Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк мэдэгдэл гаргажээ

Хөгжлийн банкинд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүн хэвлэлүүдээрмэдээлэгдэж буй. Өнөөдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй Хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Сүүлийн үед өдөр тутмын зарим сонин болон цахим хуудсуудад Монгол Улсын Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтын тайлан, дүгнэлт нэртэй ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.

Үндэсний Аудитын газраас “Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн”-д аудит хийсэн бөгөөд Үндэсний аудитын газраас аудитын тайлангаа 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас www.paliament.mn –нд байршуулсан билээ.

Гэтэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн эх сурвалжаа сайтар шалгалгүйгээр Үндэсний аудитын газрын дүгнэлттэй зөрүүтэй буруу ташаа мэдээллийг Үндэсний аудитын газрын шалгалтын дүгнэлт хэмээсэн мэдээллийг олон нийтэд тараан нийгмийг төөрөгдүүлж байна.

Иймд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь аливаа асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, олон нийтэд үнэн зөв бөгөөд бодит мэдээлэл хүргэх эрх, үүргийнхээ хүрээнд үнэн зөв мэдээллийг бэлтгэн нийтэлнэ гэдэгт бид найдаж байна. Түүнчлэн аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг дахин түгээсэн тохиолдолд Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндэд учруулсан хохирлыг тухайн мэдээлэл цацсан байгууллагаас нэхэмжлэхээс гадна холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Нэмж тайлбар хүргүүлэхэд, баталгаажуулсан эх сурвалжгүйгээр үндэслэлгүй мэдээлэл түгээсэн зарим өдөр тутмын сонин, цахим хуудсууд энэхүү үйлдэлдээ албан ёсоор хүлцэл өчин, залруулга хийж байгаа билээ.

2015 оны 5 дугаар сар 04

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *