Categories
мэдээ нийгэм

​Хөгжлийн банкны ТУЗ ба хөгждөггүй төрийн өмч

Манай яам, Тамгын газрын дарга нар төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлд шууд томилогддог зарчимтай. Зарим нь нэг, хоёр компанийн ТУЗ-д сууж байхад зарим нэг нь төрийн ажил албыг хэзээд нь хийдэг юм гэмээр олон ТУЗ-д томилогдсон харагддаг. Шинэ хуучин, мэдлэгтэй мэдлэггүй, танил талаар ч хамаагүй яам, Тамгын газрын дарга болсон бол ТУЗ-ийн гишүүн, цаашлаад дарга болчихдог. ТУЗ-ийн нөлөөлөл их ээ. Давхар цалинжина, бодлогын шийдвэрүүд гаргана, гаргахгүй гацаана.
Уг нь ТУЗ гэдэг өндөр ач холбогдолтой, олон нийт, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл байдаг. Гэвч манай төрийн өмчийнхний ТУЗ-үүд үүргээ сахиж чаддаггүй учраас аль ч салбарт олон нийтийн эрх ашгийг төлөөлж, хамгаалж чаддаггүй. Үүний нэг жишээ Хөгжлийн банк болоод байна.
Хөгжлийн банкны чанаргүй 1.7 их наяд төгрөгийн зээлийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгалтаа эрчимжүүлж, өнгөрсөн баасан гаригаас эхлэн нэр бүхий хүмүүсийг цагдан хорилоо. Хөгжлийн банкийг удирдаж явсан үе үеийн захирлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…” гэмт хэрэгт яллагдагчаар татаж байгааг шүүхээс мэдээлж байна. Баривчилгаа, шалгалтын ажил ч цаашид өргөжих төлөвтэй байна.
Хөгжлийн банкны эл хэрэгт зээлдэгчдээс гадна банкныхан татагдах ёстой. Тэр дундаа өндөр хариуцлага хүлээх ёстой субьект гэж хуульчид онцолж байгаа. Хариуцлага хүлээх хүмүүс захирлуудаар тогтохгүй, зээл гаргахад голлох үүрэгтэй хүмүүс Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд байсан гэцгээж байгаа.
Хөгжлийн банкны ТУЗ нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон Компанийн тухай хуульд заасны дагуу …. Хөгжлийн банкны зээлийн, хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, актив, пассивын удирдлагын бодлогыг батлах зэрэг ажлыг гүйцэтгэдэг гэж томъёолсон байдаг. Нэг ёсондоо өнөөдөр дэгдээд байгаа 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг анхнаас нь хянах үүргийг хүлээсэн гэсэн үг.
Хөгжлийн банкны ТУЗ хуулийн дагуу ердийн 5, хараат бус 4 гишүүнтэй. ТУЗ-ийн дарга нь Сангийн яамны бодлогын газрын дарга Б.Сүх-Очир юм байна. Б.Сүх-Очир даргын хувьд Хөгжлийн банкны ТУЗ-д хамгийн удаан ажиллаж байгаа хүмүүсийн нэг. Нэг ёсондоо тэрээр Хөгжлийн банкны чанаргүй зээл үүсч эхэлсэн цаг хугацаанд ч ТУЗ-д сууж байсан эрхэм.
Хөгжлийн банкны зарим захирлууд “Зээл гаргах асуудал надад хамаагүй, банкны ТУЗ шийддэг байсан” гэж хэвлэлд ярьсан удаатай. Зээлдэгчид цаг үеийн нөхцөл байдал, ковидоос шалтгаалж зээлийн эргэн төлөлтийн асуудлаар хэлэлцээр хийх гэж Хөгжлийн банкны захирал, ТУЗ-д олон удаа хандсан ч үл тоосон, хуралдаж шийдвэр гаргаж өгөөгүй гэх гомдлыг ч нэг бус удаа ярьж байгаа.
Б.Сүх-Очир дарга Сангийн яамны Бодлогын газрыг тэргүүлдгээс гадна Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга. Тэрээр бас Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргын албыг давхар хашдаг юм байна.
Монголын хөрөнгийн биржийн хувьд өнгөрсөн жил хамгийн өндөр ашигтай ажилласан удаатай. Санхүүгийн зах зээлийн нэг гол тоглогч гэгддэг хөрөнгийн зах зээл манайд нэг үеэ бодвол сэргэж байгаагийн илрэл энэ юм. Цаашид ч энэ салбарт хийгдэх, шинэчлэгдэх олон асуудал бий. Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн танилцуулга мэдээлэлд ““Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2018 онд нийт 10 удаа хуралдаж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийт 20 тогтоол, 10 тэмдэглэл гаргажээ. “МХБ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулалын дээд хэмжээ нь Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-аар зохицуулагддаг” гэдгээс өөр шинэ мэдээлэл эдүгээ алга.
Төрийн албанаас гадна ийм олон газрын ТУЗ-д зэрэг суудагг түшмэл өдөр тутам шинэчлэгдэн, хөгжиж байгаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийг гүйцэж, шийдвэр гаргаж чадах уу?
Хөгжлийн банк ч ялгаагүй. Монгол Улсын стратегийн том бүтээн байгуулалт, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох том төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй төрийн өмчит байгууллагыг энэ хэмжээний чадвартай, хөгжлийн асуудлыг цогцоор харах мэдлэгтэй хүмүүс ТУЗ-д нь томилогдож баймаар. Харин яам бол төр засгийн бодлого гаргадаг төв байгууллага. Бодлого гаргагч субьектууд хэрэгжүүлэгч байгууллагынхаа удирдлагад очиж суугаад, өдөр тутмынх нь ажлыг хариуцах нь хэр зохистой, үр дүнтэй вэ.
Ерөөс манайд төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөл гэх томоохон субьектэд бодлогын шинэчлэл хэрэгтэй болжээ. Яамны ажилтнууд ТУЗ-д заавал суух ёстой юм бол мэргэжлийн, салбараа мэддэг, ёс зүй, зарчимтай хүмүүсийг томилж байх шаардлагатай байна. Ядаж л санхүү, эдийн засаг, бизнесийн салбарын аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д суух хүмүүс нь бизнесийн зарчим, зовлон жаргалыг мэддэг хүмүүс байх хэрэгтэй. Бизнесийн А үсэггүй нөхөд олон олон ТУЗ-д суучихаад хурлаа хийдэггүй, гацаадаг, нөлөөлөлд ордог, хийхээрээ мэргэжлийн бус, хууль бус шийдвэр гаргадаг. Түүнээс нь үүдэж төрийн өмчит компаниуд дампуурдаг байж болохгүй юм.

Б.ЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *