ордноос Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар гарч ирэн бидний асуудлыг сонссон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биднийг маргааш хүлээж авъя, өнөөдөртөө явчих гэж хэлсэн бол бидэнд хонох шаардлага байхгүй байсан. Л.Оюун-Эрдэнэ сайдыг ирчих болов уу гэсэн хүлээлтээс бид хүүхдүүдтэйгээ ордны гадна хоносон. Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзаж шаардлагуудаа хүргүүлсэн.
Эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа эм тариаг Солонгос улсаас өнөө маргаашдаа оруулж ирэх тохиролцоонд хүрсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмийн асуудлыг нэн даруй шийдэж өгч, хагалгаанд явахад нэг хүүхдээс 150 сая гаруй төгрөг гардаг асуудлыг шийдэхээр болсон. Хагалгаанд олон хүүхдийг хамруулах үүднээс ирэх есөн сард багтааж Энэтхэгээс мэргэжлийн эмч нарын багийг тоног төхөөрөмжтэй нь хамт Монголдоо авч ирэх болсон.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эх нялхасын болон Эрүүл мэндийн үндэсний төв, мэдрэлийн тасаг, Сонсголон дахь сэргээн засах төвтэй хэрхэн яаж ажиллах вэ талаар бидэнтэй уулзаж ярилцана. Бидний шаардлага 70 хувийн биелэлттэй байгаа учраас сэтгэл тун өндөр байна” гэв.
Тархины саажилттай хүүхдүүдэд хэрэглэх булчин суллах, тайвшруулах зэрэг 10 төрлийн эм байдаг аж. Хүүхэд бүр өөр өөрийн онцлогоос хамааран нэг хүүхэд 2-3 төрлийн эм уудаг байна. Монголд саажилттай хүүхдийг асрах асрамжийн газар байдаггүй. Тиймээс биднийг өнгөрөөд өгөхөөр биднээс хойш хүүхдийг минь харах асрамжийн газартай болмоор байна хэмээн эцэг эхчүүд ярьж байв.
Манай улсад 15 улсын 25 үйлдвэрлэгчийн олон улсын нэрээр 14, худалдааны нэрээр 50 уналт таталтын эсрэг эмийг 18 ханган нийлүүлэх байгууллага, төлөөлөгчийн газар бүртгэлтэй байдаг аж. Уналт таталтын эсрэг хамгийн түгээмэл хэрэглэдэг “Депакин” буюу олон улсын нэршлээр вальпройны хүчлийн нөөц, хүрэлцээ ямар байгааг эмийн сангуудаас тодруулсан юм. “Монос” эмийн сангийн мэргэжилтэн н.Мөнхжаргал “Уналт таталтын эсрэг эм, тариа арванхоёрдугаар сараас хойш тасарсан. Манай бүх салбарт байхгүй. 10 ширхэгтэй тариа 11 мянган төгрөг, эм хэлбэрээр 4900 төгрөгөөр зарагддаг. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтгүй” хэмээв. Уг эм “Тавин ус” эмийн санд тасарсан, “Хүрмэн” эмийн санд 30 ширхэг нь 64800 төгрөг, 100 ширхэг нь 98 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн “Дарви” эмийн сангийн эм зүйч Б.Дэлгэрмаа “Манайд “Депакин хроно” эм ширхэг тутам 300мгтай нь 980 төгрөг, 500мгтай нь 1950 төгрөг, 100мгтай тариа 1600 төгрөгөөр хуалдаалагдаж байна. Хүмүүс бараг авдаггүй, эм, тарианы нөөц хангалттай байгаа” гэв. “Депакин” эм нь сэтгэл санааг сэргээх, сэтгэл засах үйлдэлтэй аж.
Ордны гадна хоносон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөллийг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзсан юм. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт стандарт, эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар, ёс зүй зэрэг асуудлуудыг хөндөж, эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж, гадны өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах зэрэг асуудлыг судлах, эцэг, эхчүүдийн тавьсан санал хүсэлтийг багцлан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээ илэрхийлэв. Мөн шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн тохижилтод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжийг бий болгох, үр дүнг танилцуулах, ЭХЭМҮТ-д тархины саажилт, тархины бусад төрлийн эмгэгтэй хүүхдэд зориулсан тасаг, өрөө ажиллуулна гэдгээ хэлэв.
Ц.Уянга
А.Гантуяа