Коронавирусийн халдварын тархалт хөдөө орон нутагт нэмэгдэж эхэллээ. ЭМЯ-наас өнөөдөр өгсөн мэдээллээр өнгөрсөн хоногт бүртгэгдсэн халдварын 426 тохиолдлын дийлэнх буюу 269 нь орон нутагт илэрчээ.
Халдварын тохиолдол Орхон аймагт хамгийн олон 65, Баян-Өлгий аймагт 55 бүртгэгджээ.
Өмнөговьд 43, Дундговьд 22 тохиолдол батлагдсан бол Хэнтий аймагт 8 тохиолдол илэрчээ.
Хоёрдугаар сарын 3-ны байдлаар орон нутагт халдварын тархалт Улаанбаатарынхаас бага байв. Тодруулбал Орхон, Хэнтий аймагт 0 байсан ч өнгөрсөн хоногт нэмэгдсэн байна.
ДЭМБ-аас зөвлөсөн амны хаалтаа зүүх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, гараа ариутгах дэглэмээ барихыг ЭМЯ-наас анхаарууллаа.
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр шинийн нэгэнд Улаанбаатар хотоос 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 хүн гарчээ.